Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1267

 

Л.Бямбаахүүгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан,  А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/01298 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Бямбаахүү,

 

Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохиролд 77 192 060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждуламын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам,

Прокурор Х.Ням-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч С.Дорждулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төв аймгийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б\47 дугаар захирамжаар Алтанбулаг сумын “Ирээдүй” цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилогдож, үүрэгт ажлаа сайн хийж, аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр 88-93 хувийн үнэлгээтэй ажиллаж байсан. Гэтэл зарим хүмүүсийн зүй бус хардлага сэрдлэг, гомдлын мөрөөр Авлигатай тэмцэх газрын /цаашид АТГ/ мөрдөн байцаагч н.Мөнхжаргал 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн щалгаж эхэлсэн. Ийнхүү шалгах явцдаа тэрээр 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр намайг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тогтоол гаргасан. Ийм учир шалтгааны улмаас Төв аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б\04 дугаар Л.Бямбаахүүг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх тухай захирамжаар би ажлаасаа чөлөөлөгдсөн.

Мөрдөн байцаагч н.Мөнхжаргал 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр намайг яллагдагчаар татах тогтоол гаргасан бөгөөд улмаар эрүүгийн хэргийг Төв аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн. Уг газрын хяналтын прокурор н.Үүрийнтуяа яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Надад холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд миний гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож 345 дугаар цагаатгах тогтоол гаргасан. Шүүхийн цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш би Нийслэлийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б\03 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 211 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд томилогдсон.

Ийнхүү төрийн байгууллагын албан хаагчид тухайлбал АТГ-ын мөрдөн байцаагч н.Мөнхжаргал, хяналтын прокурор н.Үүрийнтуяа нарын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас би 10 cap, 20 хоног ажилгүй, цалин орлогогүй, сэтгэл санааны хүнд хэцүү дарамттайгаар өвчин зовиур, эм эмнэлэг хоёртой ханьсаж байсандаа маш их гомдолтой байна. Төв аймгийн болон Алтанбулаг сумын зарим удирдах албан тушаалтны зүгээс миний албан ажил үүргийн болоод хувийн нэр төрд халдсан зүй бус үйл ажиллагаа, үг ярианы улмаас надад өмнөх ажилдаа буцаж орох боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас би Улаанбаатар хотод түр орлон гүйцэтгэгчийн ажилд орсон.

Иймд би Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хуульд тус тус заасны дагуу өөрт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хор хохирол болох 77 192 060 төгрөгийг төрөөс нөхөн төлүүлэхээр иргэний шүүхэд энэхүү өргөдлийг гаргаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэгт эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах тухай хуульчилжээ. Энэ бүлгийн 390 болон 391 дүгээр зүйлд тус тус зааснаар надад мөрдөн байцаагч, прокурорын хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин урамшуулал, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс болон эд хөрөнгийн бус хохирлоо улсын төсвөөс нөхөн төлүүлэх эрх үүсэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.6 дахь хэсэгт хохирогч нэхэмжлэлийг оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гаргана, мөн хуулийн 397 дугаар зүйлийн 397.1 дэх хэсэгт хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай өргөдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэжээ. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолын 20 дугаарт хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлын талаар иргэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан харъяаллын дагуу, мөн хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангасан нэхэмжлэлийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 , Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 396 дугаар зүйлийн 396.3 , 396.4 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд гаргана, мөн тогтоолын 24 дүгээрт хуулийн 397 дугаар зүйлийн 397.1 дэх хэсэгт заасан өргөдөл гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т заасан "хүсэлт" гэж ойлгон, энэ төрлийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт зохицуулагдсан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ гэсний дагуу төрөөс 77 192 600 төгрөг гаргуулах асуудлыг зохих ёсоор хянан шийдвэрлэж өгнө үү.

Ажилгүй байсан хугацааны цалинд 10 299 765 төгрөг, амралтын мөнгө 1 347 330 төгрөг, хөдөө ажиллаж байсан нэмэгдэл Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор 1 544 965 төгрөг, өмгөөлөгчид өгсөн 8 000 000 төгрөг, иргэний хэрэгт өмгөөлөгчид өгсөн 6 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг, нийт 77 192 060 төгрөг нэхэмжилж байна.

Хэргийг эхнээс нь зөв шалгасан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Ажлыг түдгэлзүүлсэн нь асуудал үүсгэсэн. Сумын засаг даргын хүсэлтээр түдгэлзүүлсэн байдаг. Аймгийн Засаг дарга ажилд томилсон байхад сумын Засаг даргын хүсэлтээр түдгэлзүүлсэн нь буруу юм. Шалгасан асуудал нь орон нутгийн явган яриагаар үүссэн. Эрүүгийн хэрэгт өмгөөлөгчийн хөлс төлсөн баримт өгөх шаардлагагүй. Иргэний хэрэгт өөртөө байсан баримтаа авчирч өгсөн байгаа. Эмнэлэгт үзүүлж байж өвчтэйгөө тогтооно. Шинжилгээ хийлгэж тогтоодог. Улсын Дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолд хохирол хэрхэн барагдуулахыг заасан байгаа. Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Нийслэлийн прокурор уг хэрэгт хяналт тавих ёстой байтал аймгийн прокурор хянасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Прокурор Х.Ням-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: АТГ нь эрх үүргийн дагуу мэдээллийг шалгасан. Гэмт хэрэг үйлдсэн тул таслан зогсоож, гэмт хэрэг дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлсэн гэж үзэж байгаа. Өмгөөлөгч авсан боловч мөнгө төлсөн эсэх нь эргэлзээтэй байна. Эрүүгийн хэрэгт ийм баримт байгаа эсэх нь тодорхойгүй. Эмнэлэгт үзүүлсэн нь энэ асуудалтай шалтгаант холбоотой нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэргийг шалгасан нь хууль зөрчөөгүй юм. Мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд зааснаар явуулсан. Эмчилгээ хийлгэсэн юм бол эмчийн бичиг, өвчний түүх нь хаана байна. Зүгээр шилжилгээ хийлгэсэн л баримт байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дүгээр зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар Төрийн сангаас 14 933 510 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бямбаахүүд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 62 258 550 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Дорждулам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах нөхцөл байдлаар эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Л.Бямбаахүүг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тогтоол гаргасан бөгөөд тэрээр Нийслэлийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б\03 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 211 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд томилогдох хүртлээ ажлын 225 хоног ажилгүй байжээ. Л.Бямбаахүү анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа сарын дундаж цалингаа нэг жилийн дунджаар бодож 965 603 төгрөг гэсэн байна. Нэхэмжлэгч 10 cap, 20 хоног ажилгүй байсан ба 10 сард 9 656 030 төгрөг \10 сар х 965 603 төгрөг\, 20 хоногт 643 735 төгрөг, нийт 10 299 765 төгрөгийн цалин хөлс нэхэмжилсэн байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 20 хоногийн цалин гэж бодож гаргасан 653 735 төгрөгийг сарын дундаж цалин хэмээн үзсэн учир тооцооллын алдаа гарчээ.

Анхан шатны шүүх дундаж цалинг сүүлийн 3 сарын дундажаар бодож гаргаасан. Үүнийг 2015 оны сүүлийн 3 сарын нийт ажлын өдөрт /62 өдөр/ хуваахад нэг өдрийн дундаж цалин 41 870.8 төгрөг болно. Иймд Л.Бямбаахүүгийн ажилгүй байсан хугацааны нийт цалин 9 420 930 төгрөг \41 870.8 төгрөг х 225 өдөр\ болж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Л.Бямбаахүүд Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 90 дүгээр тогтоолын дагуу хөдөөгийн суманд ажилласны нэмэгдлийг цалингийн 15 хувиар бодож олгохоор шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдалтай холбогдуулан нэмэгдэл цалинг буруу тооцоолжээ. Энэ тооцооллын алдааг зөвтгөн засвал Л.Бямбаахүүд 1 413 139 төгрөг \ 9 420 930 төгрөг х 15 хувь\-ийн нэмэгдэл олгогдохоор байна. Ийм учраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдлийг буруу тооцоолсон алдааг залруулан нийт 10 834 069 төгрөгийг олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Л.Бямбаахүү Авлигатай тэмцэх газарт шалгагдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсоны улмаас хууль зүйн туслалцаа авахдаа өмгөөлөгчид 8 000 000 төгрөгийн хөлс төлөхөөр байгуулсан өмгөөллийн үйлчилгээний гэрээ нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан байна. Л.Бямбаахүү өмгөөллийн хөлсийг бага багаар олон хувааж төлсөн баримт ч бас байна. Харин эдгээрээс Л.Бямбаахүүгийн Солонгос Улсад нөхрийн хамтаар ажилладаг төрсөн охиноороо өмгөөлөгчийн дансанд гуйвуулсан 2 000 000 төгрөгийг анхан шатны шүүх өмгөөллийн хөлснөөс хасаж тооцсон нь буруу юм.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх эрх, үүрэгтэй. Л.Бямбаахүү шүүхээр түүнийг албан үүргээ биелүүлэхийг нь түр түдгэлзүүлэх нэрийн дор олон cap хоногоор ажил, орлогогүй байлгасан төрийн албан хаагчдын учруулсан эд хөрөнгийн хохирлыг арилгуулахыг хүссэн. Нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хохиролд тооцогдохоор хуульчлагдсан өмгөөллийн хөлсөө төрөөс нэхэмжилсэн. Энэхүү өмгөөллийн хөлсийг эрүүгийн гэмт хэрэгт холбогдогч заавал өөрийн биеэр гараас гарт өгсөн байхыг ямар нэгэн хууль журмаар шаардаагүй. Өмгөөллийн хөлс ихэвчлэн түүний ар гэрийнхнээр дамжигдан төлөгддөг нь нотлох шаардлагагүй үнэн. Өмгөөллийн үйлчилгээний гэрээний талууд анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцож өмгөөллийн хөлснөөс 2 000 000 төгрөгийг Солонгос Улсаас воны гуйвуулгаар өгч авалцсанаа амаар мэдүүлсэн. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрээр Л.Бямбаахүүгийн өмгөөллийн хөлснөөс хасаж тооцсон 2 000 000 төгрөгийг төрөөс нэмж гаргуулахаар шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж байна.

Анхан шатны шүүх Л.Бямбаахүүгийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлон тайлбарлаж чадаагүй хэмээн хэрэгсэхгүй болгожээ. Ямар нэгэн үйл ажиллагаа хүний оюун санаанд хэрхэн нөлөөлж, зүрх сэтгэлд нь ямар ул мөр үлдээснийг өөрөөс нь бусад хүмүүс буруу зөв хэмээн дүгнэх боломжгүй. Эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан этгээд шүүхийн тогтоолоор цагаатгагдсан бол хувь хүн өөрөө сэтгэл санааны хохирлоо мөнгөн хэлбэрээр тогтоож, төрийн албан хаагчдын учруулсан хохирлыг төрөөс нэхэмжлэх эрх нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хуулийн холбогдох зүйл заалтаар зохицуулагдсан. Сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлал шалгуур байхгүй учир тухайн этгээд өөрт учирсан хохирлоо өөрөө мөнгөн хэлбэрээр тодорхойлон тогтоох эрхтэй. Улсын Дээд шүүхийн 2006 оны 10  дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолд эдийн бус хохирлын хэмжээг хэрхэн тодорхойлох талаар “тухайн иргэний холбогдсон эрүүгийн хэргийн ангилал, энэ хэрэгт шалгагдсан хугацаа, сонсгосон ялын хэмжээ, хэрэгт шалгагдах хугацаанд олсон өвчин эмгэг, хэргийн болон тухайн иргэний талаар олон нийтэд түгсэн мэдээллийн цар хүрээ зэргийг харгалзан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөнгөөр тодорхойлох” гэж заасан байна.

Л.Бямбаахүү анхан шатны шүүх хуралдаанд АТГ-т шалгагдаж байсан, хахууль авсан хэрэгт сэжиглэгдэн бүтэн нэг жилийн хугацаанд гэмт хэрэгтэн мэт бусдад адлагдан муучлагдаж “хонины Л.Бямбаахүү” гэх нэр хоч хүртэл авсан, энэ тухай мэдээлэл хөдөө орон нутагт өргөнөөр түгэн тархсан учир ажилдаа буцаж орох сэтгэлгүй болтлоо шаналсан, сэтгэл санааны байнгын хямралын улмаас “нойргүйдэл” гэх оноштой чих шуугих, нүд бүрэлзэх, цусны даралт ихсэх болон зүрхний хэм алдагдах, үүнээс улбаатай “зүрхний хаван” гэх оноштой хөл гар бадайрч тулмайлан хавагнах, шээс хаагдах зэрэг өвчин олж хэт их таргалсан гэх мэтээр өөрийн сэтгэл санааны үр дагавраа тодорхой тайлбарласан.

Энэ талаар гэрчүүдийн мэдүүлэгт ч яригдсан байгаа. Л.Бямбаахүү АТГ-т хахуулийн хэргээр шалгагдаж ажилгүй болсноо өөрийн үр хүүхдүүдээсээ хүртэл нууж, ямагт бусдаас ичиж нуугдаж байснаа “гэрийн хорио”-нд амьдарч байсан гэж зүйрлэн уйлж байсан. Л.Бямбаахүүгийн эдгээр тайлбарыг худлаа гэж үгүйсгэх аргагүй бөгөөд эд хөрөнгийн бус хохирлыг бодит байдлаар мөнгө төгрөгийн данс тооцоогоор илэрхийлсэн нотлох баримтыг ямар ч нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөх боломжгүй зүйл. Иймд Л.Бямбаахүүгийн сэтгэл санааны хохирол хэмээн нэхэмжилсэн 50 000 000 төгрөгийг төрөөс гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйд нийцнэ гэж үзэж байна.

Дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрээр Л.Бямбаахүүд олгохоор шийдвэрлэсэн 14 933 510 төгрөг дээр цалин, нэмэгдлийг буруу тооцсон 3 247 889 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг, нийт 55 247 889 төгрөгийг нэмж, төрөөс 70 181 399 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч Л.Бямбаахүү нь хууль бусаар эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговор, өмгөөлөгчийн хөлс төлж, сэтгэл санааны хохирол зэрэг эд хөрөнгийн болон эдийн бус хохиролд 77 192 060 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг, прокурор эс зөвшөөрч, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, түүнд тавих прокурорын хяналт хуульд заасны дагуу явагдсан тул хохирол төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын  2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоол /хх 5/-оор Л.Бямбаахүүд эрүүгийн хэрэг үүсгэж, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн  тогтоол /хх-6/-оор албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлснээр Төв аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр захирамж /хх-19/ гарч Л.Бямбаахүүг Алтанбулаг сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас түр түдгэлзүүлжээ.

Гэвч Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 345 дугаар цагаатгах тогтоолоор нэхэмжлэгч Л.Бямбаахүүд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна. /хх-8-16/

 Ийнхүү шүүхийн цагаатгах тогтоол гарсан тул нэхэмжлэгч нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, 389.2.2, 390 дүгээр зүйлийн 390.1.1, 390.1.5-т заасны дагуу өөрт учирсан хохиролд ажиллаагүй хугацааны цалин, хөлстэй тэнцэх нөхөн олговор, өмгөөлөгчийн хөлс шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас түр түдгэлзүүлсэн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/04 дүгээр захирамж /хх-19/ гарснаас хойш Баянзүрх дүүргийн 211 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр түр томилогдсон 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 225 ажлын өдрөөр тооцсон нь зөв байна.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээс тооцоход сүүлийн 3 сарын цалин хөлсний дундаж 865 328,2 төгрөг, нэг өдрийн цалин хөлс 39 333,1 төгрөг байх тул үндэслэлгүйгээр шалгагдаж, ажилгүй байсан 225 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговорт 8 849 947,5 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Харин нэхэмжлэгчийн шаардсан ээлжийн амралтын олговор болон нэмэгдэл цалин хөлс нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлд заасан нөхцөлд хамаарахгүй бөгөөд эдгээр урамшуулал, нэмэгдэл хөлс нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан тодорхой, үндэслэл журмаар олгогдох тул энэ талаарх шаардлага үндэслэлгүй, шүүх нэхэмжлэлийн уг хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Шүүх өмгөөлөгчийн үйлчилгээ авч, хөлс төлсөн талаарх өмгөөллийн үйлчилгээний гэрээ, бэлэн мөнгөний төлбөрийн баримт /хх 84-88/-ыг үндэслэн 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, өмгөөлөгч С.Дорждуламын Хаан банкны /хх 89-94/ данс руу 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 999 000 төгрөг орсныг хэнээс шилжүүлсэн нь мэдэгдэхгүй, гүйлгээний утга тодорхойгүй эргэлзээтэй баримт гэж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлд зааснаар сэтгэл санааны хохирол гаргуулахаар шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан мөнгөөр тооцож болохыг заасан ч тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлж, хуулиар тогтоогоогүй.

Нэхэмжлэгч Л.Бямбаахүүгийн хувьд түүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэх мэдээллийн тараасан хүрээг тодорхойлох гэрч  Г.Ариунаагийн “Алтанбулаг сумын Засаг Даргын тамгын газрын шуурхай зөвлөгөөн дээр сумын орлогч дарга н.Батмөнх цэцэрлэгийн эрхлэгч Л.Бямбаахүүтэй холбогдуулан авлигын хэрэг гарсан, шалгаж байгаа, нотлогдоно гэдэгт итгэж байна гэж ярьсан” гэх мэдүүлгээс өөр баримт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээний тарсан хүрээ, арга хэрэгслийг харгалзан сэтгэл санааны хохиролд 1 000 000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 8 849 947 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 1 000 000 төгрөг, нийт  15 849 000 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/01298 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “14 933 510” гэснийг “15 849 000” гэж, “62 258 550” гэснийг “61 343 060” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

А.ОТГОНЦЭЦЭГ