Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00120

 

 

 

 

 

 

 

 

                                О.Эрдэнэбүрэнгийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 402 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч О.Эрдэнэбүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Э.Буянцогтод холбогдох

“8.500.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Буянцогтын 6.800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Эрдэнэбүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч Н.Буянцогт, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч О.Эрдэнэбүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Эрдэнэбүрэн би Н.Буянцогттой 2012 онд танилцаж ханилан суухаар болж Дархан хотод амьдарч байсан. Бидний дундаас 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр охин Мөнхжин төрсөн. Хамт амьдрах хугацаандаа би охиноо харж, Н.Буянцогт ажил хийдэг байсан. Бид амьдрахын төлөө хоёулаа л хичээж байсан боловч нөхөр маань гэнэт ааш зан нь өөрчлөгдөн архи ууж, согтуудаа хэрүүл хийж надад гар хүрэх болсон. Н.Буянцогт өөр эмэгтэйтээ болсон учраас надтай хэрүүл хийж шалтаг хайдаг байсан юм билээ. Ингээд тэрээр 2015 оны 8 дугаар сард аав ээжийнхээ хамт ирээд хувцас хунар, эд зүйлээ аваад саллаа гээд явсан. Хамт амьдрах хугацаандаа би Н.Буянцогтод мөнгө гэж хэлсэн бүрт нь дансанд нь мөнгө гуйвуулдаг байсан. Н.Буянцогтод өгч байсан мөнгийг би аав ээжээсээ авч өгдөг байсан. Энэ мөнгийг Н.Буянцогт өөрийнхөө хэрэгцээнд л зарцуулсан, би гэр бүлдээ зарцуулсан мөнгөө мөн л аав ээжээсээ авдаг байсан. Түүнтэй хамт амьдарснаас хойш би өөрийнхөө хэдэн малыг худалдаад бараг л дууссан.

Иймээс түүний ХААН банкин дахь 5031208021 тоот дансанд нийтдээ 8 504 000 төгрөг шилжүүлсэн тул энэ мөнгөө нэхэмжилнэ. Иймд Н.Буянцогтоос нийтдээ 8 500 000 төгрөг / найман сая таван зуу/ нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би 4 настай охин хүүхэдтэй О.Эрдэнэбүрэнтэй 2012 оноос 2015 он хүртэл 3 жил Дархан хотод амьдарсан. Бидний дундаас 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр охин Мөнхжин төрсөн. 2012 оны 06 дугаар сарын 10-нд миний ээж 5,300,000 төгрөгийн цалингийн зээл авч өгөөд энэ мөнгөөр би машин авч ээж маань 1 сая төгрөг өгч бид 3 байр хөлсөлж амьдрал эхэлж машинаараа таксинд явж, гуанз хотод ажлуулж мөнгө төгрөгөө цуглуулж гэр орон, хашаа авч газартай болж гэрт амьдарч байсан. 2013-2014 онд Дарханы ТМС-д биеийн тамирын багшаар орж сар бүр 500,000 төгрөг авч зав чөлөөгөөр нь таксинд явж бүх олсон мөнгөө эхнэр О.Эрдэнэбүрэнд гар дээр нь бэлэн өгч байсан. Ажиллах хугацаандаа цалингийн зээл 3 удаа авсан. 2014 онд 9 сард хашаа байшин 23,000,000 төгрөгөөр авсан. Энэхүү байшинг авахад ээжээс 8 сая төгрөгийн зээл би өөрөө 3 удаа Хаан банкнаас 5,300,000 сая төгрөг хамтарч авсан. Бид 2015 оны 8 дугаар сард тусдаа амьдарч миний бие охиныхоо хамтаар аав, ээжтэйгээ ажилгүй зээлээ өөрөө төлж чадахгүй амьдарч байсан. Байшинг зарж мөнгө өгнө гээд О.Эрдэнэбүрэн одоо хүртэл сууж хашаандаа 2 айл хөлсөөр суулгаад өдийг хүрсэн. Би Дарханы шүүхэд өөрийн эхнэр байсан О.Эрдэнэбүрэнгээс байшинд оруулсан бүх мөнгөө нэхэмжилж 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар шийдвэр гарч О.Эрдэнэбүрэн өмгөөлөгчийн хамтаар энэхүү надаас нэхэмжилж байгаа 8,500,000 төгрөгөө оруулж мэтгэлцээд 50/50 хувиар хувааж авах хүсэлт гаргаж түүний хэлснээр 10,541,000 төгрөгийг охин бид хоёрт олгохоор шийдвэр гарсан ч одоог хүртэл өгөхгүй эргээд надаас энэ 8,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөрөнгө оруулсан 50 хувиа авъя гэж нэхэмжлэхэд Эрдэнэбүрэн зөвшөөрч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгаа. Гэтэл шүүхээр шийдүүлсэн 10 сая төгрөгийг өгөхгүй гэсэндээ, надаас ааваараа ч нэхэж ор үндэсгүй гүтгэж байна. Одоо надаас 8,504,000 төгрөг шүүхээр нэхэмжилсэн. Үүнийг зөвшөөрөхгүй бөгөөд би дараах мөнгийг сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилж байна. Би Эрдэнэбүрэнтэй амьдарч байх хугацаандаа олон удаа цалингийн зээл авч байсан. Үүнд 2014 оны 05 дугаар сарын 20-нд 5,500,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-нд дахин нэмж 2,100,000 төгрөг, бүгд 7,600,000 төгрөг авч энэ бүхнийг би өөрөө цалингаасаа төлсөн. Эрдэнэбүрэн адилхан хамтран зээлдэгч байсан ба надад хамтран амьдралын хувьд зарим үед бензин болон хоол хүнс цуглуулахад мөнгө дансруу шилжүүлдэг байсан. Харин зээл цалингаас төлөгддөг байсан. Иймд би 7,600,000 төгрөгийн 50 хувь болох 3,800,000 төгрөг мөн дээр нь өөрийн данснаас шилжүүлж байсан 3,000,000 төгрөг нийт 6,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Бид 2 хамтран амьдрах хугацаанд Н.Буянцогт 2017.05.12-нд банкнаас 5.500.000 төгрөгийг зээлж, уг мөнгийг авсан өдрөө МСҮТ-д ажиллаж байсан багш Эрдэнэтуяагаас түүний эзэмшлилд байсан банкны барьцааны хөрөнгө болох 73-95 ДАХ Мауда Демино маркийн авто машиныг барьцаанаас чөлөөлөөгүй авч унаж байгаад хашаа байшин авах үед хот руу оруулж өөрийнхөө ах Болдбаатар гэж хүнд 4.000.000 төгрөгөөр өгч мөнгийг нь хашаа байшинд оруулж байсан. Сүүлд 2014.10.31-нд 2.100.000 төгрөг авч хашаа байшинд оруулсан. Уг хашаа байшингийн мөнгөний үнийн дүнгийн 50 хувь гаргуулахаар Дархан уул аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016.10.05-ны 5659 дугаартай шүүгчийн захирамж гарч шийдвэрлэгдсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 402 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.4 дэх хэсэгт заасныг баримтлан О.Эрдэнэбүрэнгийн 8,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Н.Буянцогтын 6,800,00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 150,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 123,750 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул давж заалдсан гомдолдоо: 2012 онд О.Эрдэнэбүрэн нь Буянцогттой танилцан 2013 оноос хамт амьдрах болж 2014.04.26-нд охин төрж эцэг эх болцгоосон. Хамт амьдрах хугацаандаа хашаа байшин авч 2015 оны 08 дугаар сараас тус тусдаа амьдарч байгаад 2016.10.05-нд Буянцогт хашаа байшингийн үнэ 10.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. 2014.11.07-нд хариуцагч МСҮТ-д ажиллаж байгаад халагдсан, зээлээ төлж чадахгүй болсон тул уг зээлийг О.Эрдэнэбүрэн нь нийт 3.186.000 төгрөгийг 2014.11.07-ноос хойш Н.Буянцогтын данс руу шилжүүлж уг данснаас банкны зээл төлөлт татагдан төлөгдөж байсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 3.186.000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэл байсан. Гэтэл шүүх нэхэмжилж буй мөнгийг хөрөнгө хуваан шийдвэрлэсэн асуудалтай холбон дүгнэсэн нь учир дутагдалтай боллоо. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О.Эрдэнэбүрэн 8.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч уг мөнгийг ахуйн хэрэгцээндээ зарцуулсан тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.Эрдэнэбүрэн хариуцагч Н.Буянцогттой хамтран амьдарч байх хугацаанд буюу 2013 оны 8 дугаар сарын 25 -наас эхлэн 2015 оны 7 дугаар сарын 17-ныг хүртэл хугацаанд хариуцагчид нийт 8.500.000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна.

Зохигчид хамтран амьдарч байх хугацаандаа өөр өөрсдийн боломжоороо орлого олж өдөр тутмын ахуй хэрэгцээндээ зарцуулахаас гадна хашаа байшин, автомашин худалдаж авч байсан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ба хариуцагчийн гаргасан “...би өөрөө багшийн ажил хийж хажуугаар нь таксинд явж мөнгө олдог байсан миний дансанд шилжүүлсэн гэх дээрх 8.500.000 төгрөгийг ахуй хэрэгцээндээ зарцуулж байсан тул шаардлагыг зөвшөөрөхгүй...” гэх татгалзлыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байх тул дээрх мөнгийг  хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй юм.  

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчээс хариуцагчид бэлэн бусаар шилжүүлсэн 8.500.000 төгрөгийг зохигчид хамтын амьдралтай байх хугацаандаа зарцуулсан гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин шүүх хариуцагч Н.Буянцогтын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Эрдэнэбүрэнгээс зээлийн төлбөр, бэлэн бусаар шилжүүлсэн мөнгө нийт 6.800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тэрээр хуульд заасны дагуу нотлох чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...нэхэмжлэлийн шаардлагаас 3.186.000 төгрөгийг гаргуулах боломжтой тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү..”гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 402 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуулын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуулын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

 

                          ШҮҮГЧИД                                                Б.БАТТӨР

                                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ