Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 47

 

 

                       

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ  УЛСЫН  НЭРИЙН  ӨМНӨӨС

 

Дундговь  аймаг  дахь Сум  дундын  эрүүгийн  хэргийн  анхан  шатны  шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Л.Одончимэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэйгээр тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд 

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэцэцэг

Шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэ

Улсын яллагч Д.Баянмөнх

Иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэбат, М.Бүдсүрэн, Р.Булгантамир

Хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Хохирогч Н.Чулуун, Х.Батдэлгэр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сумъяа, Г.Лхам

Шүүгдэгч Ч.Гантуяа нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  Прокурорын  газрын  хяналтын прокуророос  Эрүүгийн  хуулийн 91 дүгээр зүйлийн  91.1 дэх хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Гантуяад холбогдох эрүүгийн 201612000093 тоот хэргийг  2016 оны 11 сарын 14-ний  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч:  Монгол  Улсын  иргэн, 1981 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р баг, Зоогийн 4-2 тоотод оршин суух, улсаас авсан  гавьяа  шагналгүй, ял  шийтгэлгүй,  хэрэг  хариуцах чадвартай,  Тайж овгийн  Чимэддоржийн Гантуяа /РД:ЗА81040506/

Шүүгдэгч Ч.Гантуяа нь 2016 оны 5 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр багт байрлах Зоогийн 4-2 тоотод нөхөр Х.Бат-Эрдэнэтэй маргалдаж, улмаар гутлын үдээс ашиглан, хоолойг нь боомилж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдлоо.  Үүнд:

 

А. Холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч  Ч.Гантуяа нь 2016 оны 5 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 1 дүгээр багт байрлах Зоогийн 4-2 тоотод нөхөр Х.Бат-Эрдэнэтэй маргалдаж, улмаар гутлын үдээс ашиглан, хоолойг нь боомилж амь насыг нь хохироосон болох нь :

-Шүүгдэгч Ч.Гантуяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “Тэр өдөр 5 цаг өнгөрөөж цэцэрлэгээс бага хүүхдээ аваад, сургууль орж дунд охиноо аваад ирсэн. Ирэхэд манай нөхөр унтаж байснаа босоод гичий минь, пизда минь чи хаагуур явдаг юм. Чи дандаа тэнэдэг гээд байсан. Би хүүхдүүдээ аваад ирлээ гэхэд “Чи хүүхдүүдээ аваагүй, дандаа тэнэж явдаг биз дээ пизда минь, гичий минь” гээд байсан. Зуухны таг шидэх гээд далайж байсан. Манай том хоёр охиныг гараад явсны дараа шидсэн. Шидсэний дараа миний уур их хүрээд баруун орон дээр байсан үдээс аваад хоолойгоор нь оруулаад арагш татсан. Тэгээд манай нөхөр хөдлөхгүй болсон. Би юу болсноо мэдэхгүй их айж, хамаг бие чичрээд байсан. Гадаа гарч салхинд байж байгаад, айлдаа орж жаахан сууж байгаад орж ирсэн. Орж ирэхэд манай нөхөр хөдлөхгүй байсан. Мөнхөө эгчийг дууд гэхэд Мөнхөө эгчийн хүү нь орж ирсэн. Дараа нь Мөнхөө эгч орж ирээд эмч дууд гэсэн. Амгалан эмч ирж үзээд “өнгөрсөн байна” гэсэн. 5 сард манай охины хонхны баяр болсон. Намайг зүүн орон дээр сууж байхад пизда минь, гичий минь гээд өөдөөс ус цацаад намайг зодсон. Манай охины ангийнхан “охиныхоо хонхны баярт ирэхгүй юм уу” гэж утасдаад байсан. Би ийм нүүртэй яаж очих юм гээд гэртээ байсан.” гэв.

Хохирогч Х.Батдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:  “2016 оны 5 сарын 24-ний орой 10 цаг 20 минут өнгөрч байхад утас дуугарсан. Эрдэнэчимэг  “муу мэдээтэй, чи битгий айгаарай” гэсэн. “Юу болсон бэ” гэхэд “Эрдэнэ ах чинь өнгөрчихлөө” гэсэн. “Юу болсон юм” гэхэд “Мэдэхгүй 9 цаг 15 минут болж байхад Туяа над руу залгалаа гэж хэлсэн. Тухайн үед би айж сандарсандаа зарим үгийг нь сонсож чадаагүй. Би Гантуяа руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Батсүх ахыг “хүнд зодуулсан байна уу хараарай” гэхэд “Цагдаа нар ирээд хүн оруулахгүй гээд хаалгыг түгжээд яваад өгсөн” гэсэн. Би шөнөжин унтаагүй. Дөрвөн цаг өнгөрч байхад “Гантуяа боосон гэнэ ээ, хэргээ хүлээчихлээ” гэж Батсүх ах надад хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй байна. Талийгаач маань миний дээд талын ах. Ах минь юм уух нь уудаг. Гэхдээ олон таван зан байхгүй. Архи уучихаад эхнэр, хүүхдээ зодож агсам тавьж байсан зүйл байхгүй. Би өнгөрсөн жил аймаг дээр ирээд уулзаагүй. Намайг байхад зодож, нүдсэн янз бүрийн асуудал гарч байгаагүй. Уулнаас чулуу гаргаж, тэрийгээ зарна. Заримдаа айлд хороо, байшин, гараж барьдаг хүн байсан. Гэртээ нэмэр тус болдог хүн байсан. Ажлаасаа ирэхэд нь хоол хийгээгүй байвал өөрөө хоолоо хийчихдэг. Гэнэт ийм болсонд харамсаж байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Оршуулгын зардал, өмгөөлөгчийн  хөлс, унааны зардал  2.049.150 төгрөг, сэтгэл санааны хохирол 10 сая төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс  оршуулгын  зардалд өчигдөр 1 сая төгрөг, өнөөдөр 50.000  төгрөг  хүлээн  авсан” гэв.

Хохирогч Н.Чулуун шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:   “5 сарын 25-ны орой надад энэ дүү маань надад утсаар “Ах өнгөрчихлөө” гэж мэдэгдсэн. Яагаад өнгөрчихөв гэхэд “Би ч бас сайн мэдээгүй явж байна” гэсэн. Би чөлөө аваад 26-нд ирсэн. Юу болсныг сайн мэдээгүй. Гантуяаг аваад явсан байсан. Эхнэр нь яасан гэхэд аймаг руу аваад явсан, ийм зүйл болсон байна гэж хүмүүс хэлсэн. Би мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгөөд явсан. Манай төрсөн дүү байгаа юм. Энэ дүүгийн маань дээд талын ах нь.  Энэ хоёрыг сайн сайхан амьдраасай гэж бодож явсан. Над дээр ирж уулзаж, золгодог байсан. Утсаар байнга ярьдаг байсан. Хоорондоо хэрэлдэж маргадаг талаар мэдэхгүй байна. Ийм асуудал болно гэж бодоогүй, сэтгэлд ч байгаагүй. Гэтэл ийм муухай асуудал гарсан байна. Дөрвөн сайхан үртэй. Хүүхдүүдээ бодсон ч тэр. Ийм хэрэг хийнэ гэж бодоогүй. Их харамсаж, гомдолтой байна. Дөрвөн сайхан хүүхдээ өсгөөд бусадтай адил явж болоод байсан юм чинь тэгээд явж болох л байсан. Гомдолтой байна. Нэхэмжлэлийн  талаар Х.Батдэлгэр  ярьсан” гэв.

Насанд хүрээгүй гэрч Г.Норовсүрэнгийн “2016.05.24-ний өдөр 18-19 цагийн үед би ээж Гантуяагийн хамт дүү Номин-Эрдэнийг цэцэрлэгээс нь аваад бид хэд гэртээ ирсэн. Гэрт ирэхэд аав согтуу гэрийн хойд хэсэгт унтаж байсан. Тэгээд бид хэдийг ороход аав сэрээд, ээж рүүгээ явмаар байна гээд уйлж байснаа ээжийг пизда минь, гичий минь гээд загнаад, чи дандаа тэнэж байх юм гэхэд ээж өөдөөс нь хүүхдүүдээ аваад ирлээ шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн манай дүү Дашням аавын толгой дээр суугаад үснээс нь татаад алгадаад аав одоо унт гэж хэлсэн. Тэгсэн ээж баруун орон дээрээс хар өнгийн гутлын үдээс аваад аавын хүзүүгээр оруулаад арагш нь татсан. Тэгсэн аав сарвагнаж байгаад ухаан алдсан. Ээж аавыг ухаан оруулах гээд хиймэл амьсгаа хийгээд байхад аав сэрээгүй. Ээж гэрээс гараад хэсэг хугацааны дараа буцаж орж ирээд, дүү бид 2-ыг айлаас хүн дууд гэсэн. Тэгээд бид 2 гарч айлын Мөнхөө эгчийг дуудсан. Мөнхөө эгч орж ирээд аавыг ухаан алдсан байна түргэн дууд гэсэн. Түргэний утас бид хэдэд байгаагүй болохоор айлын Жагай гэх ахаар түргэн дуудуулсан. Хэсэг хугацааны дараа Амгалан-Энх гэх эмч ирж аавыг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Аав, ээжийг хэл амаар доромжлоод мөн зуухны таг аваад цохих гээд байсан. Түүнд нь ээж уурлаад тэгсэн байх. Аав, ээжийн өөдөөс зуухны таг шидээгүй, шидэх гээд далайгаад байсан. Аав согтуу ирэхээрээ л ээжийг хэл амаар доромжилж байнга дарамталдаг байсан. 2016.05.08-ны өдөр байх аав, ээжийг зодоод нүдийг нь хөх болгосон. Өөр зодож байсан зүйл байхгүй. Ээж, аавын хоолойг уяагаар боож 2-3 минут болоод тавьсан. Аав тухайн үед сарваганаад хөдлөөд байсан. Ямар нэгэн зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 51-рт/

- Гэрч Ш.Амгалангийн “2016.05.24-ний орой 21 цаг 44 минутад утсаар Шинэжаргал Зоогийн 04-02 тоотод Х.Бат-Эрдэнэ гэх хүн ухаан алдсан амьсгалахгүй байна гэсэн дуудлага өгсөн. Тэгээд би тухайн газарт 21 цаг 50 минутад очиход тухайн хүний зүрх судас зогссон нас барсан, гэрийн голд, ташуу байрлалтай хэвтэж байсан. Би гэрийхэнд нь нас барсан байна, цагдаа дууд  гэж хэлээд, цагдаа иртэл байж байгаад явсан. Талийгаачийн хувцасыг нь тайлж үзээгүй, ил харагдах шарх сорви мэдэгдээгүй. Цогцос хөрсөн, зүрх нь цохилохгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-рт/

Гэрч М.Шинэжаргалын “2016.05.24-ний орой 21 цаг 30 минутаас 40 минутын хооронд хажуу айлын хүүхэд гаднаас аав сонин болчихлоо гэж хэлэхээр нь би гэрт нь ороход айлын ах Х.Бат-Эрдэнэ нь гэрийнхээ голд, баруун хойшоогоо харсан байдалтай хэвтсэн, эхнэр нь зүүн гараас нь барьсан, хүүхдүүд нь баруун орон дээрээ  сууцгаасан байдалтай байсан. Тэгээд Бат-Эрдэнэ ахын зүрхийг чагнаж үзэхэд цохилохгүй байхаар нь гарч түргэн дуудсан. Удалгүй Амгалан гэх эмч ирээд Бат-Эрдэнэ ахыг нас барсан байна, цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан. Зүрх, зүрх гэж хэлээд зүрх рүүгээ цохиод хэвтээд өгсөн, тэгээд босч ирээгүй гэж байсан. Тухайн өдөр ямар нэгэн чимээ гараагүй. Хэрэлдэж зодолдож байгаа зүйл мэдэгдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 39-рт/

Гэрч С.Өсөхбаяр, Ч.Одхүү нарын “Талийгаач Х.Бат-Эрдэнэтэй 2016.5.24-ний  өдөр  С.Өсөхбаярынд архи уусан, Тэрнээс  хойш  таараагүй. Манай дүү талийгаачтай суугаад 10 гаран жил болж байгаа, хоорондоо гайгүй сайхан л харилцаатай  хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй юм шиг л байдаг” гэх  мэдүүлэг /хх-ийн 40-41-рт/

Гэрч Ж.Мөнгөнцэцэгийн “2016.05.24-ний орой 20 цаг өнгөрөөгөөд гэртээ ирээд, хоол ундаа бэлдээд, хоолоо хийж эмнэлэгт нэг хүн эргээд, 20-30 минут болж байгаад буцаад гэр лүүгээ явсан. Тэгээд баруун талын айл Бат-Эрдэнийн хажуугаар явж байтал нэг охин ирээд, ээж дуудаж байна гэсэн. Тэгэхээр нь яваад ортол Бат-Эрдэнэ гэрийнхээ голд сарвайгаад хэвтчихсэн, ам нь хагас ангайсан эхнэр нь чээжин дээр нь массаж хийж байсан. Би судсыг нь барьж үзэхэд цохилж байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгсэн айлын охин манай хүү Шинэжаргалыг дуудаад ирсэн байсан. Манай хүү түргэн дуудсан юм. Эмч ирээд Бат-Эрдэнийг нас барсан байна гэж хэлсэн. Талийгаачийг унтаж босч ирчихээд зүрх лүүгээ цохиж байгаад ухаан алдсан гэж байсан. Талийгаачийн биед ил харагдах шарх сорви мэдэгдэх л юм байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43-рт/

Гэрч Д.Өнөрбатын 2016.05.24-ний орой цагийг нь сайн мэдэхгүй байна. Манай айлын Гантуяа гэх хүүхэн манайд орж ирээд, зурагтаар кино үзэж байгаад дуусгалгүй гараад явсан. Тэгээд би гэрээс гараад тамхи татаж байгаад 10 орчим минутын дараа Гантуяагийнд ороход Бат-Эрдэнэ хойд талд гар, хөлөө тэнийлгэсэн баруун хойшоогоо харсан байдалтай хэвтсэн, эхнэр нь зүүн талын гарыг нь барьсан сууж байсан. Би баруун гарын судсыг нь барьж үзэхэд судас нь цохилохгүй байсан. Би явган явж цагдаа дуудсан. Тэр өдөр дахиж тэднийд ороогүй. Тэр өдөр болон урьд өмнө айлынхаа хүмүүсийг хэрэлдэж маргалдаж байхыг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44-рт/

Дундговь аймгийн  Шүүхийн  шинжилгээний  албаны  шинжээчийн 2016.07.01-ний өдрийн №24 дугаартай “Х.Бат-Эрдэний цогцост хүзүүн дэх дарагдлын ормоос өөр гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач нь хүчтэй зэргийн согтолттой байжээ. Х.Бат-Эрдэнэ нь ОI бүлгийн цустай байна. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хүзүү гаднаас уяа гогцоогоор дарагдсаны улмаас амьсгал бүтэж нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-64-рт/

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээний 2016.6.23-ны өдрийн 606 дугаартай:  “Ч.Гантуяа нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь төрөлхийн  байх боломжтой байна. Ч.Гантуяа нь өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна. Ч.Гантуяа нь хэрэг гарах үед сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг байхгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 57-60-рт/

Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/

Хэрэгт цугларсан бусад бичгийн  болон  эд  мөрийн  баримтыг шинжлэн судлав.

Дээрхи баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

 

б/Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ч.Гантуяа нь 2016 оны 5 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн  Адаацаг  сумын 1-р баг Зоогийн  4-2 тоот хашаанд байх гэртээ өөрийн нөхөр Х.Бат-Эрдэнийн  хоолойг уяагаар боож, амь насыг  нь хохироосон болох  нь тогтоогдож  байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “шүүгдэгч Ч.Гантуяа нь талийгаач Х.Бат-Эрдэнийн  зүй бус үйлдлээс шалтгаалан сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсаны улмаас түүнийг  боож  амь насыг  нь хохироосон тул Ч.Гантуяад холбогдох хэргийн зүйлчлэлийг  Эрүүгийн  хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 болгон өөрчилж өгнө үү” гэсэн тайлбарыг гарган   мэтгэлцэж  байна.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд талийгаач Х.Бат-Эрдэнэ нь шүүгдэгч  Ч.Гантуяаг  хүүхдээ  аваад  гэртээ  ороход хэл амаар  доромжилж, хууль бус үйлдэл гаргасан  болох  нь  насанд хүрээгүй  гэрч Г.Норовсүрэнгийн  мэдүүлгээр нотлогдож байх  боловч шүүгдэгч Ч.Гантуяа нь хүндээр доромжлогдсон гэх  нөхцөл байдал хэрэгт авагдсан  бусад баримтаар тогтоогдохгүй  байна. Тухайлбал: Шүүгдэгч нь  талийгаачийг зуухны таг  авч  шидсэн, зугатаж хаалгаар гарахад бага охиныг онох шахсан гэх боловч энэ  нь  насанд хүрээгүй  гэрч  Г.Норовсүрэнгийн “Аав ээжийн өөдөөс зуухны таг шидээгүй, шидэх гээд далайгаад байсан” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Мөн талийгаач нь шүүгдэгч Ч.Гантуяаг 2016.05.08-ны өдөр нэг удаа зодсон гэсэн  нь шинжээчийн 2016.06.02-ны  өдрийн 241 дугаартай дүгнэлт /хх-ийн 78/, насанд хүрээгүй  гэрч Г.Норовсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 51-рт/ зэрэг баримтуудаар нотлогдож байх  боловч хэрэг учрал болох үед шүүгдэгч Ч.Гантуяагийн бие махбодид халдсан, хүчээр дарласан, хүндээр доромжлогдсон гэх үйл  баримт тогтоогдохгүй  байна.

Шүүгдэгч Ч.Гантуяа нь байнгын хүчирхийлэл дарамтанд байгаагүй гэдэг нь тэдэнтэй хөрш айл байсан М.Шинэжаргал, Ж.Мөнгөнцэцэг, Д.Өнөрбат,  шүүгдэгчийн  ах Ч.Одхүү, тус сумын хэсгийн төлөөлөгч Д.Баттулга, цагдаа М.Бат-Эрдэнэ нарын гэрчээр өгсөн  “талийгаач болон шүүгдэгч Ч.Гантуяа нарыг хэрэлдэж, муудалцаж байсан талаар  мэдэхгүй” гэх мэдүүлгээр нотлогдож  байна.

Шүүгдэгч  нь мөрдөн байцаалт болон шүүхийн  хэлэлцүүлгийн шатанд талийгаач Х.Бат-Эрдэнийн хоолойг боомилсон үйлдлийнхээ талаар тодорхой, дэс дараалалтай  ярьж байх тул  гэмт хэрэг үйлдэх үед түүний сэтгэхүйн хэвийн үйл  ажиллагаа  алдагдаж, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэж үзэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна. Иймд дээр дурдсан баримтууд болон Шүүх сэтгэц, эмгэг  судлалын 2016.6.23-ны өдрийн 606 дугаартай “Ч.Гантуяа нь хэрэг гарах үед сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг байхгүй байна” гэх дүгнэлтийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж  байгаа  тайлбарыг хүлээн  авах үндэслэлгүй байна.

Иймд шүүх Ч.Гантуяаг 2016 оны 5 сарын 24-ний өдөр Дундговь  аймгийн  Адаацаг  сумын 1-р баг, Зоогийн 4-2 тоот хашаанд байх  гэртээ өөрийн нөхөр Х.Бат-Эрдэнийн хоолойг уяагаар боомилж, амь насыг нь хохироосон болох нь  шүүхийн  хэлэлцүүлгээр судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүнийг санаатай алах гэмт хэргийг  үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр  зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар  ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

в/ Хохирол төлбөрийн талаар

Хохирогч Н.Чулуун, Х.Батдэлгэр нар нь шүүгдэгч Ч.Гантуяагаас  оршуулгын  зардал, өмгөөлөгчийн хөлс, унааны зардал 2.049.150 төгрөг, сэтгэл санааны хохирол 10 сая төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Ч.Гантуяагаас хохирогч талд 1.050.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

1/ Хохирогч нарын нэхэмжилсэн оршуулгын зардлаас төлөгдөөгүй үлдсэн 999.150 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж  шүүх үзлээ. Учир нь: Талийгаачийг  оршуулах үед шүүгдэгчийн ар гэрийнхэн бэлнээр 280.000 төгрөг, Дэлхийн Зөн ОУБ-аас 100.000 төгрөгийн тусламж хохирогч нарт хүлээлгэн өгсөн  болох нь хохирогч, шүүгдэгч  нарын  шүүхийн  хэлэлцүүлэгт  өгсөн  мэдүүлгээр  нотлогдож байх  тул нэхэмжлэлийн  шаардлагаас  хасч тооцлоо.

Мөн хохирогч нараас  гаргаж  өгсөн 2016.07.03-ны өдрийн 265.500 төгрөгийн зарлагын баримт нь  зан үйлтэй холбогдон гарсан зардал байх бөгөөд “Баялаг ундрал ХХК” гэсэн толгойтой, “Гүн хаш ХХК” гэсэн  тамга  дарагдсан  байна. 

Хохирогч нар нь өмгөөлөгчид 400.000 төгрөг төлсөн болох нь хэргийн 30-32-рт авагдсан  баримтуудаар тогтоогдож байх  бөгөөд  уг  зардлыг шүүгдэгчээс  гаргуулахаар  нэхэмжилжээ.

Хохирогч нар нь  Эрүүгийн  байцаан  шийтгэх хуулийн 18 дугаар зүйлийн  18.2,  40 дүгээр  зүйлд тус тус зааснаар заавал өмгөөлөгч  авах  шаардлагатай  этгээд эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх тул өмгөөлөгчид төлсөн  зардал гэх 400.000 төгрөгийг   Эрүүгийн байцаан  шийтгэх хуулийн 99 дүгээр  зүйлийн 99.1.4-т заасан байцаан шийтгэх  ажиллагааны зардал гэж  үзэх боломжгүй юм. Иймд энэхүү  зардлыг шүүгдэгчээр нөхөн  төлүүлэх үндэслэлгүй байна.

2/ Хохирогч нар нь сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нэхэмжилжээ.

 Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан боловч  “сэтгэл санааны хохирлыг хэрхэн нөхөн төлүүлэх талаархи” үндэсний хууль тогтоомж байхгүй, батлагдаагүй, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 3-т зааснаар “…шүүх …албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй” тул шүүх энэ асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

 

г/Оногдуулах ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч Ч.Гантуяа нь  бага насны  хүүхэдтэй, гэмт хэрэг  үйлдэж учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь  Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3,  55.1.8 дахь хэсэгт заасан  ял  хөнгөрүүлэх  нөхцөл байдал болох  ба  ял  хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд  шүүгдэгч  Ч.Гантуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн  91 дүгээр  зүйлийн  91.1 дэх хэсэгт  зааснаар  хорих  ял  оногдуулахдаа анх удаа  хорих  ял оногдуулж болох  гэмт хэрэг  үйлдсэн, хохирол  нөхөн  төлсөн байдал, шүүгдэгчийн  хувийн  байдал зэргийг  харгалзан Эрүүгийн  хуулийн ерөнхий  ангийн  551 дүгээр  зүйлийн  551.1 дэх хэсэгт  заасныг журамлан мөн  хуулийн  тусгай  ангийн  91 дүгээр  зүйлийн  91.1 дэх  хэсэгт  заасан  хорих  ялын  доод  хэмжээнээс  доогуур хэмжээний буюу 7 жилийн хугацаагаар хорих  ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн  хуулийн  52 дугаар  зүйлийн  52.6 дахь  хэсэгт  зааснаар  шүүгдэгч  Ч.Гантуяад оногдуулсан хорих  ялыг чанга  дэглэмтэй эмэгтэйчүүдийн  хорих  ангид эдлүүлэх  үндэслэлтэй  боловч  өөрийнх нь эрүүл мэндийн байдлыг /1999 оноос 2015 он хүртэл хугацаанд ХЧА-70% байсан/  болон 3-17 насны 4 хүүхэдтэй зэргийг харгалзан  хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, түүний эдлэх ялыг жирийн дэглэмтэй  эмэгтэйчүүдийн хорих  ангид эдлүүлэхээр  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  Ч.Гантуяа  нь  энэ  хэргийн  улмаас  2016.5.25-ны  өдрөөс 2016.8.24-ний  өдрийг хүртэл  нийт  91 хоног  цагдан  хоригдсон  байх  тул цагдан  хоригдсон хугацааг түүний  ял эдэлсэн  хугацаанд нь  оруулан  тооцлоо.

 

д/Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт  эд  мөрийн баримтаар 260 см  урттай, 5 мм-н өргөнтэй хар өнгийн   үдээсийг холбож зангидсан уяа хураагдаж  ирсэн  ба үүнийг   шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуулийн  88 дугаар  зүйлийн  88.1.1 дэх хэсэгт зааснаар  устгахаар шийдвэрлэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд Халтар овогтой Батсүхээр шүүгдэгч Ч.Гантуяагийн насанд хүрээгүй 4 хүүхдийг асран хамгаалж, харгалзан  дэмжүүлэх, 4 ханатай гэрийг хамгаалуулахаар мөрдөн байцаагч тогтоол гаргасан  боловч 2016.6.4-ний өдрөөс хойш хүүхэд асран тэтгэх түр гэрээгээр шүүгдэгч Ч.Гантуяагийн  насанд хүрээгүй 4 хүүхдийг А.Оргодол гэх хүн  асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа болох нь хэрэгт авагдсан  баримтуудаар тогтоогдож байна.  Дээрхи үндэслэлээр мөрдөн  байцаагчийн тогтоолыг прокурорын 2016.10.05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хүчингүй болгосон   байх тул  энэ  талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй болно.

 Шүүгдэгч Ч.Гантуяа, талийгаач Х.Бат-Эрдэнэ нар нь 3-17 насны  4 хүүхэдтэй болох нь Дундговь аймгийн  Адаацаг  сумын 5-р багийн засаг даргын 07/65 тоот тодорхойлолт /хх-ийн 102-рт/, хүүхдүүдийн  төрсний  гэрчилгээний  хуулбар /хх-ийн 130-131-рт/, гэрлэлтийн баталгааны лавлагаа /хх-ийн 106-рт/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул Ч.Гантуяаг хорих  ял  эдлэх хугацаанд дээрхи насанд хүрээгүй  хүүхдүүдэд  асран  хамгаалагч, харгалзан  дэмжигч томилох шаардлагатай байна. Хохирогч талаас эдгээр хүүхдүүдийг асран хамгаалах, харгалзан дэмжих талаар ямар нэгэн  хүсэлт шүүхэд гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.5-д зааснаар эдгээр хүүхдүүдийг  эрх,  ашиг сонирхолыг хамгаалахыг Дундговь аймгийн  Адаацаг  сумын  засаг даргад  даалгахаар   шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 288, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 301, 303-т заасныг удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тайж овгийн Чимэддоржийн Гантуяаг бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн  Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овгийн Чимэддоржийн Гантуяад 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий  ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ч.Гантуяад оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих  ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гантуяагийн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

5. Шүүгдэгчээс эд зүйл хурааж, битүүмжлээгүй ба хохирогч талд 1.050.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Х.Батдэлгэр, Н.Чулуун нарын иргэний нэхэмжлэлээс 999.150 /есөн зуун ерэн есөн мянга нэг зуун тавин/ төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг баримтлан хохирогч Х.Батдэлгэр, Н.Чулуун нарын  сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нар нь нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 8.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 0.5мм өргөнтэй, 2.60 м урттай хар өнгийн үдээс гэх уяаг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгаж, баримтыг Ч.Гантуяад холбогдох эрүүгийн 201612000093 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.

9. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5, 63 дугаар зүйлийн 63.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар 1999 оны 12 сарын 12-нд төрсөн /РД:ЗА99121219/ Гантуяагийн Дагвадорж, 2005 оны 4 сарын 6-нд төрсөн /РД:ЗА05240601/ Гантуяагийн Норовсүрэн, 2009 оны 6 сарын 26-нд төрсөн /РД:ЗА09262604/ Бат-Эрдэнийн Дашням, 2013 оны 11 сарын 14-нд төрсөн /РД:ЗА13311403/ Бат-Эрдэнийн Номин-Эрдэнэ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилж, хүүхдүүдийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалахыг Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг даргад даалгасугай.

10. Энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Гантуяад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан  сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ

 

    ШҮҮГЧИД                              Л.ОДОНЧИМЭГ

 

                                              Г.МӨНХБАТ