Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 00112

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    С.Баатарын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00403 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.Баатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Орхон аймгийн Хот тохижуулах газарт холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхдэлгэрийн гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхдэлгэр, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Баатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2009 онд Хот тохижуулах газрын хог хаягдлын жолоочоор ажилд орж өнөөдрийг хүртэл ажилласаар ирсэн. Ажиллаж байх хугацаандаа ажилдаа идэвхи зүтгэлтэй ажиллаж байсан бөгөөд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл намайг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б-13 тушаалаар ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Иймд намайг ажлаас халсан Хот тохижуулах газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б-13 тушаалыг  хүчингүй болгож, намайг ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Баатар нь хот тохижуулах газарт 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б29 тоот тушаалаар жолоочийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 17-оос 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх тул, байгууллагын дотоод журам, цагдаагийн газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 44/06/105 албан тоотыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б13 тоот газрын даргын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. С.Баатар нь 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 24  тоот тушаалаар согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдож авто машин жолоодох эрхээ хасуулсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж байсан байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00403 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан С.Баатарыг, Орхон аймгийн Хот тохижуулах газрын “хог хаягдлын жолоочийн” ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Хот тохижуулах газраас 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мөнхдэлгэр давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг тус байгууллага хүлээн авах боломжгүй гэж үзээд давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаж байна. С.Баатар нь 2015 оны 04-р сарын 17-ны өдрийн б/29 тоот хот тохижуулах газрын даргын тушаалаар тус газарт тракторын жолоочоор орж ажилласан байна. Хот тохижуулах газарт хог хаягдлын жолоочийн орон доо дутуу авто машин илүүдэлтэй байсан. Хог хаягдлын ачилт хүндрэлтэй байсан учир байгууллага дотроо зохицуулалт хийж энэ хүнийг жолоочийн эрхийн үнэмлэхтэй тул тракторын жолоочийн орон тоон дээр тушаал гаргаж ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг нь хог хаягдлын жолоочийн үүрэгт ажилтайгаар ажил үүрэг гүйцэтгүүлж байсан байна.

С.Баатар нь 2016 оны 10-р сарын 15-ны өдөр өөрийн хувийн эзэмшлийн соната -6 7018 оро улсын дугаарын авто машин согтуугаар жолоодож яваад цагдаад баригдаж 2016 оны 10-р сарын 17-ноос 2017 оны 4-р сарын 17-ныг хүртэл 6 сар эрх хасагдсан юм. Энэ талаараа мэдэгдэхгүй явж байгаад мэдэгдсэн тул 2017 оны 02-р сарын 21-ний б/21 тоот тушаалаар ажлаас халсан.

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14-р зүйлийн 14.4.4 -р зүйл “Ажил үүрэг гүйцэтгэхэд саад учруулсан ноцтой зөрчил гаргасан’’, 14-р зүйлийн 14.4."...согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдож эрх хасагдсан” гэх үндэслэлийг үндэслэж ажлаас халсан. С.Баатар өмнө нь жолоочоор ажиллаж байгаад 2012 оны 03-р сарын 15-ны өдрийн 24 тоот тушаалаар согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон үндэслэлээр ажлаас халагдаад 2015 онд дахин халагдсан. Энэ хүн согтууруулах ундаа хэрэглэснээр ажлаасаа 2 удаа халагдсан байх тул манай байгууллагад жолоочоор дахин ажиллах боломжгүй юм гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Баатар нь Орхон аймгийн Хот тохижуулах газарт холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгох, даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч С.Баатар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хот тохижуулах газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/13тоот тушаалд үндэслэн тодорхойлжээ.

С.Баатар нь хот тохижуулах газарт хог хаягдлын жолоочоор ажиллаж байгаад тус газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/13 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.11 заалтуудад заасан үндэслэлээр жолоочийн үүрэгт ажлаас халагджээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргасан үндэслэлээ С.Баатар нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 17-ноос 2017 оны 04 дүгээр сарын 17 хүртэл 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нь цагдаагийн газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 44/06/105 тоот албан бичгээр тогтоогдсон гэж тодорхойлж мэтгэлцжээ.

Шүүх нэхэмжлэгч С.Баатарыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан бөгөөд нэхэмжлэгч нь сахилгын зөрчлийг давтан гаргасан нь нотлогдоогүй, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаагүй гэж С.Баатарыг Орхон аймгийн Хот тохижуулах газрын хог хаягдлын жолоочийн ажилд эргүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч С.Баатар нь тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлд тусгайлан заасан буюу ажлаас шууд халах үндэслэлд нэрлэн заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдсон байхад /согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдож эрх хасагдсан тохиолдолд шууд халах тухай/ хөдөлмөрийн гэрээнд тухайлан заагаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хот тохижуулах газрын хог хаягдлын жолоочоор ажиллаж байх үедээ согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 44/06/105/ албан бичгээр тогтоогдсон байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь 6 сар хасагдсан байх тул хог хаягдлын жолоочоор ажиллах боломжгүй нөхцөл байдал бий болсон төдийгүй байгууллагын дотоод журамд тодорхойлон заасан ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон байх тул ажил олгогчийн захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр хуульд нийцсэн гэж үзэх боломжтой.

Иймд нэхэмжлэгч С.Баатарын ажилд эргүүлэн тогтоолгох, ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ талаар давж заалдах гомдол гаргасан хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00403 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан С.Баатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дугаар заалтын Хот тохижуулах газраас улсын тэмдэгтийн хураамжинд 70.200 төгрөг гаргуулж төрийн санд олгосугай гэснийг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ