Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1610

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

Я.Ж-, Ц.Б-нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00868 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Я.Ж-, Ц.Б-нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “ТОС” төрийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Я.Ж-

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, Ц.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Я.Ж-, Ц.Б-нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид шүүхэд анх гаргасан авто зогсоол худалдах-худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд ТОСйн ерөнхий захирлын А/109 дүгээр тушаалын хавсралт 2-т заасны дагуу өөрчлөлт оруулж, илүү төлсөн 6 000 000 төгрөг гаргуулах шаардлагаа авто зогсоол худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар өөрчилсөн. “ТОС” ТӨҮГазраас бидэнд автозогсоолын төлбөрөө төлөхгүй бол захиалга автоматаар цуцлагдана, журам батлагдсан ч 20 000 000 төгрөгөөр худалдана гэж өөрсдийн дур мэдэн тогтоосон үнээр худалдан авахыг шаардсан. Тухайн үед авто зогсоол худалдан борлуулах харилцаа болон үнийг тогтоосон журам удахгүй батлагдана гэсэн мэдээлэл болон албан ёсоор журмын төслийн ажиллагаа явагдаж байсан.

... Гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд гэрээний талууд нь үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ зөрчиж, журмаар зохицуулагдах харилцааг өөрсдөө дур мэдэн үндэслэлгүй тогтоосон. Гэрээний 4.4, 6.3.1-т үндсэн болон үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд ТОС ТӨҮГ нь гэрээг дангаар цуцлах, алданги нэхэмжлэх эрхтэй байсан бөгөөд журам батлагдсан ч үнэ өөрчлөгдөхгүй гэсэн тул итгэж гэрээ байгуулсан. Мөн анхнаасаа журам батлах үүргийг Засгийн газрын тогтоолоор хүлээж, журмаар уг харилцааг зохицуулах ёстой байтал энэ үүргээ биелүүлэхгүй иргэдээс өндөр үнээр захиалга авсныхаа дараа захиалга авсан үнээсээ бага үнээр журмаа гаргаж иргэдийг ноцтойгоор хохироосон. Журам батлахаас өмнө гэрээ байгуулсан иргэдийн гэрээг журамтай дүйцүүлж, 20 сая төгрөгний үнэтэй гараашийг 14 сая болгож үнэ тогтоосон. Энэ нь ТОС ТӨҮГ нь иргэдтэй тэгш харилцах зарчмыг зөрчсөн.

Иймд авто зогсоол худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ТОС ТӨҮГазар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ТОС ТӨҮГ нь Буянт- Ухаа 1 хорооллын 1764 айлын орон сууц, Буянт Ухаа-1 хорооллын 3000 айлын орон сууц, аймаг бүрд 1000 айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд 8 аймагт 1235 орон сууц барьж, ашиглалтад оруулж, иргэдэд орон сууцыг өртгөөр худалдан борлуулах, хууль дүрэмд заасан өөрийгөө санхүүжүүлэх үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжоо авто зогсоол болон үйлчилгээний төвөө зах зээлийн зарчмаар худалдан борлуулж бий болгодог. Энэ эрхийнхээ хүрээнд манай байгууллага үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийг тогтоохдоо өртөг, зардал, ашгаа шингээж, боломжит үнээр борлуулдаг. Энэ хүрээнд иргэн Я.Ж-, Ц.Б-нартай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, талуудын хүсэл зоригоор хэлцэл хийгдсэн. ТОС ТӨҮГ нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэн Я.Ж-тай, 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ц.Батбэхтэй тус тус Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар авто зогсоол захиалгын гэрээг байгуулсан. Я.Ж-, Ц.Б-нар нь авто зогсоолын үнийг бүрэн төлж, манайхаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, түүний бичиг баримтыг гаргаж, талууд үүргээ бүрэн биелүүлсэн. “ТОС” ТӨҮГ-ын захирлын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууцны нэгжийн үнэ тогтоох тухай тушаалаар Буянт Ухаа-1 хороолол төслийн хүрээнд баригдаж, ашиглалтад оруулж, орон сууцны авто зогсоолын худалдан борлуулах үнийг 20 000 000 төгрөг байхаар тогтоосон. Я.Ж-, Ц.Б-нартай авто зогсоол худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед авто зогсоолыг өөрийн өртгөөр нь зардлыг тооцож, шингээн үнийг тушаалаар баталж, худалдан борлуулсан, хуурч мэхэлж мэдээллийг нуугаагүй.

Буян-Ухаа 1 хорооллыг Чингис бонд буюу Хөгжлийн банкны жилийн 7 хувийн хүүтэй хөрөнгөөр барьж ашиглалтад оруулахдаа Засгийн газраас хүүтэй мөнгө авсан. 20 сая төгрөгөөр авто зогсоол авах хүн бага ба борлуулалт муу, санхүүгийн алдагдалтай байсан тул бид борлуулалтыг сайжруулан багахан хэмжээний алдагдал хүлээе гээд үнийг хямдруулж худалдсан нь нэхэмжлэгч Я.Жамьян, Ц.Б-нарт ямар ч хамааралгүй. Гэрээний харилцаа бүрэн дуусгавар болсноос хойш гарсан тушаал шийдвэрийг үндэслэж, авто зогсоолын үнэ 14 000 000 төгрөг байсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 36 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж, авто зогсоолын захиалга авч байсан.

Иймд Я.Ж-, Ц.Б-нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ТОС ТӨҮГазарт холбогдох 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн С103 дугаартай Авто зогсоолын захиалгын гэрээ, 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн С148 дугаартай Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэгч Я.Ж-, Ц.Б-нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Ж-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Батбэхээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 368 900 төгрөгөөс 257 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 110 950 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Батбэхэд буцаан олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Я.Ж-гийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, нэхэмжлэгч Ц.Б-нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Иргэний хуулийн 69, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар шаардаж байхад шүүх шийдвэртээ зөвхөн хууран мэхэлсэн шинж байгаа эсэхийг шалгаад, хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9-ийг үнэлээгүй. Я.Ж-тай байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/109 тоот гэрээнд "Батлав" гээд ТӨҮГ-ын Ерөнхий захирал А.Гантулга гэх хэсэгт" Алтанхуяг гэдэг гарын үсэг зурагдсан талаар гэрч Г.Уянга мэдүүлэхдээ "Алтанхуяг дэд захирлын гарын үсэг" гэсэн. Иймээс А.Гантулга гэх нэр дээр н.Алтанхуяг нь гарын үсэг зурах эрхтэй биш, шүүхээс н.Алтанхуягт гэрээ байгуулах үед "итгэмжлэл" олгосон эсэхийг шаардахад хариуцагч гаргаж өгөөгүй, мөн гэрээний сүүл хэсэгт "гэрээ байгуулсан гээд Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга, Т.Гэрэлт-Од, мэргэжилтэн Т.Уянга нар гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэл болсон байхад шүүхээс дүгнэлт өгөөгүй, үндэслэлгүйгээр хүлээж аваагүй.

"ТОСК" ТӨҮГ-ын дүрмийн 1.1-д "зорилтот бүлгийн иргэдэд хямд үнэтэй орон сууцаар хангах", хариуцагчийн тайлбарт "ашгийн төлөө бус төрийн өмчит үйлчилгээний газар" гэсэн атлаа хавтаст хэрэгт цугларсан нэг гараашийн өөрийн НӨАТ-тэй үнэ нь 13 гаруй сая төгрөгийн үнэтэй гражийг 20 сая төгрөгөөр худалдан борлуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан шинжийг агуулсан. Хууран мэхэлсэн шинж бүхий байдлыг нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй гэх үндэслэлийн хувьд маргаан бүхий автозогсоол худалдах-худалдан авах гэрээний 1.2-т батлагдаагүй, удахгүй 20 сая төгрөгөөр батлагдана гэж амласан журмаа үндэслэж энэхүү гэрээг байгуулсан.

Засгийн газрын 2014 оны 36 дугаар "Засгийн газрын зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан "Бүянт Ухаа-1" хорооллын орон сууцанд иргэдээс захилга авах жүрмын 6.1, 7.2-т заасны дагуу "Авто зогсоолоос захилга авах журам, түүний үнэ" зэргийг зохицуулсан журам гаргах үүрэгтэй байсан бөгөөд ийнхүү журмаа гаргаагүй байхдаа өөрсдийн дур мэдэн тогтоосон 20 сая төгрөгөөр орон сууцанд захилга өгсөн хүмүүст автозогсоолыг худалдан борлуулсан. Тухайн үед журам батлагдсан ч энэ үнээр батлагдана гэсэн атлаа "Буянт Ухаа 1" хорооллын автозогсоолын үнийг анх тогтоосон журамд зарагдах үнийг нь 14 сая төгрөгөөр тогтоосон. Мөн журам батлахаас өмнө гэрээ байгуулсан зарим иргэдийн гэрээг 20 сая төгрөгний үнийг буулгаж, 14 сая болгосон нь иргэдтэй тэгш харилцах зарчмыг зөрчсөн. Хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн н.Нямсүрэнгийн гэрээ нь Я.Ж-гийнхтай яг ижил нөхцөл, ижил үнэтэй байсан бөгөөд нэгнийх нь гэрээг 14 сая төгрөг болгож, өмнөх гэрээг нь цуцалж, шинээр гэрээ байгуулсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Я.Ж-, Ц.Бэхбат нар хариуцагч ТОС Төрийн өмчит үйлдвэрийн газар /цаашид ТӨҮГ гэх/-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, илүү төлсөн 6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар тус тус өөрчилжээ. Хариуцагч тал уг шаардлагыг “... өөрийгөө санхүүжүүлэх үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломжоо авто зогсоолоо зах зээлийн зарчмаар худалдан борлуулж бий болгодог, ... талуудын хүсэл зоригийн үр дүнд хэлцэл хийсэн” гэх үндэслэлээр татгалзан, маргажээ.

Хариуцагч ТОС ТӨҮГазар нь нэхэмжлэгч Я.Ж-д 2015 он 02 дугаар сарын 11-ны өдрийн С103 тоот гэрээгээр  Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа-1” орон сууцны хорооллын С103 дугаартай 15 м.кв талбай бүхий авто зогсоолыг, хариуцагч Ц.Батбэхэд 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн С146 тоот гэрээгээр мөн хороололд байрлах С149 дугаартай 15 м.кв талбайтай авто зогсоолыг тус бүр 20 000 000 төгрөгөөр худалдан улмаар өмчлөлд нь шилжүүлж, нэхэмжлэгч нар үнийг нь төлснөөр тэдгээрийн хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүргийг харилцан гүйцэтгэж, дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, төлбөрийн баримт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар нотлогдсон байна. /хх-92-93, 6, 95 дахь тал/ Энэ үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... журмаа батлаагүй байхдаа өөрсдөө дур мэдэн үндэслэлгүй үнэ тогтоож, өндөр үнээр захиалга авсаны дараа бага үнээр журам баталж хууран мэхэлсэн, гэрээ байгуулсан иргэдтэй тэгш харилцах зарчмыг зөрчсөн” гэж тайлбарлан шүүхэд хариуцагч байгууллагаас иргэн Г.Нямсүрэнтэй байгуулсан автозогсоол захиалгын гэрээг нотлох баримтаар гарган өгчээ.  /хх-170-171 дэх тал/

Хариуцагч ТОС ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/109 дүгээр тушаалаар “Буянт-Ухаа-1” хорооллын авто зогсоолд захиалга авах, зээлээр худалдан борлуулах журмыг, тушаалын 2 дугаар хавсралтаар авто зогсоолыг зээлээр худалдан борлуулах үнэ, хүү, хугацааны ерөнхий нөхцлийг баталж, уг журмыг үндэслэн иргэн Г.Нямсүрэнтэй байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн С149 тоот гэрээний үнийг өөрчлөн авто зогсоолын үнийг 14 000 000 төгрөгөөр багасган тогтоож, түүний төлсөн 6 000 000 төгрөгийг урьдчилгаа 40 хувьд тооцон, үлдэх 60 хувь буюу 8 000 000 төгрөгийг  хуваарь гарган хэсэгчлэн төлж байгаа болох нь худалдах-худалдан авах гэрээ, төлбөрийн баримтаар тогтоогджээ. /хх-1хх-53-60 дахь тал/

Шүүх дээрх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, нэхэмжлэгч нарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

            Иргэний хуулийн 13 дугаар зүйлд талууд иргэний эрх зүйн харилцааны эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ баримтлах зарчмыг тодорхойлсон бөгөөд 13.3 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх үүргээ хэрэгжүүлэхдээ зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулахыг хоригложээ.

Хариуцагч ТОС ТӨҮГ нь Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг  үүргийнхээ хүрээнд уг орон сууцыг барьж, иргэдэд худалдсан гэх үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий үйл баримт байна.

Талуудын маргаж буй гэрээний үнэ тогтоосон хэлэлцээ хийх замаар буюу Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар чөлөөтэй тогтоогоогүй, харин нэг тал буюу худалдагч байгууллагын ерөнхий захирлын 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/22 тоот тушаалыг үндэслэн тогтоосон байна. /1хх-39-41 дэх тал/ Иймд энэхүү үнэ тогтоосон заалт нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт бүхий нөхцөлд хамаарна. Гэрээний стандарт нөхцөл харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байх, энэ тохиолдолд стандарт нөхцлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэхээр мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт хэргийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянах үүрэгтэй. Хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын 2015 онд баталсан автозогсоол худалдан борлуулах журам, гэрээ байгуулагдсан нөхцөл, зохигчдын тайлбар, хариуцагч байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлсон дүрэм зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, хариуцагч нь бусад худалдан авагч нартай байгуулсан гэрээний үнийг бууруулсан байх бөгөөд гэрээ байгуулахдаа адилхан зорилтот бүлгийн худалдан авагч нартай өөрийн гэрээний үнийг тогтоох давуу байдлаа ашиглаж автозогсоолын үнийг өөр өөрөөр тогтоож байгаа нь шударга ёсны зарчимд харшилж байна. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан автозогсоол худалдах-худалдан авах гэрээний 20 000 000 төгрөгөөр үнэ тогтоосон 3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр буст тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Харин гэрээний бусад заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

Нэхэмжлэгч нар хариуцагчийг “зохих этгээдийн зөвшөөрөлгүй, мөн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгоо  зөрчиж хэлцэл хийсэн” гэж тайлбарлан маргажээ.

Хэрэгт авагдсан талуудын гэрээнээс үзвэл, хариуцагч байгууллагын маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од, мэргэжилтэн П.Уянга нар өөрсдийн ажил үүргийн хүрээнд нэхэмжлэгч нартай гэрээ байгуулсныг тус байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд болох ерөнхий захирал А.Гантулга гарын үсгээ зурж, тамга дарж баталгаажуулсан байна. /1хх-7-8, 25, 92-93 дахь тал/ Түүнчлэн хариуцагч ТОС ТӨҮГазрыг улсын бүртгэлд бүртгүүлсэн /1хх-39 дэх тал/ үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээ зөрчиж хэлцэл байгуулсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгч нарын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9-д заасан үндэслэлээр гаргаж буй давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Иймд нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Ж-, Ц.Б-нарын хариуцагч ТОС ТӨҮГазар нарын хооронд байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн С103 тоот, 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн С148 тоот гэрээний 3.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр буст тооцож, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/00868 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийг 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Ж-, Ц.Б-нарын хариуцагч ТОС ТӨҮГазартай байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн С103 тоот, 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн С148 тоот гэрээний 20 000 000 төгрөгийн үнэ тогтоосон 3.1 дэх заалтыг тус тус хүчин төгөлдөр бусд тооцсугай” гэж, 2 дахь заалтын “нэхэмжлэгч Ц.Батбэхэд буцаан олгосугай” гэснийг “нэхэмжлэгч Ц.Батбэхэд буцаан олгож, хариуцагч ТОС ТӨҮГазраас нэхэмжлэгч Я.Ж-д 257 950 төгрөг, нэхэмжлэгч Ц.Батбэхэд 257 950 төгрөгийг тус тус гаргуулан олгосугай” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Я.Ж-гийн урьдчилан  төлсөн 260 000 төгрөг, Ц.Батбэхийн төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                             А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Ч.ЦЭНД