Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2017/00403

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 30-05 тоотод оршин суух, Боржигон овогт Сэрээтэрийн Баатар /ФБ61091316/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн “Хот тохижуулах газар”-т холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Баатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Баатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2009 онд Хот тохижуулах газрын хог хаягдлын жолоочоор ажилд орж өнөөдрийг хүртэл ажилласаар ирсэн. Ажиллаж байх хугацаандаа ажилдаа идэвхи зүтгэлтэй ажиллаж байсан бөгөөд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл намайг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б-13 тушаалаар ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Иймд намайг ажлаас халсан Хот тохижуулах газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б-13 тушаалыг  хүчингүй болгож, намайг ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Баатар нь хот тохижуулах газарт 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б29 тоот тушаалаар жолоочийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа 2016 оны 10 дугаар сарын 17-оос 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх тул, байгууллагын дотоод журам, цагдаагийн газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 44/06/105 албан тоотыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б13 тоот газрын даргын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. С.Баатар нь 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 24  тоот тушаалаар согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдож авто машин жолоодох эрхээ хасуулсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж байсан байна гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд зохигчдын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Баатар нь Орхон аймгийн хот тохижуулах газарт холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Б/13 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэв.

С.Баатарыг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Хот тохижуулах газрын даргын Б-13 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн  40.1.4, 131 дүгээр зүйлийн  131.1.3, Байгууллагын дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.4, 14.4.11 дэх заалтуудыг үндэслэн ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч С.Баатар нь 2015 оны  04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тракторын жолоочоор тус байгууллагад ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ зэргээр нотлогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.   

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “...С.Баатар нь тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа 2016 он 10 дугаар сарын 17-оос  2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан тул, байгууллагын дотоод журам, цагдаагийн газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 44/06/105 албан тоотыг үндэслэн  ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж мэтгэлцсэн.   

Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгч дээрх байдлаар мэтгэлцэж байх боловч, ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байж Хөдөлмөрийн тухай хуульд нийцнэ гэж үзнэ. 

С.Баатарыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан бөгөөд уг заалтад “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан. 

Нэхэмжлэгч нь сахилгын зөрчлийг давтан гаргасан нь нотлогдоогүй бөгөөд, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Учир нь С.Баатартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар заасан, 5 дугаар зүйлийн 3-д хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалж ажлаас чөлөөлөхөд дараах журмыг баримтална... гээд зөрчлүүдийг нэрлэн заасан байх ба, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд ороогүй, түүнчлэн хөдөлмөрийн гэрээндээ ноцтой зөрчил гэж юуг ойлгох талаар тусгаагүй байна.

Иймд С.Баатарын ажлаас халсан Орхон аймгийн Хот тохижуулах газрын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б-13 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хангаж, С.Баатарыг Орхон аймгийн Хот тохижуулах газрын “хог хаягдлын жолоочийн” /хөдөлмөрийн гэрээнд заасан нэрээр/ ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн 4 дүгээр хуудас дахь ажлаас халсан тушаал, Хөдөлмөрийн дотоод журам нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангаагүй, 15 дугаар хуудас дахь 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 24 дугаартай Хот тохижуулах газрын даргын С.Баатарыг ажлаас халсан тухай тушаал нь нэхэмжлэлийн татгалзлын үндэс болохгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн гаргасан Б-13 дугаартай Орхон аймгийн Хот тохижуулах газрын даргын С.Баатарыг ажлаас чөлөөлсөн 2017 оны 02 дугаар сарын 21-ний тушаалыг хүчингүй болгуулна гэснийг нэхэмжлэлийн шаардлага гэж хүчингүй болгох шаардлагагүй, нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж буй байдал гэж ойлгож шийдвэрийн тогтоох хэсэгт заагаагүй болно.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар  нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Хот тохижуулах газраас 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан С.Баатарыг, Орхон аймгийн Хот тохижуулах газрын “хог хаягдлын жолоочийн” ажилд эгүүлэн тогтоосугай.   

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Хот тохижуулах газраас 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                            

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ХИШИГДАВАА