Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2017/00446

 

 

 

 

 

 

 

 

 

  2017 оны 02 сарын 17 өдөр

             Дугаар 183/ШШ2017/00446

                           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж 28-2 тоотод оршин суух, Дүндүүш овогт Даваадоржийн Түвшинжаргал /Регистрийн дугаар:УХ82052735/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул  дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Махатма ганди, 22, Монннис билдинг 8 давхарт байрлах  “Саусгоби сэндс” ХХК /Регистрийн дугаар:5084555/-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 13,600,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Боорчи, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Тайванжаргал нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                               

                                                                                              

Нэхэмжлэгч Д.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэгч Д.Түвшинжаргал  миний бие “Саусгоби сэндс” ХХК-д 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны  ажилтнаар ажиллаж ирсэн. 2015 оны 11 сараас эхлэн уурхайн үйл ажиллагаанаас хамаарч сул зогсолттой байсан. 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Овоот уурхай руу маргааш явахаар боллоо гэж хэлсэн боловч маргааш нь явахаа болилоо гэсэн. Гэтэл орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсныг хүний нөөцийн газраас надад 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр утсаар мэдэгдсэн. Дараа нь бичгээр мэдэгдэл өгсөн. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01/118-R тушаалаар орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалыг надад 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гардуулсан. Би эхнэр бага насны 4 хүүхэдтэй тул мэдэгдэл авснаас хойш байгууллагын удирдлагатай удаа дараа уулзах гэж үзсэн.  Уг тушаалыг эс зөвшөөрч анх 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон бүтцийн өөрчлөлтийг цомхотгол хийх эрхгүй этгээд хийж ажлаас халсан. Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлд авагдсан тус компанийн дүрмийн 8.7.ж заалтад Гүйцэтгэх захирал компанид бүтцийн өөрчлөлтийг дангаар хийх эрх олгогдоогүй, зөвхөн хувьцаа эзэмшигчдийн  хурлын шийдвэрийг үндэслэн хийх эрхтэй байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаагаар тус компани орчуулгын алдаа гэдэг нэрийдлээр 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Гүйцэтгэх захирал дангаар бүтцийн өөрчлөлт хийх эрхтэй болгож дүрэмд зарчмын өөрчлөлт оруулсан байсан.  Уг асуудлаар бид Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан тул уг асуудлыг шийдвэрлэх хүртэл нэхэмжлэлээ түр татан авсан байсан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Гүйцэтгэх захирал компанид бүтцийн өөрчлөлт хийх эрхтэй этгээд мөн эсэхэд маргахгүй. Мөн нэхэмжлэгчид ажлаас халах тухай мэдэгдлийг 45 хоногийн өмнө өгсөн, нэг сарын тэтгэмж олгосон гэдэгт маргаангүй.

Гэхдээ тус компанийн дотоод журмын 15.1.4-т хариуцсан Хэлтсийн даргын саналыг үндэслэн ажилтныг чөлөөлөх тухай заасан. Гэтэл нэхэмжлэгчийг чөлөөлөх гэж мэдэгдэл өгснийг түүний хэлстийн дарга мэдээгүй байсан. Мөн нэхэмжлэгчид өгсөн мэдэгдэлд нүүрсний зах зээлийн төлөв сайжрахгүйгээс компанийн хэмжээнд бүх төрлийн зардлыг бууруулах зорилгоор орон тоо хасах болсон гэж дурдсан байна. Гэтэл энэ үндэслэлээ хариуцагч баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгчийн ажлын байрыг хассанаар хэдий хэмжээний зардал хэмнэж байгаа болох нь тодорхойгүйгээс гадна  мэдэгдэлд дурдсан бүх төрлийн зардлаа хэмнэх зайлшгүй шаардлага бий болсон болохоо баримтаар нотлоогүй байна. Зардал хэмнэж байна гэсэн хэрнээ нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэст Хөдөлмөрийн эрүүл ахуйч гэсэн орон тоог шинээр бий болгож өөр хүнийг ажилд томилж авсан байгаагаас зардал хэмнэх агуулга харагдахгүй байна.  

Мөн Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 дүгээр тушаалаар батлагдсан нормативаар байгууллага 50-100 хүртэл ажилтантай тохиолдолд нэг ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтантай байхаар заасан. Гэтэл тус байгууллага нэхэмжлэгчийн орон тоог цомхотголд оруулж хассанаараа уг журмыг зөрчсөн үйлдэл болсон.

Иймд нэхэмжлэгч Д.Түвшинжаргалыг “Саусгоби сэндс” ХХК-д “Аюулгүй ажиллагааны ажилтан”-ы ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,600,000 төгрөг гаргуулж өгнө үү.  Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сараас эхлэн ажлаас чөлөөлөгдөх хүртэл сул зогсолтын үеийн цалин хөлс буюу авбал зохих цалин хөлсний 60 хувийн цалинг авч байсан тул үндсэн цалин хөлсний дундажаас олговорыг тооцон нэхэмжилж байна. Мөн Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Саусгоби сэндс” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Боорчи шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Саусгоби сэндс” ХХК нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Овоот толгой нүүрсний ил уурхайд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн жилүүдэд нүүрсний эрэлт буурсантай холбоотойгоор компанийн тогтвортой үйл ажиллагаа тасалдах болж зардлаа бууруулах, хэмнэлт хийх шат дараалсан арга хэмжээ авахад хүрсэн. Орон тоо хасах  нь дээр дурьдсан арга хэмжээний нэг байсан бөгөөд тус байгууллагын Гүйцэтгэх захирлын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар нийт 364 орон тоотой байсныг 349 орон тоотой болгож багасгасан. Хасагдсан орон тоонд нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Аюулгүй ажиллагааны ажилтан”-ы орон тоо багтсан. Нийтдээ уг бүтэц орон тооны өөрчлөлтөөр 15 орон тоо хасагдсан. Нэхэмжлэгч Д.Түвшинжаргалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсныг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 45 хоногийн өмнө 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр мэдэгдсэн.  Улмаар Гүйцэтгэх захирлын 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01/118-R тушаалаар түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэг сарын тэтгэмжийг олгосон.

Хөдөлмөрийн сайдын 2015 оны  А/114 дүгээр тушаалд байгууллага 100-с дээш ажилтантай бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэцтэй байна гэж заасан байдаг. “Саусгоби сэндс” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэстэй бөгөөд үүнд “аюулгүй ажиллагааны мэргэжилтэн”, “аюулгүй ажиллагааны сургагч”, “аюулгүй ажиллагааны ажилтан” тус бүр 2 орон тоо байснаас “аюулгүй ажиллагааны ажилтан” гэсэн 2 орон тоог бүтцээр хассан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан уг хэлтэс гэхэд 19 орон тоотой байснаас 17 орон тоотой болсон. Мөн байгууллагын хэрэгцээ шаардлагаар эрх хэмжээнийхээ хүрээнд тус хэлтэст Хөдөлмөрийн эрүүл ахуйч гэсэн орон тоог шинээр нэмсэн нь үнэн.

Бүтэц орон тооны өөрчлөлтөөр дан ганц нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлаагүй, бусад ажилтнуудад ч мөн адил мэдэгдэл өгч гэрээг цуцалсан. Нэхэмжлэгчид харин мэдэгдлийг хожуу өгсөн. Байгууллага бүтцийн өөрчлөлт хийж нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох дүрэм, журмыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:                                                                                                       

                                                                                                                                                                                                                         

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д.Түвшинжаргал нь “Саусгоби сэндс” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 13,600,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           Нэг талаас ”Саусгоби сэндс” ХХК, нөгөө талаас Д.Түвшинжаргал нар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулан, мөн өдрөөс нэхэмжлэгч тус компанид Аюулгүй ажиллагааны ажилтнаар ажиллаж эхэлжээ. Талууд 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байхаар нэмэлт өөрчлөлт оруулан, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсчээ. /хх 9-13/

Тус компанийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01/118-R дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, Хөдөлмөрийн дотоод журмын 6.1 дэх заалтыг баримтлан орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгч Д.Түвшинжаргалтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс цуцалж, дуусгавар болгосон байна. /хх-4/

           “Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 16/31R тушаалаар тус компанийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж,  улмаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Аюулгүй ажиллагааны ажилтан”-ы орон тоо хасагдсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх 75-84/

          Зохигчид нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр бүтэц, орон тооны өөрчлөлтөөр хасагдсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу захиргаа ажилтанд ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг 45 хоногийн өмнө мэдэгдсэн, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон үйл баримтуудад маргаагүй байна. 

          Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тус байгууллагын дотоод журмын 15.1.4-т зааснаар хариуцсан Хэлстийн даргаас санал авах журмыг, Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 дүгээр тушаалд заасан нормативыг тус тус зөрчсөн, мөн захиргаа бүтцийн өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлага бий болсноо баримтаар нотлоогүй, хэмнэлт хийж орон тоо хассан гэсэн мөртлөө шинээр орон тоо бий болгосон тул тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлав.

          Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах нормативыг батлах тухай Хөдөлмөрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/114 дүгээр тушаалын 1 дүгээр заалтад 100-с дээш ажилтантай байгууллага Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтэстэй байхаар зохицуулсан байх ба хэрэгт авагдсан нотлох баримтаар “Саусгоби сэндс” ХХК нь 100-с дээш тооны ажилтантай, зохион байгуулалтын нэгжид “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэс”-тэй байсан, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн бүтэц орон тооны өөрчлөлтөөр уг хэлтэс хэвээр, харин ажилтны орон тоог 17 болгон цөөрүүлсэн ч “аюулгүй ажиллагааны мэргэжилтэн”, “аюулгүй ажиллагааны сургагч” гэсэн орон тоотой болох нь тогтоогдож байна. Иймд захиргаа нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоог хассанаар Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/114 дүгээр тушаалаар батлагдсан нормативыг зөрчсөн  гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

            Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар аль нэг талын гаргаж буй санаачлага нь ажил олгогч ба ажилтны хооронд тогтоосон хөдөлмөрийн харилцааны үйлчилгээг  зогсоох талаар бие даан,  нөгөө талд илэрхийлж буй хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд хэрэгт нотлох баримтаар авагдсан тус компанийн дүрмийн 8.7.в, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1, 15.1.2-т зааснаас үзвэл Компанийн гүйцэтгэх захирал ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна. Мөн тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 15.1.4 дэх заалт нь Хэлтсийн даргын саналыг үндэслэж захиргаа ажилтныг ажлаас чөлөөлөх талаар зохицуулаагүй харин эсрэгээрээ Хэлтсийн дарга, Уурхайн дарга нь өөрийн хариуцсан ажилтнаа ажлаас чөлөөлүүлэх талаарх саналыг Захиргаанд гаргах талаар зохицуулсан заалт байна. Иймд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө харьяа Хэлтсийн даргаас саналыг аваагүй чөлөөлсөн нь Хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

           Түүнчлэн байгууллага өөрийн зорилго зорилтоо хэрэгжүүлэхэд шаардагдах ажиллах хүч, зохион байгуулалтын арга хэлбэрээ өөрөө тогтоох эрхтэй тул бүтцийн өөрчлөлт хийх бодит хэрэгцээ шаардлага байгаагүй, орон тоо хассан гэсэн мөртлөө шинээр орон тоо бий болгосон, нэхэмжлэгчийн орон тоог хассанаар бодит хэмнэлт гарсан болохоо баримтаар нотлоогүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь түүнийг ажлаас чөлөөлөх болсон тушаалын хууль зүйн үндэслэлд хамааралгүй байна.

            Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр татан авсан ч дахин 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх  нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн болно.

            Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдөх тул тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                        

                                                                                                             ТОГТООХ нь: 

            

 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Саусгоби сэндс” ХХК-д холбогдуулан Аюулгүй ажиллагааны ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,600,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэгч Д.Түвшинжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                О.ОДГЭРЭЛ