Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 00113

 

 

 

 

 

 

 

 

                               Ц.Батхуягийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 433 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ц.Батхуягийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох

“Сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус болохыг тогтоолгох, хууль бусаар суутган авсан цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Батхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ц.Батхуяг нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах үйлдвэрт орлогч даргаар ажилладаг ба өөрийн хариуцсан ажил үүргээ гэрээнд заасны дагуу ажил үүргээ хангалттай гүйцэтгэж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа аливаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй. Гэтэл Ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/60 дугаартай тушаалаар намайг албан үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандаж, үйлдвэрийн өмч хөрөнгийн ашиглалтанд тавих хяналтыг сулруулж, компанийн эд хөрөнгийн хохирол учрах нөхцлийг бүрдүүлж, эд хөрөнгийг завшин үрэгдүүлэх боломж бололцоог олгосон хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж 2016 оны 12 дугаар сараас эхлэн үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус байх тул дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

Тус тушаалаас үзвэл ямар эд хөрөнгийг хэн, хэзээ, яаж завшсан, тэр нь миний хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ямар үүрэг хариуцлагад хамаарч байгаа тухай, миний бие ямар үүргээ биелүүлээгүй тухай байдлыг нягтлан шалгаж тоггоохгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй сахилгын зөрчил гаргасан эсэх нь тодорхойгүй ажилтнуудыг хоморголон хэлмэгдүүлж сахилгын шийтгэл ногдуулж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасныг сахилгын зөрчил гаргаагүй ажилтнуудад хамааруулан хэрэглэж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн шударгаар хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг анхаарна уу. Мөн энэхүү сахилгын зөрчил гаргасан талаар надаас огт тайлбар аваагүй бөгөөд энэхүү сахилгын зөрчил гарсан байдал миний ямар буруутай үйлдэл, эс үйлдэл байгааг тогтоохгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэхүү сахилгын зөрчил гарсан болохыг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мэдсэн атлаа 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б/60 дугаартай тушаалаар Баяжуулах үйлдвэрийн орлогч дарга, хэсгийн дарга, засварын механикч, хэсгийн мастер, ээлжийн мастер, засварчин, бригадын дарга нарт сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг 2 сарын дараа гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчиж шийтгэл ногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/60 дугаартай тушаалаар надад хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, 3 сарын цалинг 20 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус, үндэслэлгүй байх тул надад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, хууль бусаар суутган авсан цалинг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн орлогч дарга Ц.Батхуягийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: "Ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг ойлгоно" гэж заасан бөгөөд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хувьд ажил олгогч нь компанийн Ерөнхий захирал байдаг. Уг албан мэдэгдлийн талаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Удирдлагуудын шуурхай зөвлөгөөн дээр Ерөнхий Захирал Х.Бадамсүрэнд \цаашид "Ажил олгогч гэх\ танилцуулагдсанаар ажил олгогч мэдсэн бөгөөд Б.Хаянхирваа нарын нэр бүхий 4 ажилтны хөдөлмөрийн гэрээг Ерөнхий Захирлын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б\1783 дугаар тушаалаар цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн.

Энэхүү хулгайлагдсан гуулин цөн нь 58,4 кг жинтэй 2016 оны 09 дүгээр сард сольсон 4698 ам.долларын үнэ бүхий ашигласан 11 сарын хугацааны элэгдлийг хасч тооцоход 8,4 сая төгрөгийн үнэтэй байсан. Баяжуулах үйлдвэрээс хулгайлагдсан гуулийн цөнгийн тухайд дутагдал, хохирлын актыг үйлдэж ирүүлэх ёстой байтал уг дутагдлын актыг ирүүлээгүй,

Шинэ техник, технологи хариуцаж ажилладаг орлогч даргын хувиар шинээр худалдаж авсан, ашиглаж удаагүй өндөр үнэтэй бутлуурын эд анги гэмтэж зогссон шалтгаан, цаашид авах арга хэмжээг тусгасан дефектны \гэмтлийн\ акт үйлдээгүй, Ц.Батхуягийн удирдлагад ажилладаг тэргүүлэх механик А.Акылбек нь "шинээр худалдан авсан, цаашид ашиглахаар хадгалж байсан гуулин цөнг цаашид ашиглах боломжгүй хаягдал" гэж Цагдаагийн газарт худал мэдүүлэг өгсөн асуудлыг мэдээгүй байсан эсэх талаар тайлбар ирүүлээгүй,

Шинээр суурилагдсан бутлуурын сольсон, цаашид ашиглахаар хадгалж байсан гуулин цөн хулгайд алдагдаад сар гаруй болсон байхад мэдээгүй, Баяжуулах үйлдвэрт цаашид тоног төхөөрөмж, эд ангийн хулгайн хэрэг гаргахгүй ажиллах талаар болон хулгайн хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулаагүй,

Баяжуулах үйлдвэрт 7,0 тэрбум төгрөгөөр шинээр 2015 оны 10 дугаар сард худалдан аваад, суурилуулж ашиглаж эхэлсэн НР-400 бутлуурын гуулин цөн нь 11 сар болоод буюу бэлтгэн нийлүүлэгчийн гаргаж өгсөн 12-18 сарын баталгаат хугацааны дотор эвдэрч гэмтсэн байхад Ц.Батхуяг нь шинэ техник, технологи хариуцсан орлогч даргын хувьд бэлтгэн нийлүүлэгчид уг 7,0 тэрбум төгрөгийн үнэтэй шинэ бутлуурын эвдэрсэн эд ангийн талаар гомдлын шаардлагыг худалдан авсан гэрээний 5.3-р заалт болон 8-р зүйлийн дагуу гомдлын шаардлага гаргах зэргээр санаачилгатай, хариуцлагатай ажиллаагүй. Нэхэмжлэгч Ц.Батхуягийн гаргасан дээр дурдсан зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хууль, дараах журмуудыг зөрчсөн үйлдэл байсан учраас түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээлгэсэн.

Нэхэмжлэгч Ц.Батхуягийн ажил олгогчийн хувиар хөдөлмөрийн гэрээ байгуулсан, Баяжуулах үйлдвэрээс хулгайн хэрэг бусадтай хамтарч үйлдсэн Б.Хаянхярваад захиргааны зөрчлийг Орхон аймгийн Прокурорын газар хянаж захиргааны шийтгэл ногдуулсан шийдвэрийг болгож 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан үйлдэлд Эрүүгийн 201714000174 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа болно. Дээр дурдсан байдлаар нэхэмжлэгч нь Ц.Батхуяг нь Ажил олгогчийн итгэлийг удаа дараа эвдэж, ажил, үүрэгтээ хариуцлагагүй, хайнга хандаж, Эрдэнэт үйлдвэр ХХК- хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох бусад журмууд, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ болон АБТодорхойлотод заасан ажил, үүргээ зөрчсөн, шинэ техник, технологийн ашиглалт, эвдрэл, гэмтэл болон тэдгээр үр ашиг, зардал, зарцуулалтын байдалд тавих хяналтыг сулруулж ажилласан зэрэг зөрчилд нь түүнд цалин хөлсийг бууруулах сахилгын шийтгэлийг ажил олгогч ногдуулсан нь үндэслэлтэй болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 433 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/60 тоот тушаалаар Ц.Батхуягт сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн нь хууль бус болохыг тогтоож, Эрдэнэт Үйлдвэр ХХК-иас 989 517 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Батхуягт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Батхуягийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ХХК-иас 28 298 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Отгонбаяр давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн орлогч дарга Ц.Батхуягийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн 2017.04.13-нй өдрийн 433 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ц.Батхуяг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт, Ажил олгогчийн баталсан хөдөлмөрийн дотоод журмын 8.8.5 дахь заалт, Ажил олгогч болон ажилтан Ц.Батхуягийн нарын хооронд байгуулсан 2013.06.03-ны өдрийн 11 \218 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 3.4.2, 3.4.3 дэхь заалтуудыг тус тус зөрчсөн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтын дагуу хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй” гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн 2017.04.13-нй өдрийн 433 дугаар шийдвэр, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Батхуяг нь хөдөлмөрийн гэрээний дагуу олгогдох үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан ажил олгогчийн 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн Б/60 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож хууль бусаар суутган авсан 989.517 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч “...БҮ-ийн даргын эзгүйд орлож байхдаа мөн орлогч даргын албан тушаалтны хувиар тодорхой, үндэслэл бүхий хариулт, тайлбар ирүүлээгүй, өндөр үнээр шинээр авсан бутлуурын эд анги эвдэрсэн, хулгайд алдагдсан байхад мэдээгүй, шинэ техник, технологи хариуцаж ажилладаг орлогч даргын хувиар шинээр худалдаж авсан, ашиглаж удаагүй өндөр үнэтэй бутлуурын эд анги гэмтэж зогссон шалтгаан, цаашид авах арга хэмжээг тусгасан гэмтлийн акт үйлдээгүй, хулгайн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулаагүй гэх мэт” зөрчил гаргасан тул сахилгын арга хэмжээ авсан нь хуульд нийцсэн гэсэн үндэслэлээр шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэгч Ц.Батхуягын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан ажил олгогчийн гаргасан тушаалын үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчид авсан сахилгын арга хэмжээг хүчингүйд тооцож, суутгасан цалин 989.517 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасан зохицуулалттай нийцсэн байна.

Ажил олгогч нь нэхэмжлэгч Ц.Батхуягыг тус компаний Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.5-т “ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан” гэж заасны дагуу сахилгын зөрчил ногдуулсныг буруу гэж үзэхээргүй боловч Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “Ажилтан нь албан тушаалын хүрээнд ажлын байрны тодорхойлолтонд заасан ажлыг хийж гүйцэтгэнэ” гэж заасны дагуу түүний ажил үүргийг тодорхойлох гол баримт бичиг болох ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүйгээс нэхэмжлэгчийг ямар ажил үүрэг гүйцэтгэхдээ хэрхэн хайнга хариуцлагагүй хандсан болохыг тогтоох боломжгүй байна.

Учир нь ажил олгогч тал нэхэмжлэгч Ц.Батхуягыг тус байгууллагад хадгалагдаж байсан ажлын байрны тодорхойлолтоо өөрөө аваад буцааж өгөөгүй гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна нэхэмжлэгч Ц.Батхуягыг “...өндөр үнээр шинээр авсан бутлуурын эд анги эвдэрсэн, хулгайд алдагдсан байхад мэдээгүй, шинэ техник, технологи хариуцаж ажилладаг орлогч даргын хувиар шинээр худалдаж авсан, ашиглаж удаагүй өндөр үнэтэй бутлуурын эд анги гэмтэж зогссон шалтгаан, цаашид авах арга хэмжээг тусгасан гэмтлийн акт үйлдээгүй, хулгайн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулаагүй... гэх мэт 10-аад зөрчил гаргасан...” гэж маргасан боловч өөрийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ц.Батхуяг нь Баяжуулах үйлдвэрийн даргын үүргийг түр хугацаагаар орлон гүйцэтгэж байхдаа тус үйлдвэрийн Хууль, эрх зүйн газраас явуулсан 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 130/228 дугаартай албан бичгийн хариуг заасан хугацаанд нь буюу 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр /холбогдох албан тушаалтнуудаас авсан тайлбар болон бусад баримтын хамт нийт 11 хуудас материал/ хүргүүлсэн байх ба ажил олгогч тал нэхэмжлэгчийг “...6 асуултанд үндэслэл бүхий хариулт, тайлбар ирүүлээгүй нь ажилдаа хайнга хандсан”  гэж үзсэн нь  учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч Ц.Батхуягтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.3-т “Хөдөлмөрийн тухай хууль, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ХАБЭА-н бодлого, удирдлагын систем, түүний хавсралт, заавруудыг чанд сахин биелүүлэх” гэж заасан үүрэгтэй холбогдуулан хариуцагч талаас гаргаж ирүүлсэн нотлох баримт болох “Эрдэнэт үйлдвэр ХХКомпанийн Үйлдвэрийн бүс, объектоос бараа материалыг оруулах ба гаргахад мөрдөх журам”, “Хоёрдогч түүхий эдийг борлуулах, гадны байгууллага, хувь хүмүүст төлбөрт үйлчилгээ үзүүлэх журам” болон падаан, актанд  орлогч даргын гүйцэтгэх ёстой үүрэг, тавих хяналт тодорхой заагдаагүй, нэхэмжлэгч Ц.Батхуягын гаргасан зөрчлүүд нь Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.8.5-д заасан үндэслэлд хамаарч байгаа эсэх нь тогтоогдоогүй байхад ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” гэж заасан арга хэмжээ авсан нь буруу байна.

Иймд анхан шатны хэргийг шийдвэрлэхдээ шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “...Ц.Батхуяг Хөдөлмөрийн гэрээний 3.4.2, 3.4.3 дэхь заалтуудыг тус тус зөрчсөн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалтын дагуу хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 433 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.298 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

 

                          ШҮҮГЧИД                                                Б.БАТТӨР

                                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ