Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 00110

 

 

 

 

 

 

 

 

                                        Б.Батхуягийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00407 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Батхуягийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Отгондарь, Я.Мөнхболд нарт холбогдох

“Гэм хорын хохирол 8.037.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Я.Мөнхболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнгөнцэцэг, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Миний хадам дүү Үнэнбаяр нөхрөөс өөрийн машинаа манай хашаанд үлдээгээд Батхуяг ахын нэр дээр байдаг бид 2-ын эзэмшлийн машин хьюндо пит маркийн 04-59УБЧ дугаарын машиныг гуйж аваад явсан. Гэтэл миний дүү Үнэнбаяр нь Хөвсгөл рүү найзуудтайгаа амрах маягаар унаж явсан байсан. Үнэнбаярын айлын гадаа тавьсан машины түлхүүрийг хамт явж байсан найз Эрдэнэчимэг нь Мөнхболдод дур мэдэн өгч, Мөнхболд болон түүний эхнэр Отгондарь нар нь Үнэнбаярт мэдэгдэлгүй манай машиныг унаж цааш явсан байдаг. Ингээд цааш явах үед Мөнхболд нь согтуугаар жолоо барьж, түүний эхнэр Отгондарь мөн нэлээн согтолттой согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай хоорондоо хэрэлдэж муудалцсанаас машин унаж онхолдсон. Тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлын үнэлгээ 4,500,000 төгрөгөөр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлд заасан гэмт хохирлын хэмжээ хүрэхгүй, хохирогчид гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй болсон байх тул Хөсгөл аймгийн цагдаагийн газрын санаалыг үндэслэж Прокурорын газрын Хяналтын прокурор Г.Даваахүүгийн үйлдсэн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрий 499 дүгээр тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Бидний өөрсдийн амьдарч байсан байр маань хүүхдүүдийн сургуулиудаас нилээд алслагдмал учир хүүхдүүдийнхээ сургуульд ойрхон 2 өрөө байр түрээсэлж, амьдрах шаардлага гарсан. 2015 оны 11 дүгээр сараас хойш 2016 оны 06 дугаар сар хүртэл сарын тутам 400,000 /дөрвөн зуун төгрөгийн түрээстэй байр түрээслэж, амьдарсан түрээсийн төлбөр нийт 1,930,000 төгрөгийн төлбөр зэрэг осол хэрэгтэй холбогдон бидэнд учирсан хохирол, зардал, төлбөрийг хариуцан арилгах үүрэгтэй хэмээн үзэж байна

Иймд эд зүйлийн үнэлгээний дагуу тогтоосон машины үнэ 4,500,000 төгрөг, Хөсгөлөөс Эрдэнэт рүү унасан машинаа тээвэрлүүлсэн зардал, тээврийн хөлс 500,000 төгрөг, Ослын газар луу явж ирсэн зардалд 140,000 төгрөг, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт уг осолтой холбоотой гаргасан гомдлын дагуу ирж, очсон замын зардал 200,000 төгрөг, хувийн унаагүйн улмаас сургуулийн хажууд түрээсэлж амьдарсан орон сууцны түрээсийн төлбөрт 1,930,000 төгрөг, холбогдох браит гэрчлүүлсэн нотариатын зардал 5000 төгрөг, эрүүгийн хэрэг төв архивт тушаасан 12000 төгрөг, нийт 17,000 төгрөг, өмгөөллийн хөлс 750,000 төгрөг нийт 8,037,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Я.Мөнхболд шүүхэд гаргасан тайлбартаа: Хюнда Пит маркийн 04-59 УБЧ машиныг 4500,000 төгрөгөөр үнэлсэнг зөвшөөрөхгүй байгаа тул дахин үнэлгээ хийлгэж үнэн бодитоор үнийг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн орон сууцны түрээсийн төлбөр 1930,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс гэх 750,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэн зөвшөөрөхгүй. Энэ уг машиныг барих гэж бариагүй, машиныг авч явсан Үнэнбаяр түлхүүрээ үлдээгээд явсан учраас аргагүй эрхэнд барьж явсан. Иймээс Үнэнбаяр ч хохирол төлбөрөөс хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд машины үнэлгээ хийлгэн гаргасан зардлуудыг бодитой тогтоолгосны дараа төлбөр төлөх эсэх асуудлыг хариуцна гэжээ.

Хариуцагч Б.Отгондарь шүүхэд гаргасан тайлбартаа: А.Мөнгөнцэцэгээс Б.Отгондарь холбогдуулан 8,037,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцаад Б.Отгондарь миний бие тайлбар гаргаж байна. Б.Отгондарь миний бие нь тухайн үед Хюнда Пит унаж яваагүй. Миний бие нь хариуцлага хүлээхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 142/2017/ШШ00407 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Б.Отгондарь холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Я.Мөнхболдоос 3.005.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батхуягт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.031.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 143.542 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Я.Мөнхболдоос 63,040 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Батхуягт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Я.Мөнхболд давж заалдсан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагч надаас 3.005.600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай өмгөөлөгч С.Оюунцэцэг машиныг Хөвсгөлөөс тээвэрлэж ирсэн зардал 500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөнө гэж хэлснээс үүдэн 2.505.600 төгрөг дээр 500.000 төгрөг нэмэгдсэн. Хэргийн 37 дугаар хуудсанд авагдсан 500.000 төгрөгийн баримтыг нотлох баримт гэж үзэхгүй байна. А.Мөнгөнцэцэг нь бүтэн 1 жил гаруй хугацаа өнгөрсний дараа хуурамч баримт бүрдүүлэн өгсөн гэж үзэж байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.Батхуяг гэм хорын хохирол 8.037.000 төгрөгийг хариуцагч Я.Мөнхболд, Б.Отгондарь нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч  нар шаардлагыг зөвшөөрөхгүй маргажээ.

Хариуцагч Я.Мөнхболд нь 2015 оны 3 дугаар сарын 4-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашиныг жолоодож явахдаа авто осол гаргасны улмаас нэхэмжлэгч Б.Батхуягын эзэмшлийн Хюндо Пит маркын 0459 УБҮ улсын дугаартай автомашиныг эвдэж хохирол учруулсан болох нь тогтоогдсон ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгч Б.Батхуяг автомашины эвдэрсэн эд ангийг 4.500.000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх “Лэндс” ХХКомпанийг эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох шинжээчээр томилж улмаар 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Ш/17/18 дугаартай шинжээчийн дүгнэлтээр уг автомашины эвдэрсэн эд ангийн үнэ 2.405.700 төгрөг, сэлбэг эд ангийг солих засварлах ажлын хөлс 485.00 төгрөг, нийт хохирлыг 2.890.700 төгрөгөөр тооцсон ба талууд үнэлгээний талаар маргаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас автомашинд учирсан нийт хохирол 2.890.700 төгрөг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Орхон аймаг хүртэл тээвэрлэсэн зардал 500.000 төгрөг, осол болсон газар луу ирж, очсон зардлыг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 82.900 төгрөг, бусад зардал 17.000 төгрөг нийт 3.005.600 төгрөгийг хариуцагч Б.Батхуягаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 5.031.400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцсэн байна.

Харин шүүх хариуцагч Б.Оюундарийн гэм буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч Б.Батхуягын автомашинд хохирол учруулсан болох нь нотлогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн атлаа түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “... иргэний хэрэг үүсгэснээс хойш 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх, хариуцагч Б.Отгондарийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэм хорын хохирол учраагүй  болох нь тогтоогдсон тохиолдолд хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой юм.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Б.Отгондарьд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд харуицагч Я.Мөнхболдын буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч Б.Батхуягийн эзэмшлийн Хюндо Пит маркын автомашин авто замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болж эвдэрсэн болох нь тогтоогдсон ба хариуцагч Я.Мөнхболд нь уг автомашиныг тээвэрлэхэд 500.000 төгрөгийн зардал гарахгүй гэх татгалзлаа нотолж чадаагүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний гаргасан “...хохирол 3.005.600 төгрөгнөөс 500.000 төгрөгийг хасч шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00407 дугаар шийдвэрийн 1 дэх заалтанд “...хэргийг гэснийг нэхэмжлэлийг...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч Я.Мөнхболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15.650 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

 

                          ШҮҮГЧИД                                                Б.БАТТӨР

                                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ