| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сампилын Уранчимэг |
| Хэргийн индекс | 142/2017/00064/И |
| Дугаар | 00114 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 00114
Ж.Идэрзуугийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00400 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Ж.Идэрзуугийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Я.Сэлэнгэд холбогдох
“Хамтран ажиллах гэрээ, тооцоо нийлэх гэрээний дагуу төлбөл зохих 4 400 000 төгрөг гаргуулж, Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн Цохионы өвөрт байрлах 5 га чацарганы талбайд байгаа Я.Сэлэнгэд ногдох чацарганы мод, гүний худаг, талбайг хашаалсан тор, талбайд байрлах байшингийн өмчлөх эрх бүхэлдээ шилжсэн болохыг тогтоолгох” тухай үндсэн нэхэмжлэлтэй
“Хамтран ажиллах гэрээний дагуу хамтын ажиллагаанаас үүссэн түрээсийн зардал, ажлын хөлс, дундын эд хөрөнгийн үнэ, бусдын өмнө төлөх төлбөр гаргуулах, газар эзэмших эрхийг шилжүүлэн авах, зарим эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ж.Идэрзуу, хариуцагч Я.Сэлэнгэ нарын гаргасан давж заалдсан гомдлоор 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Идэрзуу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунбат, З.Баттулга, Т.Сэргэлэн, хариуцагч Я.Сэлэнгэ, хариуцагчийн өмгөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Ж.Идэрзуу нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд хариуцагч Я.Сэлэнгэтэй 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Тооцоо нийлэх тухай гэрээний дагуу 4 400 000 төгрөг гаргуулах, эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэнийг тогтоолгохоор дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: Ж.Идэрзуу би хариуцагч Я.Сэлэнгэтэй 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хуучин авто машин худалдан авч, задалж борлуулах, шинэ, хуучин сэлбэгийн худалдаа эрхлэх зорилгоор харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг 5 жилийн хугацаатайгаар байгуулан нотариатаар батлуулсан. Уг хамтран ажиллах гэрээний 1-р зүйлд заасны дагуу миний бие хамтын үйл ажиллагаанд зориулж 5 000 000 төгрөгийг Я.Сэлэнгэд гаргаж өгөх үүрэг хүлээсний дагуу гаргаж өгсөн. Мөн гэрээнд хамтын үйл ажиллагаанд миний бие 20 хувийн оролцоотой байх, Я.Сэлэнгэ нь 80 хувь буюу уг үйл ажиллагааг удирдан явуулахаар заасан ба гэрээний 2-р зүйлд заасны дагуу надад хэрэгжүүлсэн ажлын үр дүн, хөрөнгө мөнгөний зарцуулалтыг сар бүр тогтмол тайлагнах үүрэг хүлээсэн. Харин гэрээний 3-р зүйлд Я.Сэлэнгэ нь гэрээний хавсралтаар гаргаж өгсөн хамтын үйл ажиллагааны тооцоондоо талууд сар бүр тус бүр 1 500 000 төгрөгийн ашигтай ажиллах ба надад сар бүр үйл ажиллагааны орлогоос 750 000 төгрөгийг тогтмол өгч байх ба үлдэх 750 000 төгрөгийг хамтын үйл ажиллаагаанд зориулан хадгалж байхаар харилцан тохиролцсон. Я.Сэлэнгэ нь хамтын үйл ажиллагаанаас надад ногдох 750 000 төгрөгийг 2011 он дуустал сар бүр төлж байсан боловч 2012 оноос хойш тогтмол өгөхөө больсон. Хамтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө миний бие 2010 онд Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг “Цохион өвөр” гэдэг газар жимс, ногоо тариалах зориулалтаар 5 га газар эзэмших эрх олж авсан бөгөөд 2013 онд уг газарт чацаргана тарих зорилгоор төсөл бичин чацарганы 2 000 мод олж авсан. Улмаар миний бие чацаргана тариалах зорилготойгоо Я.Сэлэнгэд хэлж хамтрах санал тавьсан бөгөөд Я.Сэлэнгэ зөвшөөрч уг газарт тариалах модноос 1 000 модыг түүнд өгсөн. Миний бие хамтын үйл ажиллагаанаас өөрт ногдох орлогыг бүгдийг нь төлөхийг Я.Сэлэнгээс 2015 онд тусгайлан шаардсан. Улмаар Я.Сэлэнгэ нь цаашид надтай хамтран ажиллах сонирхолгүй байгаагаа илэрхийлж Хамтран ажиллах гэрээгээ цуцалж, хоорондын тооцоо нийлэх санал тавьсан. Уг саналын дагуу бид уулзалдаж 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хамтын үйл ажиллагааг дуусгавар болгож тооцоо нийлэх гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурцгаасан. Уг тооцоо нийлэх гэрээний дагуу Я.Сэлэнгэ нь 2015 он хүртэл надад хамтын үйл ажиллагааны орлогоос 47 сая төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн бөгөөд талуудын нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж нийт 22 сая төгрөгийг бэлэн мөнгө болон эд хөрөнгө оролцуулан надад төлж хамтын үйл ажиллагааг дуусгавар болгохоор тохиролцсон. Уг тохиролцооны дагуу Я.Сэлэнгэ нь: Тугалтай 2 үхэр, 6 000 000 төгрөг бэлнээр, Дээр дурдсан чацарганы талбайд өөрт ногдох чацарганы мод, өөрийн зүгээс гаргасан гүний худаг, тор татах зардал, уг талбайд барьсан байшин зэргийг 14 сая төгрөгт үнэлэн миний өмчлөлд шилжүүлэхээр зөвшөөрсөн. Уг тооцоо нийлэх гэрээ байгуулснаас хойш Я.Сэлэнгэ нь надад тугалтай 2 үхэр, 1 сая 600 мянган төгрөг бэлнээр өгсөн боловч үлдэх 4 сая 400 мянган төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй.
Мөн тооцоо нийлэх гэрээний дагуу миний өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон дээрх эд хөрөнгө нь одоо ч өөрийнх нэр дээр байгаа хэмээн үзэх болсон. Миний бие дээрх төлбөрийг төлөхийг Я.Сэлэнгээс удаа дараа шаардсан боловч төлөлгүй өнөөг хүрсэн тул Я.Сэлэнгээс 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Тооцоо нийлэх гэрээний дагуу төлбөл зохих 4 400 000 төгрөгийг гаргуулж, Тооцоо нийлэх гэрээний 2-р хуудасны 3 дахь хэсэгт заасан Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг “Цохионы өвөр”-д байрлах 5 га чацарганы тайлбайд байгаа Я.Сэлэнгэд ноогдох чацарганы мод, гүний худаг, талбайг хашаалсан тор, талбайд байрлах байшин зэргийг нэхэмжлэгч Ж.Идэрзуугийн өмчлөх эрхэд бүхэлдээ шилжсэн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.Сэлэнгэ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Миний бие Я.Сэлэнгэ нь 2003 оноос эхлэн Орхон аймгийн авто сэлбэгийн төрөлжсөн худалдаа эрхлэгчдийн зах болох “Солонго зах”-д хуучин, шинэ сэлбэгийн худалдаа эрхэлж эхэлсэн. Үүнээс хойш 2011 онд “Солонго зах”-ыг нүүлгэх ажил яригдаж эхэлсэн ба энэ үед иргэн Ж.Идэрзуутай танилцаж, нөхөрлөх болсон. Гэтэл 2012 онд Солонго захыг нүүлгэх болсонтой холбогдуулан Ж.Идэрзуутай өөр газар шинэ хуучин сэлбэгийн худалдааг эрхлэхээр тохиролцож, улмаар Орхон тариа ХХК-ны эзэмшлийн хашааг түрээслэхээр болсон. Дутуу, эвдэрхий, хашааны банз нь ар хэсгээрээ унасан, байхгүй байсныг өөрийн зардал, хөрөнгөөр засаж 2011 оны 04 дүгээр сараас эхлэн сар бүр 250 000 төгрөгөөр, 2012 оноос 2014 оны 6 сар хүртэл сар бүр 300 000 төгрөгөөр, 2014 оны 06 сараас хойш одоог хүртэл сар бүрийн 500 000 төгрөгөер түрээсийн төлбөрт нийт 25 800 000 төгрөг төлсөн. Түүнээс нэхэмжлэлд дурьдсан шиг Ж.Идэрзуугийн газрыг түрээслээгүй, түрээсийн төлбөрийг би дангаараа төлж байсан бөгөөд иргэн Ж.Идэрзуу огт үүнийг төлж байгаагүй. 2011 оны 04 дүгээр сараас эхлэн хуучин сэлбэг худалдах Ж.Идэрзуу бидний хамтын үйл ажиллагаа эхэлсэн боловч миний бие өөрийн төрсөн ах Я.Шагжсүрэнг харуул, манаачаар ажиллуулж сар бүрийн 200 000 төгрөгөөр цалинжуулж 2014 оны 04 дүгээр сар хүртэл ажилуулсан нийт ажлын хөлс 4 800 000 төгрөг болсон. 2014 оны 05 дугаар сараас эхлэн одоо хүртэл манай ахын хүүхэд болох Ш.Алтан-Өлзий сар бүр 200 000 төгрөгөөр, нийтдээ 6 200 000 төгрөгийг төлөөд байна. Хуучин, эвдэрч муудсан, эдэлгээ нь дууссан автомашиныг задалж ангилах ажлыг 2011 оны 04 дүгээр сараас эхлэн Энхболд, М.Эрдэнэ-Очир, Билгээ, Т.Энхбаяр 4 ажилтныг ээлжлэн ажиллуулж, сар бүр 2 ажилтанг ажилуулж өдөрт тус бүр нь 20 000 төгрөг, сард дунджаар 1 200 000 төгрөгний цалинг тогтмол би дангаараа олгож байсан болно. Ийнхүү сар бүр тогтмол гардаг зардал нь түрээсийн төлбөр, манаачийн цалин, задлагч 2 ажилтны цалин гарч байсан бөгөөд үүнээс Ж.Идэрзуу нь огт төлөлцөөгүй, миний бие гэрээнд “хатуу” заасан 750 000 төгрөгийг ашиггүй ажиллаж байхад ч түүнд олгож байсан.
Бидний хамтын ажиллагаа нь хуучин, шинэ сэлбэгийн худалдаагаар зогсохгүй Булган аймгийн Бугат сумын Цохионы өвөр, Бургааст гэх газарт чацарганы мод тариалах ажлаар үргэлжилсэн бөгөөд 2013 оны 07 дугаар сард Ж.Идэрзуу нь өөрөө хүсэлт гарган өөрийн эзэмшдэг 5 га газрын 50 хувь болох 2,5 га газрыг надад шилжүүлэн өгөх, миний бие тус газарт нийтэд нь бүдүүн нарийн 2 давхар торон хашаа барих, гүний худаг гаргах, худгийн байшин барих ажлыг гүйцэтгэхээр болж, хуучин сэлбэгийн худалдааны ажлаа түр хугацаагаар зогсоож, чацарганы талбайн ажилд бүх цаг зав, мөнгө хөрөнгөө зарцуулж нийт хашаа барихад 3 000 000 төгрөг, худаг ухахад 7 200 000, худгийн байшин барихад 500 000 төгрөг зарцуулсан. Уг газарт ийм эд хөрөнгийг барьж босгосон тул байнгын харуул, манаатай байх шаардлагатай тул 2013 оны 07 дугаар сараас эхлэн 2014 оны 05 дугаар сар хүртэл Завхан аймгаас дүү Я.Мөнхтөрийг авчирч сар бүрийн 250 000 төгрөгөөр харуулж нийт 2 500 000 төгрөгний ажлын хөлсийг Ж.Идэрзуугийн өмнөөс олгосон. Анхнаасаа намайг хууран мэхэлж ийнхүү хамаг хөрөнгийг нь тэрхүү чацарганы талбайд оруулсан байж магадгүй гэх бодол төрж байна. 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Чацаргана” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газартай ЧС-2013/02/намар/ дугаартай “Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ” байгуулан авсан болохоос нэхэмжлэлд бичсэн шиг Ж.Идэрзуу олж аваагүй юм. Миний хувийн эд хөрөнгийг Ж.Идэрзуу өөрийнх болсон гэж үзэж байгаа нь ямар учиртайг ойлгохгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.Сэлэнгэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Автосэлбэгийн талаар хамтран ажилласантай холбогдуулан гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл: 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 4-р заалтанд заасны дагуу газрын төлбөрийн 50 хувь болох 2011 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 01-ийг хүртэлх хугацааны газрын түрээсийн төлбөр болох 1 562 500 төгрөг, 2012 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртлэх хугацааны газрын түрээсийн төлбөрийн 50 хувь 3 600 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 14-ны өдрийг хүртлэх хугацааны газрын түрээсийн 50 хувь 2 250 000 төгрөг, гэрээ цуцлах хүртлэх хугацааны газрын түрээсийн төлбөрийн 50 хувь 7 412 500 төгрөг, гэрээ байгуулж хамтын ажиллагаа эхэлсэн үеэс хойших 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны хуучин авто машиныг худалдан авсны дараа задалдаг ажилтнуудын ажлын хөлсний 50 хувь 21 000 000 төгрөг, авто сэлбэгийн газрын сахиулаар ажиллаж байсан ажилтнуудын цалингийн 50 хувь 3 250 000 төгрөг нийт хуучин автосэлбэгийн худалдаа эрхлэхээр хамтран ажиллах гэрээний дагуу 37 662 500 төгрөг,
Чацарганы тайлбайд хамтран ажиллах гэрээний дагуу гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага: 2013 оны 07 дугаар сард бид хамтран ажиллахаар тохиролцож Ж.Идэрзуугийн тавьсан саналын дагуу түүний эзэмшлийн Булган аймгийн Бугат сумын “Цохионы өвөр” гэх нэртэй газарт байрлах 5 га газрыг 2,5 га газраар хуваан нь тус тус тэнцүү эзэмшихээр тохиролцож, харин үүний хариуд миний бие тус газарт барих хашаа, худаг ухах, цахилгааны байгууламж барих зэрэгт гарах зардлыг 50, 50 хувиар тооцон гаргаж, Ж.Идэрзуу нь хүн хүч муутай, дандаа охидуудтай тул тус ажлыг гүйцэтгэх хүн хүчээр миний бие илүү оролцохоор тохиролцсон. Гэтэл одоо шүүхэд өөрөө гэрээний үүргээ биелүүлээгүй атлаа надад анх эзэмшүүлэхээр тохиролцсон газраа өгөх нь бүү хэл, миний өмчлөлийн чацарганы мод, миний өөрийн барьсан дүнзэн байшин зэргийг авахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
Ж.Идэрзуугийн эзэмшиж байгаа Булган аймгийн Бугат сумын “Цохионы өвөр” гэх газарт байрлах 5 га газрын 50 хувь болох 2,5 га газрын эзэмших эрхийг Ж.Идэрзуугаас шилжүүлэн авах, 5 га газартай хамтад нь төмөр тороор давхар торлож, хашааны төмөр шон, түүний суурийг цементээр зуурч цутгасан зардал, торны үнэ, торыг бэхэлсэн төмөр утас, 50 хувь 3 000 000 төгрөг. Гүний худгийн байшинг би 100 хувь зардал гаргаж барьсан ба зардлын 50 хувь 250 000 төгрөг. 2013 оны 07 дугаар сард чацарганы талбайд худаг ухсан үеэс эхлэн сахиул буулгаж дундын эд хөрөнгийг хамгаалж ирсэн ба сахиулын ажлын хөлсийг бид хамтран хариуцаж гаргахаар тохиролцсон хөлсний 50 хувь 4 125 000 төгрөг. Орхон аймгийн техникийн “ТАНИЛ” захаас 2016 оны 7 дугаар сард № Ф-16 дугаартай павилоноос худалдан авсан өвс хадагч түрдэг автомат машин 1 ширхэгийн үнэ 1 400 000 төгрөгийн миний гаргасан 1 000 000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байна.
Хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох: Гүний худаг ухуулсан, нийт 7 200 000 төгрөгний зардал гарсан бөгөөд үүний 50 хувь болох 3 600 000 төгрөгийг би гаргасан. Худаг ухсан 3 хүний хоол, ор хоногийн мөнгөнд нийт 850 000 төгрөг төлсөн ба үүнээс Ж.Идэрзуу нь огт төлөлцөөгүй. Ийнхүү миний бие тус худгийг ухаж, ашиглахад бэлэн болгоход гарах зардлын 50 хувиас илүүг гаргасан тул энэхүү гүний худаг нь бидний хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож өгнө үү.
Бидний хамтран байгуулсан 6 000 вольт шугамнаас 850 метр газар 14 ширхэг цахилгааны шон татаж, 380 вольт болгон бууруулах цахилгааны байгууламж /трансформатор/-ийг мөн бид тус тус 6 000 000 /зургаан сая/ төгрөг гаргаж хамтран байгуулсан бөгөөд энэ нь бидний хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож хэн хэн тэгш эрхтэйгээр ашиглах, эзэмших эрхтэй байтал Ж.Идэрзуу нь дан ганц өөрийн хуваарьт өмч мэтээр үзэж байна. Иймээс энэхүү цахилгааны байгууламжийг бидний хамтран өмчлөх дундын өмч болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.Сэлэнгэ сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Г-208 дугаартай Хамтран ажиллах гэрээний 3 дахь хэсэгт заасан сар бүр ашгаас А, Б тал тус бүр 750 000 төгрөг авч байх заалтыг тус заалтанд үндэслэж байгуулсан “Хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсны тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээг” хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ж. Идэрзуу сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00400 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.4, 236 дугаар зүйлийн 236.1.2, 236.1.3, 199 дүгээр зүйлийн 199.1-д заасныг баримтлан хариуцагч Я.Сэлэнгээс 3 400 000 төгрөг, Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн Цохионы өвөрт байрлах Я.Сэлэнгэд ногдох гүний худаг, 5 га талбайг хашаалсан тор, талбайд байрлах байшин зэргийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Идэрзуугийн өмчлөлд шилжсэн болохыг тогтоож, шаардах эрхийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөг, Я.Сэлэнгэд ногдох чацарганы мод шилжсэн болохыг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2, 56 дугаар зүйлийн 56.1.8, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан Ж.Идэрзуугаас 6 850 000 төгрөг гаргуулж Я.Сэлэнгэд олгож, цахилгааны байгууламж дундын өмч болохыг тогтоож, 2.5 га газар шилжүүлэх, гүний худаг дундын өмч болохыг тогтоолгох, 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсаны тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Идэрзуугаас урьдчилан төлсөн 125 550 төгрөг, Я.Сэлэнгээс төлсөн 528 537 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Сэлэнгээс 139 550 төгрөг гаргуулан Ж.Идэрзууд, Ж.Идэрзуугаас 124 550 төгрөг гаргуулан Я.Сэлэнгэд олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.Идэрзуу давж заалдсан гомдолдоо: Эрхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 06 өдрийн №142/ШШ2017/00400 тоот шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн: 1 дэх заалтын шаардах эрхийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөг, Я.Сэлэнгэд ногдох чацарганы мод шилжсэн болохыг тогтоологох тухай шаардлагагыг хэрэгсэхгүй болгосугай’’ хэсгийг, 2 дахь заалтын “Ж.Идэрзуугаас 6 850 000 төгрөг гаргуулж Я.Сэлэнгэд олгосугай” хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дараах дүгнэлтийг хийсэн нь Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, Иргэний хуулийн 198-р зүйлийг зохих ёсоор хэрэглээгүй бөгөөд улмаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаагүй үндэслэл болсон байна.
(2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “хамтран ажиллаж байгаа хоёр талын зүгээс хамтран ажиллаж байсаны тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээ”-д Я.Сэлэнгэд ногдох чацарганы модны асуудал тусгагдаагүй байх бөгөөд Я.Сэлэнгэд ногдох эд хөрөнгө гэдэгт чацарганы мод байгаа гэж үзэх үндэслэлгүй байна)
Хавтаст хэрэгт авагдсан 2015.02.14-ний өдөр байгуулагдсан энэхүү Гэрээг Н.Сэлэнгэ өөрийн гараар бичсэн бөгөөд нийт 47 сая төгрөгийн өр төлбөр байгааг дүгнээд дараах байдлаар өр төлбөрийг барагдуулахаар заажээ. Үүнд:
Иргэний хуулийн 84.3-т зааснаар Чацарганы талбайд байрлах 2013 оны намар суулгаснаас хойш 4 жил болж байгаа, ургаж гүйцсэн бутнууд нь газраас салгаж үл болох үл хөдлөх хөрөнгө юм. Чацарганы талбайд барьсан байшин, чацаргана услах зориулалттай худаг, талбайг хашсан хашаа зэргийг шилжүүлэхээр тодорхой тохиролцсоныг шүүх дүгнэсэн нь зөв болжээ. Ингэхдээ Ж.Идэрзуугийн өмчлөлд шилжсэн болохыг тогтоосон тэрхүү хашаан дотор байгаа чацарганы бутнуудыг “чацарганы талбайд байгаа эд хөрөнгө” гэж нэрлээд шилжүүлэхээр заасныг нь зөв тайлбарлаагүй, Иргэний хуулийн 198-р зүйлийг хэрэглээгүй нь алдаатай болжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дараах дүгнэлтийг хийсэн нь Нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж Ж.Идэрзуугаас 6 850 000 төгрөг гаргуулахаар шийдвэрдлэх үндэслэл болсон байна. “Талууд цахилгааны байгууламжийн талаар маргаагүй учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж... гэсний дараа (...үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хангаж шийдвэрлэсэн гүний худаг, хашаалсан тор, түүнийг хийсэн ажлын хөлс нийлээд 6 850 000 төгрөгийг /3 000 000+3 600 000+250 000/ Ж.Идэрзуугаас гаргуулж)...гэсэн нь үндэслэлгүй, шүүх өөрийн гаргасан шийдвэртэйгээ зөрчилдсөн байна.
Мөн шүүхээс талуудын барьсан хашаа нь зөвхөн Ж.Идэрзуугийн эзэмшил газрыг хашаалсан бус мөн Я.Сэлэнгийн өөрийн эзэмшлийн хил залгаа 1.5 га газрыг хашаалсан байгааг харгалзаж үзээгүй бөгөөд Я.Сэлэнгийн өөрийнх эзэмшил газрыг хашаалсан торны 50%-ийг Ж.Идэрзууг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдал, талуудын гаргасан тайлбар нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй байна. Дээрх үндэслэлүүдээр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 400 тоот шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн:
1 дэх заалтыг “шаардах эрхийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөг, Я.Сэлэнгэд ногдох чацарганы мод шилжсэн болохыг тогтоологох тухай шаардлагагыг хэрэгсэхгүй болгосугай хэсгийг хүчингүй болгож, уг заалтын “Я.Сэлэнгээс 3 400 000 төгрөг гаргуулах" гэснийг “Я.Сэлэнгээс 4 400 000 төгрөг гаргуулах” болгон өөрчлөх;
2 дахь заалтын “Ж.Идэрзуугаас 6 850 000 төгрөг гаргуулж Я.Сэлэнгэд олгосугай” хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.Сэлэнгэ давж заалдсан гомдолдоо:
Миний бие иргэн Ж.Идэрзуутай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний үндсэн зардлыг хуваарилахдаа хувь тэнцүүлэн 50%, 50%-ийг зардлыг гаргахаар, харин хамтын ажиллагааны удирдлагыг миний бие 80%, Ж.Идэрзуу 20% оролцохоор тохиролцсон боловч Ж.Идэрзуу нь хамтын ажиллагааны зардлыг сар бүр төлөөгүй, мөн хамтын ажиллагаанд 20% ч оролцоогүй байж надаас их хэмжээний мөнгө нэхэж, улмаар миний хуваарьт эд хөрөнгийн өөрийн өмчлөлд авах санаа гаргаж намайгтөөрөгдүүлэн гэрээ байгуулж, уггэрээний дагуу анхан шатны шүүх миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох өвлийн дүнзэн байшинг бусад эд хөрөнгийн хамт Ж.Идэрзууд шилжсэн болохыг тогтоосон нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
Мөн нөгөө талаас миний хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хамтран ажиллах гэрээний хүрээнд бидний тохиролцсон зардлыг Ж.Идэрзууд хариуцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь /ндэслэл муутай болсон. Ж.Идэрзуу нь надтай хамтран ажиллах гэрээний байгуулж, түүнийгээ үндэслэн нэхэмжлэл гаргасан бөгөөд уг гэрээг зөвхөн Ж.Идэрзууд ашигтайгаар тайлбарлан Ж.Идэрзуу нь нэхэмжлэх эрхтэй, миний бие нэхэмжлэх эрхгүй мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-04-06-иы өдрийн 142/ШШ2017/00400дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дүгээр заалтын миний байшинг Ж.Идэрзууд өмчлөх эрх шилжсэн хэсгийг хүчингүй болгож, миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлт оруулж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ж.Идэрзуу нь хариуцагч Я.Сэлэнгэд холбогдуулан гэрээний дагуу 4.400.000 төгрөг гаргуулах, Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн Цохионы өвөрт байрлах 5 га чацарганы талбайд байгаа Я.Сэлэнгэд ногдох чацарганы мод, гүний худаг, талбай хашаалсан тор, талбайд байрлах байшин зэргийн өмчлөх эрх өөрт шилжсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Я.Сэлэнгэ нь хамтран ажиллах гэрээний дагуу ажиллуулсан ажилчдад олгосон цалингийн 50 хувь болон түрээсийн төлбөрийн 50 хувь, 2,5 га газрын эзэмших эрхийг шилжүүлж авах, гүний худаг, цахилгааны байгууламжийг дундын хөрөнгөнд тооцуулах, хамтран ажиллах болон эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.
Зохигчдын хооронд 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, хамтын үйл ажиллагааны төрөл зорилгоо тодорхойлж, оролцогчдын оруулах хувь хөрөнгө, эрх үүргээ хуваарилан ашиг орлогоо тооцон, үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
Зохигчид хамтран ажиллах гэрээгээр хуучин авто машин худалдан авч задалж борлуулах, шинэ хуучин сэлбэгийн худалдаа эрхлэх зорилгоор 5 жилийн хугацаатай хамтран ажиллах хамтын үйл ажиллагаанд 5 сая төгрөгийн хувь нийлүүлэх Я.Сэлэнгэ нь үйл ажиллагаагаа удирдан явуулах буюу 80 хувь оролцоотой, Ж.Идэрзуу нь үйл ажиллагаанд 20 хувь оролцоотой байх, сар бүр 1.500.000 төгрөгийн ашигтай ажиллах, энэ ашгаасаа сар бүр Ж.Идэрзууд 750.000 төгрөг өгч, 750.000 төгрөгийг хуримтлал үүсгэн хамтын үйл ажиллагаандаа зориулан хадгалж байхаар харилцан тохиролцжээ.
Хариуцагч Я.Сэлэнгэ нь гэрээний дагуу 2011 онд нэхэмжлэгч Ж.Идэрзууд сар бүр 750.000 төгрөгөө өгч байсан байх ба 2012 оноос сэлбэгийн борлуулалт ашиггүй болсон гэсэн шалтгаанаар өгөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна.
Мөн зохигчид 2013 онд Булган аймгийн Бугат сумын Баянтөгөл багийн нутаг “Цохиотын өвөр” гэх газарт чацаргана тарих зорилгоор төсөлд хамрагдан чацарганы 2000 ширхэг мод авч 1000 ширхэг модыг Я.Сэлэнгэд өгч тарьсан байна. Чацарганы талбайг хамтран ашиглах талаар зохигчид амаар тохиролцжээ.
Зохигчид 2015 онд хамтран ажиллах гэрээгээ цуцалж дуусгавар болгохоор тооцоо нийлж 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хамтын үйл ажиллагааны орлогоос Я.Сэлэнгэ нь Ж.Идэрзууд 47 сая төгрөг төлөх тооцоо гарсан боловч 22 сая төгрөг төлөхөөр гэрээ хийсэн байх ба 22 сая төгрөгөнд тооцож тугалтай 2 үхэр, 6 сая төгрөг бэлнээр, чацарганы талбайд байгаа өөрт ногдох эд хөрөнгө, гүний худаг гаргахад орсон хөрөнгөний тал 4 сая төгрөг, байшин 5 сая төгрөг торны мөнгө, ажлын хөлс нийлээд 5 сая төгрөг зэргийг Ж.Идэрзууд өгөхөөр хамтран ажиллаж байсан тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээгээр тохиролцсон байна.
Энэ гэрээ ёсоор хариуцагч Я.Сэлэнгэ нь нэхэмжлэгч Ж.Идэрзууд 2 тугалтай үнээ 1.600.000 төгрөг хүлээлгэж өгсөн байх ба энэ талаар талууд маргаагүй.
Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу үүссэн үүргийг дуусгавар болгож өөр үүргийг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгч зөвшөөрсөн тохиолдолд гэрээ байгуулахыг шаардах ба 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан гэрээ нь уг шаардлагыг хангаж байна, мөн энэхүү гэрээнд Я.Сэлэнгэд ногдох чацарганы модны асуудал тусгагдаагүй бөгөөд Я.Сэлэнгэд ногдох эд хөрөнгө гэдэгт чацарганы модыг хамааруулж үзэх үндэслэлгүй, хариуцагч Я.Сэлэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,5 га газар шилжүүлэх талуудын хооронд хийгдсэн 2 удаагийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох гэсэн дүгнэлтүүдийг хийсэн нь үндэслэлтэй байна.
Харин гэрээгээр тохиролцсон бэлэн өгөх 6 сая төгрөгөөс 1.600.000 төгрөг бэлэн өгсөн, 4.400.000 төгрөг өгөөгүй болох нь нотлох баримтаар тогтоогдсон байхад шинжээчийн дүгнэлт гаргуулж, үнэлгээ тогтоолгоогүй атлаа үхрийн үнэлгээг 1 сая төгрөгөөр төлөгдсөн гэж үзэж хасч тооцсон, гүний худаг, хашаалсан тор хийсэн ажлын хөлсөнд Ж.Идэрзуугаас 6.850.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Я.Сэлэнгэ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар гүний худаг, цахилгаан байгууламжуудыг хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгохоор шаардсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Харин ч зохигчид гүний худаг цахилгаан байгууламж барих ажлын зардал хөлсийг хувааж төлсөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон зохигчдын дундын өмч гэж үзэх боломжтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч Я.Сэлэнгэ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудаар хамтран ажиллах гэрээний дагуу ажилласан ажилчдын цалин хөлс, түрээсийн төлбөрийн 50 хувийг гаргуулахаар шаардсан боловч шаардлагаа нотлохоор гаргасан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй нэгэн хэвийн байдлаар нөхөн хийгдсэн баримт байх тул үнэлж шийдвэрлэх боломжгүй болно.
Талууд 2014 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу хамтран ажиллах үйл ажиллагааны зорилгыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдалд /задаргаа хийсэн хуучин сэлбэг борлогдохгүй орлого ашиг муутай болсон / үндэслэн гэрээний үүргийг дуусгавар болгохоор харилцан тохиролцож хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашиг орлогоо тооцон өмнөх гэрээгээ дүгнэж 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “хамтран ажиллаж буй 2 талын зүгээс хамтран ажиллаж байсан тухай эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээ” байгуулсан нь талууд харилцан ашиг сонирхолоо нэгтгэж байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй.
Зохигчид 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний хугацааг 5 жилээр тогтоосон, хамтын үйл ажиллагааны зорилгоо тодорхойлж үйл ажиллагаа явуулах үүргээ хуваарилан /Я.Сэлэнгэ 80 хувь, Ж.Идэрзуу 20 хувь оролцоотой байх/ хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон ашиг алдагдлыг гэрээнд тусгасан зэрэг нь хуульд нийцсэн байх тул эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гэрээнд үндэслэн хэргийг шийдвэрлэхээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Зохигчид маргаж буй обьектуудын үнэлгээг шинжээчээр үнэлүүлж дүгнэлт гаргуулаагүй ба талуудын тохиролцсон үнэлгээгээр үнийг тооцсон болно.
Талууд харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээг дуусгавар болгон эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх гэрээ байгуулсныг буруутгах боломжгүй юм.
Хамтран ажиллах гэрээний зохицуулалт нь талуудын хамтын үйл ажиллагаа, гэрээнээс гарах, гэрээ дуусгавар болох, гэрээнээс гарсан талд ногдох хувийг хуваарилах талаар зохицуулсан тул шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хамтран ажиллах бүлгийн зохих зүйл заалтыг баримтлан шийдвэрлэх боломжтой ба Иргэний хуулийн 236, 199 дүгээр зүйлийг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж шийдвэрт өөрчлөлт оруулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00400 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.4-т зааснаар хариуцагч Я.Сэлэнгээс 4.400.000 төгрөг, 5 сая төгрөг бүхий байшин, 5 сая төгрөг бүхий хашаалсан тор зэргийг нэхэмжлэгч Ж.Идэрзуугийн өмчлөлд шилжсэнийг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас гүний худаг, чацарганы мод гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
Шийдвэрийн 2 дугаар заалтанд хариуцагч Я.Сэлэнгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар гүний худаг, цахилгаан байгууламжийг нэхэмжлэгч Ж.Идэрзуу хариуцагч Я.Сэлэнгэ нарын дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх дундын дундын өмч болохыг тогтоосугай гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас ажилчдын цалин хөлс, түрээсийн төлбөр гаргуулах, 2,5 га газар шилжүүлэх, 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн эдийн засгийн асуудлыг тохиролцон шийдвэрлэх тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай гэсэн өөрчлөлт оруулсугай.
2.Шийдвэрийн 5 дахь заалтанд ...хариуцагч Я.Сэлэнгээс 229.950 төгрөг гаргуулж 124.550 төгрөгийг Ж.Идэрзууд105.400 төгрөг төрийн санд олгосугай гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Ж.Идэрзуугийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.550 төгрөгийг, хариуцагч Я.Сэлэнгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ
С.УРАНЧИМЭГ