Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01807

 

Я.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/01567 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1624 дүгээр магадлалтай

Я.Эийн нэхэмжлэлтэй

А.Ад холбогдох

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Шадивлан зусланд байрлах 465мкв талбай бүхий газрыг чөлөөлүүлэх, хохиролд 4 747 110 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч А.Агийн хяналтын гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, хариуцагч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 84 тоот шийдвэрийн дагуу 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай 0059403 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Гэтэл Баянгол дүүргийн харьяат А.А гэгч 2006 оноос эхлэн дураараа газар дээр минь байшин барьсан. Холбогдох төрийн байгууллагад хандаж Мэргэжлийн хяналт, Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудаас газар чөлөөлүүлэх шийдвэр гаргуулж байсан хэдий ч шаардлагыг биелүүлээгүй.

Энэ хугацаанд А.А Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулж захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, газрыг өөртөө олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасныг 3 шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд миний эзэмшлийн 0059403 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг хариуцагч А.Агийн эзэмшлээс чөлөөлж өгнө үү. ...2006 оноос хойш өнөөдрийг хүртэл газрын төлбөрт 68 200 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны төлбөр 4 300 000 төгрөг, шинжээчийн зардал 326 800 төгрөг, нотариатын зардал 52 100 төгрөг, нийт 4 747 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Шадивлан зуслангийн газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 131 дүгээр шийдвэрээр 450 м.кв газрыг 430 тоот гэрчилгээгээр Д.Хулганаад олгосон. Уг газрыг миний бие 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Д.Хулганаагаас эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж авсан. 2005 онд өөрийн эзэмшлийн газар дээр хашаа барьж, 2007 онд тус газарт кадастрын зураг хийлгэж, 2007 оны 05 дугаар сард байшин барьж эхэлсэн бөгөөд 6 дугаар сарын сүүлд бүрэн барьж дуусгасан.

А.А миний бие болон манай гэр бүл өнөөг хүртэл өөрийн эзэмшлийн зуслангийн газартаа барьсан байшиндаа амьдарч байгаа. Миний бие газрын албанд очиж өөрийн эзэмшлийн газраа маргаантай эсэхийг тодруулахад давхацсан газар байна гэсэн хариуг амаар хэлсэн. Иймд миний бие Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Шадивлан зуслангийн өөрийн газрыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/01567 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Эийн эзэмшлийн Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Шадавлин гудамжны 1864232118306 нэгж талбарын дугаартай 465 м.кв газрыг хариуцагч А.Агийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, үлдэх 4 352 100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161 100 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1624 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/01567 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14 өдрийн 102/ШШ2018/01567 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 1624 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч хариуцагч А.А би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч миний гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтээ анхан шатны шүүхэд гаргасан. Хариуцагч би 2018 оны 05 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан зарлахаас өмнө БНХАУ-руу зорчихоор галт тэрэгний болон нислэгийн тийзээ тус тус захиалсан байсан.

Энэ тухайгаа албан ёсоор хүсэлт болгон шүүхэд гаргасан байхад хариуцагч миний шүүх хуралдаанд биечлэн оролцох, шүүхэд мэдүүлэх эрхийг маань хангалгүй, процессын алдаа хийсэн гэж үзэж байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.т заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Я.Э нь А.Ад холбогдуулан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Шадивлан зусланд байрлах 465мкв талбай бүхий газрыг чөлөөлүүлэх, хохиролд 4 747 110 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тухайн газрыг хууль  бусаар эзэмшээгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 дугаартай захирамж, уг захирамжийг үндэслэн олгосон Газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2006 оны 05 дугаар сарын 04, 2006 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн газрын байршлын кадастрын зургаар нэхэмжлэгч Я.Э маргаж буй газрын эзэмшигч болох нь нотлогдсон байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 131 дүгээр захирамжаар Д.Хулганаад маргаж буй газрыг эзэмших эрх олгож, 2001 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Иргэний газар ашиглах гэрчилгээгээр 4 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн бөгөөд хариуцагч А.А нь 2005 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-гээр иргэн Д.Хулганаагаас тус газрыг эзэмших эрхийг шилжүүлж авснаар газрыг эзэмшиж эхэлсэн үйл баримт тогтоогджээ.

Хэрэг шүүхэд хянагдах явцад хариуцагч А.А нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2006 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 тоот захирамжийн Я.Эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, маргаан бүхий газрын өөрийн эзэмшилд олгохыг даалгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагч А.Агийн эзэмшлийг хууль бус гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

Нэхэмжлэгчийн маргаж буй газар хариуцагчийн эзэмшиж буй газартай давхцаж байгаа болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул нэхэмжлэгч өөрийн эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоож, газрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.дэх заалтыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.-д зааснаар шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг нь буцаан өгөх үүрэгтэй тул А.А нь газрыг чөлөөлөх үүрэгтэй.

Харин нэхэмжлэл гаргасантай холбогдуулан өөрт хохирол учирсан гэх үндэслэлээр өмгөөлөгчийн хөлс, нотариатын зардал нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Иймд газар чөлөөлүүлэх шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх ба шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167.1.1.-т нийцжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т “...хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцох”; 25.1.3.-т “...шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргах” эрхтэй гэж зохицуулжээ.

2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан “...хариуцагч өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулах...” хүсэлт гаргаснаар, 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан “...хариуцагч нь сувилалд явж, эмчилгээ хийлгэж байгаа...” үндэслэлээр тус тус хойшлогдож, 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хэргийг хэлэлцэхээр шүүх хуралдаан товлогдсон байна.

Хариуцагч А.А нь “...2007 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Бээжин хот руу ажлын шаардлагаар явахаар төлөвлөөд галт тэрэгний тийз авсан, 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр амжиж ирж чадахгүй...” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийг эс зөвшөөрч хэргийг харуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байна.

Шүүх хариуцагчид шүүх хуралдаанд биеэр оролцох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжоор удаа дараа хангасан байх бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ шаардлага хангасан баримтаар нотлоогүй гэж дүгнэн, түүнчлэн нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1., 100 дугаар зүйлийн 100.3. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хариуцагчийн эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/01567 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1624 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч А.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч А.Агаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД