Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2023/0001

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Оын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Л.О

Нэхэмжлэгч: Л.О

Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Л.Оыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны зохих албан тушаалд томилохгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Л.Оыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу цалин хөлс бууруулахгүйгээр ажил мэргэшлийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын хэлтэст зохих албан тушаалд томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны 239 хоногийн цалин хөлстэй тэнцэх 24,815,943.6 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2022/0745 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Л.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0247/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.О нь “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Л.Оыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны зохих албан тушаалд томилохгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Л.Оыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу цалин хөлс бууруулахгүйгээр ажил мэргэшлийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын хэлтэст зохих албан тушаалд томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны 239 хоногийн цалин хөлстэй тэнцэх 24,815,943.6 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2022/0745 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасныг баримтлан Л.Оаас Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Л.Оыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны зохих албан тушаалд томилохгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Л.Оыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу цалин хөлс бууруулахгүйгээр ажил мэргэшлийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын хэлтэст зохих албан тушаалд томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны 239 хоногийн цалин хөлстэй тэнцэх 24,815,943.6 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 745 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна.

3.1. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/144 дүгээр тушаалаар “Л.Оыг яамны бүтэц орон тоо өөрчлөгдсөн тул “Мэдээллийн технологи, статистикийн хэлтэс, хуучнаар Шинжлэх ухаан, инновацийн салбарын цахим технологийн нэвтрүүлэлт болон мэдээллийн технологийн дэд бүтэц, сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгосон” хуулийн үндэслэлээ Төрийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 болон яамны бүтэц орон тоог баталсан Засгийн газрын тогтоол, ажлын байрны нэр ангилал баталсан Төрийн нарийн бичгийн даргын тушаал, Хөдөлмөрийн дотоод журмын заалтыг баримталжээ.

3.2. Нэхэмжлэгчээс “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Л.Оыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны зохих албан тушаалд томилохгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Л.Оыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу цалин хөлс бууруулахгүйгээр ажил мэргэшлийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын хэлтэст зохих албан тушаалд томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны 239 хоногийн цалин хөлстэй тэнцэх 24,815,943.6 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлагыг гаргасан.

3.3. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг бүрэн дүүрэн эдлүүлээгүй, ажлаас чөлөөлсөн нь хууль бус болсон.

Гэтэл нэхэмжлэгч Л.Оыг өөр албан тушаалд шилжүүлэх, дахин мэргэшүүлэн ажлын байраар хангуулах боломжийг хариуцагч хэрэглээгүй.

3.5. Тодруулбал, хариуцагчаас 2021 оны 10 дугаар сарын 27 болон 28-ны өдөр явуулсан сонсох ажиллагааны явцад нэхэмжлэгч “өмнө нь ажиллаж байсан учир мэргэшлийн дагуу Хөрөнгө оруулалтын хэлтэст мэргэжил, туршлага нийцэх тул ажиллах боломжтой, томилоход татгалзах зүйлгүй” гэж илэрхийлсэн.

Дээрх хэлтэст 2021, 2022 онуудад нэхэмжлэгчийн ажиллах боломжтой сул орон тоо байсан, тэдгээрт албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага, мэргэжил, мэргэшлийн зэрэгт тохироогүй хоёр иргэнийг дотроо ажиллаж байгаа албан хаагчдаас бус гаднаас томилсон болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хариуцагчийн зүгээс ч тэдгээрийг хүлээн зөвшөөрсөн болно.

3.6. Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын хэлтэс дээр дурдсанаар сул 2 орон тоо байхад Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлд “тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нөхнө” гэж заасны дагуу тэргүүн ээлжинд Л.Оыг ажлын байраар хангаж, мөн төрийн албан хаагчийн баталгааг эдлүүлэх боломжтой байсан.

Хариуцагчаас “Боловсролын зээлийн сан, Боловсролын ерөнхий газруудад ажиллах санал болгосон боловч өөрөө татгалзсан” гэж тайлбарлаж, анхан шатны шүүхээс түүнийг зөвтгөөн агуулгатай дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн.

3.7. Гэтэл Боловсролын зээлийн санд санал болгосон ажил нь төрийн үйлчилгээний ангилалд хамаарах тул цалин хөлс бууруулахгүйгээр, хууль тогтоомжид заасан ажлын байраар хангуулах гэж заасан нийцэхгүй, эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй. Түүнчлэн сонсох ажиллагааны тэмдэглэлээс үзэхэд “төрийн албаны шалгалт өгч тухайн санд ажиллахыг санал болгосон” байгаа нь өөр албан тушаалд шилжих баталгаанд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “нягтлан бодогч мэргэжилтэй иргэнийг ажиллуулах орон тоо байхгүй “ гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь дурдсан нэмэлт баталгаанд “... мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих” гэж заасан байгааг зөрчсөн болохыг нотолно.

3.8. Түүнчлэн “төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах” баталгааг огт хэрэглээгүй.

Нэхэмжлэгч Б/144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гарган маргасан байхад анхан шатны шүүхийн Үндэслэх хэсгийн 4.5-д “... гурван сарын хугацаатай цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж авсан” гэж хамааралгүй дүгнэлт хийсэн.

Мөн 4.7-д “санал тавьж, саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнэхдээ 4.4-д сонсох ажиллагааны тэмдэглэлээс хэсэгчлэн авсан, нэхэмжлэгчийн үндэслэл болгосон хэсгийг оруулаагүй.

3.9. Үүнээс гадна Боловсрол, шинжлэх ухааны яаманд нэхэмжлэгчийг мэргэжил, мэргэшлийн дагуу ажиллуулах сул орон тоо байсан гэж маргасан үндэслэлд дүгнэлт өгөөгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчаас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Л.О нь “Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/144 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Л.Оыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны зохих албан тушаалд томилохгүй байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Л.Оыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасны дагуу цалин хөлс бууруулахгүйгээр ажил мэргэшлийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын хэлтэст зохих албан тушаалд томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны 239 хоногийн цалин хөлстэй тэнцэх 24,815,943.6 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 265 дугаар тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны яамны орон тооны дээд хязгаарыг 110 байсныг 88 болгож шийдвэрлэжээ.

2.3. Уг тогтоолтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Газар, хэлтсийн орон тооны хязгаар шинэчлэн батлах тухай” Б/84 дүгээр тушаалаар яамны орон тоог шинэчлэн баталсан бөгөөд Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийг Цахим бодлого, статистикийн хэлтэс болгон өөрчилж, уг хэлтэс нь 5 орон тоотой байсныг 4 орон тоотой болгон 1 орон тоо хассан нь нэхэмжлэгч Л.Оын ажиллаж байсан Шинжлэх ухаан, инновацын салбарын цахим технологийн нэвтрүүлэлт болон мэдээллийн технологийн дэд бүтэц, сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын орон тоо байсан байна.

2.4. Маргаан бүхий захиргааны актаар “Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, 9.8 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 265 дугаар тогтоол, Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны “Яамны албан тушаал, ажлын байрны нэр, ангилал зэрэглэл батлах тухай” А/103 дугаар тушаал, Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны “Журам батлах тухай” А/59 дүгээр тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 4.15-4.22 дахь хэсгийг тус тус үндэслэн Л.Оыг яамны бүтэц орон тоо өөрчлөгдсөн тул Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн /хуучнаар/ Шинжлэх ухаан, инновацын салбарын цахим технологийн нэвтрүүлэлт болон мэдээллийн технологийн дэд бүтэц, сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэлэг олгожээ.

3. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заажээ.

3.1. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 265 дугаар тогтоолоор буюу талуудаас үл хамаарах шалтгаанаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал цомхотголд орсон, хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулж Л.Оын саналыг сонссон, ажил олгогчоос ажлын байр санал болгосон үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй.

3.2. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахаас өмнө эрх, ашиг сонирхол хөндөгдөж буй этгээдэд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, ажлын байраар хангах зорилгоор харьяа байгууллагад ажиллах санал гаргасан боловч Л.О татгалзсан тул 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож, ажлаас чөлөөлсөн захиргааны акт хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.

4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлын тухайд:

4.1. Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын хэлтэст сул 2 орон тоо байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тэргүүн ээлжид Л.Оыг ажлын байраар хангаж, “төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах” баталгааг хэрэглэх боломжтой байсан ч огт хэрэглээгүй” гэжээ.

4.2. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар ажлын байраар хангуулах боломжтой талаар хуульчилсан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгч Л.Од Боловсролын зээлийн сан, Боловсролын ерөнхий газарт тус тус ажиллах санал гаргахад нэхэмжлэгчээс татгалзсан тул тэтгэмж олгож, ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй.

4.3. Түүнчлэн маргаан бүхий акт гарахаас өмнө Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/143 дугаар тушаалаар Хөрөнгө оруулалтын хэлтсийн 4 орон тоонд ажиллах албан хаагчдыг томилсон, сул орон тоо байхгүй байсан байна.

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2022/0745 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

    

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ