Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 00118

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    П.Баярболдын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 426 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч П.Баярболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очирын гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Д.Пүрэв-Отгон, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч П.Баярболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Баярболд би Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүдрийн ил уурхайн экскавторын туслах машинистаар 2007 оноос ажиллаж байна. Намайг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр оюу буюу мелахитжсан чулуу үйлдвэрийн бүсээс зохих зөвшөөрөлгүй авч гарсан гэж буруутгаж үндэслэлгүйгээр ажлаас халсанд гомдолтой байна. Иймд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.2, 8.9, 8.9.10 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 3.1.3, 3.4.6, 4.3.5 дахь заалтыг үндэслэн ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би оюу буюу мелахитжсан чулууг Эрдэнэт үйлдвэрийн эзэмшлийн бус Зэс эрдэнийн хувь ХК-ийн эзэмшлийн бүс болох 8а шороон овоолгоос авсныг, мөн намайг ээлжийн амралттай байх хугацаанд ажлаас халсанд гомдолтой байна. Мөн Баярболд миний хувьд ээлжийн амралттай байхад ийнхүү ажлаас халж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална, 35.1.2-т ээжлийн амралттай байгаа гэж заасныг ноцтой зөрчиж байна. П.Баярболд намайг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хүдрийн ил уурхайн экскавторын туслах машинистын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Д.Пүрэв-Отгон нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

П.Баярболд нь Эрдэнэт үйлдвэр ХХК-тай байгуулсан №17019 дугаар Хөдөлмөрийн гэрээний 3.1.3, 4.3.5, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг тус тус зөрчиж ноцтой зөрчил гаргасан тул Ерөнхий захирлын 2016 оны 02 сарын 18-ны өдрийн Б/198 дугаар тушаалаар ажлаас халж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. П.Баярболдын гаргасан ноцтой зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байсан учир шалгуулахаар 2016 оны 03 сарын 09-ний өдөр 117/184 тоот албан бичгээр Орхон аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу П.Баярболдод 201614000162 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч П.Баярболдод холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 11 сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж, шийтгэсэн 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж 173 дугаар тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн Давж заалдах гомдлоор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр гомдлыг хянан хэлэлцэж Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 173 дугаар тогтоолыг хэвээр үлдээж 153 дугаар магадлалыг гаргасан. Шүүгдэгчийн хяналтын гомдлоор Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын Шатны Эрүүгийн хэргийн шүүх 2017 оны 01 сарын 25-ны өдөр шүүгдэгчийн хяналтын гомдлыг хянан хэлэлцэж, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 08-ны өдрийн 173 дугаар тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар магадлалыг хэвээр үлдээж, 20 дугаар тогтоол гаргаж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч П.Баярболдын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч П.Баярболд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: П.Баярболд миний бие Эрдэнэт үйлдвэр ХХК-иас хууль бусаар ажлаас халагдсан үндэслэлээр 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба тухайн үед зөвхөн Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/198 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах талаар нэхэмжилж байсан бол одоо үүний дээр 2016 оны 02 дугаар сарын 18-аас 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр буюу өнөөдрийг хүртэл 1 жил 28 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 30 799 193 төгрөг, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд, Д.Пүрэв-Отгон нар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбартаа: П.Баярболдыг ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 426 дугаар шийдвэрээр:Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ХХК-нд холбогдох П.Баярболдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир давж заалдсан гомдолдоо: П.Баярболд нь 2015 оны 07 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хүдрийн ил уурхайн хэсэгт эксковаторчоор ээлжинд ажиллаж байгаад 15.2 кг оюу чулуу хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн 201614000162 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад тогтоогдсон ба энэ үйлдлийг гаргасан учраас 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ажлаас халсан нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т ...Сахилгын зөрчил гарснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчсөн гэж нэхэмжлэгч тал үзсэн боловч шүүх сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 14 хоногийн дотор сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг зөрчөөгүй гэж үзсэн нь П.Баярболд нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ээлжийн амралттай байсан ба энэ нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар нотлогдож байхад шүүх “П.Баярболд нь ээлжийн амралтаа эдэлж байхад ажлаас чөлөөлсөн гэсэн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн нь тус тус үндэслэлгүй ажилтны эрх ашгийг зөрчсөн, ажил олгогчийн талыг хэт баримталсан шударга бус шийдвэр боллоо гэж үзэж байгаа тул Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 426 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож П.Баярболдыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нь нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч П.Баярболд нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн экскаваторын туслах машинистийн ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/198 тоот тушаалд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй П.Баярболд нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн түүнийг ээлжийн амралттай байхад нь чөлөөлөөгүй, ээлжийн амралтаа эдэлж дуусаад ажилдаа орсны дараа өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөхөөр захирлын тушаалд тусгасан гэж тайлбар гарган маргасан байна.

Нэхэмжлэгч П.Баярболд нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д экскаваторын туслах машинчаар 2007 оноос ажилд орсон. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын 2016.02.18-ны өдрийн Б/198 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/198 тоот тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт П.Баярболдтой байгуулсан 17019 дугаар хөдөлмөрийн гэрээний 3.1.3, 3.4.6, 4.3, 4.3.5 дахь заалтууд тагнуулын ерөнхий газрын Орхон аймаг дахь газрын 2016.02.04-ний өдрийн 12/19 тоот албан бичиг зэргийг үндэслэн удаа дараагийн үйлдлээр 100 гаруй кг оюу буюу мелахитжсан чулуулгыг үйлдвэрийн бүсээс зохих зөвшөөрөлгүй авч гарсан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч П.Баярболд нь 2015.07.17-18-нд шилжих шөнө хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч Тагнуулын Ерөнхий газрын Орхон аймаг дахь газраас 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хуулийн хэлтэст албан бичиг ирснээр сахилгын зөрчлийг илрүүлсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацааг зөрчөөгүй, ээлжийн амралтыг дууссаны дараагийн өдөр ажлыг хүлээлцүүлсэн нь тайлбараар тогтоогдсон гэж дүгнэж П.Баярболдын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч П.Баярболд нь 2015.07.17-18-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүдрийн ил уурхайгаас 15,2 кг оюу хулгайлсан нь тогтоогдсон Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан хорих ялаар шийтгэгдэж тэнсэн хянан харгалзсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон байна. П.Баярболдын хулгайн үйлдлийг Эрдэнэт үйлдвэр ХХК-д Тагнуулын Орхон аймаг дахь газар 2016.02.04-ний өдөр албан бичгээр мэдэгдсэн.

Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь П.Баярболдын хулгай хийсэн үйлдлийг 2016.02.04-ний өдөр илрүүлсэн гэж үзэх боломжтой байх ба 2016.02.18-ны өдрийн тушаалаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцсэн байна.

Ажил олгогч, ажилтны хооронд байгуулсан 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 17019 тоот хөдөлмөрийн гэрээний 4.3.5-д” байгууллагын мэдлийн эд хөрөнгө болон өнгөт металл хоёрдогч түүхий эд материалыг зөвшөөрөлгүй авч гарсан буюу гарахыг завдсан, туслалцаа үзүүлсэн, хулгайлсан, үрэгдүүлсэн завшсан худалдсан, нуун дарагдуулсан эдгээрийг зохион байгуулсан бол гэсэн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халахаар тусгажээ.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацааг зөрчсөн, ээлжийн амралттай байхад нь халсан гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 426 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай

2. Нэхэмжлэгч П.Баярболд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ