Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 136

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багт оршин суух, Молхы овогт Хурманханы Айбаршагийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчин, төлчин, саальчинаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

Хүсэлт гаргагч Х.Айбарша шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие 1967 онд төрсөн, 49 настай, багаасаа малчны айлд өсөж, малчны туслах, төлчин, саальчнаар ажилласан. Тухайн үед 8 наснаас эхэлж сургуульд орсон боловч манайх олон охинтой айл байсан тул аав маань намайг сургуульд сурч байхад 4 ангиас сургуулиас гаргаж авч, өөртөө туслах малчнаар ажиллуулсан. Тэд Хурманхан, Хумархан гэх хоёр ах дүү байсан ба хоёр айлын хүүхдийн хэн нь хэний хүүхэд вэ?, хэдэн настай вэ? гэдгийг сумынхан тэр болгон мэддэггүй, аавынхаа хэлснээр бидний нэр, насыг бичдэг байсан тул намайг Хумархан гэх ахынхаа хүүхэд, ажил хийх насанд хүрсэн гэж Нэгдлийн дарга нарт танилцуулсан учраас би аавдаа тусалж 1-3 жил ажилласны дараа одоо энэ хүүхдийг нэгдлийн гишүүнээр элсүүлнэ гэснээр 1982 оноос эхэлж хөдөлмөр эрхэлсэн болно. Би Улаанхус сумын Алтай хөгжил нэгдэлд 1982 оноос эхэлж, нэгдэл тарах хүртэл ажилласан, одоо хүртэл малчин хэвээрээ байна. Эмэгтэй хүн, тэр тусмаа малчны хөдөлмөрийг төрөөс онцгой анхаарч үзэж байгаа өнөө үед дараа жил тэтгэвэрт гарах болзлыг хангасан учир ажилласан жилийг тооцуулахаар болоход ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул зарим ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Уг тушаал аймгийн Архивын тасгаас ч хайгаад олдоогүй болно. Тэгээд ч дээрх байдлыг сумын байцаагчид хэлэхэд таны хөдөлмөр эрхэлсэн нас 15 наснаас эхэлж байна. Тухайн үеийн бүртгэл, хүүхдүүдийг туслах малчнаар ажиллуулахын тулд тэдний насыг нуудаг байдлаас болж заримдаа тань шиг 15 наснаас эхэлж хөдөлмөр эрхэлсэн хүмүүс байдаг. Энэхүү байдлыг шүүх тогтоодог учраас шүүхэд хандаарай, зөвхөн та хоёр жилийг шүүхээр тогтоолговол боллоо гэснээр холбогдох материалыг бүрдүүлэн шүүхэд хандаж байна. Миний ажилласан жилийг нотлох хөдөлмөрийн дэвтэр, хамт ажилласан хүмүүсийн тодорхойлолт, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэх зэрэг нотлох баримтууд байгаа болно. Иймд 1982 оны 1 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хоёр жилийн хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай шүүх хуралдаанд хүсэлтийн талаар тайлбарлахдаа: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 3 дугаар багийн иргэн Х.Айбарша шүүхэд хүсэлт гаргасан. Шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлага нь 1982-1983 оны онуудад Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Х.Айбрша нь 1967 онд төрсөн, 50 настай. Х.Айбаршагийн хөдөлмөрийн дэвтэр хавтаст хэрэгт авагдсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт 1982, 1983 оны ажилласан жилүүдийн бичилт хийгдсэн. Тухайлбал 1982 оны 01 дүгээр сард 280 төгрөг, 1983 оны 01 дүгээр сард 262 төгрөг гэх мэт байдлаар сар бүр бичилт хийгдсэн. Х.Айбарша нь Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд эцгээ дагаж туслах малчнаар ажилласан. Х.Айбаршагийн гэрт эрэгтэй хүүхэд байхгүй учраас 14 наснаасаа эхэлж эцгээ дагаж малчин болсон. С.Башахан, Т.Ахмарал, А.Шынарбек гэх 3 хүн Х.Айбарша нь Хурманханы туслах малчнаар ажиллаж байсныг нотолж өгч байгаа. Эдгээр хүмүүсийн гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эдгээр 3 хүн хамт ажиллаж байсны хувьд сайн мэдэж байгаа. Хөдөлмөрийн дэвтэрт шинжээчийн дүгнэлт гаргасан бөгөөд ямар нэгэн засвар байхгүй гэж гарсан. Тийм учраас Х.Айбаршаг 1982-1983 оны хооронд туслах малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х.Айбаршагийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь: 1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 409 дүгээр архивын лавлагаанд Улаанхус сумын Алтай хөгжил нэгдлийн 1982-1983 оны баримтыг шүүн үзэхэд иргэн Х.Айбаршад холбогдох баримт гараагүй гэжээ.

Хүсэлт гаргагч Х.Айбаршагийн нотлох баримтаар гаргаж өгсөн 1983 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээсэн Алтайн хөгжил нэгдэл гэсэн хөдөлмөрийн дэвтрийг хэн олгосон нь тодорхойгүй, нэгдлийн даргын гарын үсэггүй, зураггүй, оны хувьд засвартай, нэг өнгийн балаар сүүлд нь нөхөж бичсэн, 1982-1983 оны бичилт хийгдсэн боловч 1984-1987 онуудын бичилт хийгдээгүй хөдөлмөрийн дэвтрийн 7-8 хуудас, 13-15 хуудсанд бичигдсэн бичилтийг юуг үндэслэн бичсэн нь тодорхойгүй, хөдөлмөрийн дэвтэрт сар бүр ажилласан хоногийн бүгдийг нь 30 хоногоор бөглөсөн, тэмдэг дарж баталгаажуулсан нь нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, энэ нь бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн хүсэлт гаргагч Х.Айбаршагийн №594647 дугаартай 1982 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх дэвтэр нь овог, нэр, төрсөн он сар өдрийн хувьд засвартай нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байсан учир Иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болон иргэний эрх зүйн байдлыг тогтоохын тулд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 171 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч нь 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 05 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэл гэсэн бичиглэлтэй дэвтрийн дотор талын эхний хуудсанд буй ХУРМАНХАН, Айбарша, 1967.02.15 гэсэн хэсэг болон 1982,01 гэсэн тооны өмнө бичигдсэн үсэг, тоог хусаж арилгасан, хусаж арилгасан хэсэгт шар өнгийн будагч бодис хэрэглэж будсан байна гэсэн шинжээчийн дүгнэлт гаргасан байх тул хүсэлт гаргагч Х.Айбарша нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар дээрх нотлох баримтуудыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн учир шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно гэсэн заалтыг хүсэлт гаргагч Х.Айбарша нь зөрчиж, нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан байна гэж үзлээ.

Мөн хүсэлт гаргагч Х.Айбаршагийн нотлох баримтаар гаргаж өгсөн А.Шынарбек, С.Башанхан, Т.Ахмарал нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтуудаас харахад Х.Айбарша нь хэдэн оноос хэдэн он хүртэл чухам хаана ямар ажил, албан тушаалыг, ямар хугацаагаар эрхэлж байсныг цаг хугацааны хувьд тодорхойлоогүй, эх сурвалжийг тодорхой заагаагүй, мөн дээрх хүмүүсийг гэрчээр асуухад үйл баримтын талаар тодорхой мэдүүлж чадаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж зааснаар хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримтууд нь эргэлзээтэй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хүсэлт гаргагч хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүргээ биелүүлж ажиллаж байсан байдлыг тогтоолгоход гол эх сурвалж болох ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно.

Иймээс шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн гаргаж өгсөн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул үйл явдлыг тогтоох нотолгоо гэж үзэх боломжгүй байна.

Иймд хүсэлт гаргагч Х.Айбарша нь Улаанхус сумын Алтай хөгжил нэгдэлд туслах малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй, хүсэлт гарагч Х.Айбаршаг Улаанхус сумын Алтай хөгжил нэгдэлд туслах малчин, төлчин, саальчнаар 1982 оны 01 сарын 01-нээс эхлэн ажиллаж байсан гэж үзэх боломжгүй тул хүсэлтийг нь бүхэлдээ хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Айбаршагийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-нээс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч Х.Айбаршагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН