Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0016

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0198/Э/219/2020/0053/001/2020/0730

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч М.Ё,

Шүүгдэгч Б.Г өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Б.Г, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б.Г, Б овогт Б.Б  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018002050143 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг эх, ах , дүү нарын хамт, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, ........... гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.Г,  

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын ангийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 4-58 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.Б,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 2-р сарын 26-ны өдөр хохирогчийн үхрийг бэлчээрт байхад нь 3 тооны бярууг таслан тууж гэрийнхээ ойролцоо жалганд аваачиж холбож уясан, мөн өдрийн орой жалганы ойролцоо байх модон жорлонд аваачиж нуусан, 2-р сарын 28-ны өдөр шүүгдэгч Б.Г,  Б.Б руу удаа дараа утсаар залгасан, мөн өдрийн 22 цагийн орчимд шүүгдэгч Б.Б Ж.Б, Б.Б, А.Г нарыг дуудан хамтдаа Зулзагын голд бяруунуудыг нуусан газарт очиж шүүгдэгч Б.Ганзоригт 3 тооны бярууг нядлан, арьстай нь Тоёота приус-30 маркийн 09-70 ДАА улсын дугаартай “ТБ авто финанс” ХХК-ийн өмчлөлийн суудлын автомашин, Ниссан Скайлайн маркийн 36-44 ДАХ улсын дугаартай Мөнхжаргалын Алтанцэцэгийн өмчлөлийн суудлын автомашин, Тоёота марино маркийн 12-26 ДАХ улсын дугаартай Б.Г өмчлөлийн суудлын автомашинуудад ачиж Дархан суманд, А.Г хашаанд авчран арьсыг өвчиж, О4 цагийн орчимд дууссан, маргааш нь буюу 2020 оны 2-р сарын 29-ний өдөр Б.Б, А.Г нар 3 дахь бярууны махыг зарах гэж цагдаагийн байгууллагад саатуулагдсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч М.Ё “...2020 оны 02 дугаар сарын 26-ны өглөө үхрүүд маань бэлчээртээ гараад орой ирэхэд манай үхрээс хоёр хүзүүвч бяруу, ногооны бяруу алга болсон байсан. Миний хохирлыг Б.Г, Б.Б нар бүрэн барагдуулсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн ЗЗ-З6/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03- 04/,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт болон Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын хуулбар, Б.Батболдоос үхрийн толгой, шийр хураан авсан тэмдэглэл, зураг /хх-ийн 6-9/,

 

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12- 13/,

Эд мөрийн баримтаар хураан авч, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 14-15/,

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /шүүгдэгч нар хоорондоо утсаар харилцсан ярианы хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт, хх-ийн 17-28/,

 

Шүүгдэгч Б.Б Депозит дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн баримт /хх-ийн 29-31/,

 

Гэрч Б.О “...Манайх Хонгор сумын 2 дугаар баг Зулзагын амралтад мал маллан амьдардаг юм. 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр буюу цагаан сарын шинийн гуравны өглөө манай үхрүүд бэлчээртээ гарсан юм. Орой 19:00 цагийн үед манай үхрүүд ирэхэд 3 толгой бяруу ирээгүй ба сүүлийн 4 хоног хайгаад олдохгүй байгаа юм. Манай бяруу нь улаан халзан зүсмийн 2, 1 улаан бяруу байсан. Улаан халзан шүдлэн бяруу нь эм, нөгөө хоёр нь эр бяруу байсан. Энэ гурван бяруу ямар нэгэн им тамгагүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

 

Гэрч Ж.Б “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 19 цагийн үед намайг ахындаа байж байхад Ганбат миний .......... дугаарын утас руу ...........дугаарын утаснаас залгаад гараад ир гэсэн. Ингээд би гараад ТМС-н арын толгойд байдаг Г хашаанд нь Ниссан скай лайн гэдэг машиныг нь асаасан. Тэр үед Батболд, Г нар байсан. Тэгтэл намайг чи машин бариад зулзага яваад өгчих гэхээр нь би ажилтай гэсэн чинь гуйгаад байсан учир би машиныг нь жолоодоод Б  цагаан өнгийн Тоёота сай маркийн машиныг жолоодоод Б өөрийнхөө саарал өнгийн Приүс маркийн машиныг жолоодоод явсан. Сод Монгол колонк дээр Ганзориг гэдэг залуу бараан өнгийн жижиг тэрэгтэй зогсож байсан. Ингээд бид нар 4 машинтай Зулзага орсон. Зулзага ороод модон дундаас Г гэдэг залуу 3 үхэр авчраад нядалсан. Тэгэхээр нь би Г гэдэг залуугаас энэ ямар учиртай үхэр юм бэ? гэж асуухад манай үхэр байгаа юм гэж хэлсэн. Би машин дотор сууж байхад миний унаж явсан Скай лайн маркийн машинд 1 үхрийг арьстай нь амт ачсан. Б унаж явсан машинд 1 үхрийг арьстай нь хамт ачсан. Ингээд Дарханд ирээд Ганбатын хашаанд үхрүүдээ машинаас буулгасан. Г хашаанд ирэхэд шөнө 00 цаг өнгөрч байсан. Ингээд би явлаа гэсэн чинь “чи гэрэл тусгаад өгчих гэхээр нь би гэрэл тусгаж өгөхөд Г уг үхрүүдийн арьсыг өвчиж дуусгасан. Ингээд би тэндээсээ харьсан. Гэртээ харихад 04 цаг орчим болж байсан. Би тухайн үед хулгайн үхэр гэж мэдээгүй. Ганзоригоос асуухад миний үхэр гэж байсан, хулгай хийж байна гэж бодоогүй юм” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

 

Гэрч Б.Б “...2020 оны 02 дугаар сарын 28-н өдөр 14 цагийн үед Б миний 95232308 дугаарын утас руу 99958912 дугаарын утаснаас залгаад хаана байна, юу хийж байна, чи Ганбаагийнд хүрээд ир гэсэн юм. Тэгэхээр нь би одоо завгүй байна, зав гарахаар яръя гэсэн. Тэгээд орой 19:00 цагийн орчим дахин залгаад “Гэгээ” хүнсний дэлгүүр дээр хүрээд ир, машинтай чинь Хүйтний гол руу манайд очоод ирье гэсэн. Тэгэхээр нь би “за тэгье” гээд очиход “Гэгээ” хүнсний дэлгүүрийн цаана хар зам дээр Батболд, Ганбат 2 цагаан өнгийн Тоёота сай маркийн машинтай зогсож байсан. Ингээд бид нар Дарханаас гараад Зулзагын амралтын тийшээ явсан. Ингэж явахдаа цагаан өгийн Скай лайн маркийн машиныг Б жолоодоод би аавынхаа саарал өнгийн Приүс 30 маркийн 09-70 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явсан. Зулзагад байдаг Зулцага гэж дууддаг Г гэдэг залуу ногоон өнгийн машинтай Сод монгол колонкийн дээрээс нийлээд хамт явсан. Зулзагад очоод нэг амралтын газрын хашааны гадаа очоод байшин дотроос 3 үхэр Ганзориг нэгэнтэй нь хамт гаргаж ирээд, нядлаад арьсыг нь өвчилгүй машинд ачсан. Уг 3 үхрийн 1-ыг нь цагаан өнгийн Скай лайнд ачсан. Миний саарал өнгийн Приүс 30 маркийн машинд 1 үхрийг нь ачсан. Ногоон өнгийн машинд нэгийг нь ачаад Дархан руу хөдөлсөн. Дарханд ирээд ТМС-ийн арын толгойд Г хашаанд ирээд 3 үхрээ машинаас буулгасан. Дарханд шөнө 1 цагийн үед орж ирсэн. Ингээд машинаас 3 үхрээ буулгаад Г арьсыг нь өвчиж салгасан. Махыг нь Ганбатын гэрт байх амбаарт оруулсан. Ингээд би гэр рүүгээ явсан. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Б Г наадах чинь юун үхэр юм бэ? гэсэн чинь зүгээрээ, манай үхэр байгаа юм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/,

 

Гэрч А.Г “...2020 оны 02 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед манай найз Батболд намайг хамт Зулзага яваад өгөөч гэсэн юм. Тэгээд би зөвшөөрөөд өөрийн 04-44 УБО улсын дугаартай Тоёота сай маркийн машинаар эхнэр Б амт явсан юм. Дарханаас гарахад Зозого гэж дууддаг Г гэдэг залуу өөрөө машинтай ирээд бид нарыг дагуулаад Зулзага орсон. Явсаар байгаад хашаандаа нэг байшинтай хашааны гадна очоод зогссон. Тэгээд Г тэр хашаанаас 3 үхэр хөтөлж гаргаж ирээд нядлаад арьсыг нь өвчилгүй нэг үхрийг нь өөрийнхөө машинд ачсан. Нөгөө үхрийг нь Б унаж явсан Скай лайн машинд, үлдсэн нэг үхрийг нь Б унаж явсан приүсийн ард мөн арьстай нь ачсан. Дарханд ирээд манай хашаанд үхрүүдээ буулгаад Ганзориг бүгдийг нь өвчиж арьснаас нь салгасан. Ингээд Дарханы хамгийн том зарын группт үхрийн мах зарна гэсэн зарыг эхнэр Болорсувдын фейсбүүк хаягаас зар тавьсан. Ингээд өнөөдөр Б бид хоёр үхрийн махыг нь зараад 3 дахь үхрийн махыг зарах гээд хүнд үзүүлж байхад ТМС-ийн урд талын зогсоол дээр цагдаа ирж шалгаад цагдаа дээр авчирсан. Би хулгайн үхэр гэж мэдээгүй. Хэрэв би мэдэж байсан бол юу гэж эхнэрээ дагуулж явах вэ дээ, хулгайн эд зүйл гэж мэдсэн бол би явахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49/,

 

Гэрч Б.Б “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай нөхрийн найз Б-д манайд байхад утас руу Зозого буюу Г гэх залуу утасдаад хүрээд ир гэж ярьсан гэсэн. Ингээд бид нар Зулзага явсан юм. Зулзагад очоод би машинаас буулгүй дотор сууж байхад үхрийн мах нөгөө машинууддаа ачсан гэсэн. Юун үхрийн мах юм гэсэн чинь Зозого буюу Г миний үхэр байгаа юм гэсэн. Ингээд бид нар Дарханд ирээд манай хашаанд нөгөө үхрийн махаа машинаас буулгасан. Би гэртээ ороод амарсан. Миний Б.Б гэдэг фейсбүүк хаягаас Б-д мах зарах зарыг Дарханы хамгийн том зарын группт тавьсан юм. Би хулгайн мал, мах гэж огт мэдээгүй. Манай нөхрийг хамт яваад өгөөч гэхээр би хамт явсан. Хэрэв хулгайн үхэр гэдгийг мэдэж байсан бол манай нөхөр Г бид хоёр явахгүй байсан. Би өнөө маргаашгүй төрөх дөхсөн жирэмсэн учир мэдсэн бол явахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 50/,

 

Гэрч Н.Ан “...2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Дарханы хамгийн том зарын групп дээр үхрийн мах зарна гэсэн зар байсан юм. Ингээд зарын дагуу мах зарна гэсэн утас руу залгаад мах хэд юм бэ? гэхэд 7,000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь жижиглэнгээр өгөх үү гэхэд бүхлээр нь өгнө гэсэн. Ингээд бүтнээр нь хэдэд өгөх юм гээд ярилцаж байгаад бэлэн 250,000 төгрөг байна, өгөх юм уу? гэсэн чинь тэг, хаана байгаа юм, хүргээд өгье гэж хэлсэн. Ингээд 19:00 цагийн үед манай байрны гадаа ирэхээр би гарч махыг үзээд мах зарах гэж ирсэн 2 залуугаар өргүүлээд гэртээ оруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 51/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10-р сарын 14-ний өдрийн 576 дугаартай тогтоолоор Б.Г, Б.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд “шүүгдэгч нар нь нэг зорилгод хүрэх эрмэлзлээр урьдчилан тохиролцсоны үндсэн дээр нэг үр дүнд хүрэхийн тулд хамтын хүчин чармайлтаар нэг гэмт хэрэг үйлдсэн эсэх, эсхүл тэдгээр нь тус бүрдээ өөр зорилгын хүрээнд зөвхөн өөрийн хүссэн үр дүнд хүрэхийн тулд тусдаа үйлдсэн эсэхийг шалгаж тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн ба хэрэгт хийгдсэн нэмэлт ажиллагааны явцад цугларсан баримтууд, хавтаст хэрэг цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар шүүгдэгч нар нь нэг зорилгод хүрэх эрмэлзлээр урьдчилан тохиролцсоны үндсэн дээр нэг үр дүнд хүрэхийн тулд хамтын хүчин чармайлтаар нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б “...Б.Г бярууны талаар хэлээд гэрийнхээ доод талын жалганд 3 бяруу уяснаа харуулсан. Тухайн үед хохирогчид өс санаад 9 бяруунаас 3 бярууг нь уясан гэж хэлсэн. Би бяруунуудыг харчхаад тавиад явуул гэсэн боловч Б.Ганзориг одоо тавьж явуулж болохгүй гэж хэлсэн. Тэгээд Б.Г 3 бярууг хооронд нь холбож хөөгөөд айлын жорлонд оруулсан. Хэд хоногийн дараа би Дарханд гэртээ амарч байхад Б.Г над руу хориод удаа залгасан байсан. Би эргүүлээд залгахад ирж бяруугаа ав гэсэн. Би авахгүй гэсэн чинь тэгвэл өөр хүнд зарлаа гэсэн. Би тэг л гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа залгаад ах утсаа авахгүй байна. Чи машинтайгаа хүрээд ир гэсэн.Тэрнээс хойш над руу бяруунууд чинь үхэх гээд байна ирж ав гээд байнга залгадаг болсон. 02 дугаар сарын 28-нд шөнө 22 цагийн үед дүү охины хамт Дарханы Сод Монгол шатахуун түгээх газар байна гээд ярьсан. Надаар шатахуун хийлгээд Зулзага явсан. 3 бярууг алахад миний оролцоо байгаагүй. Анхнаасаа хулгайн мал гэдгийг нь мэдэж байсан бол би очихгүй байсан. Би хулгайн үйлдэл дууссаны дараа очсон” гэж мэдүүлсэн байхад шүүгдэгч Б.Г “Б.Б сургалтын төлбөрт мөнгө хэрэгтэй учраас мал мэдэж байгаарай гэж захисан учраас бяруунуудыг хулгайлсан” гэж харилцан эсрэг мэдүүлжээ.

 

Б.Г, Б.Б нар 3 тооны бярууг хулгайлахаас өмнө болон хойно хоорондоо уулзсан, удаа дараа утсаар ярьсан нөхцөл байдал тогтоогдож байх боловч энэ нь Б.Б энэ хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болохгүй байна.

 

Учир нь хэрэгт шүүгдэгч нарын хоорондоо утсаар ярилцсан талаарх дэлгэрэнгүй жагсаалт нь /хх-ийн 17-28/ уг ярианы дотоод агуулгыг илэрхийлэхгүй, шүүгдэгч нар хэрэг үйлдэгдэхээс өмнө уулзах үедээ болон үйлдэгдсэний дараа ярьсан ярианы агуулгыг өөр хөндлөнгийн хүн байгаагүй тул зөвхөн уг 2 хүний мэдүүлгээр тодорхойлох ба шүүгдэгч Б.Г мэдүүлгийг дангаар үнэлж Б.Б энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, төлөвлөж, зөвлөж, дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэж үзэхэд эргэлзээтэй байх тул уг эргэлзээг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон үндэслэл тогтоогдохгүй байх боловч Г.Г хулгайлсан 3 тооны бярууг, хулгайн эд зүйл гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зөөж тээвэрлэн, худалдан борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Б “мал хулгайлах” гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж үзсэн тул прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн уг гэмт хэргийн“бүлэглэн, механизм ашиглаж үйлдсэн” гэх шинж үгүйсгэгдэх тул Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 17.12 дугаар зүйлийн 2.1, Б.Б 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Г бусдын олон тооны малыг хулгайлсан, Б.Б мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хууль тогтоогч олон тооны мал гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохоор хуульчилсан ба 3 тооны бярууг олон тооны мал гэж үзэх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хулгайлсан мал нядалж, тээвэрлэж байгааг мэдээгүй гэх Ж.Б, Б.Б, А.Г нарын мэдүүлгийг үгүйсгэх үндэслэлгүй ба Б.Б гуйлтаар Г.Г гэрийн ойролцоогоос мал нядлан ачсан, Г.Г мал гэж итгүүлсэн зэрэг байдлаас үзэхэд гэмт хэрэгт хамтран оролцсон гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид 1,800,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан болох нь “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Зулзагын гол гэх газраас иргэн М.Ё эзэмшлийн эр бяруу 2 толгой, эм шүдлэн үхэр 1 толгой зэрэг үхрийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 1,800,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 56-57/-аар тогтоогдож байх ба шүүгдэгч нар нь хууль бусаар бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч М.Ё нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэж байх тул энэ тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Г, Б.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлын нөхөн төлсөн хөнгөрүүлэх” нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч Б.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын ангийн оюутан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хууль тогтоогч “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор, 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар заасан.

 

Шүүгдэгч нар хулгайлсан олон тооны малыг машин механизм ашиглахгүйгээр зөөж тээвэрлэх боломжгүй тул 3 тооны бярууг зөөвөрлөхөд ашигласан тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл гэж үзэх хангалттай үндэслэл болно.

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “...Б.Г жолоодож явсан Тоёота марино маркийн 12-26 ДАХ улсын дугаартай хар өнгийн суудлын автомашины /1997 онд Япон улсанд үйлдвэрлэсэн, ашиглалтын хугацаа дууссан, өнгө үзэмж, чанар байдал муудсан/ зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 500,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 63-65/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “...Ж.Б жолоодож явсан Ниссан Скайлайн маркийн 36-44 ДАХ улсын дугаартай сувдан цагаан өнгийн суудлын автомашины /ашиглалтын хугацаа дууссан, өнгө үзэмж, чанар байдал муудсан/ зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 2,500,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 70-72/,

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “...Б.Б жолоодож явсан ТБ авто финанс ХХК-ийн өмчлөлийн Тоёота приус-30 маркийн 09-70 ДАА улсын дугаартай суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 10,500,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 84-86/ зэрэг нотлох баримтуудаар тээврийн хэрэгслүүдийн нийт үнэ 13,500,000 төгрөг болох нь тогтоогдож байна.

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан тохиолдолд тээврийн хэрэгслийг хураах зохицуулалт нь бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэгт ашигласан тохиолдолд гэмт хэрэгт хамааралгүй этгээдийн хөрөнгийг хурааж болохгүй гэсэн агуулгатай тул шүүгдэгч Б.Г, Б.Б гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота приус-30 маркийн 09-70 ДАА улсын дугаартай ТБ авто финанс ХХК-ийн өмчлөлийн суудлын автомашин, Ниссан Скайлайн маркийн 36-44 ДАХ улсын дугаартай М.А өмчлөлийн суудлын автомашин, Тоёота марино маркийн 12-26 ДАХ улсын дугаартай Болд-Эрдэнийн Ганбаярын өмчлөлийн суудлын автомашинуудын үнэ болох нийт 13,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Ганзоригоос 6,750,000 төгрөг, шүүгдэгч Б.Батболдоос 6,750,000 төгрөг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б 5 сар 29 хоног, Б.Г 6 сар 11 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б овогт Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, Б овогт Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

  1. Б овогт Б.Г бусдын олон тооны малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг, Б овогт Б.Б гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авсан, гэмт хэрэг үйлдсэн аливаа этгээдэд туслах зорилгоор шилжүүлсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар лийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.Г-т 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г энэ хэрэгт цагдан хоригдсон 6 /зургаа/ сар, 11 /арван нэг/ хоногийг хорих ялын 6 /зургаа/ сар, 11 /арван нэг/ хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б овогт Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн тэнссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Б.Б оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,  шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота приус-30 маркийн 09-70 ДАА улсын дугаартай ТБ авто финант ХХК-ийн өмчлөлийн суудлын автомашин, Ниссан Скайлайн маркийн 36-44 ДАХ улсын дугаартай М.А өмчлөлийн суудлын автомашин, Тоёота марино маркийн 12-26 ДАХ улсын дугаартай Б.Г өмчлөлийн суудлын автомашинуудын нийт үнэ 13,500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Ганзориг, Б.Б нараас хувь тэнцүүлэн буюу тус тус 6,750,000 /зургаан сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б энэ хэрэгт 5 /тав/ сар, 29 /хорин ес/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

      10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

        11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ганзоригт авсан цагдан хорих, Б.Батболдод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД