Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 00117

 

 

 

 

 

 

 

 

                               Д.Халтарын нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/0404 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Халтарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Орхон аймгийн Хот тохижуулах газарт холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1.456.408 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Халтар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхдэлгэр, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Халтар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1996 оноос хойш хэсгийн дарга, хүний нөөц зэрэг албан тушаалыг хашиж ирсэн бөгөөд 2016.11.01-ний өдрөөс эхлэн зам талбайн хэсгийн даргын ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Энэ байгуулагад нийт 22 жил ажиллаж ирсэн болно. Гэтэл тус байгууллагын дарга Б.Оюунбаяр нь намайг өвчтэй байх хугацаанд 2017 оны 02 дугаар 16-ны өдрийн Б-12 дугаартай тушаалаар намайг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй ажлаас халсан байдаг. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие нь дээрх зөрчлүүдийг гаргаагүй ба өвчтэй байсан юм. Иймд Хот тохижуулах газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б-12 дугаартай тушаалыг эс зөвшөөрч байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажилдаа явахгүй байгаа. Иймд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 2 сарын хугацааны цалин 1 456 408 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Халтар нь тус газарт Хүний нөөц төлөвлөлтийн албаны дарга бөгөөд хүний нөөцийн менежерийн үүрэгт ажил хийж байх хугацаанд нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн Б13 тоот аймгийн засаг даргын захирамжаар хот тохижуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан байна. Халтар нь ажиллах хугацаандаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дугаар заалтуудыг удаа дараа зөрчиж, аймгийн Аудитын газрын шалгалтаар төлбөрийн акт тогтоогдож хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байгууллагын нэр хүндийг унагаж албаны хариуцлага алдаж зөрчил дутагдал гаргасан тул 2016 оны 12 сарын 01-ний өдрийн Б/102 тоот газрын даргын тушаалаар хүний нөөц төлөвлөлтийн албаны дарга бөгөөд хүний нөөцийн менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж, тус өдрөөс газрын даргын Б/103 тоот тушаалаар зам талбайн 1 дүгээр хэсгийн даргаар томилсон. Д.Халтар нь томилогдсон өдрөөс ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 17-оос 2017 оны 01 дүгээр сарын 27 хүртэл 10 хоног өвчтэй байсан эмнэлгийн хуудас авчирч өгсөн. Үүнээс хойш 20 хоногийн дараа 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б/12 тоот тушаалаар ажлаас халсан. Ажилд ирээгүй хугацаанд утсаар холбогдох гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан. 2017 оны 01 сарын 17-ны өдөр албан ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж байсан энэ өдрөөс эхэлсэн өвчтэй гэх эмнэлгийн хуудас өгсөн. Д.Халтар нь 2017 оны 01 дүгээр сарын 27-оос хойш байгууллагатайгаа холбоо барилгүй хэл сураггүй шалтгаангүйгээр ажил тасалж алга болсон тул ажлын эрх ашгийн үүднээс ажлаас чөлөөлж орны хүнийг томилсон. Д.Халтар нь ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа ашиглан бусадтай бүлэглэж байгууллагад 9 019 000 төгрөгийн хохирол учруулж хуулийн "байгууллагаар шалгагдаж Орхон аймгийн прокурорын газрын 2017 оны 10 сарын 28-ны 251 дүгээр тогтоолоор үйлдэл нь батлагдсан байна. Мөн 3 823 700 төгрөгийн шатахуун ашигласан нь аймгийн санхүүгийн хяналт АУДИТ-ийн албаны шалгалтаар тогтоогдож өөрөө хүлээн зөвшөөрсөн хохирол бүрэн төлөгдөөгүй байгаа зэрэг шалтгаануудыг үндэслэн Д.Халтарыг ажлаас чөлөөлсөн болно. Д.Халтар нь шатахуун ашигласан шалтгаанаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Д.Халтар нь тус байгууллагад ажиллах хугацаандаа дарга удирдлагуудтай таарамжгүй байдал гаргаж хэвлэлийн бага хурал хийлгэж ажлаас халагдаж байсан байна. Жишээлбэл: Хот тохижуулах газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрын 09 тоот тушаалаар хөдөлмөрийн сахилгийн зөрчилийг давтан гаргасан үндэслэлээр, 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 49 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хөдөлмөрийн сахилгыг давтан гаргасан үндэслэлүүдээр тус тус халагдаж байсан байна.

2014, 2015 оны Аудитын шалгалтаар Д.Халтарыг хохирол учруулсан гэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, өөрөө гэм буруугаа хүлээсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулиар шийдэж 5/251 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоол гарсан. 2017 оны 01 дүгээр сарын 17-ноос 2017 оны 02 дугаар сарын 16-ныг хүртэл ажилдаа ирээгүй. 2017.01.17-ноос 2017.01.26-ны хоорондох листны мөнгийг олгосон. Дараагийн листээ өгөөгүй, Тайхар эмнэлэгт хэвтсэн гэдэг нь худлаа, хуурамч баримт бүрдүүлсэн байна. Тиймээс Д.Халтарыг ажлаас халсан нь үндэслэлтэй... гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/0404 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Халтарыг, Орхон аймгийн Хот тохижуулах газрын зам талбайн хэсгийн дарга-ын ажилд эгүүлэн тогтоож, Хот тохижуулах газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 1 126 860 төгрөгийг гаргуулан Д.Халтарт олгож, нэхэмжлэлээс 329 548 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Д.Халтарт цалинтай тэнцэх олговор 1 126 860 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Орхон аймгийн Хот тохижуулах газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Хот тохижуулах газраас 31 595 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхдэлгэр давж заалдсан гомдолдоо:

Д.Халтар нь 2017 оны 01-р сарын 17-ноос 2017 оны 01-р сарын 26-ны өдрийг дуустал 10 өдөр өвчилсөн эмнэлгийн хуудас хүнээр өгч явуулсан байсан. Үүнээс хойш 2017 оны 01-р сарын 27 ноос 2017 оны 02-р сарын 16 хүртэл ажилдаа ирээгүй тул 02-р сарын 16ны өдөр ажил тасалсан гэж ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаал танилцуулахаар утсаар холбогдох гэсэн чинь утас нь холбогдохгүй байсан. 2017 оны 02-р сарын 17-ны өдөр мессеж бичиж үлдээсэн. Үүнээс 3 хоногийн өмнө утсаар ярьсан чинь би эмнэлэгт хэвтэж байгаа эмнэлгийн хуудас аваачиж өгнө гэж хэлээд утсаа тасалсан. Үүнээс хойш холбоо бариагүй.

2017 оны 02-р сарын 01 ны өдрөөс 14-нийг хүртэл “ Тайхар" хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, БОЭТ-ийн амбулаториор 2017 оны 02-р сарын 15наас2017 оны 02-р сарын 21 хүртэл 5 хоногийн эмнэлгийн хуудас шүүхэд өгсөн байлаа. Энэ талаараа байгууллагадаа эргэж мэдэгдээгүй өвчилсөн гэх эмнэлгийн хуудас одоо болтол өгөөгүй.

Тайхар хувийн эмнэлгээс эмнэлэгт хэвтсэн талаар асуухад санхүү хариуцсан Отгон гэх хүн манайд Халтар хэвтээгүй эмчилгээний зардал төлөөгүй гэж 2 сард эмнэлэгт хзвтсэн хүмүүсийн төлбөр төлсөн баримтыг гаргаж өгсөн. Халтар манайхаар 2-3 удаа явж харагдсан гэсэн. Өвчтөний түүх байгаа юу гэхэд Эрүүл мэндийн төвд өгсөн гэсэн. Эрүүл мэндийн төвд байгууллагын даргын албан тоотоор Тайхар эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн талаар тодруулж өгөөч гэсэн хүсэлт тавихад 2017 оны 2-р сард Тайхар” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хүмүүсийн статистик бүртгэлд энэ хүний нэр байхгүй байна гэж хариу өгсөн.

Д.Халтар 2017 оны 01-р сарын 16-ны өдөр ажил тасалсан, Маргааш нь буюу 2017 оны 1-р сарын 17ныөдөр сэтгүүлчид цуглуулж хэвлэлийн хурал хийлгэж байсан. БОЭТ-ийн харшлын эмч Гончигсүрэн энэ өдрөөс эхэлж 10 хоногийн хугацаатайгаар эмнэлгийн хуудас бичиж өгсөн байлаа. 2017 оны 01-р сарын 26-ны өдөр эмнэлгийн чөлөөний хугацаа дууссан гэж тооцоход 1-р сарын 27,30, 31 -ын өдрүүдийн ажил тасалсан. Тэгээд 2017 оны 02-р сарын 01-нээс 14-нийг хүртэл эмч Оюунчимэгтэй хуйвалдаж хуурамчаар эмнэлэгт хэвтсэн гэж эмнэлгийн 14 хоногийн хугацаатай хуудас эичүүлсэн гэж үзэж байна. Мөн өдрөөс 2017 оны 02-р сарын 21-ийг хүртэл БОЭТ-ийн их эмч Мөнхцэцэг 5 хоногийн эмнэлгийн хуудас өгсөн байна.

Хот тохижуулах газрын 2014 ,2015 оны санхүүгийн үйл ажиллагааны аудитын шалгалтаар даргаар ажиллаж байсан Р.Рагчаа, хүний нөөцийн менежер Д.Халтар, ерөнхий ня -бо Д.Пүрэвсүрэн нарт холбогдох 10 209 000 төгрөг ашигласан гэх үндэслэлээр цагдаагийн газар эрүүгийн 201614000118 тоот хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байсан Энэ хэрэг нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон.Эдгээр хүмүүс өөрсдийн гэм буруутай байдлаа хүлээж хохирлоо төлнө, өршөөл үзүүлэх хуулиар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 2016 оны 10-р сарын 28-ны өдрийн 6/251 тоот прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эдгээр хүмүүс гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ба хэргийг өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон болохоос биш гэмт хэрэг үйлдээгүй гэж хэргийг цагаатгаагүй байна.

Д.Халтар нь Цагдаагийн байгууллагад шатахуун ашигласан хэргээр шалгагдаж байгаа ба 2017 оны 04-р сарын 03 ны өдрийн 46/04-1178 дугаартай Мөрдөн байцаах тасгийн дарга Б.Энх-Ертөнцийн албан тоотоор 1100-3496, 1100-3497 дугаартай гомдол мэдээллийг эрүүгийн хэрэг үүргэж шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт шилжиж шалгагдаж байгаа ба хэрхэн шийдвэрлэгдсэн талаар байгууллагад одоо болтол хариу ирээгүй байна. Халтарыг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хуурамч эмнэлгийн хуудас өгсөн эмнэлэгт хэвтээгүй талаар Тайхар эмнэлгийн эмч Оюунцэцэг өөрөө хэлсэн. Мөн эмнэлэгт хэвтээгүй талаар тэдний ажилтан Отгон гэдэг хүн хэлсэн.Хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн газрын статистик бүртгэл, нийгмийн даатгалын хэлтсийн бүртгэлд орох ёстой байтал оруулаагүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Халтар тус аймгийн Хот тохижуулах газрын зам талбайн 1 дүгээр хэсгийн даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1.456.408 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Ажил олгогч нь нэхэмжлэгч Д.Халтарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.4.1, 14.4.5, 14.4.6, 14.4.12, 14.4.16 дахь заалтуудыг баримтлан Хот тохижуулах газрын зам талбайн 1 дүгээр хэсгийн даргын ажлаас чөлөөлөхдөө нэхэмжлэгчийг 2015.03.15-ны өдөр автобусны сэлбэг нийлүүлсэн мөнгөний зөрүү 4.169.000 төгрөг, зам талбайн ажилчдын түр амрах хувцас солих байрны эд хогшил худалдсан мөнгөний зөрүү 4.850.000 төгрөгийг тус тус бусадтай бүлэглэн завшиж байгууллагад хохирол учруулсан, шалтгаангүйгээр ажил тасалсан зэрэг үндэслэлүүдийг заасан байна.

Шүүх нэхэмжлэгч Д.Халтарыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өмнө нь хэзээ ямар зөрчил гаргасан, ноцтой зөрчил гаргасан нь нотлогдоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэгч Д.Халтарыг зам талбайн 1 дүгээр хэсгийн даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Д.Халтар албан үүрэгтэй хайнга хандан байгууллагын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсний улмаас нийт 10.209.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэж түүнд холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэж заасан сахилгын зөрчил гаргасанд тооцож 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/102 дугаар тушаалаар Хүний нөөц төлөвлөлтийн албаны дарга бөгөөд хүний нөөцийн менежерийн үүрэгт ажлаас чөлөөлсөн атлаа дээрх зөрчлийг дахин сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэгч Д.Халтар нь тус байгууллагын зам талбайн 1 дүгээр хэсгийн даргын ажилд томилогдсны дараа ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэдий ч 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас халагдах өдөр хүртлээ буюу 2017 оны 2 дугаар сарын 17-ныг хүртэл хугацаанд хэсгийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан болох нь зохигчдын тайлбар, цагийн бүртгэл бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. 

Нэхэмжлэгч Д.Халтар нь тус байгууллагын зам талбайн 1 дүгээр хэсгийн даргаар ажиллаж байх хугацаандаа 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 хоног ажил тасалсан болох нь цагийн бүртгэл болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна

Хариуцагч байгууллагаас шүүхэд ирүүлсэн тус аймгийн Эрүүл мэндийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн № 278 албан бичиг, 2 дугаар сард Тайхар эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгчдийн талаарх бүртгэл болон “2017 оны 02 сарын 01-ний өдрөөс 2 дугаар сарын 14-нийг хүртэл хугацаанд Тайхар эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй” гэх тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг Д.Халтар үгүйсгэж няцааж чадаагүй тэрээр 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 21-нийг хүртэл хугацаанд ажлаас чөлөөлсөн тухай эмнэлгийн магадлагаа авч байсан эсэх нь тодорхойгүй тухайн эмнэлгийн магадлагаа хэрэгт авагдаагүй байх тул дээрх хугацаанд нэхэмжлэгчийг өвчний улмаас чөлөөтэй байсан гэж үзэх боломжгүй юм.

Хэдийгээр нэхэмжлэгч Д.Халтар нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж Тайхар эмнэлэгээс 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр олгосон № 0914486 тоот эмнэлгийн хуудас, Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төвөөс 2 дугаар сарын 15-ны өдөр олгосон № 0920330 тоот эмнэлгийн хуудыг шүүхэд ирүүлсэн байх боловч энэхүү эмнэлгийн хуудас /“Иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудас олгох журам 2015.02.18. №А/30/-ыг үндэслэж тухайн өвчтөнд хэвтэж эмчлүүлсэн эсхүл өвчний улмаас чөлөөтэй байсан хугацааны тэтгэмжийг олгодог харин эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн болон өвчний улмаас ажлаас чөлөөлсөн тохиолдолд тухайн эмнэлгийн байгууллагаас олгосон эмнэлгийн магадлагааг /ЭМСайдын 2013 оны 11 дүгээр сарын 450 тоот тушаал/ үндэслэж ажлаас чөлөөлөх ба ажил олгогчоос нэхэмжлэгчийг эмнэлгийн магадлагааг байгууллагадаа ирүүлээгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй гэж үзэж дээрх хугацаанд ажил тасалсанд тооцож Хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч Д.Халтарыг сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр тус байгууллагын зам талбайн 1 дүгээр хэсгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2017 оны 2 дугаар сарын 16 ны өдрийн Б/102 тоот тушаалын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан “...ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1 456 408 төгрөг гаргуулах...“ тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/0404 дугаар шийдвэрийн 1, 2 дугаар заалтыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Халтарын “Хот тохижуулах газрын Зам талбайн 1 дүгээр хэсгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1.456.408 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, шийдвэрийн 3 дугаар заалтанд “...хариуцагч Хот тохижуулах газраас 31 595 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай” гэснийг хүчингүй болгон, шийдвэрийн 3, 4 дүгээр заалтыг 2, 3 дугаар заалт болгон тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Орхон аймгийн Хот тохижуулах газрын заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

 

                          ШҮҮГЧИД                                                Б.БАТТӨР

                                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ