Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2017/00287

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2017/00287

Төв аймаг

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийж 151/2016/0069/и индекстэй

Нэхэмжлэгч: Төв аймгийн Жаргалант сумын буурлын 1 дүгээр баг, 16-01 тоотод оршин суух Бэсүд овогт Болдбаатарын Ариунзаяагийн /ТГ90102525/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Борнуур сум, Мандал, 4 дүгээр баг, 4-49 тоотод оршин суух Боржигон овогт Пүрэвдоржийн Энхдэмбэрэлд /НЙ91052815/ холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 01 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 01 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ариунзаяа, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагч П.Энхдэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ариунзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Миний бие нь анх 2007 онд Жаргалант суманд байхдаа П.Энхдэмбэрэлтэй танилцаж байсан. Тэгээд 2009 онд гэр бүл болж байсан. 2010 оны 04-р сарын 13-нд том хүү Тэлмэн төрсөн. 2011 оны 09-р сарын 03-нд бага хүү Тэлмүүн төрсөн. Тэгээд хүүхдүүдээ аваад бид хоёр хадмынхаа хажууд тусдаа гарсан. Тусдаа гарснаас хойш Энхдэмбэрэл нь гэртээ тогтдоггүй байсан. 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Анх 2011 оны сүүлээр миний бие өвдөөд өөрийн гэрлүүгээ бага хүү Тэлмүүнээ аваад, том хүү Тэлмэнгээ хадмындаа үлдээгээд явсан. Тэгээд бие гайгүй болоод буцаж очиж том хүүгээ авах гэхээр өгдөггүй. Энэ хүүхдийг авах юм бол чамайг алчихаад дараа нь өөрийгөө ална гээд өгдөггүй.

П.Энхдэмбэрэл нь мод хулгайлсан хэргээр шоронд орж байсан. Шоронд байхад нь би эргэж очдог байсан. П.Энхдэмбэрэл нь шоронгоос гарч ирээд холбоогүй болсон. Би байнга том хүүхэд дээрээ очдог байсан. Нэг удаа том хүү дээрээ очиход П.Энхдэмбэрэл эхнэр хүүхдээ аваад ирсэн байсан. Бага хүүгээ ахтай нь уулзуулах гээд хадам ээж аав дээр аваачаад өгөхөөр манай бага хүүд загнаад байдаг. Тийм болохоор бага хүү мань очих дургүй. Хоёр хүүхэд маань бие биенээ санаад хэцүү байдаг. Би хоёр хүүгээ салгамааргүй байна. Хамтад нь өсгөмөөр байна. Хоёр хүүхдийг минь миний асрамжид үлдээж эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэрлэлтийг минь  цуцалж өгнө үү. Бид хоёр эд хөрөнгийн маргаангүй” гэв.

Хариуцагч П.Энхдэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “-Би анх Ариунзаяатай 2008 онд найзаараа дамжуулж танилцаж байсан. Тэгээд 2009 онд гэр бүл болж байсан. 2010 оны 04-р сарын 13-нд том хүү Тэлмэн төрсөн. 2011 оны 09-р сарын 03-нд бага хүү Тэлмүүн төрсөн. Би байнга гэртээ тогтохгүй алга болооод байдаггүй байсан. Намайг шоронд байхад эргэж ирж байсан гэж худлаа хэлж байна. Хадам аав эргэж ирнэ гэхээр нь би ирүүлж байгаагүй. Манай том хүү Тэлмэнг 4 сартай байхаас нь манай аав ээж өсгөсөн. Хэрвээ том хүүгээ ээжид нь өгөх юм бол багаасаа манай ээж аав дээр өссөн болохоор санаад бэтгэрэх байх. Би хоёр хүүхдээ өөрийнхөө асрамжинд авч өсгөнө. Надад хашаа байшин байгаа. хоёр хүүхэдтэйгээ хамт амьдарна. Гэрлэлтээ цуцлуулна. 2012 оны хавар Б.Ариунзаяагын бие нь өвдөөд гэрлүүгээ явж байсан. Бага хүү маань ирэн очин байдаг” гэв.

Шүүх энэ хэрэгт зохигчдын хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж ирүүлсэн бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Гэрлэгчид нь 2009 оны 12 сарын 25-ны өдөр гэр бүл болж, иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлжээ. Тэдний дундаас 2010 оны 4 сарын 13-ны өдөр хүү Э.Тэлмэн, 2011 оны 9 сарын 3-ны өдөр хүү Э.Тэлмүүн нар төржээ. Б.Ариунзаяа, П.Энхдэмбэрэл нар нь 2012 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа ба тус шүүхийн 2016 оны 03 сарын 01-ний өдрийн 151/ШЗ2016/00608 шүүгчийн захирамжаар гэрлэгчдийн дунд эвлэрэх боломжгүй бодит нөхцөл байдал тухайлбал хэн нэг нь согтуурах болон мансуурах бодис байнга хэрэглэдэг, гэр бүлийн гишүүдийг эрхшээлдээ байлгах зорилгоор хэн нэг нь байнга хүч хэрэглэж биед нь халдах, айлган сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөж мөшгих, бие махбодь, эдийн засгийн байнгын хүчирхийлэл дарамт үзүүлдэг, үүнээс болж гэр бүлийн гишүүдэд болон ялангуяа хүүхдэд ноцтой хохирол учруулсан, учруулж болзошгүй байдал тогтоогдсонгүй гэсэн үндэслэлээр 2 сарын хугацаагаар эвлэрүүлэх арга хэмжээ авч, цаашид гэр бүлийн гишүүд ялангуяа хүүхэд эцэг эхтэйгээ элэг бүтэн амьдрах, хөгжих төлөвших боломжийг олгох нь зүйтэй гэж дүгнэж түдгэлзүүлсэн боловч гэрлэгчид шүүхээс өгсөн 2 сарын хугацаанд эвлэрээгүй байх бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Гэрлэгчид нь 2012 оноос хойш одоог хүртэл тус тусдаа эхнэр Б.Ариунзаяа нь бага хүү Э.Тэлмүүний хамт Төв аймгийн Жаргалант суманд, нөхөр П.Энхдэмбэрэл нь том хүү Э.Тэлмэнгийн хамт Төв аймгийн Борнуур суманд амьдарч байгаа гэх боловч хүү Э.Тэлмэн нь аав Энхдэмбэрэлийнхээ эцэг, эх буюу эмээ өвөөтэйгөө амьдардаг, Эцэг П.Энхдэмбэрэл нь тогтсон ажил, тогтсон амьдралгүй ирж очин явдаг болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна. 

Иймд хүү Э.Тэлмэн, Э.Тэлмүүн нарын асрамжийг шийдвэрлэхдээ тэдгээрийн амьдрах, сурах, өсөж торних орчин, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын хүмүүжилд нөлөөлөх нөлөөлөл зэрэг байдлуудыг харгалзан үзэж хүү Э.Тэлмэн, Э.Тэлмүүн нарыг эх Б.Ариунзаяагийн асрамжинд байлгахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар эцэг П.Энхдэмбэрэлээс хүү Э.Тэлмэн, Э.Тэлмүүн нарт тус бүрд нь сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Бэсүд овогт Болдбаатарын Ариунзаяа, Боржигон овогт Пүрэвдоржийн Энхдэмбэрэл нарын гэрлэлтийг цуцласугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 4 сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Тэлмэн, 2011 оны 9 сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Тэлмүүн нарыг эх Б.Ариунзаяагийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2010 оны 4 сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Тэлмэн, 2011 оны 9 сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Тэлмүүн нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40.1.2-т зааснаар 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүрд эцэг П.Энхдэмбэрэлээс тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй

4. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүү Э.Тэлмэн, Э.Тэлмүүн нарыг эцэг П.Энхдэмбэрэлтэй уулзуулж байхыг эх Б.Ариунзаяад үүрэг болгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хариуцагч П.Энхдэмбэрэлээс нэг жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд ногдох 46 860 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Оюунзулд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.МӨНХЦЭЦЭГ