Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 576

 

                                    Б.Г, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаар магадлалтай Б.Г, Б.Б нарт холбогдох эрүүгийн 2018002050143 дугаартай хэргийг шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1998 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Б овогт Б-ний Г,

2. Монгол улсын иргэн, 1998 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, Дархан-Уул аймаг дахь Хүмүүнлэгийн дээд сургуулийн бизнесийн удирдлагын ангийн 3 дугаар дамжааны оюутан, ял шийтгэлгүй Б овогт Б-гийн Б

Б.Г, Б.Б нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг, Зулзага гэх газарт бэлчиж байсан иргэн М.Ё-ын эзэмшлийн 3 тооны бярууг машин механизм ашиглан хулгайлж, бага хэмжээнээс дээш буюу 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Г, Б.Б нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар Б.Б-ыг 2 жил хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар Б.Г-ийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэж 62 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаас үзэхэд 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Зулзага гэх газарт бэлчиж байсан иргэн М.Ё-ын эзэмшлийн 3 тооны бяруу буюу олон тооны малыг Г.Г ганцаараа хулгай хийж, гэрийнхээ ойролцоо жалган дотор модноос уясан идэвхтэй үйлдэл нь захиран зарцуулах боломжийг бүрдүүлж байгаа хэлбэр бөгөөд энэ үед гэмт хэрэг төгссөн байхад анхан шатны шүүхээс малыг жалганд уяснаар гэмт хэрэг төгсөөгүй, тэр хэвээр орхисон бол хохирогч олох боломжтой байсан гэх агуулгаар хууль буруу тайлбарласан.

 Мөрдөн шалгах ажиллагаагаар мал анх бэлчиж байсан талбай, модтой жалга хоорондын зай, түүнчлэн хохирогчийн гэр, мал уясан жалга хоорондын зайнуудыг албан ёсоор тогтоогоогүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад... бяруунуудыг жалганд тэр хэвээр нь үлдээсэн бол олох боломжтой байсан гэж ямар баттай баримтад үндэслэж ийнхүү тайлбарласан нь ойлгомжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9-т “Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасныг зөрчсөн.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 гэмт хэрэг гарсан байдал, 1.2 гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго зэрэг нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй. Тухайлбал, холбогдогч нарын мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байхад ямар учраас шүүгдэгч Г.Г-ийн мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх болсон, мал оруулсан жорлон амбаар хэний эзэмшлийнх болох, уг жорлонд бяруунуудыг ямар байдлаар, хэн оруулсан, ямар хэмжээтэй амбаар байсан, мал нууж уясан гэх модтой жалга газар зүйн байршил тогтоц ямар болох, хохирогч тэр хавиар малаа эрж хайж явж үзсэн эсэх, хохирогчийн гэр, жалга, хоёр хоорондоо хэдэн метрийн зайтай болох, хулгайлсан гэх малыг хэн юугаар алсан, хохирогч Ё, шүүгдэгч Г нар хэрэг гарахын өмнө өөр хоорондоо ямар харьцаатай байсан, тэдгээрийн өөр хоорондоо өс хонзон хар буруу санаж дургүй байх шалтгаан байсан эсэх гэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны үеэр дутуу шалгасан байхад Б.Б, Г.Г нарыг бүлэглэж бусдын малыг хулгай хийсэн гэж шууд үзэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримт болон тухайн үед болсон үйл баримтаас үзвэл шийтгэх тогтоол, магадлалд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, зарим нотлох баримт, үйл баримтыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул дахин шалгах ажиллагаа хийлгэхээр шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.

Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Б.Б-ын хувьд би Б.Г-той үгсэн тохиролцож гурван тооны үхэр хулгай хийж аваагүй. Харин хулгайлсан хойно нь очиж түүнтэй хамт явсан гэдэг. Хоёр шатны шүүх зөвхөн Б.Г-ийн мэдүүлэгт ач холбогдол өгч, үнэлж байгаа нь үндэслэлгүй юм. Үйлдэл бүрийг үнэлж, дүгнэлгүйгээр Б.Б хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байгаа юм. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж, түүнийг тэнсэж өгнө үү гэв.

Прокурор О.Мөнхбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ:  Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хэргийн үйл баримт, бодит байдалд нийцсэн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан шүүхээс хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэсэн байна. Мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ялыг багасгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөрчөөгүй байна. Шүүгдэгч Б.Б нь мал хулгайлах гэмт хэрэгт бүлэглэн оролцож, худалдан борлуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр болон 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заасан байна.

 Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой билээ.

Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзлэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.

Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм.

Энэ тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хангалттай үндэслэл болно.

Харин дээр дурдсан тохиролцоог хийсэн буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдэх, хэн ямар үүрэгтэй оролцох, учирч болох саад бэрхшээлийг хэрхэн даван туулах, ул мөрийг нуух, баллах, гэмт хэргийн замаар олох эд хөрөнгийг хэрхэн зарцуулах зэрэг асуудлаар хэлэлцэж тогтсон бол энэ нь хамтран оролцохын өөр хэлбэр бөгөөд ийнхүү тохиролцож гэмт хэрэг үйлдэх нь түүний нийгмийн хор аюулыг ихэсгэдэг тул ийм байдлаар гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдүүдийн гэм буруу, ялын талаар хийх дүгнэлт, гаргах шийдэл ч өөр байдаг билээ.

Бусдын олон тооны малыг хулгайлах болсон сэдэл, санаачлага, шалтгаан нөхцөл, гүйцэтгэсэн үүргийн талаар шүүгдэгч Б.Г, Б.Б нар харилцан зөрүүтэй буюу тухайлбал, Б.Г нь Б.Б-ын захиалгаар хохирогчийн гурван бярууг хулгайлсан гэж мэдүүлсэн бол Б.Б нь Б.Г-ийн хулгайлсан малыг түүний хүсэлтээр борлуулсан гэсэн мэдүүлгийг тус тус өгсөн байна.

Эдгээр харилцан зөрүүтэй мэдүүлгээс анхан шатны шүүх Б.Г-ийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, энэ тухай үндэслэлээ шийтгэх тогтоолд дурдсан боловч энэ нь нэг зорилгод хүрэхийн тулд урьдчилан тохиролцож гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэг үйлдэж хүрэх үр дүн нь бүх оролцогчдын хувьд нэг байх гэсэн хамтран оролцохын үндсэн шинжийг үгүйсгэсэн байдалтай болжээ.

Иймд шүүгдэгч нар нь нэг зорилгод хүрэх эрмэлзлэлээр, урьдчилан тохиролцсоны үндсэн дээр нэг үр дүнд хүрэхийн тулд хамтын хүчин чармайлтаар нэг гэмт хэрэг үйлдсэн эсэх, эсхүл тэдгээр нь тус бүрдээ өөр зорилгын хүрээнд, зөвхөн өөрийн хүссэн үр дүнд хүрэхийн тулд тусдаа үйлдсэн эсэхийг шалгаж тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 62 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Б.Г, Б.Б нарт холбогдох хэргийг Дархан-Уул аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Г, Б.Б нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 3. Хэргийг прокурорт буцаасан тул шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан гомдлын талаар дүгнэлт хийгээгүй болохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР