Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1100

 

Д.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,       

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00446 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Түвшинжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Саусгоби сэндс” ХХК-д холбогдох        

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 600 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Түвшинжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Боорчи

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Түвшинжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие "Саусгоби сэндс" ХХК-д 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ажилтнаар ажилласан. 2015 оны 11 дүгээр сараас эхлэн уурхай сул зогсолттой байсан. Гэтэл орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсныг надад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр утсаар мэдэгдэж 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01/118-R дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гардуулсан. Уг тушаалыг эс зөвшөөрч анх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон бүтцийн өөрчлөлтийг цомхотгол хийх эрхгүй этгээд хийж ажлаас халсан. Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлд авагдсан тус компанийн дүрмийн 8.7.ж заалтад гүйцэтгэх захирал компанид бүтцийн өөрчлөлтийг дангаар хийх эрх олгогдоогүй, зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг үндэслэн хийх эрхтэй байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаагаар тус компани орчуулгын алдаа гэдэг нэрийдлээр 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Гүйцэтгэх захирал дангаар бүтцийн өөрчлөлт хийх эрхтэй болгож дүрэмд өөрчлөлт оруулсан байсан. Бид Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тул уг асуудлыг шийдвэрлэх хүртэл нэхэмжлэлээ түр татан авсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд гүйцэтгэх захирал компанид бүтцийн өөрчлөлт хийх эрхтэй этгээд мөн эсэх, нэхэмжлэгчид ажлаас халах тухай мэдэгдлийг 45 хоногийн өмнө өгсөн, нэг сарын тэтгэмж олгосон гэдэгт маргаангүй. Гэхдээ тус компанийн дотоод журмын 15.1.4-т хариуцсан хэлтсийн даргын саналыг үндэслэн ажилтныг чөлөөлөх тухай заасан бөгөөд нэхэмжлэгчийг чөлөөлөх мэдэгдэл өгснийг түүний хэлстийн дарга мэдээгүй байсан. Мөн нэхэмжлэгчид өгсөн мэдэгдэлд нүүрсний зах зээлийн төлөв сайжрахгүйгээс компанийн хэмжээнд бүх төрлийн зардлыг бууруулах зорилгоор орон тоо хасах болсон гэж дурдсан боловч энэ үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгчийн ажлын байрыг хассанаар хэдий хэмжээний зардал хэмнэж байгаа  нь тодорхойгүйгээс гадна мэдэгдэлд дурдсан бүх төрлийн зардлаа хэмнэх зайлшгүй шаардлага бий болсноо баримтаар нотлоогүй. Зардал хэмнэж байна гэсэн хэрнээ нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэст хөдөлмөрийн эрүүл ахуйч гэсэн орон тоог шинээр бий болгож өөр хүнийг ажилд томилж авснаас зардал хэмнэх агуулга харагдахгүй байна. Мөн Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 дүгээр тушаалаар батлагдсан нормативаар байгууллага 50-100 хүртэл ажилтантай тохиолдолд нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтантай байхаар заасан. Гэтэл тус байгууллага нэхэмжлэгчийн орон тоог цомхотголд оруулж хассанаараа уг журмыг зөрчсөн үйлдэл болсон. Иймд Д.Түвшинжаргалыг "Саусгоби сэндс" ХХК-д аюулгүй ажиллагааны ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 600 000 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч 2015 оны 11 дүгээр сараас ажлаас чөлөөлөгдөх хүртэл сул зогсолтын үеийн цалин хөлс буюу авбал зохих цалин хөлсний 60 хувийн цалинг авч байсан тул үндсэн цалин хөлсний дундаж олговрыг тооцож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Боорчи шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Саусгоби сэндс" ХХК Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Овоот толгой нүүрсний ил уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд нүүрсний эрэлт буурсантай холбоотой компаний тогтвортой үйл ажиллагаа тасалдаж зардлаа бууруулах, хэмнэлт хийх шат дараалсан арга хэмжээ авахад хүрсэн. Орон тоо хасах нь дээр дурдсан арга хэмжээний нэг бөгөөд тус гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар 364 орон тоотой байсныг 349 болгож 15 орон тоо хасагдсан. Д.Түвшинжаргалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлөх болсныг 45 хоногийн өмнө буюу 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн. Улмаар гүйцэтгэх захирлын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01/118-R дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэг сарын тэтгэмж олгосон. Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 дүгээр тушаалд байгууллага 100-с дээш ажилтантай бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэцтэй байхаар заасан. "Саусгоби сэндс" ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэстэй бөгөөд үүнд "аюулгүй ажиллагааны мэргэжилтэн", "аюулгүй ажиллагааны сургагч", "аюулгүй ажиллагааны ажилтан" тус бүр 2 орон тоо байсныг бүтцээр нь хассан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэс 19 орон тоотой байснаас 17 болсон. Мөн байгууллагын хэрэгцээ шаардлага, эрх хэмжээнийхээ хүрээнд хөдөлмөрийн эрүүл ахуйч гэсэн орон тоог шинээр нэмсэн нь үнэн. Байгууллага бүтцийн өөрчлөлт хийж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хууль холбогдох дүрэм, журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар "Саусгоби сэндс" ХХК-д холбогдуулан аюулгүй ажиллагааны ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 600 000 төгрөг гаргуулах, нийгмийн балон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Д.Түвшинжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж байна. Би 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн 2015 оны А/114 тоот тушаалыг зөрчсөн, өөр ажил санал болгоогүй, эдийн засгийн хямралаас болж орон тоо хассан талаар хариуцагч тал нотлоогүй. "Саусгоби сэндс" ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн ба Хөдөлмөрийн эрүүл ахуйчийн орон тоог нэмж ажилтан авсан ба аюулгүй ажиллагааны ажилтан гэдэг орон тоог хассаныг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдэл авснаар мэдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар орон тоо хассан бол өөр ажил санал болгох, хөдөлмөрийн эрүүл ахуйчийн ажилд авах боломжтой байтал энэ талаар мэдэгдээгүй, боломж олгоогүй, үүргээ хэрэгжүүлээгүйгээс ажлаас халагдсан байдлыг анхан шатны шүүх дүгнэж үзсэнгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Д.Түвшинжаргал хариуцагч “Саусгоби сэнд” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13 600 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагчаас эс зөвшөөрч, тус байгууллага нь  эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрчлөн байгуулагдсанаар ахлах нягтлан бодогчийн орон тоо хасагдсан тул хуульд зааснаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

 “Саусгоби сэндс” ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тус компанийн аюулгүй ажиллагааны ажилтан Д.Түвшинжаргалтай 3 сарын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг, 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хугацаагүй гэрээ болгон хөдөлмөрийн гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулан ажиллуулсан байна. /хх-ийн 9-14/

Хариуцагч “Саусгоби сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01/118-R дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, Хөдөлмөрийн дотоод журмын 6.1 дэх заалтыг баримтлан орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 4/

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 45 хоногийн өмнө мэдэгдэж, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоснийг талууд маргаагүй.

Хариуцагч “Саусгоби сэндс” ХХК-иас байгууллага бүтцийн өөрчлөлт хийж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

"Саусгоби Сэндс" ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлын тус компанийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 16/31R тушаалаар, нэхэмжлэгчийн буюу “Аюулгүй ажиллагааны ажилтан”-ны орон тоо хасагдсан болох нь зохигчдын тайлбар, "Саусгоби Сэндс" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 15/313-R дугаар, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16/31-R дугаар тушаал зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Иймд ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг буруутгах үндэслэлгүй гэж үзнэ. /х.х-ийн 75-84/

Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирал ажлын байрны орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх эрхгүй гэж давж заалдах гомдол гаргасан боловч хариуцагч “Саусгоби сэндс” ХХК-ийн дүрмийн 8.7в, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1, 15.1.2-т зааснаар гүйцэтгэх захирал ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч байгууллага “Аюулгүй ажиллагааны ажилтан”-ны орон тоог хасаж, “хөдөлмөрийн эрүүл ахуйч”-ын орон тоог шинээр нэмсэн бөгөөд нэхэмжлэгч нь уг албан тушаалд өөрийгөө ажиллуулах боломжтой байсан гэх тайлбар гарган маргадаг.

Шинээр бий болгосон “Хөдөлмөрийн эрүүл ахуйч”-ийн ажил, үүрэг нь чиг үүргийн хувьд “Аюулгүй ажиллагааны ажилтан”-аас өөр, нэхэмжлэгч Д.Түвшинжаргалын бакалаврын хэмжээнд эзэмшсэн мэргэжил нь хөдөлмөрийн эрүүл ахуйчийн ажлын байранд тохирохгүй гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэж заасан нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах ажил олгогчийн үүрэгтэй холбоотой зохицуулалт юм. Иймд орон тоо хасагдсан ажилтанг адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэг хариуцагч "Саусгоби Сэндс" ХХК-д үүсэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2017/00446 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

                                                                     ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                             Д.БАЙГАЛМАА