Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2018/0088/З |
Дугаар | 211 |
Огноо | 2018-04-03 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 211
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийж,
Нэхэмжлэгч: “ЭӨ” ХХК
Хариуцагч: СяТнбд
Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ЭӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ЭӨ” ХХК-ийн захирал болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани “Э******* ү*******” ХХК-ны 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зарласан “Э******* ү*******” ХХК-ны Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерт оролцсон юм.
Ингээд 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр анх тендерийг нээсэн бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тендер шалгаруулах үнэлгээний хороо шийдвэрээ гаргаж манай компанид тухайн үед ирүүлсэн БШ-114-12/******* тоот мэдэгдэлд “танай компани шаардлага хангасан тендер ирүүлсэн боловч үнийн саналаар шалгараагүй” гэж дурдсан байсан.
Бид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан.
Сангийн яам гомдлыг тухайн тендерт материал ирүүлсэн компани тус бүрээр хянан үзээд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр анхны тендер шалгаруулалтыг хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн хуульд заасан хугацаанд багтаан дахин хийх үүргийг үнэлгээний хороонд өгсөн.
Улмаар үнэлгээний хороо 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин хуралдаж манай компанийг тендерт шалгарсан гэж үзэж 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэл ирүүлсэн.
2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдлийг манай компани 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цахим шуудангаар хүлээж авсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Э******* ү*******” ХХК-ны захирал Х.Б*******гийн нэр дээр гэрээ байгуулах хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлж, гэрээний ажиллагааг шуурхай шийдэж өгөхийг хүсэж албан бичиг хүргүүлсэн.
Гэтэл гэрээ байгуулах тухай мэдэгдэл ирүүлсэн захиалагч талын зүгээс ямар нэг хариу өгөхгүй байсан учир манай компани 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний Хэргийн анхан шатны шүүхэд “Э******* Ү*******” ХХК-нд холбогдуулан “тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Дээрх нэхэмжлэлийн дагуу хариуцагч “Э******* Ү*******” ХХК-ны зүгээс 2017 оны 12 дугаар сарын 22 болон 25-ны өдрүүдэд шүүхэд хариу тайлбар, нотлох баримт ирүүлсэн байдаг бөгөөд “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот албан бичгээр манай компанийг шалгаруулсан тендерийг хүчингүй болгож, дахин тендер шалгаруулалт зохион байгуулах үүрэг” болгосон гэсэн тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлсэн байсан.
Хариуцагч байгууллагын хариу тайлбар болон манай компанийг шалгаруулсан тендерийг хүчингүй болгосон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот шийдвэрийг итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд хэргийн материалтай танилцах үеэрээ мэдсэн.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын дээрх шийдвэрт тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан байхад 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тендерийн үнэлгээ хийсэн нь хууль зөрчсөн талаар дурдсан байсан.
Энэхүү шийдвэрийг манай компаний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анх тендерийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нээсэн бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тендер шалгаруулах үнэлгээний хороо шийдвэрээ гаргаж “ТЛ” ХХК-ны тендерийг шалгаруулсан. Бид тендер шалгаруулалтын ажиллагаа хууль бус болсон гэж үзэж 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан.
Сангийн яам гомдлыг хянан үзээд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр анхны тендер шалгаруулалтын ажиллагааг хүчингүй болгож тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгасан.
Энэхүү шийдвэрийг Э******* Ү******* ХХК-ны үнэлгээний хороо 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 1 хоногийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин үнэлгээ хийж манай компанийг тендер шалгарсан гэж үзсэн шийдвэр гаргасан.
Энэ талаар “Э******* Ү*******” ХХК-ны зүгээс Орхон аймгийн иргэний анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа нотлох баримтын хамт маш тодорхой дурдсан байдаг.
Гэтэл Сангийн яамнаас “ХЭ” ХХК-ны гаргасан гомдлын дагуу тендерийн материалыг дахин хянан үзэж тендерийн хүчинтэй байх хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн гэж үзэж манай компанийн шалгарсан тендерийн ажиллагааг хүчингүй болгосон байдаг.
Тендерийн үнэлгээний хорооны зүгээс тендерийн үнэлгээг дахин хийхдээ тендерийн хүчинтэй байх хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаантай үйлдэл байсан гэж үзэж байна.
Учир нь Сангийн яамны зүгээс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тендерийн үнэгээг дахин явуулах шийдвэр гаргаад уг шийдвэрээ тендерийн хүчинтэй байх хугацааг тулгаж тендерийн үнэлгээний хороонд хүргүүлсэн нь үнэлгээний хороо 1 хоногийн хугацаа хожимдуулсан үйлдэл гаргахад хүргэсэн байгаа.
Мөн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр анхны шалгаруулалт явуулсанаас хойшхи хугацаанд дээрх тендерийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг хянан шийдвэрлэхэд дийлэнх хугацааг зарцуулсан бөгөөд гомдлыг хянан шийдвэрлэхийн тулд Сангийн яамнаас ирүүлж байсан албан бичгүүдэд тендерийн ажиллагааг түр хугацаагаар түтгэлзүүлж байгаа талаар дурдсан байдаг.
Энэхүү түдгэлзүүлсэн хугацааг тендерийн хүчинтэй байх хугацаанаас хасаж тооцох ёстой гэж үзэж байна.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот шийдвэр нь “Э******* Ү*******” ХХК-наас зарласан Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ажил гүйцэтгэх тендерт шалгарч дээрх ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулах гэж байсан манай компаний үйл ажиллагааг шууд зогсоож бидний эрх ашгийг илтэд хохироож байгаа шийдвэр юм.
Нэхэмжлэлд дурдсан үйл баримт Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч “Э******* Ү*******” ХХК-ны зүгээс гаргаж өгсөн нотлох баримт, болон тайлбарт дурдагдсан үйл баримт болно.
Бидний зүгээс дээрх баримтуудыг Захиргааны хэргийн шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгөх боломжгүй байгаа тул Тендерийн ажиллагааг зохион байгуулсан “Э******* Ү*******” ХХК болон Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн журмаар гаргуулан авах хүсэлтэй байна.
Иймд Монгол Улсын Сангийн Яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Э******* ү*******” ХХК-ны 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зарласан “Э******* ү*******” ХХК-ны Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД-1.8.1 дугаартай тендерийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нээсэн бөгөөд тендер шалгаруулалт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид тендерийн хууль гэх/-ийн 24.5-д заасны дагуу 45 хоногийн хугацаатай уг хугацаанд тендер хүчинтэй байх бөгөөд хуулийн 29.4-д заасныг үндэслэн хүчинтэй хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болдог. Үүний дагуу “Э******* ү*******” ХХК-ны 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ЖЭ-114-12/905 дугаар албан бичгээр тендерийн хугацаа сунгуулах хүсэлт ирүүлсэн тул хуулийн 29.5-д заасныг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6-1/5636 дугаар албан бичгээр тендерийн хүчинтэй хугацааг 30 хоногоор сунгасан байна.
Тендер шалгаруулалттай холбогдуулан “ХЭ” ХХК, “ЭӨ” ХХК нар гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг захиалагч байгууллага болох “Э******* ү*******” ХХК-д хүргүүлэхдээ хуульд заасан хугацаанд багтаан дахин үнэлгээ хийхийг тендерийн хүчинтэй хугацаа дуусахаас 18 хоногийн өмнө буюу 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 6-1/5418 дугаараар хүргүүлсэн байна.
Тендерийн хугацаа дууссаны дараа дахин зохион байгуулахыг “Э******* ү*******” ХХК-д 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6-1/5636 дугаараар мэдэгдсэн.
Сангийн яам нь тендер оролцогчдоос гаргасан гомдолыг тендерийн хуулийн дагуу хянан үзэж шийдвэрлэдэг. “Э******* ү*******” ХХК нь тендер зохион байгуулахдаа хуулийн хугацаанд тендерийг зохион байгуулах буюу үнэлгээний хорооны шийдвэрийг хуулийн хугацаанд гаргах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаанаар энэ үүргээ биелүүлээгүй нь тухайн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй тул Сангийн яамны зүгээс хуулийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 дугаар тоот шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
“ЭӨ” ХХК нь “Э******* ү*******” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зарласан “Э******* ү*******” ХХК-ийн “Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ 2017/ЦЭХХМД 1.8.1/ дугаартай тендерт оролцжээ.
Тендерийн үнэлгээний хорооноос “ЭӨ” ХХК-ийг “танай компани шаардлага хангасан тендер ирүүлсэн боловч үнийн саналаар шалгараагүй” гэсэн мэдэгдлийг “ЭӨ” ХХК-д хүргүүлсэнийг эс зөвшөөрч 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сангийн яаманд гомдлоо гаргаж Сангийн яам гомдлыг тухайн тендерт материал ирүүлсэн компани тус бүрээр хянан үзээд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр анхны тендер шалгаруулалтыг хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журманд нийцүүлэн хуульд заасан хугацаанд багтаан хийх үүргийг үнэлгээний хороонд өгсөнөөр үнэлгээний хороо 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр дахин хуралдаж “ЭӨ” ХХК-ийг тендерт шалгарсан гэж үзэж 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн байна.
Дээрх мэдэгдлийг “ЭӨ” ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр цахим шуудангаар хүлээж авсан байх бөгөөд мэдэгдлийг хүргүүлсэн, хүлээн авсан цаг хугацааны хувьд нэхэмжлэгч хариуцагч нар маргаагүй байна.
“ЭӨ” ХХК-ийн захирал Т.Халиун нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 207/2017 тоот албан бичгээр “Э******* Ү*******” ХХК-ийн ерөнхий захирал Х.Б*******д “гэрээ байгуулах” тухайгаа илэрхийлж, гэрээний ажиллагааг шуурхай шийдэж өгөхийг хүссэн хүсэлтээ хүргүүлжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заажээ.
Гэтэл захиалагч “Э******* Ү*******” ХХК нь дээрх хуульд заасны дагуу гэрээ байгуулаагүйн зэрэгцээ хүсэлтийн хариуг огт өгөөгүйн улмаас “ЭӨ” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Э******* Ү*******” ХХК-нд холбогдуулан “тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Дээрх нэхэмжлэлийн дагуу “Э******* Ү*******” ХХК-ийн зүгээс 2017 оны 12 дугаар сарын 22, 25-ны өдрүүдэд шүүхэд хариу тайлбар гаргаж өгсөн төдийгүй Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 дугаартай албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Сангийн яамны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 дугаартай албан бичигт “Э******* Ү*******” ХХК-нд хандан танай байгууллагаас зарласан ИБХ-2017/ЦЭХХМД-1.8.1 дугаар бүхий “Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцсон “ХЭ” ХХК-аас ирүүлсэн гомдлыг хянаж үзлээ.
Тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан байх тул тухайн тендер шалгаруулалт хүчингүй болсон байна гэсэн албан бичиг ирүүлснийг “ЭӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийн материалтай танилцах үеэрээ мэдсэн байх бөгөөд үнэлгээний хорооноос гэрээ байгуул гэж мэдэгдэл өгсөн атлаа тендерийн хүчинтэй байх хугацааг Сангийн яаманд хандаж сунгуулаагүй, 1 хоногийн хугацаа хэтэрсэн гэх үндэслэлээр тендерийг бүхэлд нь хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчжээ.
Учир нь анх тендерийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нээсэн бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тендер шалгаруулах үнэлгээний хороо анхны шийдвэрээ гаргаж “ТЛ” ХХК-ийн шалгаруулсан байна.
Нэхэмжлэгч “ЭӨ” ХХК нь тендер шалгаруулалтын ажиллагааг хууль бус болсон гэж үзэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сангийн яаманд гомдлоо гаргаж улмаар Сангийн яам 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т заасны дагуу гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж гомдлыг хянах явцад тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах тохиолдолд хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу уг хугацааг сунгуулж ажиллана уу гэсэн албан бичгийг “Э******* Ү*******” ХХК-д хүргүүлсэн байна.
Улмаар Сангийн яам дээрх гомдлыг хянаж үзээд 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 6-1/5418 тоот албан бичгээр “Э******* Ү*******”-д хандан тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн хуульд заасан хугацаанд багтаан дахин хийхийг мэдэгдэж хувийг “ХЭ” ХХК болон “ЭӨ” ХХК-нд хүргүүлсэн байна.
“Э******* Ү*******” ХХК-аас Сангийн яаманд 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ХБ-114-12/807 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.4-т заасны дагуу тендер хүчинтэй байх хугацааг нэг удаа 30 хоногоор сунгах хүсэлт гаргаж байгаа тул зөвшөөрнө үү гэсэн хүсэлтээ хүргүүлсэнийг Сангийн яам хүлээн зөвшөөрч “Э******* Ү*******” ХХК-нд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 29.5-д заасны дагуу дээрх тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгаж байна гэсэн албан бичгийг хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.
Тендерийн үнэлгээний хороо дээрх хугацаанд буюу тендер хүчинтэй байх хуулийн хугацаанд үнэлгээг гаргаж гэрээ байгуулах эрхийг “ЭӨ” ХХК-нд хүргүүлсэн байна.
Гэтэл Сангийн яам тендерийн үнэлгээний хорооны 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийг 1 хоногийн хугацаа хэтэрсэн байна, хэрэв ийм тохиолдолд захиалагч хугацаа сунгах хүсэлтээ ирүүлэх байсан гэдэг үндэслэлээр 6-1/6358 тоот шийдвэрээр тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах ажиллагааны “Хугацааг тодорхойлох” талаар зохицуулж өгсөн байх бөгөөд 33 дугаар зүйлийн 33.3-т “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно”, 33 дугаар зүйлийн 33.8-т “Хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно”, 33 дугаар зүйлийн 33.15-т “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж заасан байна.
Үүнээс дүгнэвэл хариуцагч байгууллага болох Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд түдгэлзүүлсэн хугацааг нарийвчлан зааж өгөөгүй, тендерийн хүчинтэй хугацаанд түдгэлзүүлсэн хугацаа орно” гэх тайлбар хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.
Учир нь анх “Э******* Ү*******” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих тендерийг зарлаж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тендерийг нээн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Тендерийн анхны шалгаруулалт явагдаж шийдвэрээ гаргасан байна. Үүнийг “ЭӨ” ХХК нь эс зөвшөөрөн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гомдлоо Сангийн яаманд гаргасан.
Сангийн яам 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг” түр хугацаагаар түдгэлзүүлж, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр анхны тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, тендер шалгаргуулалтын үнэлгээг, журманд нийцүүлэн хуульд заасан хугацаанд багтаан дахин явуулах үүргийг үнэлгээний хороонд өгсөн байна.
Улмаар үнэлгээний хороо 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж “ЭӨ” ХХК-ыг тендерт шалгарсан гэж үзсэн байна.
Өөрөөр хэлбэл дээрх Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-т зааснаар гомдлыг шалгах явцад тендерийн хүчинтэй хугацааг түдгэлзүүлсэн байх бөгөөд түдгэлзүүлсэн хугацаанд тендерийн хүчинтэй байх хугацаа зогсох бөгөөд түдгэлзүүлсэн шалтгаан арилмагч тендерийн хүчинтэй байх хугацааг дууссан өдрөөс эхлэн үргэлжлүүлэн тооцох ёстой байсан байна.
Иймд нэхэмжлэгч “ЭӨ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3, 33.15, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ЭӨ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот албан бичгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ