Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 059

 

Х.Айбаршагийн хүсэлттэй иргэний хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаар шийдвэртэй, Х.Айбаршагийн хүсэлттэй иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хаутай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд 1982 оны 1 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

Хүсэлтийн агуулга: Миний бие 1967 онд төрсөн, 49 настай, багаасаа малчны айлд өсөж, малчны туслах, төлчин, саальчнаар ажилласан. Тухайн үед 8 наснаас эхэлж сургуульд орсон боловч манайх олон охинтой айл байсан тул аав маань намайг сургуульд сурч байхад 4 ангиас сургуулиас гаргаж авч, өөртөө туслах малчнаар ажиллуулсан. Тэд Хурманхан, Хумархан гэх хоёр ах дүү байсан ба хоёр айлын хүүхдийн хэн нь хэний хүүхэд вэ?, хэдэн настай вэ? гэдгийг сумынхан тэр болгон мэддэггүй, аавынхаа хэлснээр бидний нэр, насыг бичдэг байсан тул намайг Хумархан гэх ахынхаа хүүхэд, ажил хийх насанд хүрсэн гэж Нэгдлийн дарга нарт танилцуулсан учраас би аавдаа тусалж 1-3 жил ажилласны дараа одоо энэ хүүхдийг нэгдлийн гишүүнээр элсүүлнэ гэснээр 1982 оноос эхэлж хөдөлмөр эрхэлсэн болно. Би Улаанхус сумын Алтай хөгжил нэгдэлд 1982 оноос эхэлж, нэгдэл тарах хүртэл ажилласан, одоо хүртэл малчин хэвээрээ байна. Эмэгтэй хүн, тэр тусмаа малчны хөдөлмөрийг төрөөс онцгой анхаарч үзэж байгаа өнөө үед дараа жил тэтгэвэрт гарах болзлыг хангасан учир ажилласан жилийг тооцуулахаар болоход ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул зарим ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Уг тушаал аймгийн Архивын тасгаас ч хайгаад олдоогүй болно. Тэгээд ч дээрх байдлыг сумын байцаагчид хэлэхэд таны хөдөлмөр эрхэлсэн нас 15 наснаас эхэлж байна. Тухайн үеийн бүртгэл, хүүхдүүдийг туслах малчнаар ажиллуулахын тулд тэдний насыг нуудаг байдлаас болж заримдаа тань шиг 15 наснаас эхэлж хөдөлмөр эрхэлсэн хүмүүс байдаг. Энэхүү байдлыг шүүх тогтоодог учраас шүүхэд хандаарай, зөвхөн та хоёр жилийг шүүхээр тогтоолговол боллоо гэснээр холбогдох материалыг бүрдүүлэн шүүхэд хандаж байна. Миний ажилласан жилийг нотлох хөдөлмөрийн дэвтэр, хамт ажилласан хүмүүсийн тодорхойлолт, Үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэх зэрэг нотлох баримтууд байгаа болно. Иймд 1982 оны 1 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хоёр жилийн хугацаанд туслах малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Ахтилекийг Х.Майлыбайн асрамжид байсныг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна. Энэхүү хүсэлтийг гаргах болсон шалтгаан нь тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохтой холбоотой. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаар шийдвэрээр:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Х.Айбаршагийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-нээс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух Хангелди овгийн Хамайн Хаутай би, нэхэмжлэгч Сагсай сумын 3 дугаар багт оршин суух Молхи овогт Хурманханы Айбаршагийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Давж заалдах гомдлын үндэслэл: X.Айбаршагийн нотлох баримтаар гаргаж өгсөн 1983 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нээсэн Аптайн хөгжил нэгдэл гэсэн хөдөлмөрийн дэвтрийг хэн олгосон нь тодорхойгүй, нэгдлийн даргын гарын үсэг зураагүй, оны хувьд засвартай гэжээ. X. Айбарша нь ямар ч гэсэн Алтайн хөгжил нэгдэлд ажилласан нь үнэн болоод уг дэвтрийг нэгдлээс олгосон байна. Хэрэв нэгдэлд огт ажиллаж байгаагүй бол уг дэвтрийг олгохгүй шүү дээ. Нөгөө талаар дэвтэрт гарын үсэг зурсан,зураагүй,оны хувьд зөрүүтэй асуудалд малчин эмэгтэйд огт хамаагүй, тухайн үед нэгдлийн дарга, тоо бүртгэгч нар бичиг хэргийг хариуцаж байсан шүү дээ. Одоо нэгдлийн дарга, тоо бүртгэгч нар бүгд байхгүй, амьдралын жам ёсоор хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн хүмүүс юм. Мөн хүсэлт гаргасан X.Айбаршагийн нотлох баримтаар гаргаж өгсөн А.Шинербек, С.Башайхан, Т.Ахмарал нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтуудаас харахад X.Айбарша хэдэн оноос хэдэн он хүртэл, чухам хаана ямар ажил, албан тушаалыг ямар хугацаагаар эрхэлж байсныг цаг хугацааны хувьд тодорхойгүй, мөн хүмүүсийг гэрчээр асуухад уг баримтын талаар тодорхой мэдүүлж чадаагүй байна. Гэрчээр асуусан хүмүүс X.Айбаршагийн нэгдэлд хэдэн оноос хэдэн онуудад ажилласан талаар хэн ч сайн мэдэхгүй байсан ба ямар ч гэсэн нэгдэлд эцгийг дагаж малчнаар ажилласныг баталж, нотолж байна. Цаг хугацааны хувьд олон жил өнгөрсөн, нийгэм тэр чигээрээ өөрчлөгдсөн шүү дээ. Хөдөөгийн дээрх асуугдсан хүмүүс олон жил болсон тул үйл явдлыг тодорхой мэдэхгүй, мартсан ч гэсэн X.Айбаршагийн улсад ажилласныг нотолж, баталж өгч байна. Нөгөө талаар X.Айбаршагийн нэгдэлд орсон, гарсан тушаал олдохгүй байгаад тахир, дутуу өвчтэй X.Айбарша буруугүй шүү дээ? X.Айбаршагийн хоёрхон жилийг улсад ажилласнаар шүүх тогтоож өгөх боломжтой шүү дээ?. Одоо улсаас ХАА-д ажилласан хүмүүсийн ажилласан жилд онцгой анхаарч байгаа шүү дээ. X.Айбаршад олгосон 1983 оны 1 дүгээр сарын 05-ны Аптайн хөгжил нэгдэл гэсэн дэвтрийг хэн олгосон нь тодорхойгүй, нэгдлийн даргын гарын үсэггүй, оны хувьд засвартай, нэг өнгийн балаар сүүлд нөхөж бичсэн гэжээ. Харин хөдөлмөрийн дэвтэрт шинжээчийн дүгнэлт хийлгэсэн боловч ямар нэгэн засвар хийгдсэн талаар дүгнэлт гараагүй юм. Гэтэл 1982, 1983 онуудад ажилласан жилүүдийн сар бүр авсан хөлс, тоо бүртгэгчийн гарын үсэг, тэмдэг дарж баталгаажуулсан эргэлзээтэй гэжээ. Шинжээчийн дүгнэлт гараагүй, нотлоогүй байхад шүүх өнгийн балаар нөхөж бичсэн, сүүлд бичсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй юм. Мөн сар бүр ажилласан хоногийн 30 хоногоор баталсан, тэмдэг дарж баталгаажуулсан асуудлыг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй гээд хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ХАА нэгдэлд ажиллагсдын хөдөлмөрийн дэвтэрт голдуу 30 хоногоор баталж бичдэг байсан. Энэ нь тухайн үеийн хүмүүсийн бичиг үсэг муутай явдлаас болсон тул нэхэмжлэгчид ямар ч буруутай зүйл байхгүй. Нөгөө талаар нэгдлийн ажилчдын хөдөлмөрийн дэвтэрт сар бүрийн авсан хөлсийг тоо бүртгэгч тэмдэг дарж баталгаажуулдаг шүү дээ. Иймд Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүсэх нь: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20 өдрийн 136 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхэд буцааж, үндэстэй шийдвэр гаргуулж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн Х.Айбаршагийн хүсэлттэй, ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэсэн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.

Хүсэлт гаргагч Х.Айбарша нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Алтайн хөгжил нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах малчин, төлчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

А.Шынарбек, С.Баянхан, Т.Ахмарал нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтуудаас үзэхэд Х.Айбарша нь хэдэн оноос хэдэн он хүртэл чухам хаана ямар ажлыг ямар хугацаагаар эрхэлж байсныг цаг хугацааны хувьд тодорхойлоогүй, эх сурвалжийг нь тодорхой заагаагүй, мөн дээрх хүмүүсийг гэрчээр асуухад үйл баримтын талаар тодорхой мэдүүлж чадаагүй, Алтайн хөгжил нэгдэл гэсэн хөдөлмөрийн дэвтрийг хэн олгосон нь тодорхойгүй, даргын гарын үсэггүй, зураггүй, оны хувьд засвартай, нэг өнгийн балаар сүүлд нөхөж бичсэн нь нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байна гэж дүгнэсэн нь үндэстэй байна.

Хүсэлт гаргагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн 594647 дугаартай, 1982 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх дэвтрийн овог нэр, он сар өдрийг хусаж арилгасан, хусаж арилгасан хэсэгт шар өнгийн будагч бодис хэрэглэж будсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. Хүсэлт гаргагч Х.Айбарша нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасан Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж хуурамч нотлох баримт шүүхэд гаргаж өгсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар дээрх нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж дүгнэж, хүсэлт гаргагчийн хүсэлтийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 136 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

Д.КӨБЕШ