Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 142/ШШ2017/00404

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум 18-р баг Баянбулаг  Зээлийн 2-55 тоотод оршин суух, Их тэргэд овогт Дамдиндоржийн Халтар /ХЛ68041939/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн “Хот тохижуулах газар”-т холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1 456 408 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Халтар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Халтар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1996 оноос хойш хэсгийн дарга, хүний нөөц зэрэг албан тушаалыг хашиж ирсэн бөгөөд 2016.11.01-ний өдрөөс эхлэн зам талбайн хэсгийн даргын ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Энэ байгуулагад нийт 22 жил ажиллаж ирсэн болно. Би энэ хугацаандаа ажлын үр бүтээлтэй, хамт олныхоо дунд нэр хүндтэй ажиллаж байсан бөгөөд ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж өнөөдрийг хүртэл ажиллаж ирсээр байгаа ба аливаа зөрчил, ажлын дутагдал гаргаж байгаагүй юм. Гэтэл тус байгууллагын дарга Б.Оюунбаяр нь намайг өвчтэй байх хугацаанд 2017 оны 02 дугаар 16-ны өдрийн Б-12 дугаартай тушаалаар намайг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй ажлаас халсан байдаг. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие нь дээрх зөрчлүүдийг гаргаагүй ба өвчтэй байсан юм. Иймд Хот тохижуулах газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б-12 дугаартай тушаалыг эс зөвшөөрч байгаа тул уг тушаалыг хүчингүй болгож ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү.

Мөн миний бие Хот тохижуулах газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа ба би 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажилдаа явахгүй байгаа. Иймд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 2 сарын хугацааны цалин 1 456 408 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Халтар нь тус газарт Хүний нөөц төлөвлөлтийн албаны дарга бөгөөд хүний нөөцийн менежерийн үүрэгт ажил хийж байх хугацаанд нь 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн Б13 тоот аймгийн засаг даргын захирамжаар хот тохижуулах газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан байна. Халтар нь ажиллах хугацаандаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дугаар заалтуудыг удаа дараа зөрчиж, аймгийн Аудитын газрын  шалгалтаар төлбөрийн акт тогтоогдож хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байгууллагын нэр хүндийг унагаж албаны хариуцлага алдаж зөрчил дутагдал гаргасан тул 2016 оны 12 сарын 01-ний өдрийн Б/102 тоот газрын даргын тушаалаар хүний нөөц төлөвлөлтийн албаны дарга бөгөөд хүний нөөцийн менежерийн үүрэгт ажлаас чөлөөлж, тус өдрөөс газрын даргын Б/103 тоот тушаалаар зам талбайн 1 дүгээр хэсгийн даргаар томилсон. Д.Халтар нь томилогдсон өдрөөс ажиллаж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 17-оос 2017 оны 01 дүгээр сарын 27 хүртэл 10 хоног өвчтэй байсан эмнэлэгийн хуудас авчирч өгсөн. Үүнээс хойш 20 хоногийн дараа 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Б/12 тоот тушаалаар ажпаас халсан. Ажилд ирээгүй хугацаанд утсаар холбогдох гэсэн боловч утас нь холбогдох боломжгүй байсан. 2017 оны 01 сарын 17-ны өдөр албан ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж байсан энэ өдрөөс эхэлсэн өвчтэй гэх эмнэлгийн хуудас өгсөн. Д.Халтар нь 2017 оны 01 дүгээр сарын 27-оос хойш байгууллагатайгаа холбоо барилгүй хэл сураггүй шалтгаангүйгээр ажил тасалж алга болсон тул ажлын эрх ашгийн үүднээс ажлаас чөлөөлж орны хүнийг томилсон. Д.Халтар нь ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа ашиглан бусадтай бүлэглэж байгууллагад 9 019 000  төгрөгийн хохирол учруулж хуулийн "байгууллагаар шалгагдаж Орхон аймгийн прокурорын газрын 2017 оны 10 сарын 28-ны 251 дүгээр тогтоолоор үйлдэл нь батлагдсан байна. Мөн 3 823 700 төгрөгийн шатахуун ашигласан нь аймгийн санхүүгийн хяналт АУДИТ-ийн албаны шалгалтаар тогтоогдож өөрөө хүлээн зөвшөөрсөн хохирол бүрэн төлөгдөөгүй байгаа зэрэг шалтгаануудыг үндэслэн Д.Халтарыг ажлаас чөлөөлсөн болно. Д.Халтар нь шатахуун ашигласан шалтгаанаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Д.Халтар нь тус байгууллагад ажиллах хугацаандаа дарга удирдлагуудтай таарамжгүй байдал гаргаж хэвлэлийн бага хурал хийлгэж ажлаас халагдаж байсан байна. Жишээлбэл: Хот тохижуулах газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрын 09 тоот тушаалаар хөдөлмөрийн сахилгийн зөрчилийг давтан гаргасан үндэслэлээр, 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 49 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн хөдөлмөрийн сахилгийг давтан гаргасан үндэслэлүүдээр тус тус халагдаж байсан байна. Д.Халтарыг ажпаас чөлөөлсөн нь хуулийн дагуу явагдсан учир Д.Халтарын нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

2014, 2015 оны Аудитын шалгалтаар Д.Халтарыг хохирол учруулсан гэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, өөрөө гэм буруугаа хүлээсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулиар шийдэж 5/251 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоол гарсан.  2017 оны 01 дүгээр сарын 17-ноос 2017 оны 02 дугаар сарын 16-ныг хүртэл ажилдаа ирээгүй. 2017.01.17-ноос 2017.01.26-ны хоорондох листны мөнгийг олгосон. Дараагийн листээ өгөөгүй, “Тайхар” эмнэлэгт хэвтсэн гэдэг нь худлаа, хуурамч баримт бүрдүүлсэн байна. Тиймээс Д.Халтарыг ажлаас халсан нь үндэслэлтэй... гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Халтар нь Орхон аймгийн “Хот тохижуулах газар”-т холбогдуулан тус байгууллагын даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1 456 408 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн.

 Нэхэмжлэгч Д.Халтар нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/103 дугаар тушаалаар Хот тохижуулах газарт “зам талбайн 1 дүгээр хэсгийн даргын албан тушаал”-д ажиллаж байгаад, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус газрын даргын Б/12 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Орхон аймгийн Аудитын газрын 310, 326, 17 тоот шаардлагууд, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.4.1, 14.4.5, 14.4.6, 14.4.12, 14.4.16  дахь заалтуудыг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн дээрх тушаалууд, зохигчдын тайлбар, бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ”...Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дугаар заалтуудыг удаа дараа зөрчиж, аймгийн Аудитын газрын шалгалтаар төлбөрийн акт тогтоогдож хууль хяналтын байгууллагуудаар шалгагдаж байгууллагын нэр хүндийг унагаж албаны хариуцлага алдаж зөрчил дутагдал гаргасан. 2017 оны  01 сарын 17-ны өдөр албан ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж байсан энэ өдрөөс эхлэн өвчтэй гэх эмнэлгийн хуудас өгсөн. Д.Халтар нь 2017 оны 01 дүгээр сарын 27-оос хойш байгууллагатайгаа холбоо барилгүй хэл сураггүй шалтгаангүйгээр ажил таслаж алга болсон тул ажлын эрх ашгийн үүднээс ажлаас чөлөөлж орны хүнийг нь томилсон. Д.Халтар нь ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа ашиглан бусадтай бүлэглэж байгууллагад 9 019 000  төгрөгийн хохирол учруулж, хуулийн "байгууллагаар шалгагдаж Орхон аймгийн прокурорын газрын 2016 оны 10 сарын 28-ны 251 дүгээр тогтоолоор үйлдэл нь батлагдсан. Мөн 3 823 700 төгрөгийн шатахуун ашигласан нь аймгийн санхүүгийн хяналт Аудитын албаны шалгалтаар тогтоогдож өөрөө хүлээн зөвшөөрсөн хохирол бүрэн төлөгдөөгүй байгаа зэрэг шалтгаануудыг үндэслэн Д.Халтарыг ажлаас нь  чөлөөлсөн ... гэж тайлбарласан.

Д.Халтарыг ажлаас чөлөөлсөн Б-12 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-д заасныг баримтлаагүй бөгөөд, 40.1.4-ыг баримталсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан.  

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзэхэд: Д.Халтарыг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй байна. Учир нь өмнө нь хэзээ ямар зөрчил гаргасан болон,  хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдоогүй байна.   

Хариуцагчийн төлөөлөгч, Д.Халтарыг ажил тасалсан гэж тайлбарлаж байх боловч 2017 оны 01 дүгээр сарын 17-ноос 2017 оны 01 дүгээр сарын 26-ны хооронд өвчтэй байсан тул листны мөнгийг олгосон гэж нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч хэн аль нь тайлбарласан, 2017 оны 01 дүгээр сарын 27-ноос онош тодруулахаар Улаанбаатар хот явсан гэж нэхэмжлэгч тайлбарлах ба энэ нь хэргийн 16 дугаар хуудас дахь өвчтөн илгээх хуудсаар тус тус нотлогдсон.

Ингээд 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл, 2017 оны 02 дугаар сарын 15-наас 2017 оны 02 дугаар сарын 21 хүртэл өвчтэй байсан болох нь хэргийн 2-3 дугаар хуудас дахь эмнэлгийн хуудсууд, нэхэмжлэгчийн тайлбараар давхар нотлогдож байх тул ажил тасалсан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийг хуурамч нотлох баримт бүрдүүлсэн “Тайхар” эмнэлэгт хэвтээгүй гэж хариуцагчийн төлөөлөгч мэтгэлцсэн бөгөөд, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэдгийг нотлоогүй, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 278 тоот Эрүүл мэндийн газрын даргын албан бичгийг үндэслэн Д.Халтарыг хуурамч лист авчирсан гэж үзэх боломжгүй, хэргийн 2-3 дугаар хуудас дахь эмнэлгийн хуудсыг хуурамч гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.Халтарыг өвчтэй байх үед нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасан “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөлтэй байгаа” үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална гэсэн заалтыг зөрчжээ.          

Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч, Д.Халтарыг “...ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа ашиглан бусадтай бүлэглэж байгууллагад 9 019 000  төгрөгийн хохирол учруулж, хуулийн байгууллагаар шалгагдаж Орхон аймгийн прокурорын газрын 2016 оны 10 сарын 28-ны 251 дүгээр тогтоолоор үйлдэл нь батлагдсан, мөн 3 823 700 төгрөгийн шатахуун ашигласан нь аймгийн санхүүгийн хяналт Аудитын албаны шалгалтаар тогтоогдож өөрөө хүлээн зөвшөөрсөн хохирол бүрэн төлөгдөөгүй байгаа зэрэг шалтгаануудыг үндэслэн ажлаас нь  чөлөөлсөн ...” гэж тайлбарласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т “сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн хуулийн заалтыг мөн зөрчсөн гэж үзнэ.

Хэргийн 32 дугаар хуудас дахь Орхон аймгийн Аудитын газрын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 17 дугаартай албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт  нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно”, 44.4-т заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэн заалттай нийцэхгүй байна.  

Орхон аймгийн Аудитын газрын 326 дугаартай албан бичиг нь  /хэргийн 42х/ 2016 оны 11 дүгээр 29-ний өдөр гарсан, 310 дугаартай Орхон аймгийн Аудитын газрын албан шаардлага нь хэрэгт ирээгүй, Орхон аймгийн Прокурорын газрын хэргийг хэрэгсэхгүй болгосон 2/251 дугаартай тогтоол нь 2016.10.28-ны өдөр гарсан зэргээс үзэхэд цаг хугацааны хувьд дээрх албан бичгүүдээр зөрчлийг илрүүлсэн гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр Д.Халтарыг Орхон аймгийн Хот тохижуулах газрын “зам талбайн хэсгийн дарга”-ын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт нэхэмжлэгч 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний хоорондох 2 сарын цалин гэж 1 456 408 төгрөг нэхэмжилснээс, зам талбайн хэсгийн даргын үндсэн цалин 563 430 төгрөгнөөс тооцон 2 сарын цалин 1 126 86 төгрөг гаргуулан олгож, нэхэмжлэлээс 329 548 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Харин нэхэмжлэгчийн гаргасан Б/-12 дугаартай Орхон аймгийн Хот тохижуулах газрын даргын ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулна гэснийг нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгож хүчингүй болгох шаардлагагүй,  нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэл буй байдал гэж ойлгож, шийдвэрийн тогтоох хэсэгт заах шаардлагагүй юм. 

Д.Халтарын цалинтай тэнцэх олговор 1 126 860 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Орхон аймгийн Хот тохижуулах газарт даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар  нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Хот тохижуулах газраас улсын тэмдэгтийн хураамжаар 31 595 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

Хэргийн 25-27 дугаар хуудас дахь Д.Халтарыг ажлаас чөлөөлсөн тухай Орхон аймгийн Хот тохижуулах газрын даргын 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 52 тоот, 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 тоот, 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 49 дугаартай тушаалууд нь нэхэмжлэлээс татгалзах үндэслэл болохгүй байгааг дурьдав.

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Д.Халтарыг, Орхон аймгийн Хот тохижуулах газрын “зам талбайн хэсгийн дарга”-ын ажилд эгүүлэн тогтоож, Хот тохижуулах газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 1 126 860 төгрөгийг гаргуулан Д.Халтарт олгож, нэхэмжлэлээс 329 548 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.    

         2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Д.Халтарт  цалинтай тэнцэх олговор 1 126 860 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Орхон аймгийн Хот тохижуулах газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Хот тохижуулах газраас 31 595 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор  гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГДАВАА