Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 70

 

Ч.Гантуяад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр магадлалтай 201612000093 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сумъяа, Г.Лхам нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Тайж овогт Чимэддоржийн Гантуяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Гантуяаг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 91 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.Батдэлгэр, Н.Чулуун нарын иргэний нэхэмжлэлээс 999.150 /есөн зуун ерэн есөн мянга нэг зуун тавин/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Х.Батдэлгэр, Н.Чулуун нарын сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Гантуяа түүний өмгөөлөгч Д.Сумъяа, Г.Лхам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэл, өмгөөлөгч Г.Лхам нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сумъяа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...хохирогчийн гаргасан зан авир, үг хэл, доромжлол, зэвсгийн чанартай байж болох зуухны төмөр таг авч шидсэн үйлдэл нь Ч.Гантуяагийн сэтгэхүйд гэнэт хүчтэй нөлөөлсөн онцлогтой. Хохирогчийн хууль бус үйлдлээс болж санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах нь хүний амь насны эсрэг хөнгөрүүлэх бүрэлдэхүүн бүхий гэмт хэргийн нэгэн бие даасан төрөл болдог хуулийн зүйлчлэлтэй. Ч.Гантуяагийн гэмт үйлдэлд хохирогчийн хууль бус үйлдлээс үүссэн, сэдэлт үндэслэл болсон шалтгаант холбоотой. Шүүх тухайн хэрэг болсон цаг хугацааны байдлыг хэргийн жинхэнэ байдалтай нийцүүлж дүгнэлт хийхгүй урьд өмнө хүчээр дарлагдаж, хүндээр доромжлогдож байгаагүй, тийм зүйл мэдэгдэж байгаагүй гэсэн гэрч нарын мэдүүлгийг үндэслэж, яг хэрэг болох тэр нөхцөлд харж байсан 13 настай төрсөн охины мэдүүлгийг онцлон анхаарч үзэлгүй бусад хүмүүсийн тойм төдий мэдүүлгийг үндэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Иймд хэргийн жинхэнэ байдалд нийцүүлж санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үед үйлдэгдсэн хэргийн байдлыг зөв зүйлчилж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Ч.Гантуяа нь Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэрэг нь ихэвчлэн хохирогчийн өдөөн хатгасан болон ёс бус авирласантай холбоотойгоор санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах учраас ихэвчлэн нийгмийн хор аюулаар бага гэмт хэрэгт тооцогддог. Ч.Гантуяа нь төрөлхийн оюуны хөнгөн хомсдолтой, аливаа асуудлыг түргэн хугацаанд эргэцүүлэн бодох чадваргүй гэсэн  Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 606 дугаартай дүгнэлт бий. Санаа сэтгэлийн гэнэтийн хүчтэй цочрон давчдал гэнэт үүсэх нь ихэнх тохиолдолд агшин зуур хохирогчийн хууль бус үйлдэл, ёс бус зан үйлийн хариу үйлчлэл болон үүсдэг. Иймд Эрүүгийн хуулийн зүйлчлэлийг буруу ойлгож шийдвэрлэсэн тул Ч.Гантуяагийн Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар зүйлчилснийг мөн хуулийн 93 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Ялтан Ч.Гантуяа нь дээрх гэмт хэргийг сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны улмаас үйлдээгүй гэдэг нь тогтоогдсон. Харин хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаас харахад хүнийг санаатай алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тодорхой харагддаг. Шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж ял шийтгэл оногдуулсан. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Ч.Гантуяа нь 2016 оны 5 сарын 24-ний өдөр нөхөр Х.Бат-Эрдэнэтэй маргалдаж, улмаар гутлын үдээс ашиглан, хоолойг нь боомилж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх бөгөөд шүүх Ч.Гантуяаг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан гэж хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлэх бөгөөд санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед бусдыг алах санаа гэнэт, хоромхон зуур төрдөг бол хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн буюу уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн шууд болон шууд бус санаатай байдгаараа ялгагддаг.

Шүүгдэгч Ч.Гантуяа нь хохирогчтой маргалдан улмаар гутлын үдээс ашиглан, хоолойг нь боомилж амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдсон байх ба шүүгдэгчийн санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй тул Ч.Гантуяагийн үйлдлийг “Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлд зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сумъяа, Г.Лхам нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоол, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сумъяа, Г.Лхам нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                                ШҮҮГЧ                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН