Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1268

 

“Спирт бал бурам” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/00947 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Спирт бал бурам” ХХК,

Хариуцагч “Хатант констракшн” ХХК-д холбогдох,

 

Ус, дулаанаар хангах гэрээний төлбөрт 45 140 205 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36 400 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Золтуяа, өмгөөлөгч С.Галцацрах нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Хатанзориг,

Хариуцагчийн төлөөлөгч П.Батсайхан,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Галцацрах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Хатант констракшн” ХХК-тай Ус дулаан, хангах тухай гэрээ байгуулан тус компанид хэрэглээний халуун усыг өөрийн ус халаах дулаан солилуулцагч төхөөрөмжийн тусламжтайгаар хүйтэн усыг халаах ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус компани нь хэрэглэсэн халуун усны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гаргаж 30 093 470 төгрөгийн өртэйг хүлээн зөвшөөрсөн юм. Гэрээний 4.9-д төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэрэглэгч нь 0.5 хувийн алданги төлөх үүргийг хүлээсэн юм. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 103 хоногийн алдангийг авах хүсэлтэй байна. Нэг хоногийн алданги 150 468 төгрөг, нийт 103 хоног 15 498 204 төгрөг болж байна. Иймд хуульд заасны дагуу алдангийн 50 хувь болох 15 046 735 төгрөг, үндсэн төлбөр 30 093 470 төгрөг, нийт 45 140 205 төгрөгийг “Хатант констракшн” ХХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Золтуяа, өмгөөлөгч С.Галцацрах нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хатант констракшн” ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд 40 айлын орон сууцны зориулалттай барилгыг барьж 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ашиглалтанд оруулсан. Манай байгууллага нь “Спирт бал бурам” ХХК-иас ус дулаанаа авч Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах Зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дулааны эрчим хүчний үнийг шинэчлэн батлах тухай дугаар 01 тоот тогтоолоор тогтоосон үнэ, тарифаар дулаан хэрэглээний халуун усны төлбөрийг төлж байсан боловч 2014-2015 оны халаалтын зөрүү төлбөр гэж 36 400 000 төгрөгийг гэнэт “Спирт бал бурам” ХХК нэхэмжилж энэ мөнгийг өгөхгүй бол халаалт өгөхгүй халуун ус хаана гэж хэлэн бид нарыг дарамталж, гарцаагүй байдалд оруулж төлбөр мөнгийг нэхэмжилж төлүүлсэн.

Энэ зөрүү төлбөрийг нэхэхдээ бид нар алдагдалтай ажиллаж байна гэж тайлбарласан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжилж төлүүлсэн нь хууль бус гэж үзэж байна. Ингээд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Спирт бал бурам” ХХК-тай ус, дулаанаар хангах гэрээ байгуулсан. 2016 оны 8 дугаар сараас айл өрхүүд дулааны төлбөрөө “Спирт бал бурам” ХХК-ийн данс руу шууд өгдөг болсноор манай байгууллага данс нийлж, тооцоо бариагүй, үлдэгдэл төлбөрийн тооцоог манай байгууллага төлөх төлбөргүй, үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Золтуяа, өмгөөлөгч С.Галцацрах нар шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Спирт бал бурам” ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан 30 093 470 төгрөгийг алдангийн хамт гаргуулах, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх “Хатант констракшн” ХХК-тай хийсэн тооцооны баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Спирт бал бурам” ХХК-ийн Хаан банкны 5001332019 тоот дансанд 48 000 000 төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ хүйтний улирал болж оршин суугчдын халаалт дулааныг өгөхгүй дээрх мөнгийг нэхэмжилсний учир аргагүй байдалд орж илүү 36 400 000 төгрөгийг үндэслэлгүй төлсөн учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасныг үндэслэн 36 400 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлбөр төлсөн атлаа 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дахиж албан бичиг явуулахдаа 30 093 470 төгрөгийг төлье гэж хүлээн зөвшөөрснөөр явуулсан н.Батсайхан захирлын албан бичиг манайд ирсэн байдаг. Ерөнхийдөө энэ төлбөр 2014 онд “Хатант констракш” ХХК Сэлэнгэ аймгийн Мандал суманд 40 айлын орон сууц барихдаа улсын тарифаас манайх арай өндөр болохоор улиралдаа 20 400 000 төгрөгийн зөрүү гардаг. Энэ төлбөрийг яах вэ гэхэд н.Батсайхан захирал энэ 3 жилийн хугацааны 62 400 000 төгрөгийг өөрөөсөө төлж байя. Төлөх хэлбэр нь барилгын ажил хийгээд түүндээ суутгаж байя гэж аман хэлцэл байдлаар тохиролцсон. Тэгээд 2014, 2016 онд манайхаас н.Батсайхан захирал руу засварын ажил байна гээд ярихад тухайн үед гачигдал зовлон яриад дандаа бололцоогүй хариу өгч байсан.

Тухайн үед н.Батсайхан өр төлбөртөө тооцоод нэг орон сууцаа манайд өгье гэсэн санал тавьсан. Гэвч м.кв-ыг нь 1 300 000 төгрөгөөр бодоод манайх үнэтэй байна гэхэд эргэж уулзъя гээд алга болсон. Үүнээс үндэслээд манайх өр төлбөртөө 62 400 000 төгрөгийн 30 093 470 төгрөгийг төлчихвөл болно гэж санал тавьсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Хатант констракшн” ХХК-иас төлбөрийн үлдэгдэл 30 093 470 төгрөг, алданги 3 830 653 төгрөг, нийт 33 924 123 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Спирт бал бурам” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11 953 265 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч “Хатант констракшн” ХХК-ийн нэхэмжлэгч “Спирт бал бурам” ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36 400 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383 651 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хатант констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 327 570 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Спирт бал бурам” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Золтуяа, өмгөөлөгч С.Галцацрах нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Спирт бал бурам” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр  “Хатант констракшн” ХХК-тай ус, дулаан хангах тухай гэрээ байгуулсан бөгөөд “Спирт бал бурам” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх тооцооны үлдэгдэл мэтээр 30 930 470 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Гэтэл шүүхээс тухайн нэхэмжлэлийн цаг хугацаанд дурдсан эрх зүйн харилцаанаас өмнөх харилцааг оруулж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлд дурдахдаа "Спирт бал бурам" ХХК нь хэрэглэсэн халуун усны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй гэж зөвхөн халуун усны төлбөрийг нэхэмжилж тодорхой шаардлага гаргасан байхад шүүхээс дулааны төлбөр болгон шийдвэр гаргасан. “Спирт бал бурам” ХХК-тай "Хатант констракшн" ХХК нь ус, дулаанаар хангах тухай гэрээ байгуулсан байх боловч Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс жил бүр шинэчлэн баталдаг дулааны эрчим хүчний тарифаар гэрээг байгуулсан байх нь "Спирт бал бурам" ХХК нь алдагдалгүй ажиллах урьдчилан сэргийлсэн эрх зүйн акт байсан бөгөөд тус гэрээнд алдагдалыг хариуцах зүйл заалт огт тусгаагүй.

Сөрөг нэхэмжлэлийн 36 400 000 төгрөг нь үндэслэлгүйгээр гарцаагүй байдалд
оруулж шаардаж авсан мөнгө бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд огт гэрээ байгуулаагүй, техникийн нөхцөл тодорхойлоогүй захирал С.Ганзориг нь өөрийн дураар аашилж санааны зоргоор мөнгө нэхэмжилж дарамтанд оруулдаг байсан. Үүний нэг тод жишээ нь 2017 оны 03 дугаар 30-ны өдрийн дугаар AD-DC-01/83 тоот албан бичгээр дээрх 40 айлын орон сууцанд ус, дулаан хангахгүй болсон тухай мэдэгдэл өгсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Спирт бал бурам” ХХК нь “Хатант констракшн” ХХК-д холбогдуулан ус дулаанаар хангах гэрээний үүрэгт 30 093 470 төгрөг, алданги 15 046 735 төгрөг, нийт 45 140 205 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, 36 400 000 төгрөгийг үндэслэлгүйгээр дарамтад орж шилжүүлсэн тул буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч “Хатант констракшн” ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд 40 айлын орон сууцыг барьж 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ашиглалтад оруулснаас хойш  хэрэглээний ус, дулааныг “Спирт бал бурам” ХХК-аас авч, төлбөрийг төлж ирсэн талаарх зохигчдын тайлбар, 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн баримтыг үндэслэн нийлж, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан баримт, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр талуудын хооронд бичгээр байгуулагдсан "Ус дулаанаар хангах тухай гэрээ” зэрэг баримтуудаар зохигчдын хооронд худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ мөн хуулийн 196 дугаар зүйлийн  196.1.2-т зааснаар байгуулагдсан гэж зөв дүгнэсэн байна.

Талуудын харилцан тохиролцсоны дагуу худалдагч тал “Спирт бал бурам” ХХК нь ус дулаанаар хангаж, худалдан авагч “Хатант констракшн” ХХК нь төлбөрийг төлж ирснийг 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тооцоо нийлж, үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаанд хариуцагч 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөрийн үлдэгдэл 30 093 470 төгрөг болохыг зөвшөөрч  хоёр компанийн нягтлан бодогч гарын үсэг зурж, тэмдгээр баталгаажуулжээ. /хх-11/

Мөн “Хатант констракшн” ХХК-аас 30 093 470 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг дурдаад графикийн дагуу төлөхөө 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаар албан бичгээр “Спирт бал бурам” ХХК-д мэдэгдсэн нь хэрэгт авагдсан болно./хх-131-132/ Түүнчлэн нэхэмжлэгч “Спирт бал бурам” ХХК-аас 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 2 компанийн ус дулаантай холбоотой авлага, өглөгийн тооцоо гаргасныг няцаасан баримтыг хариуцагчаас гаргаагүй байна. /хх-53/

Дээрх баримтуудаар хариуцагч “Хатант констракшн” ХХК нь худалдан авсан ус, дулааны төлбөрийг бүрэн төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй талаарх үйл баримт тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч төлбөр шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгч дээрх төлбөрт алданги тооцож шаардахдаа 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр талуудын хооронд 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулагдсан "Ус дулаанаар хангах тухай гэрээ”-ний /хх-5-9/ 4.9 дэх заалтыг үндэслэсэн ч дээрх 30 093 470 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл нь уг гэрээний хугацаанд бүхэлдээ хамаарахгүй байна.

Түүнчлэн талуудын харилцан зөвшөөрч үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгаанд  алданги төлөх талаарх тохиролцоо хийгдээгүй байна. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр хийгээгүй, тодруулбал 30 093 470 төгрөгийн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй бол алданги тооцохоор гэрээнд заагаагүй байх тул нэхэмжлэгч мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар анз шаардах эрхгүй болно. 

Дээрх байдлаар талууд 30 093 470 төгрөгийн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд анз төлөх талаар бичгээр болон гэрээгээр тохиролцоогүй байхад анхан шатны шүүх зөвхөн нэхэмжлэгч “Спирт бал бурам” ХХК-аас гаргасан авлага өглөгийн тооцоог үндэслэн 7 661 306 төгрөгийн төлбөрийн 50 хувиар тооцон алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7 дахь хэсэгт заасанд нийцэхгүй тул алдааг залруулж, алдангитай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч дарамт шахалт үзүүлж төлөх ёсгүй 36 400 000 төгрөгийн төлбөрийг үндэслэлгүйгээр шилжүүлэхэд хүргэсэн гэх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу баримтаар нотлоогүйгээс гадна 48 000 000 төгрөгийг шилжүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулж, төлбөр төлөхөө зөвшөөрч байжээ.

Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангуулах талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт 30 093 470 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх “15 783 918 төгрөгийг” хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/00947 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “төлбөрийн үлдэгдэл 30 093 470 төгрөг, алданги 3 830 653 төгрөг, нийт 33 924 123 /гучин гурван сая есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг” гэснийг “30 093 470 /гучин сая ерэн гурван мянган дөрвөн зуун далан/ төгрөгийг” гэж, “11 953 265 төгрөгийг” гэснийг “15 783 918 төгрөгийг” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “327 570 төгрөгийг” гэснийг “308 417 төгрөгийг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

А.ОТГОНЦЭЦЭГ