Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 057

 

Д.Раягийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаар шийдвэртэй, Д.Раягийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгч Д.Рая, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулхаш, хариуцагч байгууллагын дарга Р.Ермек, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн угаагч үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Д.Рая миний бие дээд боловсролтой, худалдааны менежер, мөн хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн мэргэжилтэй билээ. Миний бие Өлгий сумын 13 дугаар багт байрлалтай хүүхдийн 18 дугаар цэцэрлэг шинээр байгуулагдахад 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн цэцэрлэгийн эрхлэгчийн 15 тоот тушаалаар тус цэцэрлэгт үйлчлэгчийн орон тоонд томилогдсон юм. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч Р.Ермек нь Д.Рая намайг үйлчлэгчийн албан тушаалаас 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Д.Раяг ажлаас чөлөөлөх тухай 28 тоот тушаалыг нөхөн гаргаж, ажлаас хууль бус журмаар чөлөөлснийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 тоот шийдвэрээр урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилсон юм. Ажил олгогч болох Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Ермек нь анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрч /давж заалдах гомдол гаргаагүй/ 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 18 дугаар цэцэрлэгийн үйлчлэгчийн албан тушаалд эргүүлэн томилсон болно. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 23 тоот мэдэгдэх хуудас өгч, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Ажлаас чөлөөлөх тухай 55 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 тоот захирамжийг үндэслэн дахин үүрэгт ажлаас чөлөөлснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Үүнд: Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн Бүтэц орон тоог батлах тухай Аймгийн засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 тоот захирамжийн хавсралтад Үйлчлэгчийн орон тоог-2, угаагч-1 гэж баталсан бол Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 тоот захирамжаар тус цэцэрлэгийн Бүтэц орон тоог батлахдаа угаагч үйлчлэгч-1 гэж Д.Рая миний орон тоог хэвээр баталж, урьд нь Аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 тоот захирамжаар гэрээгээр гүйцэтгүүлж байсан бол 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 тоот захирамжаар үндсэн орон тоо буюу байнгын ажлын байр болгон баталсныг ажил олгогч анхааралгүй, орон тоо хэвээр хадгалагдаж байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж гомдол гаргаж байна. Мөн Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Бүтэц орон тоог батлах тухай А/594 тоот захирамжаар угаагч, үйлчлэгчийн орон тоог үндсэн орон тоо болгож баталж өгсөөр байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37% 3-д заасан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэдгийг үндэслэсэн нь хууль тогтоомжийг буруу хэрэглэснийг нотлож байна.

 

Орон тоо хэвээр байхад гэрээний хугацаа сунгагдахгүй гэж үзсэн нь хууль зөрчсөн гэж үзнэ. Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад хуулийн 40 дүгээр зүйлийн 40%-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байвал зохино гэдгийг зөрчиж, Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 55 тоот тушаалд хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40%-д заасан үндэслэлийг баримтлаагүй явдал хуулийг ноцтой зөрчсөн явдал болно. Д.Рая миний бие жирэмсэн учир ажил олгогч ажлаас чөлөөлөх тухай 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 55 тоот тушаал гаргахдаа Хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн байна. Иймд шүүхээс хүсэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.12-д зааснаар гомдол гаргагч Дүйсений Рая намайг Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгт угаагч, үйлчлэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоож өгөхийг хүсье гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн 604 тоот шийдвэрийг хүндэтгэн үзэж эрх мэдлийн хүрээнд төсвийн бололцоогоор Д.Раяг хуучин гэрээт ор тооны ажилд 2016 оны 11 дүгээр сарын 16-наас 47 тоот тушаалаар эргүүлэн томилсон Д.Рая нь 2016 онд анх ажлаас хууль бус чөлөөлөгдсөн гэж янз бүрийн заль мэх хэрэглэн хуулийн цоорхойг ашиглан худлаа мэдэн будлиж эргэн орсон. Харин Д.Раяг 2016 оны 11 дүгээр сарын 16-нд ажилд томилсон боловч 14 хоног ажил тасалж шүүхээр албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар гүйцэтгүүлэхээр зүтгэж хутгалдан оролцож төрийн тусгай байгууллагын хооронд эв түншиг хагардуулах зорилгоор ашиг хонжоо хайсан ямар хүн бэ гэдгийг ойлгоход бэрх биш юм. Д.Раяг хуучин Гэрээт үйлчлэгч гэсэн орон тоонд эргүүлэн томилсны дараа 2016 оны 11 дүгээр сарын 24-нд миний гарт Аймгийн Засаг даргын Бүтэц орон тоо батлах тухай А/594 тоот захирамж ирсэн. Түүний дотор гэрээт орон тоо батлагдаагүй ба тухайн үед Д.Рая нь хуучин ажилд эргэн орсон учир уг захирамж Д.Раягийн орон тоонд ямар ч хамааралгүй. Энэ Д.Раягийн чөлөөлөгдөхөд нь нөлөөлөлгүй ямар ч уг орон тоонд орох үндэслэлгүй. Аймгийн Засаг даргын Бүтэц орон тоо батлах тухай 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 тоот захирамжид Гэрээт үйлчлэгч гэсэн ямар ч орон тоо байхгүй. Харин Д.Рая нь тухайн үед ажиллаж байсан учир уг орон тоонд заргалдах нь үндэслэлгүй.

 

Д.Рая нь 2017 оны 01 дүгээр сарын 02-нд орон тоо нь хасагдсан учир хуулийн дагуу чөлөөлөгдөн 2016 оны 12 дугаар сарын 06-нд ажлаас чөлөөлөгдөх болсныг мэдэгдсэн. Тухайн үед хадамд гарч сар болоогүй хугацаанд жирэмсэн гэж он, сар, өдрийг 2017 оны 03 дугаар сарын 02-нд намайг ажлаас чөлөөлсөн болгож дахин толгой эргүүлэн худлаа 3 сарыг нэмж бичиж эхэлсэн байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40% гэж бичсэнийг би ойлгохгүй байна. Иймд шүүхээс хүсэх нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн асуудал огт байхгүй, зөвхөн гэрээт үйлчлэгч Д.Раягийн орон тоо хасагдсан, 2017 оны төсөвт гэрээт ажилтны цалин тусгагдаагүй хуулийн дагуу шийдвэрээ гаргасныг тунгаан бодож зөв шийдвэрлэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаар шийдвэрээр

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Раяг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн угаагч, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Өлгий сумын Хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Р.Ермек тус цэцэрлэгт холбоотой Өлгий сумын 8 дугаар багийн иргэн Төлек овогт Дүйсений Раягийн нэхэмжлэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д.Раяаг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 дугаартай шийдвэрийг хүндэтгэн үзэж, Өлгий сумын 18 дугаар цэцэрлэгт гэрээт үйлчлэгчийн ажилд, Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 47 дугаар тушаал гаргаж эгүүлэн авсан боловч Д.Рая өрөө гэрээ болон тушаалтай танилцаж гарын үсгээ зураад ажил хийхээс татгалзаж ажилд ирээгүй байгаа учир 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор шуудангаар мэдэгдсэн. Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэг нь 2 бүлэг, 50 хүүхдийн хүчин чадалтайгаар 2016 оны 3 дугаар сарын 01-ээс эхлэн Баян-Өлгий аймгийн Засаг дарга X.Дармений 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 дугаартай илт хууль бус захирамжаар 2016 оны 6 дугаар сар хүртэл 20 хүний бүтэц орон тоогоор үйл ажиллагаагаа явуулсан юм. Уг захирамжийг аймгийн засаг дарга Гылымхан 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/582 дугаартай захирамжаар хүчингүй болгож, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 дугаартай захирамжаар: Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн бүтэц орон тоог 14 орон тоогоор баталж өгсөн.

Гэрээт ажилтнуудын орон тоо байхгүй байгааг шүүгч мэдсээр байж хэт нэг талыг баримтлан буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Гэрээт үйлчлэгчийн орон тоо тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд батлагдаагүй учраас шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж Д.Раяаг сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт дурдсаны дагуу гэрээт үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон юм. Д.Раяаг Монгол Улсын Засгийн газрын 2003 оны Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай 233 дугаар тогтоолыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 16-аас 2016 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл ажиллуулсан. Д.Рая нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай илт хууль бус гүйцэтгэх хуудас бичүүлснээр шийдвэр гүйцэтгэгч С.Ботагөз ньтус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Д.Раяг үйлчлэгчийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэхээр томилсон 47 дугаартай тушаалыг гаргаж сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн байна гэж үзэж 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 91 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусан тухай тогтоолыг эрхлэгчийн 47 дугаартай тушаалыг үзүүлснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан юм.

Шүүгч Б.Мангиликийн хэт нэг талыг баримтлан эрхлэгчийн тушаалыг үгүйсгэж худлаа албадан гүйцэтгүүлэх захирамж гаргасан нь миний эрхийг зөрчиж байгааг анхан шатны шүүх хуралдаанд нотлох баримтыг хуулийн дагуу гаргаж өгч тайлбарласан юм. Д.Раяаг би 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн гэрээт үйлчлэгчийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэхээр томилсон тушаал нь хууль бус гэж бичсэн байна. Тухайн үед Д.Рая нь Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай гэрээ болон тушаалтай танилцаж өөрөө гарын үсгээ зурснаар нотлогдож байна. Энд хууль зөрчсөн ямар нэгэн асуудал байхгүй. Гэрээгээр гүйцэтгэх ажил байнгын ажлын байр биш гэдгийг мэдсээр байж, үнэн юмыг буруугаар тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй юм.

Д.Раятай хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан гэх боловч ямар үндэслэл, шаардлагын үүднээс хугацаатай гэрээ байгуулсан нь тодорхойгүй байна гэж бичсэн байна. Д.Раяаг ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, мөн аймгийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 дугаартай захирамжийг үндэслэж гаргасан ба тус цэцэрлэгийн 2016 оны төсөвт гэрээт ажилчдын төсөв, мөнгө 6 дугаар сараас эхлэн огт тусгагдаагүй, байхгүй болсон гэдгийг нэхэмжлэгч Д.Рая сайн мэдэж байгаа. Тухайн үед шүүхээс гэрээт үйлчлэгчийн ажилд Х.Какеш, Д.Рая гэсэн хоёр хүнтэй эгүүлэн тогтоох шийдвэр гарсан учир, аймгийн засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 дугаартай захирамжаар баталсан угаагч, үйлчлэгчийн 1 орон тоонд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 629 дугаартай шийдвэрийн дагуу Х.Какешийг ар гэрийн байдлыг харгалзан үзэж угаагч, үйлчлэгчийн 1 орон тоонд авч ажиллуулж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл Д.Рая бол төсөвт байгууллагын зарим, ажил үйлчилгээг гэрээгээр, түр хугацаагаар гүйцэтгэж байсан. Мөн тухайн үед шүүгч Раягийн гэрээ болон тушаалтай танилцаагүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эцэст нь хэлэхэд цэцэрлэгийн зүгээс нэхэмжлэгч Д.Раягийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй бүх юм хуулийн дагуу хийгдсэнийг тунгаан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Иргэн Д.Раягийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ныөдрийн 133 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ингэснээр шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Шинжлэх ухаан боловсролын сайд, Сангийн сайд нарын 1995 оны 227/199 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан Хүүхдийн цэцэрлэгийн захиргаа үйлчилгээний ажилтны орон тооны үлгэрчилсэн норматив-ийн 2 дугаар хавсралтаас үзэхэд 50 хүртэлх хүүхэдтэй, 2 бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг нь 13 орон тоотой байхаар зохицуулагджээ.

Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэг анх 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 50 хүүхэдтэй, 2 бүлэгтэй, 13 орон тоотой байхаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг ба цэцэрлэгийн эрхлэгч нь Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл 16.5.3-т тус тус заасныг баримталж нийт 13 хүн ажиллуулж байсан. Тухайн үед тус цэцэрлэгээс гадна өөр 3 цэцэрлэг бас шинээр байгуулагдаад үйл ажиллагаагаа эхлүүлээд байсан. Гэтэл зарим хүмүүс эдгээр цэцэрлэгүүдэд зөвхөн дарга нарын танил хүмүүс л ажилд орсон гэж хардаж Өлгий сумын төв талбайд жагсаал цуглаан хийсэн байдаг. Тухайн жил УИХ-ын болон орон нутгийн 2016 оны ээлжит сонгуулийн жил байсан учраас эдгээр хүмүүсийг аргацаахын тулд аймгийн Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр А/206 дугаар захирамж гаргаж тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд үндсэн болон гэрээт гэсэн 7 орон тоо нэмж баталсан байдаг. Ингэхдээ цэцэрлэгийн батлагдсан төсөвт ямар нэгэн зохицуулалт хийгээгүй байсан. Тэгсэн хэрнэ аймгийн Засаг дарга уул 7 орон тоонд хүн авч ажиллуулахыг цэцэрлэгийн эрхлэгчид үүрэг болгосон байдаг. Нэгэнт уул 7 орон тоонд батлагдсан төсөв байхгүй байсан учраас ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах замаар хүмүүсийг гэрээт ажилтнаар ажиллуулж, цалингийн сүлжээнээс гадуур цалин хөлс олгосон байдаг. Улмаар хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дуусмагц ажил олгогч тухайн 7 ажилтныг ажлаас нь чөлөөлсөн байдаг.

Тухайн 7 хүнийг анх ажилд авахдаа тэд нарыг түр хугацаагаар ажиллуулах тухайг ажил олгогчийн зүгээс анхааруулж хэлсэн байдаг. Ингээд цэцэрлэг ч амраад, сонгууль ч дуусаад 2016 оны 9 дүгээр сард цэцэрлэг буцаад нээгдэхэд эдгээр 7 ажилтнуудаас нэр бүхий 3 ажилтан ажлаасаа үндэслэлгүй халагдсан гэж үзээд шүүхэд хандсан. Эдгээр ажилтнуудын нэг нь нэхэмжлэгч Д.Рая юм. Удалгүй шүүх хуралдаан болж хариуцагчийн зүгээс эдгээр нөхцөл байдлуудыг шүүхэд тайлбарлаж хэлсэн боловч Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 дүгээр шийдвэр гарч нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан гэрээт үйлчлэгчийн орон тоонд эгүүлэн тогтоосон юм. Нөгөө талаар Баян-Өлгий аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 629 дүгээр шийдвэр гарч иргэн Х.Какөшийг мөн урьд эрхэлж байсан Өлгий сумын 18 дугаар Хүүхдийн цэцэрлэгийн гэрээт угаагчийн ажилд эгүүлэн тогтоосон байсан.

Өмгөөлөгч миний бие хариуцагчийн хүсэлтээр түүнд өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулаад хавтаст хэрэгтэй танилцаж үзээд аль аль талд асуудал үүсгэсэн зүйлийг олж илрүүлсэн юм. Энэхүү зүйл нь аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 дугаар захирамж байсан. Өмгөөлөгчийн зүгээс уг захирамжийг хүчингүй болгуулахаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 83 тоот албан бичгээр аймгийн Засаг даргад хандаж хүсэлт гаргаад байсан. Маргааш нь шүүх хуралдаан болсон ба миний бие энэ талаар хэлж, нэмж нотлох баримт цуглуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг минь хүлээж авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийж дээр дурдсан шүүхийн шийдвэрийг гаргасан юм.

Шүүхийн шийдвэр гарсны дараа аймгийн Засаг дарга 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/206 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасныг баримталж өөрөө хүчингүй болгосон. Гэсэн хэдий ч аймгийн Засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А/594 дугаар захирамж гаргаж тус цэцэрлэгийн бүтэц орон тоог дахиад /хууль бусаар/ баталсан юм.

Үйлчлүүлэгч маань шүүхийн шийдвэрийг хүндэтгэж, сайн дураар биелүүлж нэхэмжлэгч Д.Рая болон Х.Какеш нарыг урьд эрхэлж байсан гэрээт үйлчлэгчийн ажилд томилж тушаал гардуулж хөдөлмөрийн гэрээ байгуулахаар дуудахад нэхэмжлэгч Д.Рая янз бүрийн шалтаг тоочиж ажилдаа ирээгүй байсан. Ингэснээр ажил олгогч /хариуцагч/-ийн зүгээс ажил хийе гэсэн хүсэлтэй, тэмүүлэлтэй, нөгөө талаар ар гэрийн хэцүү байдалтай Х.Какешт түрүүлж тушаал гаргаж аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 дугаар захирамжаар батлагдсан угаагч үйлчлэгчийн 1 орон тоонд томилсон байдаг. Харин нэхэмжлэгч Д.Раягийн хувьд ажил олгогчийн зүгээс орон тоо байхгүй ч гэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлж түүнийг ажилд томилсон тухай тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасан үүргээ биелүүлэхийн тулд тушаалын 1 хувь, мөн хөдөлмөрийн гэрээний 1 хувийг ажилтанд гардуулах гэхээр ажилтан /нэхэмжлэгч/ уг тушаалыг авахаас үндэслэлгүйгээр татгалзсан юм. Ингэснээр ажил олгогч /хариуцагч/ аргагүй байдалд орж тушаал болон гэрээний хувийг баталгаат шуудангаар илгээсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч Д.Рая нь хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байгаа мэтээр тайлбарлаж шүүхийн гүйцэтгэх хуудас бичүүлсэн. Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр ирэхэд хариуцагчийн зүгээс болсон бүх явдлын талаар үнэн зөвөөр тайлбарлаж. тушаалыг шууданд хийсэн тухай баримтыг үзүүлэхэд шийдвэр гүйцэтгэгч эргүүлээд нэхэмжлэгч Д.Раяд ажилдаа ирж тушаал болон хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаа хийхийг зөвлөж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон юм. Болсон бүх үйл явдал энэ юм.

Энэхүү үйл баримт бусад байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Тухайлбал, ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 47 дугаар тушаалыг ажилтан Д.Рая хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор нотлогдоно. Хэрэв ажилтан Д.Рая уг тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй байсан бол тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгахгүй байх эрх нь нээлттэй байсан юм. Нэг үгээр хэлбэл хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг төрөл бөгөөд үүнийг ажилтан хүлээн зөвшөөрсөн байдаг.

Өөрөөр хэлбэл, ажилтан тухайн үед хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах тухай ажил олгогчийн саналыг хүлээн зөвшөөрсөн байсан гэсэн үг. Тийм учраас ажил олгогч хөдөлмөрийн хугацаатай гэрээ цаашид сунгагдахгүй болохыг ажилтанд албан ёсоор урьдчилж мэдэгдэж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримталж 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 55 дугаар тушаал гаргаж нэхэмжлэгч Д.Раяг ажлаас нь чөлөөлсөн. Үйлчлүүлэгчийг ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг буруу тодорхойлж, мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьж хариуцагчийг буруутгасан байдлаар шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,-д зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх юм гэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Өлгий сумын 8 дугаар багт оршин суудаг. Д.Рая миний бие Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 133дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч Ермек түүний өмгөөлөгч Серикжан нарын давж заалдах гомдолтой танилцаж гомдлыг эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Өлгий сумын 18-р цэцэрлэг нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шинээр байгуулагдаж үйл ажиллагааг эхэлсэн бөгөөд тус цэцэрлэгийн бүтэц орон тоог баталсан. Аймгийн засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ний өдрийн А/206 тоот захирамжаар батлагдсан гэрээт үйлчлэгч гээсэн орон тоонд Д.Рая миний бие 2016 оны 3 дугаар сарын 01-нээс эхлэн томилогдон ажилласан юм. Гэтэл 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ермек нь гэрээт үйлчлэгч Д.Рая намайг 2016 оны 7 дугаар сарын 01-нээс тайлбар болгон үндэслэлгүй ажлаас чөлөөлснийг би эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 тоот шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоосон юм.

Шүүхийн энэхүү шийдвэрийн дагуу аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албадан гүйцэтгүүлснээр Д.Рая миний бие ажилд эргүүлэн томилогдсон боловч 1 сарын дараа 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 18-р цэцэрлэгийн эрхлэгчийн 55 тушаалаар томилоод ажлаас чөлөөлсөн тул шүүхэд гомдол гаргасан. Д.Рая миний бие ажиллаж байсан 18-р цэцэрлэгийн үйлчлэгч гэсэн орон тоо аймгийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 08-ний өдрийн А/206 дугаар захирамжаар гэрээт үйлчлэгч" гээсэн орон тоотой байсан бол 2016 оны 10-р сарын 24-ний өдрийн йймгийн Засаг даргын А/594 тоот захирамжаар угаагч, үйлчлэгч гээх үндсэн орон тоо болж батлагдсан байгаа. Д.Рая миний томилогдсон ажиллаж байсан гэрээт үйлчлэгчийн орон тоо нь аймгийн засаг даргын 2016 оны 10-р сарын 24-ний өдрийн Өлгий сумын 18-р цэцэрлэгийн бүтэц орон тоог шинэчлэн баталсан тухай А/594 -р захирамжаар Угаагч үйлчлэгч гэж байнгын ажлын байр буюу үндсэн орон тоо болж батлагдсан тул ажил олгогч 18-р цэцэрлэгийн эрхлэгч Ермек нь хөдөлмөрийн хуулийн 23-р зүйлийн 23.2.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой байтал 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Төсөвт байгууллагын зарим ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай гэрээний 1.7 дахь заалтаар 2016.11.16-наас 2016.12.30-ны хугацаатай байгуулсан нь Хөдөлмөрийн хуулийг ажил олгогч зөрчсөн явдал юм. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн хуулийн 37-р зүйлд зааснаар байгуулсан нь мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн явдал юм. Хариуцагч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй учир Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 47 дугаар тушаалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 604 дүгээр шийдвэрийг үндэслэн Д.Раяг тус цэцэрлэгийн үйлчлэгчийн ажилд томилж, түүнтэй хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулжээ.

Ажил олгогч 2017 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн 55 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 дугаар захирамжийг тус тус үндэслэн ажилтан Д.Раяг гэрээт үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/594 дугаар захирамжийг үндэслэн орон тоо хасагдсан гэж үзэж ажилтан А.Раяг ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийг баримтлаагүй тул ажил олгогчийн дээрх шийдвэрийг хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж үзэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

Ажил олгогч ажилтан Д.Раяг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иймээс давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хүүхдийн 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч нь ажилтан Д.Раяг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д заасан ажилтны эрхийг зөрчсөн, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т зааснаар энэ хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн байх тул ажилтан М.Раяг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

Д.КӨБЕШ