Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2018/0647/З |
Дугаар | 668 |
Огноо | 2018-10-29 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 668
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: У овогт Л-ын Т
Хариуцагч: Х-ийн НДХД,
Нэхэмжлэлийн шаардлага: “Х дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/15, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/12 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тэтгэврийн байцаагчаар томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн байцаагчийн албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Х дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/15 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай
Нэхэмжлэлийн агуулга: Лонжид овогтой Т миний бие 2003 онд Х дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бичиг хэргийн ажилтнаар ажилд орж 2003 оны 5 сараас үйл ажиллагааны нягтлан бодогчоор, 2006 оны 3 сараас шимтгэлийн байцаагчаар, 2006 оны 11 сараас тэтгэврийн байцаагчаар, 2007 оны 8 сараас тэтгэмжийн байцаагч, 2010 оны 10 сараас 2018 оны 6 сар хүртэл тэтгэврийн байцаагчаар ажилласан бөгөөд дүүргийн Засаг даргын шагналууд, Сангийн яамны жуух, Нийгмийн даатгалын хүндэт ажилтан, тэргүүн, хэлтэс, тасгийн аварга болон бусад шагналуудаар шагнагдан төрийн албан хаагчийн улсын байцаагчийн шалгалтуудыг 110-102 оноотойгоор хангалттай үнэлгээгээр тэнцэж, жил бүрийн үр дүнгийн гэрээг хангалттай сайн үнэлгээгээр үнэлэгдэж, ямар нэг алдаа дутагдал гаргаж хариуцлага тооцуулж байгаагүйгээр ажиллаж ирсэн төрийн мэргэшсэн албан хаагч хүн. Гэтэл мэргэжлийн хяналтын шалгалтаар тавигдсан актын дагуу арга хэмжээ авч цалингийн 20%-ийг 3 сарын хугацаатай хасах сахилгын шийтгэл ногдуулж байгааг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.
1. Х дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/15 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь заалтыг үндэслэсэн буюу төрийн албан хаагчийг ёс зүйн алдаа гаргаж, төрийн албаны эрхэмлэх зүйлийг зөрчсөн гэж сахилгын арга хэмжээ авч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тушаал юм. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх” гэж мэргэшсэн тогтвортой байхыг хуульчилсаар байтал ёс зүйн алдаа гаргасан мэтээр сахилгын арга хэмжээ авчээ.
2. Мөн надад сахилгын арга хэмжээ авахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-т сөрөг захиргааны акт гаргах тохиолдолд ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хуулийн ямар үндэслэлээр, ямар арга хэмжээ авах гэж байгаа, хүлээн зөвшөөрөх эсэх, хариу тайлбар байгаа эсэх зэргийг тодруулах хуулийн заалттай байхад сонсох ажиллагаа хийлгүй, 05 дугаар сарын 14-ний өдөр авсан сахилгын арга хэмжээг 05 дугаар сарын 29-ний өдөр үзүүлж байгаа нь хууль зөрчсөн буюу захиргааны байгууллагын ил тод, захиргааны актын улмаас эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдийн эрхээ хамгаалах боломжийг хангаагүй нь тус хуулийн 28 дугаар зүйлд заасан нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй өөрийн дур зоргоор сонсох ажиллагааг хийгээгүй хууль зөрчсөн шийдвэр байна.
3. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан бөгөөд тус сахилгын шийтгэл хүлээлгэсэн тушаал нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Харин зөрчил гэж үзэж байгаа Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02-06-337/10 дугаар улсын байцаагчийн акт гараад 1 сар 1 хоног болсон байхад хууль зөрчиж шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нөгөөтэйгүүр Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 04 дүгээр сарын 13- ны өдрийн 02-06-337/10 дугаар улсын байцаагчийн актад дурдсан зөрчил нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн зөрчил бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр сахилгын арга хэмжээ авч мөн л зөрчил илэрснээс хойш 6 сар 04 хоног өнгөрч байхад Төрийн албаны тухай хуулийн 26.4 дэхь хэсгийг зөрчсөн.
Миний бие тус тушаалыг хүчингүйд тооцуулах талаар 2018оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төрийн албаны зөвлөл болон Төрийн албаны зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэргэдэх салбар зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан боловч хуулийн хугацаанд хариу мэдэгдээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу шүүхэд хандсан. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа ирэхэд бүтэц баталсан, албан хаагч нарыг сэлгэн ажиллуулж байна гэж тушаал уншаад дараагийн ажлын өдрөөс шинэ бүтцээр ажиллана гэж ойлгоорой гээд 2018 оны 06 дугаар сарын 02-ноос миний эрхэлж байсан ажлыг хүлээн авч аль ч ажлын байрны тодорхойлолтгүй, ямар ажил хийх нь тодорхойгүй, сэлгэн ажиллуулах тухай тушаалд нэр байхгүй юу хийх вэ эсвэл халагдсан бол халагдсан тушаалаа авья гэхээр ажпаа хийгээд сууж бай, хүн ажилтай үлдэхийн тулд таньдаг мэддэг хүнээрээ хэлүүлж яриулж ажилтай үлдэхийг боддог байтал тушаал нэхлээ гэх зэргээр хэлж харьцаж сэлгэн ажиллуулсан нь ойлгомжгүй явсан.
Ингээд 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бүтэц батлагдсан гэж бүх ажилтнуудыг халсан тушаал уншаад тараасан. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ажилтнуудаа томилсон тушаал уншихдаа Л-ын Т гэж нөхөр өргөдөл гомдол гарсанаас болж энэ тушаал гаргахаас өөр аргагүй болсон гэж ажилд томилсон тушаал уншиж, энд нэр нь уншигдаагүй хүмүүс халагдсан гэж ойлгоорой гэж хүний нэр хүндэд халдсан байдлаар хэлж төрийн захиргааны албан хаагчийг бүтэц орон тоо батлах нэрээр үндэслэлгүйгээр халсан.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан 3 үндэслэлээр халах бөгөөд өөрөөр халахыг хуулиар зөвшөөрөөгүй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тухайн байгууллага бүтэц орон тоог бууруулж, цөөлсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу бүтэц орон тоо батлагдаж таны орон тоо хасагдах талаар урьдчилан 30-45 хоногийн өмнө мэдэгдэлгүй гэнэт халж байгаа нь төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг зөрчиж байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдөж тэтгэврийн байцаагчийн ажлын байр байхгүй болсон тохиолдол өөр ажлын байраар, эсхүл орон тоо цөөрч чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан тохиолдолд тус албан тушаалыг эрхэлж байсан албан хаагч нарын мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын туршлага зэргийг харгалзан үзэж хамгийн илүү ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа этгээдийг томилохоор хуульчилсныг зөрчиж сонгон шалгаруулаагүй, өөр ажил санал болгоогүй шууд л халсан.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийг илүүтэй тодруулбал: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т “захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт, гэрээ батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, тайлбар, санал авах ажиллагааг явуулах талаар зохицуулсан бөгөөд хариуцагч энэ талаар сонсох ажиллагааг хийгээгүй ажлаас чөлөөлж, томилохгүй байгаа нь хариуцагч хуулийн дээрх заалтыг зөрчсөн юм.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т сонсох ажиллагааг явуулах хэлбэрийг зааж өгсөн ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “...Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан санал захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна” хэмээн заасан бөгөөд хариуцагч Л.Т-тай биечлэн уулзаж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх эсхүл өөр ажил албан тушаалд ажиллах талаар санал болгоогүй тул Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хариуцагч хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн тогтвортой байх төрийн албаны зарчимд нийцээгүй, албан тушаалтан дур зоргоороо албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх бөгөөд төрийн албаны “хууль дээдлэх” үндсэн зарчмыг алдагдахад хүргэжээ.
Нөгөөтэйгүүр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэг нь ажил олгогчийг хэрэв бүтэц, орон тоогоор ажилтны орон тоо буурах тохиолдолд бөөнөөр нь бол 45-аас доошгүй хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх бөгөөд энэ нь Үндсэн хуульд заасан хүн бүр хөдөлмөрлөх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах хүний суурь эрхийг эдлүүлэхэд чиглэсэн хуулийн зохицуулалт. Өөрөөр хэлбэл ажилтны орон тоо байхгүй болох цөөрсөн тохиолдолд хөдөлмөрлөх эрхээ цаашид таслахгүй байх эрхийг хангаж урьдчилан 45-аас доошгүй хоногийн мэдэгдэж цаашид ажиллах ажлын байраа олоход дэмжлэг үзүүлдэг. Гэтэл 15 жил салбартаа ажилласан төрийн захиргааны албан хаагчийг мэдэгдэлгүй нэг л өдөр ажилдаа ирэхэд нь халж байгаа нь хууль бус үйлдэл юм.
Дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.”-ийг баримталсан бөгөөд энэ нь ойлгомжгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг баримталсан ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх төрийн албаны зарчимд нийцээгүй, албан тушаалтан дур зоргоороо албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх бөгөөд төрийн албаны “хууль дээдлэх” үндсэн зарчим алдагдахад хүргэжээ.
Иймд “Х дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/12 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох, тэтгэврийн байцаагчаар томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэврийн байцаагчийн албан тушаалд томилохыг даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн актыг тогтоохдоо 2000-2006 оны хооронд хуурамч баримт бичиг бүрдүүлэн улсаас 8,000,000 төгрөгийн тэтгэвэрийг илүү авсан тул иргэн Х.Энхт*******д тавьсан акт юм. Харин миний бие 2017 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс Х.Энхт*******гийн тэтгэвэрийг зөвтгөж тогтоосон. Иймд Х.Энхт*******гийн материалын хувьд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлд хамааралгүй.
Т.Бын материалын хувьд хуурамч материал бүрдүүлэн цэргийн тэтгэврийг надаар тогтоолгосон. Цэргийн тэтгэврийн хувьд бусад албан тушаалтны тэтгэврээс онцлог байдаг. Учир нь нийгмийн даатгалын байцаагч нарт тус ажилтныг ажлаас халсан тухай тушаал ирдэггүй, харин тушаалын үндэслэлийг бичсэн лавлагааг ирүүлдэг, мөн шимтгэл төлдөггүй учраас улсад төлсөн шимтгэлийг шалгах боломжгүй байдаг. Т.Бын лавлагаанд захиргааны санаачлагаар халсан гэсэн ажлаас халах ерөнхий үндэслэлийг бичсэн байсан. Тэтгэврийн байцаагчид халагдсан үндэслэлийг шалгах боломжгүй байдаг тул шалгалгүй тэтгэврийг тогтоосон. Сүүлд шалгалтаар лавлагааг дахин авчруулахаар болж түүний тэтгэврийг энгийн тэтгэврээр тооцож цэргийн тэтгэврийн зөрүүг буцаан барагдуулахаар болсон. Т.Б нь төлбөрийг төлж барагдуулсан байгаа.
Р.Ц*******ын таван жилийн цалингийн нэг сарын цалинг 50,000 төгрөгөөр дутуу шивсэн зөрчил гаргасан. Нөхөн шивэлтээр өөрийн алдааг зассан бөгөөд 50,000 төгрөгийг дутуу шивснээр тэтгэврийн мөнгөн дүнд ямар нэгэн өөрчлөлт ордоггүй байгаа.
Программд С..Угийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэвэр авах мэдээлэл байсан. Тэтгэврийн улсын байцаагчид тогтоосон хугацаанаас өмнө тэтгэвэр авагчийн тэтгэвэрийг хасах эрхгүй. Хэрэв тэтгэвэр авах хүн нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор хугацаанаас өмнө хасагдсан бол хасагдсан тухай баримт бичгийг авчрах хүртэл түүнийг хасагдсан эсэхийг мэдэх боломжгүй. С.Угийн мэдээллийг программд бүртгүүлэх үед цуцлагдсан тухай мэдсэн.
Хувь хүн комиссын дүгнэлт, шийдвэрийг авч ирэн тэтгэвэр авах эрхээ хасуулдаг. С.Угийн хувьд дараа сарын тэтгэвэр банк руу шивэгдсэний дараа өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ирэхдээ комиссын дүгнэлтээр хасагдсан тухай баримт бичгийг авчирсан. 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс файлыг бэлдэж банк уруу явуулдаг. Банк файлыг хөрвүүлж дараагийн сарын эхний өдрөөс эхлэн тэтгэврийг олгодог. Тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан өдрийг тэтгэвэр тогтоолтын хуудсанд бичдэг. Тэтгэвэр тогтоолтын хуудсанд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тэтгэвэр тогтоосон тухай бичсэн. Тэтгэврийг авах эрх үүссэн өдрөөс олгодог. Өргөдлийг аваад 30 хоногийн дотор бүртгэх боломжтой.” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: “Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор үр дүнгийн гэрээг Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулахаар заасан бөгөөд хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлд Тасгийн дарга албан хаагчийн үр дүнг дүгнэхээр зохицуулсан байдаг. Нэхэмжлэгч Л.Т нь тэтгэврийн улсын байцаагчаар ажиллах хугацаандаа үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэхээр удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч Тэтгэврийн тасгийн дарга П.Ц нь 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд чөлөөтэй байсны улмаас үр дүнгийн гэрээг дүгнүүлж чадаагүй байна.
Маргаан бүхий 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 дугаар сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал нь 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн акт, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн албан шаардлагыг үндэслэн гарсан. С.Угийн хувьд хөдөлмөрийн түр алдсаны тэтгэврийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх нэг жилийн хугацаанд авч байсан боловч Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хуралдаанаар хассан байна. Х дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс төлөөлөгч байдаггүй тул нэхэмжлэгч комиссын шийдвэр гарсныг мэдэх боломжгүй байсан. Х.Энхт*******гийн хувьд 2000 оноос 2006 он хүртэлх хугацаанд 127 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан гэсэн хуурамч баримт бичгийг бүрдүүлэн тэтгэврийг тогтоолгосон байна. Тус тэтгэврийг өөр тэтгэврийн байцаагч тогтоосон тул нэхэмжлэгчид хамааралгүй юм. Хавтаст хэрэгт 2006 хойших тэтгэврийг шинээр тогтоосон материалыг нотлох баримтаар ирүүлсэн байна.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлдээ: “Л.Т-ын нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Үүнд 1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дугаар хэсэгт “... зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийн 2.1.9-д “нийгмийн даатгалын ажилтны нэр хүндийг өндөрт өргөж эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд шударгаар гүйцэтгэх,...” гэж заасныг зөрчиж тэтгэвэр тогтоолгох үндэслэл хангагдаагүй байхад иргэний тэтгэврийг давхардуулан тогтоож нийгмийн даатгалын санд, түүнчлэн иргэний тэтгэврийг дутуу тогтоож иргэнд хохирол учруулсан зөрчлүүд нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шалгалтаар тогтоогдон 02-06-336/13, 02-06-337/10 тоог актууд тавигдсан.
Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.1 “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төриин үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх” гэж заасныг зөрчсөн нь иргэн Б.Г / 2018 оны 04 дүгээр сарын 04, Т.Л нарын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан гомдлоор нотлогдож байна.
2. Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 02-06-337/10, 05 дугаар сарын 01-ний өдрийн 02-06-336/13 тоот акт, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02-06-336/51 тоот албан шаардлага “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх хянах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасныг хангалтгүй хэрэгжүүлж, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй талаарх бусад холбогдох хууль тогтоомжийг дурдсан ба дээрх хөндлөнгийн мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад Л.Т нь иргэний тэтгэврийг илүү болон дутуу тооцон олгож ажил үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн нь мэргзжлийн хяналтын байцаагчийн акт, албан шаардлагаар нотлогдсон юм.
Энэхүү сахилгын арга хэмжээ тооцсон тушаал буюу захиргааны сөрөг актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Х-ийн НДХД Л.Жавзандулам, Үйлчилгээний тасгийн дарга П.Ц, Х, орлого бүрдүүлэлтийн тасгийн дарга Д.Энхт*******, Хяналтын шалгалтын тасгийн дарга Г.А*******, Санхүү бүртгэлийн тасгийн дарга бөгөөд ахлах нягтлан бодогч Б.И******* болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Г.Т*******, Г.Г******* нар байлцан 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр сонсох ажиллагааг явуулсан.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчийн акт, албан шаардлагыг танилцуулж холбогдох хууль тогтоомжийг зөрчин тэтгэврийг дутуу болон илүү олгосон зөрчлийг гаргасан Л.Т-ыг тухайн актанд зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа бол гарын үсгээ зурж, хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тайлбар гаргах боломжтой болохыг танилцуулсан. Тус хуралд Л.Т болон бусад холбогдох байцаагч нар оролцон гарын үсэг зурсан байна.
Л.Т тус хэлтэст ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалын дагуу 2017 онд зохион байгуулагдсан “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ы хүрээнд тэтгэврийг илүү тогтоосон зөрчил гаргасныг Х дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч илрүүлж 2017 оны 06 дугаар сард 0000103 тоот акт тавигдсан.
Х дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16 тоот актаар үндэслэлгүй авсан тэтгэврийг төлүүлэхийг Л.Т-д даалгасан нь ажиллах хугацаандаа ажилд хариуцлагагүй, хайнга хандаж, мэргэшлийн түвшин, ажлын ур чадвар, хариуцлага, ажил үүргээ хэрхэн гүйцэтгэж байсныг болон цаашлаад нийгмийн даатгалын санд хохирол учруулж, хэлтсийн үйл ажиллагаанд доголдол үүсгэх нөхцлийг бий болгоход хүргэсэн гэж үзэхэд хүргэж байгаа юм.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1/2672 тоот албан бичигт “Тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах аян”-ы явцад илэрсэн зөрчлийг гаргасан байцаагчид мэргэжлийн болон ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гарган ирүүлэхээр дурдсаны дагуу тус хэлтсийн Ёс зүйн хорооны хурлаар Л.Т-ын ажил үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн зөрчил гаргасан талаар хэлэлцсэн.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасны дагуу сахилгын арга хэмжээ авах хугацаа өнгөрсөн байсан тул Л.Т-ын гаргасан зөрчилд холбогдох хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авах боломжгүй байгааг тодорхойлон хариуг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 561 тоот албан бичгээр Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны "Нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн тэтгэвэр тогтоох, олгох, өөрчлөх үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулах тухай” А/129, “Нийгмийн даатгалын үйлчилгээний тасгийн бүтцийг өөрчлөн зохион байгуулах тухай” А/189 тоот тушаалыг хэрэгжүүлэн тус хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/08 тоот тушаалын дагуу зарим албан хаагчдын албан тушаалыг өөрчлөн ажиллуулсан.
Харин дээр дурдсан тушаалд нэр нь дурдагдаагүй албан хаагчид урьд эрхэлж байсан ажлаа үргэлжүүлэн хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 94 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын салбарын ажилтнуудын сэлгэн болон шилжүүлэн ажиллуулах журам”-д нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, хүний нөөцийг оновчтой байршуулах үүднээс байгууллага дотор шилжүүлэн ажиллуулах зохион байгуулалттай холбоотой.
3. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 тоот тушаалаар тус хэлтсийн орон тоо нийт 54, үүнээс тэтгэврийн байцаагч 6 байсан бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны А/22 тоот тушаалаар Х дүүргийн Ниигмийн даатгалын хэлтсийн бүтэц, орон тоо өөрчлөгдөн нийт 50, үүнээс тэтгэврийн байцаагч 5 орон тоотой болж цөөрсөн.
Тус хэлтсийн нийт албан хаагчдын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хурлаар Х дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц, орон тоо өөрчлөгдсөн, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсгол зохион байгуулсан. Тус сонсох ажиллагааг явуулсан нь нийт албан хаагчдын гарын үсэг бүхий хуудсаар нотлогдож байна.
Төрийн албаны тухай хуульд заасны дагуу уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах талаар тодорхой заасан.
Байгууллага өөрчлөн байгуулагдаж бүтэц, орон тооны өөрчлөлт хийгдсэнээр тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан Л.Т-ыг дээр дурдсан шаардлагын дагуу ажлаас чөлөөлсөн...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Т.Бын цэргийн тэтгэврийн хувьд тэтгэврийн байцаагч ажлаас халсан тушаалыг шаардах бүрэн эрхтэй байсан. Цагдаагийн байгууллага болон Цэргийн байгууллагын ажлаас халах тухай тушаалд гаргасан зөрчил, ажлаас халсан үндэслэл зэргийг тодорхой бичсэн байдаг. Хэрэв Т.Бын лавлагаанд түүнийг ажлаас халсан үндэслэл тодорхойгүй байсан бол тушаалыг шаардах бүрэн эрх нэхэмжлэгчид байсан. Нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг тэтгэврийн улсын байцаагч тушаалыг шаарддаггүй бол хүн бүр цэргийн тэтгэвэр тогтоолгох нөхцөл байдал үүснэ. Лавлагаанд ажлаас халагдсан үндэслэлийг тодорхой заадаг, Т.Бын лавлагаанд захиргааны санаачлагаар халсан гэж байсан бол нэн түрүүнд Т.Баас захиргааны ямар санаачлагаар халагдсан эсэхийг тодруулж, халагдсан үндэслэлээс шалтгаалан өөр өөр тэтгэвэр тогтоох эрх үүсэх эрх зүйн үр дагаврыг тайлбарлаж, халсан тухай тушаалыг шаардаж ирүүлсний дараагаар Т.Бын тэтгэврийг тогтоох шаардлагатай байсан. Нэхэмжлэгчийн хувьд энэ шаардах эрхийг хэрэгжүүлээгүй байна.
С.Угийн материалын хувьд Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд “Даатгуулагчид нийгмийн даатгалын нэг төрлийн сангаас тэтгэвэр буюу тэтгэмжийг давхардуулж олгохгүй. Хэрэв давхардахаар байвал даатгуулагч илүү таатай нөхцөлтэй тэтгэвэр буюу тэтгэмжийг зөвхөн нэг удаа сонгон авах эрхтэй” гэж заасныг нэхэмжлэгч зөрчин тахир дутуугийн тэтгэвэр болон өндөр насны тэтгэврийг давхардуулан олгосон байна. Түүнчлэн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст манай байгууллагыг төлөөлөн М.Бямба-Өлзий ажилладаг. Иймээс нэхэмжлэгч нь С.Уг тахир дутуугийн тэтгэвэр авах эрх дуусгавар болгосон тухай Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг мэдэх боломжтой байсан.
С.У нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт гаргасан байхад хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэврийн файлыг бэлтгэн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр банк уруу илгээсэн. Банк руу тэтгэврийг зогсоохоор хандах боломжтой байхад хандаагүй. Өндөр насны тэтгэврийг С.Уд тогтоохдоо тахир дутуугийн тэтгэврийг авч байсан болохыг программаас харах боломжтой. 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар зөрчлийг илрүүлэн давхардуулан олгосон тэтгэврийг 2018 оны 4 дүгээр сарын 20-нд төлүүлсэн байгаа.
Р.Ц*******ын цалинг шивэхдээ 2017 оны 02 дугаар сарын цалинг 50,000 төгрөгөөр дутуу шивсэн нь шалгалтаар илэрч албан шаардлага тавигдсан. 514840 төгрөгийн тэтгэвэр авах ёстой байсан боловч дутуу шивсний улмаас 514279 төгрөгийн тэтгэвэр авсан.” гэв.
Гэрч Х.Ө******* мэдүүлэхдээ: “2016 оны 06 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сарыг хүртэлх хугацаанд Х дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэмжийн болон тэтгэврийн байцаагчаар ажилласан. 2017 оны үр дүнгийн гэрээг дүгнүүлээгүй. 2017 оноос 2018 оныг хүртэлх хугацаанд Тэтгэврийн тасгийн дарга П. Ц захиргааны чөлөөтэй байсан. Үр дүнгийн гэрээг дүгнэхээр хурал хийгээгүй. Би үр дүнгийн гэрээний илтгэх хуудсыг бичсэн.” гэв.
Гэрч П. Ц мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Үйлчилгээний тасгийн даргаар ажиллаж байсан. Миний бие 2017 оны 12 дугаар сард үр дүнгийн гэрээг дүгнэх үед ар гэрийн гачигдлын улмаас эмнэлэгт байсан, захиргааны чөлөөтэй байсан. Тухайн үед Тасгийн дарга нарын хурлыг зарласан байсан боловч очиж чадаагүй тул манай Тасгийн ажилчдын үр дүнгийн гэрээг дүгнэсэн эсэхийг мэдэхгүй байна. Л.Т-тай үр дүнгийн гэрээ байгуулсан. Үр дүнгийн гэрээг дүгнээгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Т нь Х дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 дугаар “түүнд сахилгын шийтгэл ногдуулсан”, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/12 дугаар “түүнийг ажлаас чөлөөлсөн” тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тэтгэврийн байцаагчаар томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн байцаагчийн албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Х дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 дугаар “сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалаар “Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02-06-336/13 тоот акт, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02-06-336/51 тоот албан шаардлагаар “иргэний тэтгэврийг давхардуулан болон дутуу тооцон олгож ажил үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн” нь нотлогдсон гэсэн үндэслэлээр тэтгэврийн байцаагч Л.Тд цалинг 20 хувиар 3 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл хүлээлгэсэн байна.
Нэхэмжлэгч Л.Т нь Х дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тэтгэврийн байцаагчаар ажиллаж байхдаа иргэн С.Угийн /РД:*******/ өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт, материалыг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 4 дүгээр сарын 01-ний өдрөөс тооцон өндөр насны тэтгэврийг тогтоож олгохдоо түүний өмнө нь эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр авч байсан тахир дутуугийн тэтгэврийг зогсоолгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйл “нийгмийн даатгалын нэг төрлийн сангаас тэтгэвэр, тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэсэн заалтыг зөрчин давхардуулан олгосон нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02-06-336/13 дугаартай актаар тогтоогдсон байна. Хэдийгээр нэхэмжлэгч “Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “С.У өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цуцалсан 2592 дугаартай акт”-ыг тэтгэвэр тогтоолгогч өндөр насны тэтгэвэр тогтоолгох материалдаа хавсаргаж ирүүлэхэд ийнхүү цуцлагдсаныг мэдсэн ч үүнээс өмнө банк руу тэтгэвэр авагчийн жагсаалтыг хүргүүлсэн байсан тул буцаах боломжгүй байсан” хэмээн тайлбарлах боловч тэтгэвэр тогтоолгох өргөдлийг 2017 оны 3 дугаар сарын 16-нд гарын үсэг зурж хүлээн авсан, энэ өдрөөр тэтгэвэр тогтоосон болохоо тэтгэвэр тогтоолтын хуудаст тэмдэглэсэн, 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өндөр насны тэтгэврийг тооцож олгосон, тахир дутуугийн 2017 оны 4 дүгээр сарын тэтгэврийг зогсоох арга хэмжээ аваагүй, “тэтгэвэр авагчаас шаардаж төлүүлсэн” гэх боловч 2017 оны 4 дүгээр сард давхардуулан олгосон тахир дутуугийн тэтгэвэр 251000 төгрөг мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 3 дугаар сарын 1-нээс хийгдсэн шалгалтаар уг зөрчил тогтоогдсоноос хойш 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлөгдсөн байх тул тэтгэврийн байцаагчийн энэ үйлдлийг зөвтгөх боломжгүй, энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Мөн тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан Л.Т нь иргэн Р.Ц*******ын /РД:*******/ өндөр насны тэтгэврийг тогтоохдоо тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсийг тооцох 5 жилийн цалинг шивэхдээ 2017 оны 2 дугаар сарын цалинг 698.797.00 төгрөг байсныг 648.797.00 гэж 50.000.00 төгрөгөөр дутуу шивж, үүнээс үүдэн тэтгэвэр тогтоох дундаж цалин дутуу тооцогдож, өндөр насны тэтгэвэр дутуу тогтоогдсон болох нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02-06-336/51 дугаартай албан шаардлагаар тогтоогджээ. Энэ зөрчил нь тэтгэврийн хувийн хэрэгт байх тэтгэвэр тогтоолтын хуудас, 5 жилийн цалингийн жагсаалт, түүнийг зөвтгөсөн жагсаалт, тэтгэврийн байцаагчийн энэ талаарх буюу тэтгэврийн хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн талаарх гараар бичсэн тэмдэглэл зэргээс тогтоогдож байна.
Тэтгэврийн байцаагчийн энэ үйлдэл нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 “тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн ... дараалсан 5 жилийн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ... бодож тодорхойлно” гэсэн заалтыг зөрчиж тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хөлсийг дутуу тооцсоноос олгох тэтгэврийг дутуу тогтоож тэтгэвэр авагчийг хохироосон зөрчил байх тул энэ үндэслэлээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарчээ.
Ийнхүү Х дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 дугаар тушаалын Л.Тд холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, уг тушаалд баримталсан Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалт болон Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 “... зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын ... хариуцлага хүлээлгэнэ” гэсэнтэй нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн дээрх тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, нэхэмжлэгч Л.Т-д тайлбар, санал хэлэх боломж олгосон нь 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 тоот тушаалаар Х дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо нийт 54, үүнээс тэтгэврийн байцаагч 6 байсан нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн А/22 дугаар тушаалаар тус хэлтсийн бүтэц, орон тоонд өөрчлөлт орж, нийт 50, үүнээс тэтгэврийн байцаагч 5 орон тоотой болж цөөрсөн байна.
Тус хэлтсийн зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалт өөрчлөгдөн, орон тоо цөөрсөн үндэслэлээр Х дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/12 дугаар тушаалаар нийт албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг тухайлан хөндөөгүй гэж дүгнэлээ.
Хэлтсийн зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалт өөрчлөгдөн, орон тоо цөөрсөн тул энэ тохиолдолд төрийн албан хаагчдын нэмэгдэл баталгааг хангуулахаар албан хаагчдын ажлын үр дүнг дүгнэх удирдамжаар дүгнэх шалгуур үзүүлэлт, сонгон шалгаруулах ажлын хэсгийг батлан ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг явуулж “үр дүнгийн гэрээний биелэлтийн үнэлгээ, сахилгын арга хэмжээ авагдсан эсэх, иргэдээс ирсэн гомдол санал, ажлын цаг ашиглалт” гэсэн үзүүлэлтээд үнэлсэн нь “алба хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулах” гэсэн төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнөөр орон тоо цөөрсөн тохиолдолд баримтлах Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасанд нийцэж байна.
Энэ шалгаруулалтаар тэтгэврийн байцаагч Л.Т-ыг хэлтсийн даргын дээрх 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн, мөн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар “ажлын цаг ашиглалт хангаагүй” үндэслэлээр “сануулах” сахилгын шийтгэл хүлээсэн, “иргэдэд чирэгдэл, хүндрэлтэй үйлчилгээ үзүүлсэн” талаар иргэдээс 2018 оны 4 дүгээр сарын 04, 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гомдол ирүүлсэн гэсэн үндэслэлүүдээр үнэлж, шалгаруулаагүй байна.
Харин тус хэлтэст тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан Х.Ө*******, Үйлчилгээний тасгийн даргаар ажиллаж байсан Ц.Ц нар гэрчээр мэдүүлснээс үзэхэд Үйлчилгээний тасгийн дарга Ц.Ц нь үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх чиг үүргээ хэрэгжүүлээгүй, тухайн хугацаанд ажиллаагүй гэх тул “үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнүүлээгүй” хэмээн дан ганц нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна.
Түүнчлэн нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 00000103 тоот актаар тэтгэврийн байцаагч Л.Т нь “цэргийн байгууллагаас захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлөгдсөн иргэн Т.Бт цэргийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоож Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн” нь тогтоогдсон байх бөгөөд хэдийгээр сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн ч энэ нь үйл ажиллагааны үр дүн, мэдлэг ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзах, тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа эсэхийг дүгнэх үндэслэл болгосныг буруутгахгүй.
Ийнхүү тус хэлтсийн зохион байгуулалтын бүтэц, албан тушаалын жагсаалт өөрчлөгдөнөөс цөөрч батлагдсан орон тоонд алба хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг шалгаруулан хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/13 дугаар тушаалаар томилсон байх тул бөгөөд “тэтгэврийн байцаагчаар томилоогүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхээргүй байна.
Иймээс “тэтгэврийн байцаагчийн албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх” шаардлагыг мөн хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.3, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Т-ын “Х дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Б/15, 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/12 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тэтгэврийн байцаагчаар томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэтгэврийн байцаагчийн албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА