Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0769

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгч Б.О, Г.О, гуравдагч этгээд Б.С, гуравдагч этгээд Х... б...ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

Нэхэмжлэгч Б.Б, Э.Ө, З.Г, Б.Г, Э.Н, У.Э, П.С, Б.Н, М.Н, Б.М нар

Хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд Б.С, Х... б..., Сум хөгжүүлэх сан

            Нэхэмжлэлийн шаардлага: “Э...” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-1213004981, Y-1213004982 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл болон иргэн Б.С /ЛЕ88020212 регистртэй/-ын өмчлөлд Y-1213004578 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах"

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Б.О

Гуравдагч этгээд “Э...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Лхамсүрэн, өмгөөлөгч У.Болдхүү

Гуравдагч этгээд “Х... б...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

Гуравдагч этгээд Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 122/2022/0005/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1 . Нэхэмжлэгч нараас Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Э...” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-1213004981, Y-1213004982 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл, иргэн Б.С /ЛЕ88020212 регистртэй/-ын өмчлөлд Y-1213004578 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах"-аар маргажээ.

 

2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 011 дугаартай шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 16 дугаар зүйлийн 16.1.7, 19 дүгээр зүйлийн 19.4.1, 19.4.3, 19.4.10, 19.4.13. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э...” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-1213004981, Y-1213004982 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэл, иргэн Б.Сын өмчлөлд Y- 1213004578 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.О нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргажээ.

 

3.1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум, 7 дугаар баг, зүүн бүс худалдааны төв байрны А50 тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 14 м.кв талбайг “Э...” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22-22970 дугаартай мэдүүлэг, 2022/ оны 2/4 дүгээр албан бичиг, 2021 оны 001 дүгээр хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж тушаасан нотлох баримтыг үндэслэн Сухбаатар аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртэгч Б.О 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Э...” ХХК-ийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-1213004981 дугаарт анх бүртгэж гэрчилгээ олгосон.

 

3.2. Дээрх худалдааны төвийн В52 тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 13 м.кв талбайг “Э...” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 22-22969 дугаартай мэдүүлэг, 2022 оны 2/2 дугаар албан бичиг, 2021 оны 001 дүгээр хувьцаа эзэмшигчийн шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж тушаасан нотлох баримтыг үндэслэн Сүхбаатар аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртэгч Б.О 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “Э...” ХХК-ийн өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-1213004982 дугаарт анх бүртгэж гэрчилгээ олгосон.

 

3.3. Мөн А-49 тоот хаягт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 7 м.кв талбайг иргэн Б.С 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 22-15123 дугаартай мэдүүлэг, өргөдөл, “Э...” ХХК-ийн 2020 оны 36 дугаар албан бичиг, 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаартай худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээ, эд хөрөнгийн план зураг фото зураг, тэмдэгтийн хураамж тушаасан нотлох баримтыг үндэслэн Сухбаатар аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртэгч Г.О 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тус иргэний өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-1213004578 дугаарт анх бүртгэж гэрчилгээ олгосон.

 

3.4. Уг бүртгэлийг хөтлөхдөө Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэж заасныг, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.13-д шаардлагатай гэж үзвэл Үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ байршилтай танилцах гэж заасныг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дугаар зүйл, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт "мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна" гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 3.1.1-д заасны дагуу бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн дээрх Y-1213004981, Y-1213004982, Y-1213004578 дугаартай эрхийн улсын бүртгэлүүдийг хөтөлсөн.

 

3.5. Эрхийн улсын бүртгэлийн Ү-1213004981, Y-1213004982 дугаарт тус тус бүртгэлтэй, “Э...” ХХК-ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь Х... б...ны 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг ЗГ/202247590605 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд, эрхийн улсын бүртгэлийн Ү-1213004578 дугаарт бүртгэлтэй иргэн С.Сүхжаргалын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тус тус барьцаатай тул эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийн эрхийн улсын бүртгэлүүдийг хүчингүй болгох тухай гарсан шийдвэр нь барьцаалагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байна.

 

Иймд захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна гэжээ.

 

4. Гуравдагч этгээд Б.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргажээ.

 

4.1. “... Шүүх нэхэмжлэгч нарын зүгээс хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан асуудал дээр шийдвэр гаргаж байгаа нь иргэний хуульд заасан хууль ёсны шударга өмчлөгч миний өмчлөх эрхийг зөрчиж байна. “Э...” ХХК нь ашиглалтын асуудлыг хариуцаж байхдаа гурван үл хөдлөхийн гэрчилгээ буюу ариун цэврийн өрөөний зориулалтыг өөрчилж 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргасан..., Өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр С.Сүхжаргалын нэр дээр нийтийн эзэмшлийн талбайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан гэсэн мэдээллийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргахад шүүхэд ханд гэсэн гэж маргадаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэлд дурдагдаж буй 3 үл хөдлөх хөрөнгийн нэг нь 2014 онд зориулалт өөрчлөгдөж өдийг хүртэл ашиглаж ирсэн бөгөөд 2022 онд үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсан нэг нь /миний өмчлөлийн/ 2014 онд лангуугаар ашиглаж эхлэсэн бөгөөд 2020 онд төлбөр төлж дуусснаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсан, нэг үл хөдлөх хөрөнгө буюу 1 ариун цэврийн өрөөг 2021 онд зориулалтыг өөрчилж улмаар 2022 онд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байна. Гэтэл нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар УБЕГ-т урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хандсан гэжээ. Миний үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан талаар нэхэмжлэгч нар өмнө мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх агуулгаар нэхэмжлэл гаргасан байна гэж ойлголоо. Гэтэл захиргааны актыг мэдэгдэх, мэдэх боломжтой байсан үе мөн хүндэтгэн үзэх шалтгаан гэх зэрэг хууль зүйн ойлголтууд нь тодорхой хуульчлагдсан ойлголт гэж ойлгож байна. Жишээ нь Нэхэмжлэгч Б.Нэргүй нь манай лангууны зэргэлдээ хөрш лангуу эзэмшдэг хүн өдий олон жилийн дараа мэдээгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ч ямар шалтгаанаар хоёр үл хөдлөх дээр нь дүгнэлт гаргаад нэгийг нь шууд шүүхэд ханд гэсэн нь ямар үндэслэлтэй нь тодорхойгүй байна. Иргэн хүн хүссэн үедээ шууд дээд шатанд нь хандаад нэг алга дарам бичиг бичүүлж аваад шүүхэд хандаад байдаг гэж бодохгүй байна. Энэ олон жил нэхэмжлэгч нар яагаад шүүхэд хандаагүйгээ тайлбарлаагүй.

 

4.2. Нэхэмжлэгчид тус компанийн Гүйцэтгэх захирал О.Лхамсүрэнгийн хамаарал бүхий этгээд Б.Сын нэр дээр хууль зөрчиж гаргуулсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ. Гэтэл Б.С нь 2019 онд тус үл хөдлөх хөрөнгийг 2019 онд тус компанийн өмнөх эзэд буюу хувьцаа эзэмшигч Мөнхсэнхэр, Гүйцэтгэх захирал Амарбатын үед худалдан авсан байна. Иймд миний бие ашиг сонирхол бүхий болон хамаарал бүхий хүнээс дээрх лангууг худалдан аваагүй. Хууль зөрчсөн зүйл байхгүй.

 

4.3. Зүүн бүсийн худалдааны төв нь зориулалтын агааржуулалтын хоолойтой бөгөөд барилгын А зурагт энэ талаар тусгагдсан байна. Мөн гуравдагч этгээд худалдааны төв агааржуулалтын хоолойтой гэж шүүхэд мэдүүлсэн байна. Мөн 00 ороход нь саад учруулж эрх ашгийг нь хөндсөн, бөөгнөрөл түгжрэл үүсдэг нь эрх ашгийг нь хөндсөн гэж маргаж байгаа гэж ойлголоо. Шүүхийн зүгээс нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдсөн тухай шийдвэрийн 24 дэх хэсэгт дүгнэлт хийхдээ нотлох баримт болон бодит байдалд нийцээгүй хууль нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Миний лангуу нь хаалганы зүүн талын хэсэгт байдаг бөгөөд түүгээр хүн зорчдоггүй хэсэг билээ. Мөн баруун хаалганы баруун талд минийхтэй яг адил лангуу байдаг тэр хэсэг Ариун цэврийн өрөөтэй ойр. Гэтэл тэр хэсэг энэ хүмүүсийн эрх ашгийг хөндөхгүй байгаа нь нэхэмжлэгч тал ямар санаа зорилго, сэдлээр зөвхөн миний лангууг онцолж шүүхэд хандаж байгаа нь илэрхий байна. Нэгэнт худалдаа үйлчилгээний төв тул худалдан авагчид лангууны урд зогсох нь хэвийн үзэгдэл бөгөөд манай лангуу зорчих хэсгээс хол, дээрх нэхэмжлэгч нарын лангуунаас хол, ариун цэврийн өрөөнөөс хол, худалдааны төв агааржуулагчтай байхад эрх ашиг хөндөгдсөн гэж дүгнэх боломжгүй бөгөөд миний лангууны гэрчилгээг хүчингүй болгосноор ямар эрх ашиг нь сэргэх нь тодорхойгүй байна.” гэжээ.

 

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргажээ.

 

5.1. Улсын бүртгэгч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.13 дахь хэсэгт “...шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах" гэж заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгө байгаа газарт очиж танилцсан, холбогдох баримтыг шалгасан, улмаар бүртгэл үнэн зөв байх хуулийн шаардлагыг хангасан байхад шүүх улсын бүртгэгч нотлох баримтыг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

5.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Улсын бүртгэгч ямар хууль бус ажиллагаа явуулсанаас нэхэмжлэгч нарын ямар эрх, ашиг хөндөгдөж шүүхэд хандаж байгаа нь тодорхойгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад "барилгын зориулалтыг өөрчилж, үсчний зориулалтаар худалдсан хэсэгт маргахгүй байгаа шалтгаан нь ойрхоноос үсчний үйлчилгээ авах хэрэгцээ байгаа тул энэ хэсэгт маргахгүй гэсэн" агуулгатай тайлбар хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын дээрх тайлбараас үзэхэд өөрсдийнх нь үсчний хэрэгцээг хангаж байгаа учраас барилгын зориулалт өөрчилсөн энэ хэсэгт маргахгүй гэж байгаа нь тэдний эрх ашиг хөндөгдсөн гэж шууд эргэлзээгүй дүгнэх боломжгүй, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл хүчингүй болсноор ямар эрх, ашиг сэргэх нь тодорхойгүй байна.

 

5.3. Түүнчлэн тус худалдааны төв эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй, тухайн худалдааны төвд үл хөдлөх хөрөнгө өмчлөгч этгээдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах эрх нь зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар холбогдох эрх бүхий этгээдийн гаргасан дүгнэлт шийдвэр авагдаагүй буюу нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд ажиллах эрх зөрчигдсөн, хэрхэн хөндөгдсөн гэдэг нь баримтаар нотлогдоогүй байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, нэхэмжлэгч нарын өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллах эрх нь зөрчигдсөн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

 

5.4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ “...ариун цэврийн өрөөний төлөвлөлт зориулалтыг өөрчилсөн нь хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүх 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шийдвэрлэсэн" талаар дурьдсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ч "энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан" талаар дурьдсан байдаг. Гэтэл шүүх үүнийг анхаарч, энэ талаар тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т "эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол шүүгч захирамж, шүүх тогтоол гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар маргаж буй улсын бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэний шүүхэд мөн нэхэмжлэл гаргасан байх бөгөөд энэ нь уг захиргааны хэргийг түдгэлзүүлэх үндэслэл болох эсэхийг шүүх тодруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Уг иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ямар асуудлыг шийдвэрлэсэн гэдгийг тодруулах нь уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрхэн явуулах вэ гэдгийг тодорхойлоход ач холбогдолтой юм.

 

5.5. Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан "бичмэл" нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлж шийдвэр гаргасан. Хэргийн оролцогчид шүүхэд бичмэл нотлох баримт гаргаж өгөхдөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар "баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв баримтыг эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх шаардлагатай" гэж заасан. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасан "хуулбар үнэн" тэмдэг дарж баталгаажуулах зохицуулалт нь хэргийн оролцогч бус этгээдүүдэд хамааралтай зохицуулалт болно. Гэтэл шүүхээс хэргийн оролцогчийн буюу Улсын бүртгэлийн хэлтсийн ирүүлсэн нотлох баримт дээрх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулбар үнэн тэмдэг дарсан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, тус нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

6. Нэхэмжлэгч нар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

 

2. Шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 

2.1. Нэхэмжлэгч нараас Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Э...” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-1213004981, Y-1213004982 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл болон иргэн Б.Сын өмчлөлд Y-1213004578 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах"-аар маргажээ.

2.2. Тодруулбал Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Зүүн бүсийн худалдааны төвд нэхэмжлэгч иргэд лангуу өмчлөн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мөн тус худалдааны төвийн А50 болон В52 тоот хаягт байрлах талбайг гуравдагч этгээд  “Э...” ХХК-ийн өмчлөлд бүртгэлийн Ү-1213004981, Y-1213004982 дугаарт, мөн төвийн А49 тоот хаягт байрлах лангууг гуравдагч этгээд Б.Сд Y-1213004578 дугаарт бүртгэн өмчлүүлжээ.

2.3. Гэтэл дээрх талбайнууд нь худалдааны төвийн анхны төлөвлөгөө буюу ариун цэврийн өрөөний зориулалтыг өөрчилж, чөлөөтэй зорчих зориулалттай коридорын хэсгийг мөн өөрчлөн олгосноос болж нэхэмжлэгч нар эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулж байгаа тул дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байх ба харин хариуцагчаас хуульд заасан шаардлагыг хангуулан  “Э...” ХХК, Б.С нарын гаргаж өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 2013 оны шифрийн 49/13 дугаартай батлагдсан зураг төсөл /план зураг/-ийн хуулбар, фото зураг, тэмдэгтийн хураамж тушаасан баримт зэрэг нотлох баримтыг үндэслэн олгосон хэмээн маргаж байна.

2.4. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх, 16 дугаар зүйлийн 16.1.7-д улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах,  19 дүгээр зүйлийн 19.4.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох, 19.4.3-д нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах, Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт “... мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг . . . тулгаж нягтална” гэж тус тус зааснаар улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын үүднээс улсын бүртгэлийг бодит хөрөнгөд тулгуурлан үйлдэнэ.

2.5. Хэрэгт авагдсан дээрх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 2013 оны шифрийн 49/13 дугаартай батлагдсан зураг төсөлд “Э...” ХХК-ийн өмчлөл бүхий А50 болон В52 тоот хөрөнгүүд нь ариун цэврийн өрөө байхаар буюу худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй талбай байхад үүнийг хариуцагчаас маргаан бүхий бүртгэлийг хийхдээ бодит нөхцөлд тохирсон эсэхийг хянан шалгах үүргээ биелүүлээгүй байна.

2.6. Өөрөөр хэлбэл худалдааны төвийн А50 болон В52 тоот хаягт байрлах талбайг тус барилгын гүйцэтгэгч “Э...” ХХК төлөвлөгдөж баригдсанаас өөрөөр дур мэдэн зориулалтыг өөрчлөн улсын бүртгэлд бүртгүүлсэнд хариуцагчаас энэ талаар тодруулан, бүртгэхээс татгалзах нь үндэслэлтэй байсан ба анхан шатны шүүхийн …ариун цэврийн өрөө, нийтээр эзэмших чөлөөтэй зөрчих талбайд худалдаа үйлчилгээний зориулалтаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр нэхэмжлэгч нарын өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэх, эрүүл аюулгүй орчинд ажиллах эрх  зөрчигдөж байна… гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

2.7. Иймд хариуцагч, гуравдагч этгээд Х... б...ны давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өмнө гаргасан улсын бүртгэлийг үндэслэн олгосон барьцааны гэрээний хувьд талууд хувийн эрх зүйд заасан үндэслэлээр эрх ашгаа сэргээх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

2.8. Харин гуравдагч этгээд Б.Саас давж заалдах гомдолдоо «…манай лангуу зорчих хэсгээс хол, дээрх нэхэмжлэгч нарын лангуунаас хол, ариун цэврийн өрөөнөөс хол, худалдааны төв агааржуулагчтай байхад эрх ашиг хөндөгдсөн гэж дүгнэх боломжгүй бөгөөд миний лангууны гэрчилгээг хүчингүй болгосноор ямар эрх ашиг нь сэргэх нь тодорхойгүй...” хэмээн тайлбарлаж байна.

2.9. Гуравдагч этгээд Б.Сын хувьд А49 тоот 7 м.кв талбай нь нийтийн эзэмшлийн талбай байхаар төлөвлөгөөнд тусгагдсан хэмээн нэхэмжлэгч нараас маргаж байх ба хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай” 17-03-015/03 дугаар албан бичиг болон бусад баримтаас үзвэл нэхэмжлэгч нар нь энэ тохиолдолд худалдааны төвд үйлчилгээ эрхлэхэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа талаар маргаж байх ба харин гуравдагч этгээд Б.Сын хувьд эрүүл ахуйн ямар шаардлага зөрчиж байгаа нь ойлгомжгүй байна.

2.10. Хэдийгээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байрлах худалдаа үйлчилгээний зориулалттай 2013 оны шифрийн 49/13 дугаартай батлагдсан зураг төсөл зэргээс үзвэл тус А49 тоот үл хөдлөх хөрөнгө нь нийтийн эзэмшлийн гэх буланд байрласан боловч Б.С нь тус худалдааны төвийн А49 тоот талбайг 2014 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 36 дугаартай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээний дагуу төлбөрийг төлснөөр уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон байна.

2.11. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Б.С нь тус 2014 онд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нарын адил маргаан бүхий хөрөнгийн өмчлөгч болсон байхад энэхүү эрхийг хууль бус хэмээн маргасан нь үндэслэлгүй учир анхан шатны шүүх энэ тухайд нотлох баримтыг буруу үнэлж, шийдвэрлэжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд Б.Сын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Х... б...ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Э...” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-1213004981, Y-1213004982 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэл, иргэн Б.Сын өмчлөлд Y-1213004578 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож” гэснийг “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Э...” ХХК-ийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-1213004981, Y-1213004982 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох “иргэн Б.Сын өмчлөлд Y-1213004578 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” гэж өөрчлөн, гуравдагч этгээд Б.Сын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд Х... б...ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдүүдээс давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА