Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 21

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа  даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1974 оны 11-р сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, 43 настай, дээд боловсролтой, гадаад албаны ажилтан мэргэжилтэй, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5-р баг, Олон Овоот 2-5 тоотод оршин суух, /РД: УЖ 74112514/ Үст овогт Чимэдрэгзэнгийн Ганцацралын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Улаанбаатар хот 1977 оны 7-р сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй, 40 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 2-р баг, 49-р байрны 16 тоотод оршин суух, Тэргүүн талст транс ХХК-ний захирал ажилтай, /РД: ЧТ77070411/ Мөнх Ёст хатагин овогт Батмөнхийн Мөнгөнсүхэд холбогдох 45.400.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12-р сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ганцацрал, хариуцагч Б.Мөнгөнсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Ч.Ганцацрал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ганцацрал би Б.Мөнгөнсүхийн эксковаторыг нэг сард 10.000.000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, түүний 50001023050000021 дансруу нь 2014-05-13-ны өдөр өөрийн 5007133379 данснаас 33640 ам долларыг шилжүүлсэн. Удалгүй Б.Мөнгөнсүх нь эксковатор түрээслэхээ больсон тул 2014-09-06-ны өдөр тооцоо нийлэхэд 45400000 төгрөгийг надад өгөхөөр болж тооцоо нийлсэн бичвэр үйлдсэн. Мөнгийг 2014 оны 10-р сард багтаан буцаан төлөхөөр тохиролцсон боловч Б.Мөнгөнсүх нь одоог хүртэл нэг ч төгрөгийг буцаан төлөөгүй. Иймд Б.Мөнгөнсүхээс ашиглаагүй түрээсийн мөнгө 45400000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Мөнгөнсүх нь шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Мөнгөнсүх миний бие эксковатор түрээслэж мөнгө аваад дуусаагүй 45.400.000 төгрөгний барьцаанд тавьсан молотокоо тухайн үед 3100 доллараар авсан. Түүнийгээ мөнгөө төлж чадахгүй учир /бүх ажлууд зогсоод эксковаторыг ХАС банкны лизинг компаний төлбөрөө төлөөгүй хураалгасан/ үүгээрээ хаая гэж ярьсан байсан. Тийм учир энэ барьцаагаараа төлбөрийг хаах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Б.Мөнгөнсүхээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Ганцацрал, Ren Dewen нартай ярилцаж тохиролцоод эксковатор түрээслүүлсэн. 2014-5-13-ны өдөр надад 33640 ам долларыг өгсөн нь үнэн. Энэ мөнгөний тал Ren Dewen-ий мөнгө юм. Эксковаторыг ХАС банкны лизинг компаний төлбөрөө төлөөгүй учир хураалгасан. Энэ мөнгийг Ч.Ганцацрал ганцаараа нэхэмжлэх эрхгүй, дараа нь Ren Dewen надаас мөнгө нэхэмжилвэл би яах вэ, тийм учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Ч.Ганцацрал нь хариуцагч Б.Мөнгөнсүхээс 45.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: Хариуцагч Б.Мөнгөнсүх эксковаторыг нэхэмжлэгч Ч.Ганцацралын эзэмшилд шилжүүлж, түрээсийн төлбөр 33640 ам долларыг 2014-5-13-ны өдөр түүний хүсэлтийн дагуу ХАС банкны лизингийн дансруу шилжүүлсэн байна. 2014-9-6-ны өдөр 45.400.000 төгрөгний үлдэгдэл дээр тооцоо нийлж үүн дээр зохигч маргаагүй болно. Эксковатор түрээслэх хугацаа дуусгавар болоогүй байхад түрээслэсэн эд хөрөнгө нь хураагдсан байх тул түрээсийн төлбөрийн үлдэгдэл 45.400.000 төгрөгийг хариуцагч Б.Мөнгөнсүхээс гаргуулж нэхэмжлэгчид Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.1, 319.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч нь эксковаторыг Ч.Ганцацрал, Ren Dewen нар хамтран хөрөнгө гаргаж түрээслэсэн гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч энэ 2014-5-13-ны өдөр Мөнгөнсүхийн хүсэлт тавьсны дагуу ХАС банкны лизингийн төлбөрлүү мөнгийг Ч.Ганцацралын данснаас 50001023050000021 дансруу шилжүүлсэн болох нь нотлогдож байна. Хавтаст хэргийн 42-р талд авагдсан бичгийн нотлох баримтаар 2014-5-12-ны өдөр /Ren Dewen/-гээс шилжсэн гэх мөнгө нь Ч.Ганцацралын 5-р сарын 13-ны шилжүүлсэн гэх мөнгөний тооцоонд орсон эсэх нь нотлогдохгүй байна.

Ren Dewen нь энэ нэхэмжлэлийн хамтран нэхэмжлэгч гэсэн тайлбарыг гаргасан боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүхээс Ren Dewen нь энэ төлбөрийн асуудалтай хамраалтай юм бол гэрч, гуравдагч этгээдээр татах эрхтэй болохыг тайлбарласан боловч энэ талаар шүүхэд ямар нэг хүсэлт гаргаагүй. Шүүхээс хариуцагч Б.Мөнгөнсүхэд өмгөөлөгч авах эрхтэй болохыг тайлбарласан ба мөнгөний боломжгүй байсан учир өмгөөлөгч авч чадаагүй, төлбөрийн асуудлыг шийдвэрлэж байж өмгөөлөгч авна гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан ба уг хүсэлтийг гаргах боломжит хугацаа хариуцагчид байсан, шүүхээс энэ талаархи эрхийг нь тайлбарлаж өгч эдлүүлсэн болно.                 

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 385000 төгрөгнөөс илүү төлсөн 50 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар

Зүйлийн115.2.1, 116,118 дугаар зүйлд тус тус

заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

            1. Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.1, 319-р зүйлийн 319.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мөнх Ёст хатагин овогт Батмөнхийн Мөнгөнсүхээс 45.400.000 /дөчин таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч, Үст овогт Чимэдрэгзэнгийн Ганцацралд олгосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, ИХШХШТ хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Ганцацралын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 384950 төгрөг улсын орлого болгож, хариуцагч Б.Мөнгөнсүхээс 384950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44-р зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар илүү төлсөн 50 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Ганцацралд буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Т.БОЛОРМАА