| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 188/2017/0063/э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2017-03-17 |
| Зүйл хэсэг | 096.2.1, 096.2.6, |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 66
М.Эрдэнэ-Отгонд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор Г.Гэрэлтуяа,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Данзандорж,
Хохирогч Г.Бямбадорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа,
Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 70Б дугаар шийтгэх тогтоол,
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаар магадлалтай 20142600005285 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, эрэгтэй, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 01 сарын хорих ял шийтгэж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн Боржигон овогт Мөнхбаярын Эрдэнэ-Отгон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоныг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.6 дахь заалтад зааснаар 07 жил 06 сарын хорих ялаар шийтгэж, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг хасаж, биечлэн эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 297 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон, түүний өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа, Д.Данзандорж нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо: “...Шүүх М.Эрдэнэ-Отгонд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой байсан боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: 1.Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16.13 дахь хэсэгт заасан “...Хэнд ч эрүү шүүлт тулгаж болохгүй...” гэсэн заалт, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45, 79, 80, 82, 150, 151 дэх заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. М.Эрдэнэ-Отгон нь эрүүгийн төлөөлөгч нар айлган сүрдүүлсэн учраас анх удаа сэжигтнээр байцаалт өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж тайлбарладаг. Уг мэдүүлгийг загнаж, айлган сүрдүүлж авсан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.4 дэх заалтуудыг зөрчсөн.
2. М.Эрдэнэ-Отгон нь хэргийг шалгуулах талаар Дүүргийн 2 дугаар прокурорын газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний Комиссын даргад нийт 6 удаа өргөдөл, гомдол гаргасан боловч шалгалтыг хийсэн мөрдөн байцаагч Цогбаяр нь М.Эрдэнэ-Отгоны хэргийг шалгаж байсан ажилтан бөгөөд шалгалтыг дутуу хийсэн, түүнийг дарамталж хэрэг хүлээлгэсэн гэх асуудлыг одоо болтол бүрэн шалгагдаж дуусаагүй байна.
3. Мөрдөн байцаалтын явцад М.Эрдэн-Отгоны авч явсан гэх хутга, өмсөж явсан гэх юүдэнтэй саарал цамц олдоогүй нь тэрээр зохиомол мэдүүлэг өгсөн учраас эх сурвалж тогтоогдохгүй байгааг харуулж байна.
4. Шүүх гэрчээр мөрдөн байцаагч Ц.Мөнхбат, өмгөөлөгч Б.Чинбат нарыг асуусан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.2 дахь заалтыг зөрчиж байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “...хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэж заасан.
5. Хохирогч Г.Бямбадоржоор зургаар таньж олуулах ажиллагаа хийхдээ өөрийг нь хутгалсан хүнийг ямар зүс царай, шинж тэмдэг, онцлогоор нь таньж болохыг урьдчилан асууж тэмдэглэлийн эхэнд тусгаагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн.
6. Зургаар таньж олуулах ажиллагаа нь нэг удаа хийгдэх ёстой бөгөөд дахин дахин хийх боломжгүй, нотлох чанараа алддаг ажиллагаа байтал хууль зөрчин дахин биеэр таниулах ажиллагаа хийснийг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсон.
7. Хохирогч Г.Бямбадорж гэмт халдлагад өртөх үедээ согтуу байсан нь түүний ой санамжид нөлөөлсөн байх боломжтой бөгөөд удаа дараа өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй төдийгүй, гэрч Мөнхцагааны мэдүүлгээс зөрүүтэй байдаг.
8. Хэрэг гарсан гэх 2014 оны 10 дугаар сарын 27-ны үүрээр Одонтын 11-р гудамжинд харанхуй, гэрэлтүүлэггүй, гадаа саргүй байхад хохирогч 2 шил архи уусан согтуу үедээ юүдэн малгай өмссөн хүний нүүр царайг таниагүй нь түүний 2014 оны 10 дугаар сарын 27-нд өгсөн мэдүүлгээс тодорхой байна.
9. Эд мөрийн баримтаар хураан авсан бариулгүй хутганаас цус илрээгүй тул хэргийн нотлох баримт болж чадахгүй байна. Мөрдөн байцаалтаар Г.Бямбадоржийг хутгалсан хутга олдоогүй болно.
Шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн тухайд: 2014 оны 10 дугаар сарын 27-ны үүрээр 0322 цагт “Улаан” дэлгүүрийн камерт юүдэнтэй малгайтай цамцтай хүн гүйж байгаа бичлэг байдаг бөгөөд 0335 цагт хохирогчийн гэрээс “хүн хутгалуулсан тухай” дуудлага өгсөн байдаг. “Улаан” дэлгүүрийн камерын бичлэгийг удаа дараа үзэхэд М.Эрдэнэ-Отгонтой огт төсгүй түүнээс арай биерхүү хүн харагддаг. Г.Бямбадоржийг хутгалсан хэргийн жинхэнэ эзэн холбогдогч тогтоогдоогүй бөгөөд хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.1 дэх заалтад зааснаар түдгэлзүүлж, М.Эрдэнэ-Отгонд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн дүүрэн нотлогдоогүй бөгөөд тус хэрэг нь өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хэд хэдэн удаа орж шүүгдэгчийг цагаатгаж байсан юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгонд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд заасан хэргийг шалгахдаа дутуу шалгасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Данзандорж хяналтын шатны шүүх хуралдаанд: Энэ хэрэг нь өнөөдрийн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаантай нийлээд нийт 9 удаа шүүхээр орж байгаа юм. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргаж байгаа 10 үндэслэлийг давж заалдах шатны шүүх нийт 4 удаа хэлэлцсэн. Шүүгдэгчийн үйлдсэн үйлдэл хөдөлшгүй нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзэж байгаа юм. Өмгөөлөгч нар шүүх хууль зөрчсөн гэж байнга тайлбарладаг бөгөөд яг аль хуулийн аль заалтыг зөрчсөн талаар огт тайлбарлаж чаддаггүй юм. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч нь танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч М.Эрдэнэ-Отгон нь согтуугаар 2014 оны 10 дугаар сарын 26-ны шөнө иргэн Г.Бямбадоржийн хэвлий, цээжин тус газар нь хутгалж бие махбодид нь хүнд зэргийн гэмтлийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, М.Эрдэнэ-Отгоны гэм бурууг хэлэлцэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Ямар ч шалтаг шалтгаангүйгээр хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан шүүгдэгч М.Эрдэнэ-Отгоны үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудад үндэслэн тал бүрээс нь хянаж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэж тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх М.Эрдэнэ-Отгонд ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчмыг үндэслэн, шүүгдэгчийн хувийн байдал болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь тохирсон байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа нарын “хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 70Б дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Орших, Н.Болормаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН