Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2017/00947

 

 

 

 

 

   2017 оны 3 сарын 20-ны өдөр      Дугаар 101/ШШ2017/00947             Улаанбаатар хот

 

 

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                      

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

           Нэхэмжлэгч: С ХХК нэхэмжлэлтэй, 

 

          Хариуцагч: Х ХХК холбогдох

 

           Ус дулаанаар хангах гэрээний төлбөрт 45,140,205 төгрөг гаргуулах,

          “*******” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй, “*******” ХХК-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, хариуцагчийн өмгөөлөгч С.******* /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар ¹2177/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.                          

                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

              

          Нэхэмжлэгч “*******” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Манай компани нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Хатан констракшн” ХХК-тай Ус дулаан, хангах тухай гэрээ байгуулан тус компанид хэрэглээний халуун усыг өөрийн ус халаах дулаан солилуулцагч төхөөрөмжийн тусламжтайгаар хүйтэн усыг халаах ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус компани нь хэрэглэсэн халуун усны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа гаргаж 30,093,470 төгрөгийн өртэйг хүлээн зөвшөөрсөн юм. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9-д төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэрэглэгч нь 0.5 хувийн алданги төлөх үүргийг хүлээсэн юм. 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 103 хоногийн алдангийг авах хүсэлтэй байна. Нэг хоногийн алданги 150,468 төгрөг нийт 103 хоног 15,498,204 төгрөг болж байна.

        Иймд хуульд заасны дагуу алдангийн 50 хувь болох 15,046,735 төгрөг, үндсэн төлбөр 30,093,470 төгрөг, нийт 45,140,205 төгрөгийг “*******” ХХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

          Хариуцагч “*******” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.*******, өмгөөлөгч С.******* нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         “*******” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд 40 айлын орон сууцны зориулалттай барилгыг барьж 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ашиглалтанд оруулсан. Манай байгууллага нь “*******” ХХК-иас ус дулаанаа авч Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах Зөвлөлийн 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн дулааны эрчим хүчний үнийг шинэчлэн батлах тухай дугаар 01 тоот тогтоолоор тогтоосон үнэ, тарифаар дулаан хэрэглээний халуун усны төлбөрийг төлж байсан боловч 2014-2015 оны халаалтын зөрүү төлбөр гэж 36,400,000 төгрөгийг гэнэт “*******” ХХК нэхэмжилж энэ мөнгийг өгөхгүй бол халаалт өгөхгүй халуун ус хаана гэж хэлэн бид нарыг дарамталж, гарцаагүй байдалд оруулж төлбөр мөнгийг нэхэмжилж төлүүлсэн. Энэ зөрүү төлбөрийг нэхэхдээ бид нар алдагдалтай ажиллаж байна гэж тайлбарласан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжилж төлүүлсэн нь хууль бус гэж үзэж байна. Ингээд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “*******” ХХК-тай ус дулаанаар хангах гэрээ байгуулсан. 2016 оны 8 дугаар сараас айл өрхүүд дулааны төлбөрөө “*******” ХХК-ийн данс руу шууд өгдөг болсноор манай байгууллага данс нийлж, тооцоо бариагүй, үлдэгдэл төлбөрийн тооцоог манай байгууллага төлөх төлбөргүй, үндэслэлгүй гэж үзэж байна.

         Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Хариуцагч “Хатан констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
П.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         “*******” ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан 30,093,470 төгрөгийг алдангийн хамт гаргуулах, 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх “Хатан констракшн” ХХК-тай хийсэн тооцооны баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан байх тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “*******” ХХК-ийн Хаан банкны 5001332019 тоот дансанд 48,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ хүйтний улирал болж оршин суугчдын халаалт дулаалгыг өгөхгүй дээрх мөнгийг нэхсэний учир аргагүй байдалд орж илүү 36,400,000 төгрөгийг үндэслэлгүй төлсөн учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасныг үндэслэн 36,400,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

           Нэхэмжлэгч “*******” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

           2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төлбөр төлсөн мөртлөө 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дахиж албан бичиг явуулахдаа 30,093,470 төгрөгөө төлье гэж хүлээн зөвшөөрснөөр явуулсан н.******* захирлын албан бичиг манайд ирсэн байдаг. Ерөнхийдөө энэ төлбөр хаанаас гарсан бэ? гэхээр 2014 онд “Хатант констракш” ХХК Сэлэнгэ аймгийн Мандал суманд 40 айлын орон сууц барихдаа улсын тарифаас манайх арай өндөр болохоор улиралдаа 20,400,000 төгрөгийн зөрүү гардаг. Энэ төлбөрийг яах вэ? гэхэд н.******* захирал энэ 3 жилийн хугацааны 62,400,000 төгрөгийг өөрөөсөө төлж байя. Төлөх хэлбэр нь барилгын ажил хийгээд түүндээ суутгаж байя гэж аман хэлцэл байдлаар тохиролцсон. Тэгээд 2014, 2016 онд манайхаас н.******* захирал руу засварын ажил байна гээд ярихад тухайн үед гачигдал зовлон яриад дандаа бололцоогүй хариу өгч байсан. Тухайн үед н.******* өр төлбөртөө тооцоод нэг орон сууцаа манайд өгье гэсэн санал тавьсан. Гэвч мкв-ыг нь 1,300,000 төгрөгөөр бодоод манайх үнэтэй байна гэхэд эргэж уулзъя гээд алга болсон. Үүнээс үндэслээд манайх өр төлбөртөө 62,400,000 төгрөгийн 30,093,470 төгрөгийг төлчихвөл болно гэж санал тавьсан.

         Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ус дулаанаар хангах гэрээний үүрэгт 30,093,470 төгрөг, алданги 15,046,735 төгрөг, нийт 45,140,205 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

          Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36,400,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

         “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр СББ-16/30 дугаартай “Ус, дулаанаар хангах тухай гэрээ” байгуулагдаж, хариуцагч компанид хэрэглээний халуун усыг нэхэмжлэгч нь өөрийн ус халаах дулаан солилцуулагч төхөөрөмжийн тусламжтайгаар хүйтэн усыг халааж нийлүүлэхээр, гэрээний үргэлжлэх хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх бөгөөд дулааны үнийг Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тогтоолыг үндэслэж тогтоохоор, гэрээний хугацаанд дулааны үнэлгээнд өөрчлөлт орсон тохиолдолд гэрээний хавсралт 1-ийг гэрээлэгч талууд тодотгож хавсралтыг шинэчилэн батлахаар харилцан тохиролцсон байна.  

 

          Зохигчдын хооронд дээрх 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн СББ-16/30 дугаартай гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэглээний халуун ус, дулааныг “*******” ХХК нь “*******” ХХК-д нийлүүлж, хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөрийг төлж байсан байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

           Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар зохигчдын хооронд гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй юм.

 

         “*******” ХХК болон “*******” ХХК-ийн нягтлан бодогч нар 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-г үйлдсэн байх бөгөөд “…хоёр байгууллагын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд өгч, авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн баримтаар нэг бүрчлэн нийлж үзэхэд “*******” ХХК нь 30,093,470 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан батлав” гэжээ.

 

         Нэхэмжлэгч нь зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн СББ-16/30 дугаартай гэрээний 4.9-д зааснаар алдангид дээрх гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 30,093,470 төгрөгийн 50 хувьтай тэнцэх дүн болох 15,046,735 төгрөгийг нэхэмжилжээ.

 

         Дээрх “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-наас үзэхэд 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны буюу 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн СББ-16/30 дугаартай гэрээ байгуулагдахаас өмнөх хугацааны гэрээг бичгээр байгуулаагүй үеийн үүргийн гүйцэтгэлд алданги тооцож буй нь үндэслэлгүй байна.

 

          Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасан байх бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацааны өр төлбөрт алданги тооцох үндэслэлгүй байх бөгөөд хэрэгт авагдсан “Авлага, өглөгийн тооцоо (2015.01.01-2016.01.01)”-ноос үзэхэд хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-д халуун ус, дулааны төлөх төлбөр нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 22,432,164 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсний дагуу энэхүү гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох үндэслэлгүй байна.

 

          Үүнээс үзвэл хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс “Тооцооны үлдэгдлийн баталгаа” хийсэн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны халуун ус, дулааны төлбөрт 7,661,306 /30,093,470 - 22,432,164/ төгрөг төлөхөөр байна гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 3,830,653 төгрөгийг тооцох үндэслэлтэй байна.

 

         Хариуцагч “*******” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “*******” ХХК-д дулааны төлбөрт 48,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнээс 2015 оны үлдэгдэл төлбөрт 11,600,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 36,400,000 төгрөгийг нэхэмжлэгч нь манай компаниас үндэслэлгүй авч, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” бөгөөд 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заажээ.

 

           Хэрэгт авагдсан “Авлага, өглөгийн тооцоо (2015.01.01-2016.01.01)”-ноос үзэхэд “*******” ХХК нь “*******” ХХК-д 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2014, 2015 оны халаалтын үнийн зөрүүд 36,400,000 төгрөгийн өр төлбөртэй гэж, энэхүү хугацаанаас хойш 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 48,000,000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх бөгөөд энэхүү үйл баримт болон хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд үүрэг үүсээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд зохигчдын хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

         Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үндсэн төлбөрийн үлдэгдэл 30,093,470 төгрөг, алданги 3,830,653 төгрөг, нийт 33,924,123 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 11,953,265 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.     

 

         Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас төлбөрийн үлдэгдэл 30,093,470 төгрөг, алданги 3,830,653 төгрөг, нийт 33,924,123 /гучин гурван сая есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11,953,265 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-ийн нэхэмжлэгч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан “үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 36,400,000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,651 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 327,570 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай. 

 

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ЭНХЖАРГАЛ