Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 1402

 

 

 

 

 

 

 

2017 оны 04-р сарын 21-ний өдөр      Дугаар 101/ШШ2017/01402      Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, * байр, * тоотод оршин суух, 52 настай, эмэгтэй, Ө овогт Г У /*********/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, “*” гэх нэршилтэй өөрийн байранд /* шинээр баригдсан/ байрлах “Г* сервис” ХХК-д холбогдох,            

 

Хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 14 844 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

            Миний бие 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай “Г” ХХК-ийн захирал М.Этой байгуулсан “Оффисын талбай худалдах, худалдан авах тухай” гэрээний дагуу эмнэлгийн зориулалт бүхий талбай 125 м.кв, дулаан зогсоол 1 ширхгийг худалдаж авахаар тохиролцон холбогдох төлбөр тооцоог бүрэн төлж дуусган дулаан зогсоолоо өөрийн эзэмшил, өмчлөлдөө авч нэр дээр болгуулах буюу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахаар “Г” ХХК-д хүсэлт тавьсан. Гэвч дулаан зогсоолыг өмчлүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөөгүйгээс болж, өмчлөх эрхгүй болохоос гадна гэрээний 2.1-т “...нэг ширхэг автомашины зогсоол байна...” гэж заасан зогсоол нь зоорийн давхар болох газар доорх нэг эгнээ бүхий зогсоол барилгын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангаагүй, цахилгааны инженерийн байгууламжийн хэсэг буюу зогсоол дундуур явах зам дагуу, автомашины хөдөлгөөний урсгал хэсэгт хуваарилж өгсөн зогсоол нь гэрээнд заасан нөхцөл болон Барилгын тухай хууль, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад заасны дагуу зөвшөөрөгдөхүйц дулаан зогсоол болж чадахгүй мөн Стандартчилал, Хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор баталсан “Монгол Улсын хэмжээнд ашиглагдах бүх төрлийн авто тээврийн хэрэгслийг хадгалах зогсоол талбайд тавигдах стандартын шаардлага”-г тус тус хангахгүй байгаа талаар 2016 онд мэргэжлийн хүмүүсээс асууж тодруулан мэдсэн тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагад хандахад иргэд хоорондын асуудал байна, хууль хяналтын байгууллага, шүүхээр шийдвэрлүүлэх тухай хариу өгсөн.

            Үүний дагуу иргэн миний бие өөрт учирсан хохирлоо барагдуулах зорилгоор ”Г” ХХК-ийн захирал М.Этой байгуулсан “Оффисын талбай  худалдах, худалдан авах тухай” гэрээнд тухайн үед авто зогсоолыг 6 000 ам доллараар худалдан авч байсан тул Иргэний хуулийн 227.4 дэх хэсэгт заасны дагуу болон гэрээний 2.1-т заасан үүргээ гүйцэтгээгүйгээс гадна 2017 оны байдлаар орон сууцны зоорийн давхарт байрлах авто зогсоолыг 2010 оны үнэ ханшаар авах боломжгүй, одоогийн зах зээлийн үнэ, ханш өсөж, зоорийн давхрын авто зогсоолыг 25 000 000 төгрөгөөр худалдаж авдаг, борлуулдаг юм байна.

Иймд учирсан хохирлоо арилгуулах эрхийн хүрээнд 6 000 доллар буюу 14 844 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Г” ХХК-ийг төлөөлж, Гүйцэтгэх захирал М.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

            Миний бие М.Э нь 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Г ХХК-ийн оффисын доор байрлах авто зогсоолыг иргэн Г.Уаад 8 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч 2010 оны 09 дүгээр сарын 13-нд 4 500 000 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 3 500 000 төгрөг тус тус хүлээн авсан бөгөөд авто зогсоолыг эзэмшүүлж байсан болно.

            Г.Уа нь гараашид машинаа байнга тавьж зогсоолоо эзэмшиж ашиглаж байсан нь гараашийн жижүүрийн тэмдэглэлд байгаа болно. Гэвч 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд Г.Уа нэхэмжлэл гаргасны дагуу 8 000 000 төгрөгийг Г.Уын ХААН банкны *********** тоот данс руу түүний хүсэлтээр шилжүүлсэн болно. Иймд Г.Уад 14 844 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй болно.

Мөн би Г.Уаас 6 000 ам доллар аваагүй. Зогсоолын төлбөрт төгрөгөөр хийгдсэнийг хавтаст материалд буй төлбөрт баримтаар нотлогдож байна.

Г.Уаас авсан 8 000 000 төгрөгийг бүрэн буцааж төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн орлогын ордерийг /8 сая төгрөгийн/ нотариатаар батлуулж хуулбарыг хавсаргав гэжээ.

 

Шүүхэд зохигчдын гаргасан тайлбар болон шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

Нэхэмжлэгч Г.Уа нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 14 844 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 02 дугаартай гэрээний “авто зогсоол” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, дахин гарааш худалдан авахад үнэ өссөн тул анх гэрээ байгуулахад тохиролцож байсан үнэ болох 6 000 ам долларыг хохиролд тооцон 14 844 000 төгрөг гаргуулна гэж тодорхойлжээ.

Хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын хувьд,

 Зохигч талуудын хооронд 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 2 дугаартай “Оффисын талбай худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр үйлдэн нэг талаас Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, Дамдинсүрэнгийн гудамжинд шинээр баригдаж байгаа таван давхар үйлчилгээ, оффисын төвийн 3 давхарт байрлах 125 м.кв талбай болон нэг ширхэг автомашины зогсоолыг худалдах, нөгөө талаас худалдан авсан талбайн үнэнд 97 000 ам доллар төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь  зохигчдын тайлбар, тус гэрээний хуулбараар /х.х-ийн 8-14 дэх талд/ тогтоогдож байна.

Гэрээний зүйл болох авто зогсоолын үнийг тус гэрээнд тусгайлан тохиролцоогүй байх бөгөөд нэхэмжлэгч талаас авто зогсоолын үнэнд 6 000 ам доллар төлөхөөр амаар тохиролцсон гэж тайлбарлаж байгаа ч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна.

Худалдсан авто зогсоолын үнийг 8 000 000 төгрөгөөр тохиролцон 8 000 000 төгрөгийг 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 4 500 000 төгрөг, 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 3 500 000 төгрөг шилжүүлсэн гэсэн нь хавтаст хэргийн 15 дахь талд авагдсан мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байна.

Талуудын байгуулсан гэрээ нь агуулга, зорилгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан зохицуулалтад нийцэж байна. Зохигчдын хооронд талбай болон авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хэлцлийн зарим хэсэг буюу 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 2 дугаартай “Оффисын талбай худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.1-т заасан “нэг ширхэг авто зогсоол” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэсэн байна. Энэхүү шаардлагын үндэслэлийг тухайн авто зогсоол нь стандартын шаардлага хангахгүй байгаа тул хууран мэхэлж хэлцэл хийсэн гэж тайлбарлаж байна.

Хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох зохицуулалтыг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан хуульд заасан үндэслэл журмаар шийдвэрлэх ба мөн хуулийн 59 дүгээр зүйлд, “Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй.” гэж зохицуулжээ.

Хууран мэхэлж хэлцэл хийх нь хэлцэл хүчин төгөлдөр байх шинжүүдээс субъектив шинжийн хувьд зөрчилтэй буюу хэлцэл хийх дотоод зорилго, хүсэл зоригийн илэрхийллийн зөрчил байдлаар илрэх онцлогтой.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн буюу хавтаст хэрэгт авагдсан баримтууд болох Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гаргаж байсан хүсэлт, өргөдөл, гомдол гаргах маягт, бүртгэл хяналтын карт зэрэг хавтаст хэргийн 16-20 дахь талд авагдсан баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байх бөгөөд талууд хооронд байгуулсан гэрээ, мөнгө төлсөн баримт /х.х-ийн 8-15 дахь талд/ болон нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч Г ХХК-ийг хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 2 дугаартай “Оффисын талбай худалдах, худалдан авах гэрээ”-ний 2.1-т заасан “нэг ширхэг авто зогсоол” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн болон бодит үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 14 844 000 төгрөг гаргуулна гэсэн шаардлагын хувьд,

 Нэхэмжлэгч энэ шаардлагыг хангуулах үндэслэлийг авто зогсоолыг 6 000 ам доллараар худалдахаар тохиролцсон бөгөөд тухай гэрээний дагуу авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй тул хохирол учирсан гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас нөгөө тал өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж зохицуулжээ. 

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр авто зогсоолын үнийг тохиролцоогүй байх бөгөөд харин авто зогсоолын үнэд 8 000 000 төгрөгийг хоёр хуваан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байгаа. /х.х-ийн 15 дахь талд/

Иймд 8 000 000 төгрөгөөр тохиролцон төлбөрийг шилжүүлсэн гэж үзэх  үндэслэлтэй бөгөөд 6 000 ам доллараар тохиролцсон гэж үзэхгүй юм.

Нэхэмжлэгч хэлцлийн тухайн хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэх боловч авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлээгүй тул гэрээний үүргийг гүйцэтгээгүй гэж үзнэ гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, зөрүүтэй байна.

Гэрээний  дагуу авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй талаар хариуцагч тал маргаагүй бөгөөд гэрээний дагуу шилжүүлэн авсан 8 000 000 төгрөгийг тус хэргийг үүсгэснээс хойш хугацаанд хариуцагч буцаан төлсөн байна. Тус төлбөрийг буцаан төлсөн гэсэнтэй нэхэмжлэгч тал маргаагүй хүлээн зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангуулах үндэслэлийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс одоо авто зогсоол худалдан авахад үнэ өссөнөөс зөрүү гарч байгаа тул хохирсон гэж үзэн тохиролцсон үнэ буюу 6 000 ам доллараар хохирлоо тодорхойлж гаргуулна гэсэн тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар авто зогсоолыг 6 000 ам доллараар худалдахаар тохиролцсон, тухайн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 14 844 000 төгрөгийн хэмжээгээр хохирол учирсан гэж үзэх баримт байхгүй, бусад баримтаар буюу нэхэмжлэгчийн тайлбараар тогтоох боломжгүй юм.

Нөгөө талаар гэрээний дагуу шилжүүлсэн 8 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байхад тухайн шаардлагыг тооцохгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулна гэж тайлбарлаж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 14.00 цагт товлон шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмаар мэдэгдсэн байна. Шүүх хуралдааны товыг хариуцагч мэдсэн боловч хүрэлцэн ирээгүйд ямар нэг хүндэтгэх шалтгаан байгаа талаарх тайлбар хүсэлт шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.  

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан хэлцлийн зарим хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцуулах болон 14 844 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Уын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 170  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.АМАРЖАРГАЛАН