Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0128/Э/001/2020/0636

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Хохирогч Ж.Ц,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай,

Шүүгдэгч Т.Ц нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Т.Ц-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018001210125 дугаартай эрүүгийн хэргийг Монгол Улсын Дээд шүүхээс 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,  1967 оны 12 сарын 29 өдөр Булган аймгийн Хангал суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны залгагч,  мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт асрагч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 баг .........  тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Т.Ц,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Ц нь 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэн С.Б-ы өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 2 дугаар 30 айлын 14 тоот 2 өрөө орон сууцыг 35.000.000 төгрөгөөр худалдан авахаар урьдчилгаа төлбөрт 12,000,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон, төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, тохирсон хугацаанд үлдэгдэл төлбөрөө өгөөгүй тул уг орон сууцанд амьдарч байсан хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэл болон халуун хүйтэн ус, цахилгааны төлбөрт 600,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн төлбөрөөс суутган үлдэх 11,400,000 төгрөгийг С.Б, Т.Ц буцаан өгсөн, мөн Т.Ц нь 2018 оны 10-р сард иргэн Ж.Ц С.Б-ны өмчлөлийн орон сууцыг 35.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт 17.500.000 төгрөг авсан, 17.5 сая төгрөг өгснөөс хойш 2019 оны хавар хүртэл Ж.Ц-ийн хүү уг орон сууцыг засаж амьдарсан, Ж.Ц орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй болсон тул энэ талаар Т.Ц-д мэдэгдэж урьдчилгаа төлбөрт төлсөн 17,5 сая төгрөгийг буцаан авахаар шаардсан, С.Баянцагаан орон сууц өмчлөх эрхээ 2019 оны 4-р сарын 26-ны өдөр П.Х-д худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн болох нь:

 

Хохирогч Ж.Ц “...Би Ц-г 2000 оноос хойш мэддэг болсон бас нэг газар хамт ажиллаж байсан танилын холбоо харилцаатай өөр харилцаа байхгүй. 2018 онд би хүүхдэдээ байр авч өгөх санаатай байр сонирхож байсан тэгээд Ц-тэй утсаар ярьж байгаад гайгүй хямд зарах байр, түрээслэх байр байна уу гэж асуухад Ц Цэргийн 30-н байранд 2 өрөө байраа зарах гэж байгаа гэхээр нь очиж уулзаад байрыг нь үзээд 35 сая төгрөгөөр зарна гэхээр нь төлбөрийг нь би 2 хувааж өгөхөөр тохиролцоод манай хүү Б цалингийн зээлээр 20 сая төгрөг аваад 17,500,000 төгрөгийг нь Ц-д бэлнээр өгөөд бид нар байрандаа ороод үлдсэн мөнгөөрөө уг байранд засвар хийсэн. Засварт нийт 2,500,000 төгрөг зарцуулсан. Тэгээд 2019 оны хавар үлдсэн мөнгөө Ц-д өгөх ёстой байсан боловч мөнгөний боломжгүй болсон учраас Ц-д энэ байдлаа хэлээд “байрнаас чинь гаръя, өмнө өгсөн мөнгөө буцааж авъя” гэхэд Цэцэгээ зөвшөөрсөн. Тэгээд би байранд эд хөрөнгөө үлдээгээд би гэртээ очиж амьдарсан. Би хааяа очиж эргэдэг байсан. Ц тэр байраа зарна гээд зар тавьсан гэж байсан. Тэгээд би нэг удаа эргэх гээд очсон чинь манай гэрийн эд хогшлыг голд нь хураагаад том өрөөний обойг сольсон байсан. Тэгэхээр би Ц-тэй утсаар холбогдсон чинь өөр хүмүүст зарж байгаа, таны мөнгийг өгнө гэж хэлсэн, тэгэхээр нь би мөнгөө авчихвал, эд хогшлоо авчихна гэж хэлсэн. Дараа нь дахиад очсон чинь байрны цоожны голыг нь сольчихсон, айл орчихсон гээд миний эд хогшлыг дүүгийнхээ хашаанд аваачаад тавьчихсан гэж хэлсэн, тэгэхээр би уурлаад ямар дураараа хүний юмыг зөөчихдөг юм бэ гэхэд Ц  энэ худалдаж авсан айл банкнаас мөнгөө аваад таны мөнгийг өгнө гэж хэлсэн. ... Одоо 16.850.000 төгрөг авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 1.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 15.850.000 төгрөг шүүгдэгч Т.Ц-ээс авах ёстой. Үүнийгээ гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг,

 

Ж.Ц Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5-6/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авч, хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7-19/,

 

Гэрч Ц.Б-ийн “....Би “Болд төмөр ерөө гол” ХХК-д бүртгэл хяналтын ажилтнаар 2018 оны 03 дугаар сарын 10-аас эхэлж ажиллаж эхлээд 6 сар ажиллаад цалингийн зээл авах эрх үүсээд 23 сая төгрөгийн зээл авсан. Би эхнэр хүүхэд, аав ээжийн хамт амьдардаг учраас байр авахаар сонирхож байхад манай ээж Ц таньдаг Ц гэх эмэгтэй цэргийн 30 айлд 2 өрөө байрыг мөнгийг 2 хувааж өгөх боломжтойгоор зарна гэхээр нь байрыг нь үзээд авахаар болоод би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цалингийн зээл хийсэн 23 төгрөгөөсөө 17.500.000 төгрөгийг ээж Ц дамжуулан Ц  гэж эмэгтэйд өгсөн. Уг байрыг авахад манай ээж Ц л Ц гэж эмэгтэйтэй уулзаж мөнгө төгрөгөө өгсөн, би бол Цэцгээ гэж эмэгтэйтэй уулзаагүй. Тэгээд байрандаа ороод 2,500,000 төгрөгөөр дотор засвар хийсэн. Ингээд уг байрандаа амьдарч байгаад үлдэгдэл мөнгө болох 17,500,000 төгрөгөө өгөх боломжгүй болоод ээж Ц энэ байдлаа Ц хэлээд 2019 оны 04 сард байрнаас гарсан гэсэн, ажилдаа явсан хойгуур Ц нь уг байраа өөр хүнд зарсан байсан. ....Ц гэж хүн энэ байр миний байр түр хүнд түрээслүүлчихсэн байгаа гээд түрээслүүлчихсэн байсан тэр айлыг нь гарахад манайх нүүж орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

 

Гэрч С.Б “...2011 оны үед байхаа өмчилж авч байсан. 2018 оны 03 сарын 01-ний өдөр хувь лизингээр хүүгүй 35.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцон уг мөнгөө 3 хувааж авахаар хэлцэл хийсэн. Энэ байрыг Цэцгээ надад зараагүй, харин надаас худалдаж авахаар хэлцэл хийсэн. Хэлцлийнхээ дагуу эхний ээлжид Ц надад 7.000.000 төгрөгийг 2018 оны 03 сарын 01-нд өгөөд 5.000.000 төгрөгийг нь Хаан банкны 5091142613 дансаар авсан. Нийт 12 сая төгрөг надад өгсөн. Үлдэгдэл мөнгөө хугацаандаа өгөхгүй 2019 оны 04 сар хүртэл хүлээгээд өгөөгүй учраас Ц хэлж өөр хүнд зарахаар болоод 12.000.000 төгрөгийг нь буцааж өгсөн. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр П.Х гэх хүнд 32.000.000 төгрөгөөр зарсан. Би Ц өөр хүнд зарсан талаар юу ч мэдэхгүй. Мөн уг гэрчилгээ нь ганцхан миний нэр дээр байдаг. Ямар нэг барьцаанд тавьсан зүйл юу ч байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

 

Гэрч П.Х “...Би 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зарын дагуу Б гэдэг урьд өмнө нь таньдаггүй байсан эмэгтэйгээс тухайн Дархан сумын 6 дугаар багт байрлах Цэргийн 2-30 айлын 14 тоот 2 өрөө байрыг худалдах худалдан авах гэрээгээр 33.000.000 төгрөгийг тал мөнгийг нь дансаар тал мөнгийг нь бэлнээр өгч худалдан авсан юм. Одоо байрны гэрчилгээ миний нэр дээр байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

 

Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 352 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сум 6 дугаар баг, 2-30 байрны 30 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчийн талаарх лавлагаа /хх-ийн 29/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч хохирогч нар дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч нь Т.Ц нь бусдын өмчлөлийн орон сууцыг 1 жилийн хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулах нөхцөлтэйгөөр 35 саяаар худалдан авахаар урьдчилгаа 12 сая төгрөгийг төлөхдөө бусдаас зээл авах замаар бүрдүүлж төлсөн болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Нэгэнт 35 сая төгрөгийг хугацаанд нь төлөх боломжгүй болохоо мэдсэн тул өөрийн танил Ж.Ц уг орон сууцыг худалдан авах санал тавьж урьдчилгаа 17.500.000 төгрөг авсан боловч уг төлбөрийг орон сууцны жинхэнэ өмчлөгч С.Б шилжүүлэлгүй, өөрийн өр төлбөрийг барагдуулсан байна.

 

Залилах гэмт хэрэг нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шууд санаатай үйлдлээр үйлдэгддэг ба шүүгдэгч нь хохирогчоос шилжүүлэн авсан төлбөрийг орон сууцны урьдчилгаа төлбөрт гэж итгүүлэн авсан атлаа өөр төлбөрт зарцуулж буй үйлдэл нь уг урьдчилгаа төлбөрийг төлснөөр худалдан авах гэж буй орон сууцны үнийг гүйцэд төлснөөр өөрт нь орон сууцны өмчлөх эрх буюу эд хөрөнгө шилжиж ирнэ гэсэн хохирогч Ж.Ц итгэлийг урвуулан ашигласан, төлбөрийг өөрийн урьдах өр төлбөрт зарцуулж буй нь бодит байдлыг нуусан шинжтэй байна.

 

Хэрэв бодит байдал буюу 17.5 сая төгрөгийг өмнөх өр төлбөртөө зарцуулах гэж буй талаар хохирогчид хэлсэн бол хохирогч уг мөнгийг өгөхгүй байсан нь хэнд ч ойлгомжтой ба шүүгдэгч өмнө нэгэнт өөрөө 12 сая төгрөгийг урьдчилгаанд төлсөн тул хохирогч Ж.Ц авсан төлбөрийг уг төлбөртөө суутгасан гэж тайлбарлаж болох ч С.Б авсан мөнгөө хохирогчид буцаан өгөөгүй байх тул анхнаасаа бодит байдлыг нуух замаар итгэлийг урвуулан ашиглаж Ж.Ц залилж 17.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж залилсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Т.Ц  хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж хуульчилсан ба 17,500,000 төгрөгийн хохирол нь уг хэмжээнд хамаарах байхад прокурор яллах дүгнэлтдээ хохирлын хэмжээг бага хэмжээнээс дээш гэж бичсэн нь үндэслэлгүй боловч бага хэмжээнээс дээш эсвэл үлэмж хэмжээ гэж бичсэнээс үл хамааран гэмт хэргийн улмаас учирсан хохирол 17,500,000 төгрөг болох талаар тодорхой заасан байх тул шүүх гэм буруутайд тооцох, шийтгэх тогтоолд дүгнэж бичихдээ “үлэмж хэмжээ”-ний хохирол учруулсан гэж зөвтгөж бичсэн ба энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байна гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Т.Ц нь гэм хор учруулсны улмаас учирсан хохирлын үлдэгдэл төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны байдлаар 15,850,000 төгрөг болох талаар хохирогчтой харилцан тохиролцсон, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч хэн аль нь энэ талаар мэдүүлсэн тул уг хэмжээгээр шүүгдэгчээс гэм хорын хохирол гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Т.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Т.Ц хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн болсон хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж байсан, учруулсан хохирлоос тодорхой хэмжээнд нөхөн төлсөн, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 15,850,000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр, 2 дугаар сард 28-ны өдөр төлөхөөр тогтоохдоо шүүгдэгчийн сар бүрийн 30-ны өдөр тус тус 700,000 төгрөг төлөх замаар үлдэгдэл төлбөрийг төлөх хүсэлт, уг хүсэлтийг хохирогч хүлээн зөвшөөрсөн байдлыг үндэслэн тогтоосон ба нийт төлбөрийг тэнссэн хугацаанд бүрэн төлж барагдуулахаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй нь тэнссэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохыг сануулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Т.Ц-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, 17,500,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Т.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-с 15.850.00 /арван таван сая найман зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 баг, ........ тоот оршин суух Х овогт Ж.Ц-д олгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Т.Ц-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол 15,850,000 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр, 2-р сард 28-ны өдөр 700,000 төгрөгөөр тус тус төлөхөөр тогтоож, нийт төлбөрийг тэнссэн хугацаанд бүрэн төлөх, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах үндэслэл болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД