Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 133

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суух, РД:БЭ87091809, Төлек овогт Дүйсений Раягийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 18 дугаар цэцэрлэг /эрхлэгч Р.Ермек/-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Рая, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагч байгууллагын төлөөлөгч Р.Ермек, түүний өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн угаагч үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ.

Нэхэмжлэгч Д.Рая шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Рая миний бие дээд боловсролтой, худалдааны менежер, мөн хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн мэргэжилтэй билээ. Миний бие Өлгий сумын 13 дугаар багт байрлалтай хүүхдийн 18 дугаар цэцэрлэг шинээр байгуулагдахад 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн цэцэрлэгийн эрхлэгчийн 15 тоот тушаалаар тус цэцэрлэгт үйлчлэгчийн орон тоонд томилогдсон юм. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч Р.Ермек нь Д.Рая намайг үйлчлэгчийн албан тушаалаас 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Д.Раяг ажлаас чөлөөлөх тухай 28 тоот тушаалыг нөхөн гаргаж, ажлаас хууль бус журмаар чөлөөлснийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 тоот шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилсон юм. Ажил олгогч болох Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Ермек нь анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрч /давж заалдах гомдол гаргаагүй/ 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 18 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн албан тушаалд эргүүлэн томилсон болно. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 23 тоот мэдэгдэх хуудас өгч, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Ажлаас чөлөөлөх тухай 55 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 тоот захирамжийг үндэслэн дахин үүрэгт ажлаас чөлөөлснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд: 1.Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн Бүтэц орон тоог батлах тухай Аймгийн засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 тоот захирамжийн хавсралтад Үйлчлэгчийн орон тоог-2, угаагч-1 гэж баталсан бол Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 тоот захирамжаар тус цэцэрлэгийн Бүтэц орон тоог батлахдаа угаагч үйлчлэгч-1 гэж Д.Рая миний орон тоог хэвээр баталж, урьд нь Аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 тоот захирамжаар гэрээгээр гүйцэтгүүлж байсан бол 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594-тоот захирамжаар үндсэн орон тоо буюу байнгын ажлын байр болгон баталсныг ажил олгогч анхааралгүй, орон тоо хэвээр хадгалагдаж байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж гомдол гаргаж байна.

2. Мөн Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Бүтэц орон тоог батлах тухай А/594 тоот захирамжаар угаагч, үйлчлэгчийн орон тоог үндсэн орон тоо болгож баталж өгсөөр байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37% 3-д заасан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэдгийг үндэслэсэн нь хууль тогтоомжийг буруу хэрэглэснийг нотолж байна. Орон тоо хэвээр байхад гэрээний хугацаа сунгагдахгүй гэж үзсэн нь хууль зөрчсөн гэж үзнэ.

3.УДШ-ийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40%-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэдгийг зөрчиж, Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 55 тоот тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40%-д заасан үндэслэлийг баримтлаагүй явдал хуулийг ноцтой зөрчсөн явдал болно.

4. Д.Рая миний бие жирэмсэн учир ажил олгогч ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 55 тоот тушаал гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн байна. Иймд шүүхээс хүсэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.12-д зааснаар гомдол гаргагч Дүйсений Рая намайг Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгт угаагч, үйлчлэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Д.Рая шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Д.Рая миний бие Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэг шинээр байгуулагдах үед 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн эрхлэгчийн 15 дугаар тушаалаар томилогдсон. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр намайг орон тооны цомхтголоор ажлаас чөлөөлсөн нь хууль бус болохыг шүүх тогтоож, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 624 тоот шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 23 тоот мэдэгдэх хуудас өгч 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 55 дугаар тушаалаар ажлаас чөлөөлснийг зөвшөөрөхгүй шүүхэд гомдол гаргасан байгаа. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл гэвэл тус цэцэрлэгт аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 дугаар захирамжаар үйлчлэгч 2, угаагч 1 гэж баталсныг өөрчилж аймгийн Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 тоот захирамжаар Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог шинээр батлахдаа урьд гэрээт ажилтнаар ажиллуулж байсныг өөрчилж үйлчлэгч, угаагч 1 гээд үндсэн өөр орон тоо болгосон. Тус цэцэрлэгт надаас өөр үйлчлэгч байхгүй тул миний орон тоо үндсэн орон тоо болсон учир гэрээний хугацаа дууссан гээд эрхлэгч ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. Ажлын байр, орон тоо байсаар байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй байгаа нь хууль зөрчсөн. Мөн миний бие жирэмсэн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд намайг урьд эрхэлж байсан Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн угаагч, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Ермек шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 1. 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн 604 тоот шийдвэрийг хүндэтгэн үзэж эрх мэдлийн хүрээнд төсвийн бололцоогоор Д.Раяг хуучин гэрээт ор тооны ажилд 2016 оны 11 дүгээр сарын 16-наас 47 тоот тушаалаар эргүүлэн томилсон Д.Рая нь 2016 онд анх ажлаас хууль бус чөлөөлөгдсөн гэж янз бүрийн заль мэх хэрэглэн хуулийн цоорхойг ашиглан худлаа мэдэн будлиж эргэн орсон. Харин Д.Раяг 2016 оны 11 дүгээр сарын 16-нд ажилд томилсон боловч 14 хоног ажил тасалж шүүхээр албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлэхээр зүтгэж хутгалдан оролцож төрийн тусгай байгууллагын хооронд эв түншиг хагаралдуулах зорилгоор ашиг хонжоо хайсан ямар хүн бэ гэдгийг ойлгоход бэрх биш юм.

2. Д.Раяг хуучин Гэрээт үйлчлэгч гэсэн орон тоонд эргүүлэн томилсны дараа 2016 оны 11 дүгээр сарын 24-нд миний гарт Аймгийн Засаг даргын Бүтэц орон тоо батлах тухай А/594 тоот захирамж ирсэн. Түүний дотор гэрээт орон тоо батлагдаагүй ба тухайн үед Д.Рая нь хуучин ажилд эргэн орсон учир уг захирамж Д.Раягийн орон тоонд ямар ч хамааралгүй. Энэ Д.Раягийн чөлөөлөгдөхөд нь нөлөөлөлгүй ямар ч уг орон тоонд орох үндэслэлгүй.

3. Аймгийн Засаг даргын Бүтэц орон тоо батлах тухай 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 тоот захирамжид Гэрээт үйлчлэгч гэсэн ямар ч орон тоо байхгүй. Харин Д.Рая нь тухайн үед ажиллаж байсан учир уг орон тоонд заргалдах нь үндэслэлгүй.

4. Д.Рая нь 2017 оны 01 дүгээр сарын 02-нд орон тоо нь хасагдсан учир хуулийн дагуу чөлөөлөгдөн 2016 оны 12 дугаар сарын 06-нд ажлаас чөлөөлөгдөх болсныг мэдэгдсэн. Тухайн үед хадамд гарч сар болоогүй хугацаанд жирэмсэн гэж он, сар, өдрийг 2017 оны 03 дугаар сарын 02-нд намайг ажлаас чөлөөлсөн болгож дахин толгой эргүүлэн худлаа 3 сарыг нэмж бичиж эхэлсэн байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40% гэж бичсэнийг би ойлгохгүй байна. Иймд шүүхээс хүсэх нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн асуудал огт байхгүй, зөвхөн гэрээт үйлчлэгч Д.Раягийн орон тоо хасагдсан, 2017 оны төсөвт гэрээт ажилтны цалин тусгагдаагүй хуулийн дагуу шийдвэрээ гаргасныг тунгаан бодож зөв шийдвэрлэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Ермек шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Д.Раягийн тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 624 дүгээр шийдвэрийн дагуу Д.Раяг гэрээт үйлчлэгчийн ажилд авсан байгаа. Тухайн үед Д.Рая хөдөлмөрийн гэрээ болон тушаалд танилцаж гарын үсэг зурж ажил хийхээс татгалзаж ажилд ирээгүй тул 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тушаал болон хөдөлмөрийн гэрээг авч ажиллахыг хүсэж шуудангаар албан бичиг явуулсан. Маргааш нь өглөө 08 цагт ирээд би ажил хийхгүй, өмгөөлөгч Х.Зулхаш чиний хөдөлмөрийн гэрээ болон тушаалын нэг хувийг аваад ирээрэй гэсэн. Би эхлээд өмгөөлөгчид аваачиж танилцуулна, дараа нь ажил хийх үү үгүй юу гэдэг хариу өгнө гэж хэлсэн. Өмгөөлөгчид миний болон байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Тийм учраас Д.Рая та тушаал болон гэрээгээ аваад ажлаа хийх хэрэгтэй гэдгийг удаа дараа хэлсэн. Энэ талаар нотлох баримтаа гаргаж өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 16-29-ний өдрийн хурлын тэмдэглэл болон цагийн бүртгэлийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэр гүйцэтгэгч С.Ботакөз Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 516 тоот албан бичгийг шийдвэрийн хамт ирүүлсэн. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн Д.Раяг ажилд томилсон тушаал болон гэрээтэй танилцаад анхан шатны шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн байна гэж үзэж үдээс хойш Д.Раяг дагуулж ирээд та яагаад 14 хоног ажил тасалсан бэ өнөөдрөөс эхэлж ажлаа хийх хэрэгтэй гэж зөвлөж Д.Раятай холбоотой бүх материалыг хуулбарлаад аваад явсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан талаар 91 дүгээр тогтоол гарсан. Хэрэг дууссан тухай шийдвэр гарсан байхад нэг хэргийг 2 удаа нэхэмжлэл бичиж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр багш ажилчдын хуралд гэрээт үйлчлэгч Д.Раягийн орон тоо аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 дүгээр захирамжаар хасагдсан учраас 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдөх болохыг албан ёсоор мэдэгдсэн. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусаж ажлаас чөлөөлөгдөнө гэдгийг албан ёсоор хурлаар мэдэгдсэн. Дараа нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор бичгээр мэдэгдсэн. Мэдэгдэх хуудас болон хурлын тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжийг үндэслээд ажлаас чөлөөлсөн. Аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 дугаар захирамжаар гэрээт үйлчлэгч, гэрээт угаагчийн орон тоонд 3 хүнийг томилсон бөгөөд үүний төсөв мөнгө нь байхгүй байсан. Энэ 3 орон тоо аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 дүгээр захирамжаар 1 л орон тоо болсон. Шүүхийн шийдвэрээр 2 хүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон. Тийм учраас Какеш гэх хүн хагас өнчин, хэдэн хүнийг тэжээж байгаа хүн учраас түүнийг томилж ажилд авсан. Какеш нь аймгийн удирдлагууд болон надад удаа дараа хүсэлт гаргасан бөгөөд Д.Рая жирэмсний талаар болон бусад байдлын талаар надад ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Аймгийн удирдлагатай зөвшилцөж, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзаж Какешийг ажилд авсан байгаа болно. Нэхэмжлэгч шүүхэд өрхийн эмчийн хяналтын картыг гаргаж өгөв. Өрхийн эмч нар хүний амаар хэлснээр бичиж өгсөн, эргэлзээтэй нотлох баримт гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Рая нь хариуцагч Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн угаагч үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, нэхэмжлэгч Д.Раяг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 дугаартай шийдвэрээр Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.

Гэтэл хариуцагч Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай 55 дугаартай тушаалаар Д.Раяг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн гэрээт үйлчлэгчийн ажлаас нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалт, Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 дугаар захирамжийг үндэслэж чөлөөлсөн байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 дугаартай захирамжаар Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог хавсралтаар баталсан ба гэрээгээр гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний орон тоо үйлчлэгч 2, угаагч 1 гэж баталсан байна.

Гэвч хариуцагч байгууллагын эрхлэгч Р.Ермек болон түүний өмгөөлөгч А.Серикжан нар нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 дугаартай Бүтэц орон тоо батлах тухай захирамж нь хууль бус гарсан захирамж гэж үзэж хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан болох нь шүүх хуралдаанд өгсөн тэдний мэдүүлгээр нотлогдож байна.

Улмаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/582 дугаартай захирамжаар: Өлгий сумын нутаг дэвсгэрт шинээр байгуулагдсан 16,18 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог баталсан аймгийн Засаг даргын 2016 оны А/206, А/208 дугаар захирамжийг хүчингүй болгож 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн мөн даргын А/594 дугаартай захирамжаар Өлгий сумын Хүүхдийн ...18 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог хавсралтаар баталсан ба хавсралтад тус цэцэрлэг нь нийт 14 орон тоотой ... угаагч үйлчлэгчийн орон тоог 1-ээр баталсан байна.

Хариуцагч Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь тус цэцэрлэгийн бүтэц орон тоог баталсан аймгийн Засаг даргын А/594 дугаартай захирамжийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр миний гарт ирсэн гэж шүүхэд ирүүлсэн тайлбартаа бичсэн байх ба хариуцагч Р.Ермек нь гэрээт үйлчлэгчийн орон тоо тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд батлагдаагүй тухайн гэрээт үйлчлэгчийн 2 орон тоо цомхтгогдож угаагч, үйлчлэгч гэж 1 орон тоогоор батлагдсаныг мэдэж байсан байна.

Хариуцагчаас ажилтан Д.Раяг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үйлчлэгчийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэхээр томилсон байх ба тус цэцэрлэгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэлээс үзэхэд ажил олгогчоос ажилтан Д.Раяд хөдөлмөрийн гэрээг нэг сарын хугацаагаар байгуулах тухай шаардлага тавьснаар нэхэмжлэгч ажил олгогчийн уг шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа тайлбараа хэлж гэрээндээ гарын үсэг зурахаас татгалзсан байх бөгөөд ажил олгогчоос нэгэнт хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан бол ажил хийхийг шаардах эрхгүй талаар хэлж байсан байна.

Нэхэмжлэгч Д.Рая нь ажил олгогчийн нэг сарын хугацаагаар гэрээ хийхийг шаардсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, түүнийг гэрээт үйлчлэгчийн ажилд томилсон томилгоог хууль бус гэж үзэж Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 шийдвэрт албадан гүйцэтгүүлэх тухай гүйцэтгэх хуудас бичүүлснээр шийдвэр гүйцэтгэгч С.Ботакөз нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Д.Раяг үйлчлэгчийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэхээр томилсон 47 тушаал-ыг үзэж шийдвэрт заасан ажилд эгүүлэн тогтоосон гэсэн үндэслэлээр 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 91 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол болон хариуцагчийн шүүх хуралдаанд Д.Раяг томилсон 47 дугаартай тушаалыг үзүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаасан гэх тайлбараар уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хаагдсан байна.

Нэхэмжлэгч Д.Рая нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлж тус цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж, мөн өдрөөс эхэлж ажил олгогчтой гэрээ байгуулсан болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, хөдөлмөрийн гэрээ болон тушаалыг танилцуулсан тухай бүртгэл зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагч Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Ермек нь аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн мөн даргын А/594 дугаартай захирамжаар тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд гэрээт үйлчлэгчийн орон тоо батлагдаагүйг мөн ажилтан Д.Раяг 2016 оны 11 дүгээр сарын 16-наас эхэлж үйлчлэгчийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэхээр томилсон тушаал нь хууль бус болохыг тус тус мэдэж байсан мөртлөө Д.Раятай дүр үзүүлэн нэг сарын хугацаагаар төрийн зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх гэх нэртэй гэрээ байгуулж, 2016 оны 11 дүгээр сарын 29-нээс 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл ажлын 6 хоног ажилласны дараа хамт олны хурлаар ажлаас чөлөөлөх болсноо мэдэгдэж, мөн өдөр шуудангаар гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй тухай мэдэгдэж мэдэгдэх хуудас явуулсан үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй мөн хуулийн 36.2-т ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй гэж заасан үүргийг ажил олгогч биелүүлээгүй шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хэлбэр төдий биелүүлсэн шинжтэй байх ба ийнхүү шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон ажилтныг ажилд эгүүлэн авах Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Ажил олгогчийн нэхэмжлэгч Д.Раяг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх, мөн аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 дугаартай захирамжийг үндэслэл болгосон байдал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь нэхэмжлэгч Д.Раяг хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, гэрээт үйлчлэгчийн орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.

Ажил олгогч нь Д.Раятай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан гэх боловч ямар үндэслэл, шаардлагын үүднээс хугацаатай гэрээ байгуулсан нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэрээ байгуулж болохоор байгаа боловч энэ нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдол хамаарах ба Д.Раятай байгуулсан гэрээнд уг гэрээг ямар үндэслэл шаардлагын улмаас хугацаатай байгуулсан талаар тусгаагүй байна. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй, төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа нь тухайн ажилтантай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах үндэслэл болон ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хариуцагч аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 дугаартай захирамжаар Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог хавсралтаар баталсан ба гэрээгээр гүйцэтгүүлэх үйлчлэгчийн орон тоо 2 байсан ба түүний нэг үйлчлэгч Клара гэх эмэгтэйн сайн дурын үндсэн дээр ажлаас гарсан. Харин угаагчаар Х.Какеш гэх хүн ажиллаж байсан ба аймгийн Засаг даргын А/594 дугаартай захирамжаар баталсан угаагч үйлчлэгчийн орон тоонд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 629 дугаартай шийдвэрийн дагуу угаагч үйлчлэгчийн орон тоонд ажилд авсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Х.Ермек нь нэхэмжлэгч Д.Раяг ажилд ороод 6 хоногийн дараа ажлаас халах тухайгаа мэдэгдэж, ажилтан өөрийгөө жирэмсэн гэдгийгээ мэдэгдэх боломж олгоогүй байх бөгөөд Д.Рая нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилохоос өмнөжирэмсэн байсан нь Жирэмсний эмэгтэйн хяналтын хөтөч карт-аар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасныг ажил олгогч мөн зөрчсөн байна.

Иймд дээрх нотлох баримтыг үндэслэж нэхэмжлэгч Д.Раяг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн угаагч үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Раяг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн угаагч, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн доторБаян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ