Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 183/2017/00035/И |
Дугаар | 001/ХТ2018/01383 |
Огноо | 2018-10-11 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 001/ХТ2018/01383
Х.А-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00460 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1000 дугаар магадлалтай,
Х.А-ийн нэхэмжлэлтэй,
Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүү, алданги, ээлжийн амралтын олговор, үр дүнгийн урамшуулалд нийт 99.369.318 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Х.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Х.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. 2016 оны ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд захирлын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 сарын 22-ны өдрийн 183\ШШ2017\00637 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, 12.440.489 төгрөгийг ЭХХТ-өөс гаргуулж, нийгмийн даатгалын болон үл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шийдвэр гарсан. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 сарын 28-ны өдрийн 1477 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 сарын 22-ны өдрийн 001\хт 2017\01468 дүгээр тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-а-д “ажилтанд ажлаас үндэслэлгүй халагдсан тохиолдолд дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тооцно гэж заасны дагуу нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэгдсэн /2.075.100 + 4.667.597 + 5.411.700/ 12.154.397:3 = 4.051.465 төгрөг нь 1 сарын дундаж цалин бөгөөд 21.5-д хуваахад 1 хоногийн цалин 191.106 төгрөг. 2016.10.07-ноос 2017.03.22-ны өдрийг хүртэлх ажлын хоног 118 х 191.106 = 22.550.508 төгрөгийн цалин болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүнг хасаж тооцоход /22.550.508–12.440.489/ дээрх хугацааны дутуу нэхэмжилсэн цалингийн зөрүү 10.110.019 төгрөгийг нэхэмжилнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 141.4-т “Ажилтны цалин хөлсийг тоосон хугацаанд олгоогүй, саатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно” гэж заасны дагуу 2016.10.07-оос 2017.03.22-ныг хүртэл олгогдоогүй цалин 22.550.508 төгрөгийн алдангийг 224 хоногоор тооцоход 15.153.941 төгрөг боловч үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй байх хуулийн дагуу 11.275.254 төгрөг нэхэмжилж байна.
Ажилд эргүүлэн томилох тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл ажилд аваагүй байгаа бөгөөд миний 1 өдрийн цалин 191.106 төгрөг бөгөөд 2017.03.22-ноос өнөөдрийг хүртэлх цалинг ажлын 198 хоногоор тооцвол 2017 оны 3 сарын цалин ажлын 7 хоногийн 1.337.742 төгрөг, 2017 оны 4 сарын цалин ажлын 20 хоногийн 3.822.120, 2017 оны 5 сарын цалин ажлын 23 хоногийн 4.395.438, 2017 оны 6 сарын цалин ажлын 22 хоногийн 4.204.332, 2017 оны 7 сарын цалин ажлын 17 хоногийн 3.248.802, 2017 оны 8 сарын цалин ажлын 23 хоногт 4.395.438, 2017 оны 9 сарын цалин ажлын 21 хоногт 4.013.226, 2017 оны 10 сарын цалин ажлын 22 хоногт 4.204.332, 2017 оны 11 сарын цалин ажлын 22 хоногт 4.204.332, 2017 оны 12 сарын цалин ажлын 21 хоногт 4.013.226 буюу нийт 37.838.988 төгрөг нэхэмжилнэ. Олгогдоогүй байгаа 37.838.988 төгрөгийн цалингийн алдангийг хоногийн 0,3%-иар тооцож, 14.626.517 төгрөг нэхэмжилнэ. 2017.03.22-с өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд зохих журмын дагуу сар тутмын бичилтийг нөхөн хийлгүүлэх хүсэлтэй байна.
2015 оны 11 сарын 03-ны өдрийн “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-ийн захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан хамтын гэрээний 3.4-т “Төвийн ажилтнуудын жилийн ажлын үр дүнг харгалзан батлагдсан журмын дагуу 5 хүртэл сарын албан тушаалын ба үндсэн цалингийн дундаж хэмжээгээр жилд 1 удаа урамшуулал олгоно”, Дотоод журмын 6.1, 6.2-т дотоод журамд заасны дагуу ажилтанд сар, жилийн ажлын үр дүнгээр урамшуулал олгоно гэсэн заалтуудын дагуу 2016, 2017 оны албан тушаалын цалин 1.122.000 төгрөг, 1 жилд 5 сараар, 2 жилд 10 сараар тооцоход 11.220.000 төгрөг нэхэмжилж байна.
Би улсад 33,7 жил нийгмийн даатгалын төлж ажилласан бөгөөд 2017 оны ээлжийн амралтын олговрыг ажлын 29 хоногоор тооцон 191.106 = 5.542.074 төгрөг мөн нотариатын зардал 103.400 төгрөг нэхэмжилнэ. Нэхэмжилж буй цалин, үр дүн, урамшуулал, алданги, бусад зардлыг нэгтгэвэл: 2016.10.07-ноос 2017.03.22-ны цалингийн зөрүү 10.110.019 төгрөг, цалин 37.838.988 төгрөг, алданги 11.275.254 төгрөг, цалингийн алданги 14.626.517 төгрөг, үр дүн, урамшуулалд 10.200.000 төгрөг, ээлжийн амралтын олговор 5.542.074 төгрөг, нотариатын зардалд 103.400 төгрөг, нийт 89.697.252 төгрөгийг нэхэмжлэл гаргах өдрөөр нэхэмжилсэн. Одоо энэ өдрийг хүртэлх хугацаанд цалингийн алданги 14.626.517 төгрөг дээр 1.099.051 төгрөг нэмэгдээд 15.725.568 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 37.838.988 төгрөг дээр 8.573.015 төгрөгөөр нэмэгдсэн тул нийт 99.369.318 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашиглаж, ажил үүргийн алдаа дутагдал гаргаж, хийсэн ажилдаа хайхрамжгүй хандсан учраас хөдөлмөрийн гэрээг сунгахаас татгалзан 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн. Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Жилийн ажлын үр дүнгийн шагналыг холбогдох журмыг баримтлан 5 хүртэл сарын үндсэн цалингийн дундаж, хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгоно гэж заасан. Х.А- нь 2016 оны 8 дугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл манай байгууллагад ажиллаагүй байхад ажлын үр дүн гэдэг зүйл үндэслэлгүй. 2016 оны үр дүнгийн шагналт цалинг Эрчим хүчний хөгжлийн төвийн захирал Я.Пүрэвжавын 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/40 тоот тушаалаар Х.А-д 3 сараар шагналт цалинг олгогдсоноос дүгнэхэд нэхэмжлэгч жилийн ажлын шагналт цалин буюу 13 дахь сарын цалинг авахгүй. Нэхэмжлэгчийн үндсэн цалин 1.122.000 төгрөг ба 1 өдрийн цалинг тооцохдоо үндсэн цалинг 21.5 хуваахад нэг өдрийн цалин 52.186 төгрөг болж байгаа юм. Цалин, олговор 2 бол хоёр тусдаа өөр ойлголт тул алданги тооцох хууль эрх зүйн үндэс байхгүй. Иймд Х.А-ийн нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын олговор болон ажилгүй байсан хугацааны цалин хөлс, алданги авах болон эдлэх эрх бүхий үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00460 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан ажилгүй байсан 238 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 22.969.618 төгрөг, ээлжийн амралтын олговорт 2.798.819 төгрөг, үр дүнгийн урамшуулалд 6.225.300 төгрөг, нотариатын зардалд 103.400 төгрөг буюу нийт 32.097.137 /гучин хоёр сая ерэн долоон мянга нэг зуун гучин долоо/ төгрөгийг “Эрчим хүчний хөгжлийн төв" ТӨААТҮГ-аас гаргуулан, Чинсэтгэлтийнхэн овогтой Хужингийн Алтангэрэлд /РД:МЮ64062370/ олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 67.272.181 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 609.476 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 318.436 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1000 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00460 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “32.097.137” гэснийг “44.952.120” гэж, “67.272.181” гэснийг “44.745.132” гэж, 3 дахь заалтын “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 609.476 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 318.436 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид үндэслэлгүй төлсөн 609.476 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 382.710 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар хариуцагч Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318.440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.А-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 609.476 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Х.А- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00460 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1000 дугаар магадлалыг давж заалдах гомдол гаргаж байна.
2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “ Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 3.4 дүгээр заалт “Төвийн ажилтнуудын жилийн ажлын үр дүнг харгалзан батлагдсан журмын дагуу 5 (тав) хүртэл сарын албан тушаалын ба үндсэн цалингийн дундаж хэмжээгээр жилд нэг удаа урамшуулал олгоно”, Дотоод журмын 6.1, 6.2 дүгээр дотоод журамд заасны дагуу ажилтанд сар, жилийн ажлын үр дүнгээр урамшуулал олгоно гэсэн заалтуудын дагуу нэг жилд 3 сараар тооцоход 4.051.465 *3= 12.154.395. / Арван хоёр сая нэг зуун тавин дөрвөн мянга гурван зуун ерэн таван / төгрөг авах ёстой тул нэхэмжилж байна. Энэ нь ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс тусдаа 13 дахь сарын үр дунгийн урамшуулалт цалин гэж олгогддогоороо тусдаа цалин урамшуулал юм. Иймд би өөрийн буруугаас болж ажлаа хийгээгүй, ажил олгогчийн буруутай үйлдлээс болсныг гурван шатны шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн тогтоогдсон нь нэхэмжлэх үндэслэл болж байна.
Би улсад 33,7 жил нийгмийн даатгалын төлж ажилласан бөгөөд 2017 оны ээлжийн амралтаа ажлын 29 хоногоор тооцон бодуулж Ажлын 29 хоног * 191.106 =5.542.074 төгрөг гаргуулж авахаар нэхэмжилж байна. Нийслэлийн Иргэний Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн 1000 дугаар Магадлалаар нэхэмжлэлийн дундаж цалинг 55 дугаар тушаалын дагуу тооцож шийдвэрлэсэн ч амралтын олговор дутуу олгогдохоор шийдвэрлэгдсэн тул гаргасан нэхэмжлэлийн дагуу Ажлын 29 хоног *191 106 = 5.542.074 төгрөг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Өөрөөр хэлбэл урьд жилийн амралтын мөнгөө ингэж л бодуулж, тооцон олгож, авч байсан болно. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00460 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дугаар сарын 27-ны өдрийн 1000 дугаартай магадлалыг эс хүлээн зөвшөөрч хяналтын шатанд гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 08 сарын 31-ны өдөр Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байдаг. Чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сард буюу 6 7 8 сард нэхэмжлэгч нь жилийн ажлын үр дүнгийн шагнал буюу 13 дахь сарын цалин, ээлжийн амралтын олговор гэх мэт жилд нэг л удаа олгогдох боломжтой цалин хөлсийг авсан. Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нэг сарын үндсэн цалин 1.122.000 төгрөг гэж тохиролцсон байх бөгөөд түүнд сар бүр нэмэгдлийн хамт олгогдсон хэмжээгээр түүний дундаж цалин хөлс тодорхойлогдох болохоос шагналт цалин бол орохгүй. Х.А- нь өнгөрсөн хугацаанд манай байгууллагад ажиллаагүй байхад ажлын үр дүн гэдэг зүйл гарах үндэслэл байхгүй. Шагналт цалинг олгохдоо ажилчдын бүтээлч, идэвх санаачлага, ажлын үр дүнг харгалзан үзэж дүгнэн тодорхой журмыг баримтлан Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын тушаалаар нийт ажилчдад олгодог. Мөн Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллаагүй байж ажилласан мэтээр тооцож ээлжийн амралтыг эдлэх хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Давж заалдах шатны шүүх ажлын үр дүнгийн урамшуулал олгох үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа энэ дүгнэлтийг ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч Х.А- нь хариуцагч “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-т холбогдуулан цалингийн зөрүү, цалинг хугацаанд нь олгоогүйн алданги, шийдвэр гарснаас хойшхи хугацааны цалин, түүний алданги, 2016, 2017 онд авах байсан урамшуулал, 2017 оны ээлжийн амралтын олговор, нотариатын зардалд нийт 99.369.318 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргахдаа сарын дундаж цалин 4.051.465 төгрөг гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэрээр тогтоосон тул энэ хугацааны зөрүү нэхэмжлэх боломжгүй, 2016 оны шагналт цалин олгогдсон, 2017 онд ажиллаагүй тул цалин хөлс, шагналт цалин, ээлжийн амралт олгогдохгүй, алданги тооцох үндэслэлгүй...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.
Нэхэмжлэгч Х.А-ийг “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоосон Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 637 дугаар шийдвэр хуулийн хүчинтэй байна /хэргийн 5-12 дугаар тал/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг. Дээрх шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар нэхэмжлэгч тайлбартаа дурдсан, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлснээ нотлоогүй болно.
Дээрх шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны тодруулбал 2016 оны 10 дугаар сарын 7-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 22-ний өдөр хүртэлх цалин хөлстэй тэнцэх олговорт 12.440.489 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан байх тул шүүх энэ асуудлаар дахин шийдвэр гаргахгүй. Иймд дурдсан хугацааны цалингийн зөрүүд нэхэмжилсэн 10.110.019 төгрөгийн шаардлагыг хангах боломжгүй.
Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4. дэх заалтыг үндэслэн цалинг хугацаанд нь олгоогүйн алданги нэхэмжилсэн боловч уг зохицуулалт нэхэмжлэлийн тухайн шаардлагад хамааралгүй болно.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс зарим шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй.
Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 27-ний өдөр хүртэл хугацааны олговор шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.
Дээрх шаардлагыг гаргахдаа нэхэмжлэгч сарын дундаж цалинг 4.051.465 төгрөг гэж тодорхойлохдоо нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 7, 8, 9 дүгээр сар буюу ажлаас халагдахаас өмнөх 3 сарын цалингийн нийлбэр 12.154.397 төгрөг гэжээ. Хариуцагч энэхүү тооцооллыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн сарын үндсэн цалин 1.122.000 төгрөг бөгөөд 2016 оны 13 дах сарын шагналт цалин 7, 8 дугаар сард олгогдсон тул дундаж цалин хөлсөнд орж тооцогдохгүй гэжээ.
Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлс хэд болох, түүнийг хэрхэн тооцох нь маргааны зүйл болжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-т зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.
Зохигчийн хооронд 2015 оны 1 дүгээр сарын 13-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгчийн үндсэн цалин 1.122.000 төгрөг гэжээ. Ажил олгогч нь ажилтны энэхүү үндсэн цалин дээр сар бүр удаан жил ажилласны 392.000 төгрөг, хоол унааны 84.000 төгрөг, үр дүнгийн 448.800 төгрөг нэмж олгодог талаар 2016 оны 10 дугаар сарын 12-ний өдрийн 1/728 дугаар албан бичигтээ дурдсан байх ба сар бүр олгосон цалин нийгмийн даатгалын дэвтэрт бичигджээ /хэргийн 37, 44 дүгээр тал/.
Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгчид сар бүр олгож байсан цалинд үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал багтсан гэж үзнэ.
“Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2015, 2016 онд мөрдөх хамтын гэрээний 3.4-т “төвийн ажилтнуудын жилийн ажлын үр дүнг харгалзан батлагдсан журмын дагуу 5 хүртэл сарын албан тушаалын ба үндсэн цалингийн дундаж хэмжээгээр жилд нэг удаа урамшуулал тооцож олгоно” гэжээ.
Дээрх заалтыг үндэслэн Эрчим хүчний хөгжлийн төвийн захирлын 2016 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар Х.А-д 13 дах сарын цалинг үндсэн цалингийн 3 сараар тооцож олгохоор шийдвэрлэсэн байх ба уг мөнгийг 2016 оны 7, 8 дугаар сард хуваан олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичсэн талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.
Ажилтнуудын ажлын үр дүнг харгалзан жилд 1 удаа олгож буй дээрх цалин нь сар бүр олгох цалинд хамаарахгүй болно.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 7, 8, 9 дүгээр сарын цалингийн дунджаар тооцохдоо тухайн саруудад 13 дах сарын цалин нэмж олгогдсоныг анхаараагүйгээс ажилгүй байсан хугацааны олговрыг зөв тооцож чадаагүй байна.
Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр сарын дундаж цалинг тооцвол 2.061.436 төгрөг тул /1 өдрийн цалин 95.880.7 төгрөг/ ажилгүй байсан 238 хоногийн олговорт 22.819.619 төгрөг гаргуулах нь зүйтэй.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй бөгөөд анхан шатны шүүх 2017 оны үр дүнгийн урамшууллыг 3 сараар тооцон 6.225.300 төгрөг, мөн нотариатын төлбөрт төлсөн 103.400 төгрөг гаргуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлээс 29.148.319 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1000 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00460 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 47 дугаар зүйлийн 47.1., 50 дугаар зүйлийн 50.1., 55 дугаар зүйлийн 55.1., 141 дүгээр зүйлийн 141.4., Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.-т заасныг баримтлан хариуцагч “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨААТҮГ-с 29.148.319 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.А-д олгож, нэхэмжлэлээс 70.220.999 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “318.436” гэснийг “303.692” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.А- болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбажаргал нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 382.710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ