Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 00426

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 8-р баг, Бүрэнбүст, 5-10-26 тоотод оршин суух Эмт овогт Пүрэвсүрэнгийн Баярболдын /регистрийн дугаар ГЭ88030111/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-нд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Баярболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Д.Пүрэв-Отгон, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Баярболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.Баярболд би Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүдрийн ил уурхайн экскавторын туслах машинистаар 2007 оноос ажиллаж байна. Намайг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр оюу буюу мелахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих зөвшөөрөлгүй авч гарсан гэж буруутгаж үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9, 8.9.10 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.1.3, 3.4.6, 4.3.5 дахь заалтыг үндэслэн ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би оюу буюу мелахитжсан чулууг Эрдэнэт үйлдвэрийн эзэмшлийн бус Зэс эрдэнийн хувь ХК-ийн эзэмшлийн бүс болох 8а шороон овоолгоос авсныг, мөн намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсанд гомдолтой байна. Мөн Баярболд миний хувьд ээлжийн амралттай байхад ийнхүү ажлаас халж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална,” 35.1.2-т “ээжлийн амралттай байгаа” гэж заасныг ноцтой зөрчиж байна. П.Баярболд намайг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүдрийн ил уурхайн экскавторын туслах машинистын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Д.Пүрэв-Отгон нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч П.Баярболдын Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд оюу буюу мелахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих зөвшөөрөлгүй авч гарсан гэж буруутгаж үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9, 8.9.10 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.1.3, 3.4.6, 4.3.5 дахь заалтыг үндэслэн ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүдрийн ил уурхайн экскаваторын туслах машинистын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.  Тагнуулын Ерөнхий газрын Орхон аймаг дахь газраас 2016 оны 02 сарын 04-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрийн бүсээс оюу чулуу хулгайлан гаргасан тус компанийн нэр бүхий ажилтнуудын материалыг хүргүүлэв, холбогдох арга хэмжээг авах тухай 12/19 тоот албан бичгийг холбогдох материалын хамт ирүүлсэн. Уг албан бичгийг судлан үзэхэд: Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүдрийн ил уурхайн хөрс хуулалт, хүдэр олборлолтын хэсгийн ажилтан П.Баярболд нь удаа дараагийн үйлдлээр үйлдвэрийн бүсээс оюу чулууг зохих зөвшөөрөлгүй авч гарч, хулгайлсан оюу чулууг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бусдад худалдан борлуулах гэж байхад нь Тагнуулын Ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын эрх бүхий ажилтнууд мэдээллийн дагуу шалган илрүүлж, тогтоосон байдаг. П.Баярболд нь Эрдэнэт үйлдвэр ХХК-тай байгуулсан №17019 дугаар Хөдөлмөрийн гэрээний 3.1.3 хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах”, 3.4.6 дахь хэсэгт “ажил олгогчийн эзэмшил, өмчлөлд буй эд хөрөнгийг дур мэдэн ажлын байр буюу байгууллагаас авч гарахгүй байх”, 4.3.5 дахь хэсэгт “Байгууллагын мэдлийн эд хөрөнгө болон өнгөт металл, хоёрдогч түүхий эд материалыг зөвшөөрөлгүй авч гарсан буюу авч гарахыг завдсан, туслалцаа дэмжлэг үзүүлсэн, хулгайлсан, үрэгдүүлсэн, завшсан, худалдсан, нуун дарагдуулсан, эдгээрийг зохион байгуулсан”, мөн компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 8.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээгээр урьдчилан тохиролцож ноцтой зөрчилд тооцохоор нэрлэж заасан сахилгын зөрчил гаргасан, эхсүл хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан /2 буюу түүнээс дээш удаа/ гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулна”, 8.9.10 дахь хэсэгт “Компанийн өмч хөрөнгө, эд зүйлийг зохих зөвшөөрөлгүй авч гарсан, авч гарахыг завдсан, авч гарахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн, завшин үрэгдүүлсэн, ашигласан, худалдсан, нуун дарагдуулсан, хулгайн гэмт хэрэг гарах нөхцөл бололцоог бүрдүүлсэн” гэж заасан ноцтой зөрчил гаргасан тул Ерөнхий захирлын 2016 оны 02 сарын 18-ны өдрийн Б/198 дугаар тушаалаар ажлаас халж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 15.4.2 дахь хэсэгт 'Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж тайлбарласан. Мөн П.Баярболдын гаргасан ноцтой зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байсан учир шалгуулахаар 2016 оны 03 сарын 09-ний өдөр 117/184 тоот албан бичгээр Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу П.Баярболдод 201614000162 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Баярболдод холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 11 сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж, шийтгэсэн 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж 173 дугаар тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн Давж заалдах гомдлоор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр гомдлыг хянан хэлэлцэж Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 173 дугаар тогтоолыг хэвээр үлдээж 153 дугаар магадлалыг гаргасан. Шүүгдэгчийн хяналтын гомдлоор Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын Шатны Эрүүгийн хэргийн шүүх 2017 оны 01 сарын 25-ны өдөр шүүгдэгчийн хяналтын гомдлыг хянан хэлэлцэж, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 173 дугаар тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар магадлалыг хэвээр үлдээж, 20 дугаар тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч П.Баярболдын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч П.Баярболд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: “П.Баярболд миний бие Эрдэнэт үйлдвэр ХХК-иас хууль бусаар ажлаас халагдсан үндэслэлээр 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба тухайн үед зөвхөн Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/198 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах талаар нэхэмжилж байсан бол одоо үүний дээр 2016 оны 02 дугаар сарын 18-аас 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл 1 жил 28 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 30 799 193 төгрөг, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Д.Пүрэв-Отгон нар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “П.Баярболдыг ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Баярболд нь Эрдэнэт Үйлдвэр ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 30 799 193 төгрөг гаргуулж өгнө үү, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулж өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...П.Баярболдыг ажлаас чөлөөлсөн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/198 тоот тушаал үндэслэлтэй гарсан. П.Баярболд нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учраас түүнийг ажлаас чөлөөлсөн.Ээлжийн амралттай байхад нь ажлаас чөлөөлөөгүй. Б/198 тоот тушаал дээр П.Баярболдтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг ээлжийн амралтаа эдэлж дуусаад ажилдаа орсны дараа өдрөөс цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр тодорхой тусгасан байгаа” гэж тайлбарлаж байгаа.

П.Баярболд нь 2007 оноос Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн эксковаторын туслах машинчаар ажиллаж байгаад “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захиралын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/198 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлсөн Б/198 тоот тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Ажил олгогч П.Баярболдыг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ “...П.Баярболд нар удаа дараагийн үйлдлээр 100 гаруй кг оюу буюу малахитжсан чулуулгийг үйлдвэрийн бүсээс зохих зөвшөөрөлгүй авч гарч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” гэж дурьдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг тушаалдаа баримталсан байна.

Ажилтан П.Баярболдтой байгуулсан 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 17019 тоот хөдөлмөрийн гэрээний 4.3.5-д Байгууллагын мэдлийн эд хөрөнгө болон өнгөт металл, хоёрдогч түүхий эд материалыг зөвшөөрөлгүй авч гарсан буюу авч гарахыг завдсан, туслалцаа дэмжлэг үзүүлсэн, хулгайлсан, үрэгдүүлсэн, завшсан, худалдсан, нуун дарагдуулсан, эдгээрийг зохион байгуулсан бол ноцтой зөрчилд тооцож ажилтанд ажлаас халах шийтгэлийг ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан.

П.Баярболд 2015 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Хүдрийн ил уурхайгаас 15,2 кг оюу хулгайлсан гэмт хэрэгт холбогдож шүүхээс түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан тэнсэж хянан харгалзаж 1 жилийн хугацаагаар тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн, уг тогтоолыг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь 173 тоот шийтгэх тогтоол, 153 тоот магадлал, 20 тоот Улсын дээд шүүхийн тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.Иймд П.Баярболдыг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...П.Баярболд 2015 оны 07 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө хулгайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш түүнд 7 сарын дараа сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан хугацааг зөрчсөн” гэж мэтгэлцэж байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.

П.Баярболд 2015 оны 07 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч Тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газраас 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн хуулийн хэлтэст П.Баярболд нарын хулгайн үйлдлийн талаар албан бичиг ирсэнээр ажил олгогчид тухайн сахилгын зөрчил илэрсэн, ийнхүү илэрсэнээс хойш 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан хугацааг зөрчөөгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “...намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн энэ нь хууль зөрчсөн” гэж тайлбарлаж байгаа боловч 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/198 тоот тушаалд ... П.Баярболдын ажлыг ээлжийн амралтаа эдэлж дууссаны дараагийн өдөр нь ажлыг хүлээлцүүлэх” гэж дурьдсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...бид Б/198 тоот тушаалд заасны дагуу П.Баярболдын ажлыг ээлжийн амралтаа эдэлж дууссаны дараагийн өдөр нь ажлыг хүлээлцүүлсэн гэж тайлбарлаж байгаа.

Нэхэмжлэгч нь түүнийг ээлжийн амралтаа эдэлж байхад ажлаас чөлөөлсөн гэсэн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, тэрээр энэ талаархи өөрөө олж авах боломжгүй баримтыг бүрдүүлэхээр шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй.

Иймд нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байх хугацаанд нь ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж дээрхи үндэслэлүүдээр П.Баярболдын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар хариуцагч “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-нд холбогдох П.Баярболдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА