Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01863

 

Я.Ж, Ц.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00868 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1610 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Я.Ж, Ц.Б нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ТӨСК” ТӨҮГ-т холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэлмэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Ж, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Бид шүүхэд анх гаргасан авто зогсоол худалдах-худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд ТӨСКйн ерөнхий захирлын А/109 дүгээр тушаалын хавсралт 2-т заасны дагуу өөрчлөлт оруулж, илүү төлсөн 6 000 000 төгрөг гаргуулах шаардлагаа авто зогсоол худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар өөрчилсөн. “ТӨСК” ТӨҮГазраас бидэнд авто зогсоолын төлбөрөө төлөхгүй бол захиалга автоматаар цуцлагдана, журам батлагдсан ч 20 000 000 төгрөгөөр худалдана гэж өөрсдийн дур мэдэн тогтоосон үнээр худалдан авахыг шаардсан. Тухайн үед авто зогсоол худалдан борлуулах харилцаа болон үнийг тогтоосон журам удахгүй батлагдана гэсэн мэдээлэл болон албан ёсоор журмын төслийн ажиллагаа явагдаж байсан.

...Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд гэрээний талууд нь үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ зөрчиж, журмаар зохицуулагдах харилцааг өөрсдөө дур мэдэн үндэслэлгүй тогтоосон. Гэрээний 4.4, 6.3.1-д үндсэн болон үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд “ТӨСК” ТӨҮГ нь гэрээг дангаар цуцлах, алданги нэхэмжлэх эрхтэй байсан бөгөөд журам батлагдсан ч үнэ өөрчлөгдөхгүй гэсэн тул итгэж гэрээ байгуулсан. Мөн анхнаасаа журам батлах үүргийг Засгийн газрын тогтоолоор хүлээж, журмаар уг харилцааг зохицуулах ёстой байтал энэ үүргээ биелүүлэхгүй иргэдээс өндөр үнээр захиалга авсныхаа дараа захиалга авсан үнээсээ бага үнээр журмаа гаргаж иргэдийг ноцтойгоор хохироосон. Журам батлахаас өмнө гэрээ байгуулсан иргэдийн гэрээг журамтай дүйцүүлж, 20 сая төгрөгийн үнэтэй гараашийг 14 сая болгож үнэ тогтоосон. Энэ нь “ТӨСК” ТӨҮГ нь иргэдтэй тэгш харилцах зарчмыг зөрчсөн.

Иймд авто зогсоол худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “ТӨСК” ТӨҮГ нь Буянт-Ухаа 1 хорооллын 1764 айлын орон сууц, Буянт Ухаа-1 хорооллын 3000 айлын орон сууц, аймаг бүрд 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 8 аймагт 1235 орон сууц барьж, ашиглалтад оруулж, иргэдэд орон сууцыг өртгөөр худалдан борлуулах, хууль дүрэмд заасан өөрийгөө санхүүжүүлэх үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжоо авто зогсоол болон үйлчилгээний төвөө зах зээлийн зарчмаар худалдан борлуулж бий болгодог. Энэ эрхийнхээ хүрээнд манай байгууллага үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийг тогтоохдоо өртөг, зардал, ашгаа шингээж, боломжит үнээр борлуулдаг. 

Энэ хүрээнд иргэн Я.Ж, Ц.Б нартай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, талуудын хүсэл зоригоор хэлцэл хийгдсэн. “ТӨСК” ТӨҮГ нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэн Я.Ж-тай, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Ц.Б-тэй тус тус Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар авто зогсоол захиалгын гэрээг байгуулсан. Я.Ж, Ц.Б нар нь авто зогсоолын үнийг бүрэн төлж, манайхаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, түүний бичиг баримтыг гаргаж, талууд үүргээ бүрэн биелүүлсэн. “ТӨСК” ТӨҮГ-ын захирлын 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууцны нэгжийн үнэ тогтоох тухай тушаалаар Буянт Ухаа-1 хороолол төслийн хүрээнд баригдаж, ашиглалтад оруулж, орон сууцны авто зогсоолын худалдан борлуулах үнийг 20 000 000 төгрөг байхаар тогтоосон. Я.Ж, Ц.Б нартай авто зогсоол худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед авто зогсоолыг өөрийн өртгөөр нь зардлыг тооцож, шингээн үнийг тушаалаар баталж, худалдан борлуулсан, хуурч мэхэлж мэдээллийг нуугаагүй.

Буян-Ухаа 1 хорооллыг Чингис бонд буюу Хөгжлийн банкны жилийн 7 хувийн хүүтэй хөрөнгөөр барьж ашиглалтад оруулахдаа Засгийн газраас хүүтэй мөнгө авсан. 20 сая төгрөгөөр авто зогсоол авах хүн бага ба борлуулалт муу, санхүүгийн алдагдалтай байсан тул бид борлуулалтыг сайжруулан багахан хэмжээний алдагдал хүлээе гээд үнийг хямдруулж худалдсан нь нэхэмжлэгч Я.Ж, Ц.Б-нарт ямар ч хамааралгүй. Гэрээний харилцаа бүрэн дуусгавар болсноос хойш гарсан тушаал шийдвэрийг үндэслэж, авто зогсоолын үнэ 14 000 000 төгрөг байсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 36 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж, авто зогсоолын захиалга авч байсан.

Иймд Я.Ж, Ц.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00868 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “ТӨСК” ТӨҮГазарт холбогдох 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн С103 дугаартай Авто зогсоолын захиалгын гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн С148 дугаартай Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч Я.Ж, Ц.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Ж-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368 900 төгрөгөөс 257 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-д буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1610 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00868 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Ж, Ц.Б нарын хариуцагч “ТӨСК” ТӨҮГазартай байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн С103 тоот, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн С148 тоот гэрээний 20 000 000 төгрөгийн үнэ тогтоосон 3.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцсугай” гэж, 2 дахь заалтын “нэхэмжлэгч Ц.Б-эд буцаан олгосугай” гэснийг “нэхэмжлэгч Ц.Б-эд буцаан олгож, хариуцагч “ТӨСК” ТӨҮГазраас нэхэмжлэгч Я.Ж-д 257 950 төгрөг, нэхэмжлэгч Ц.Б-д 257 950 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Я.Ж-гийн төлсөн 260 000 төгрөг, Ц.Батбэхийн төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгожээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдээгүй. Талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт хариуцагчийн нэхэмжлэгч нарын аргагүй гачигдалтай байдлыг ашигласан, гэрээний бэлтгэл үе шатанд худал мэдээлэл өгсөн, тулган шаардсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчдийн гаргасан шаардлагын дагуу гэрээний үнэ тогтоосон хэсгийг хүчин төгөлдөр буст тооцож нэхэмжлэлийг хангах үндэсгүй байна. Учир нь тухайн гэрээний үнийг тогтоож, иргэдтэй гэрээ байгуулахдаа ямар нэгэн хуурч мэхлэх, худал мэдээлэл өгөх үйлдэл хийгээгүй юм. Энэ нь гэрчийн мэдүүлэг, нотлох баримтуудаар тогтоогддог. Гэтэл хуурч мэхэлж хийсэн хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрээ гаргахдаа иргэн Г.Нямсүрэнгийн өөрчилж байгуулсан гэрээг үндэслэл болгож, иргэдтэй тэгш бус харьцсан гэж дүгнээд, нотлох баримтыг үнэлээгүй гэж анхан шатны шүүхийг үзсэн. Гэтэл тус гэрээний зохицуулалт, харилцаа нь нэхэмжлэгчдийн байгуулсан гэрээ болон гэрээнээс үүсэх үр дагавар, харилцаанаас өөр юм. Нэхэмжлэгчид нь тухайн худалдах-худалдан авах гэрээг өөрийн хүсэл зоригийн дагуу хийж, үнэ хөлсийг бүрэн төлж, манай зүгээс зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж хэн аль нь гэрээнийхээ үүргийг гүйцэтгэж дуусгавар болсон. Харин цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч зогсоолын үнийг бууруулсан бөгөөд энэ үед иргэн Г.Нямсүрэн нь өөрийн анх байгуулсан байсан С149 тоот 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээнийхээ эрх үүргийн дагуу гэрээний 6 дугаар зүйлд гэрээний хариуцлага, гэрээг цуцлах тухай хэсгийн 6.3.2-т “Худалдан авагч гэрээний үүргээс өөрийн хүсэлтээр татгалзсан, гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй” гэж зааснаар өөрийн хүсэлтээр гэрээг цуцалж, журам гэрээний дагуу шимтгэлээ суутгуулсан. Үүний дараа гэрээний зүйлийн үнэ өөрчлөгдсөн нөхцөлөөр худалдах-худалдан авах гэрээг шинээр байгуулсан байдаг. Эдгээр 2 гэрээний харилцаа, үр дагавар өөр байтал үндэслэл болгож шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийг үнэн, зөв шийдвэрлэсэн гэж үзэхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Я.Ж, Ц.Б нар нь хариуцагч “ТӨСК” ТӨҮГазарт холбогдуулан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн С103 дугаартай Авто зогсоолын захиалгын гэрээ, 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн С148 дугаартай Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангажээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Зохигч нь хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан талаар шүүхэд мэдэгджээ.

Эвлэрлийн гэрээнд:

“1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1610 дугаар магадлалаар автозогсоолын гэрээний үнийн зөрүү 6 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулах агуулга бүхий шийдвэрийг гаргасан бөгөөд энэхүү 6 000 000 төгрөгийг “ТӨСК” ТӨҮГ-ын барьж ашиглалтанд оруулсан 14 000 000 төгрөгийн үнэ бүхий “Буянт Ухаа-1” хорооллын С-121 дугаар автозогсоолын өмчлөлийг шилжүүлэн авах Я.Ж, Ц.Б нарын зүгээс “ТӨСК” ТӨҮГ-тай байгуулах “Автозогсоол зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний урьдчилгаа 6 000 000 төгрөгт оруулан тооцохоор нэхэмжлэгч болон хариуцагч нар нь харилцан тохиролцов.

2. Ийнхүү иргэн Я.Ж, Ц.Б болон “ТӨСК” ТӨҮГ-ын хооронд байгуулагдах “Авто зогсоол зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний урьдчилгаа 6 000 000 төгрөгийн төлбөрийг Я.Ж, Ц.Б нарын зүгээс төлөгдсөн гэж тохиролцсонтой холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00868 дугаар шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1610 дугаар магадлал зэргээр хариуцагч “ТӨСК” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 257 950 төгрөгийг гаргуулан авах эрхээсээ нэхэмжлэгч Я.Ж, Ц.Б нарын зүгээс татгалзаж, энэхүү иргэний хэргийн 257 950 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч тал бүрэн хариуцахаар тохиролцов” гэжээ.

Зохигчийн дээрх эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрхийг хөндөөгүй байх ба талууд ийнхүү эвлэрэн хэлэлцсэний эрх зүйн үр дагаврыг ойлгосон байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.,176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00868 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1610 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг батлан, “ТӨСК” ТӨҮГ-т холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Я.Ж, Ц.Б нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН