Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2023/0014

 

 

 

 

 

 

 

“Э...” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г

Нэхэмжлэгч: “Э...” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 314 дугаартай шийдвэрийн “Э...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 735 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, Д.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0741/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э...” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 314 дугаартай шийдвэрийн “Э...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 735 дугаар шийдвэрээр ... “Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “Э...” ХХК-иас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 314 дугаартай шийдвэрийн “Э...” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “ ... анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: ... 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 6/1769 албан тоотоор ... тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна" гэж “... 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6/2728 албан тоотоор ... тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдэгдье гэсэн байх буюу хариуцагчаас нэхэмжлэгчид шуудангаар хүргүүлж мэдэгдсэн байна” гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад шуудангийн буцаалтаар буцаж ирсэн болох нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан албан бичгүүдийг нэхэмжлэгч “Э...” ХХК мэдээгүй болно.

3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана”, 56 дугаар зүйлийн 56.4-т: “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заасан.

3.3. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн эдгээр заалтыг зөрчиж шийдвэр гаргасан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 735 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

 

3.1. “Э...” ХХК-ийн Увс аймгийн Завхан сумын Гялс нэртэй газар орших 7018.71 гектар талбайтай ХV-017845 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 314 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр цуцалжээ.

 

3.2. Нэхэмжлэгч нь “Э...” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсон, мөн тусгай зөвшөөрлийг цуцалсан бол энэ тухай Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх ёстой гэх үндэслэлээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 314 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч өөрт холбогдох хэсгийг илт хууль бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

 

3.3. Анхан шатны шүүх Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 314 дугаартай Тусгай зөвшөөрөл цуцлах тухай шийдвэрийн “Э...” ХХК-д холбогдох хэсгийг “..Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй”... гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

3.4. Тодруулбал хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлийг цуцалсан мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 6/1769, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 6/2728 албан бичгүүдээр нэхэмжлэгч “Э...” ХХК-д шуудангаар хүргүүлсэн болох нь Ашигт малтмалын газрын баримт бичиг хүлээлцсэн дэвтрийн I, II-р бодит тэмдэглэгдсэн байна.

 

3.4. Нэхэмжлэгч “Э...” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэх үүргээ биелүүлээгүйн улмаас маргаан бүхий шийдвэрүүдийг хуульд заасан хугацаанд хүлээн авч чадаагүй, буцаагдсан болох нь тогтоогдож байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу хариуцагч нь “Э...” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай мэдэгдлийг “Монголын мэдээ” сонинд нийтэлсэн байна.

 

3.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... тусгай зөвшөөрлийг цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлээгүй гэж тайлбарлаж байгаа хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгч  “Э...” ХХК-д тусгай зөвшөөрлийг цуцлах талаар хуульд заасан мэдэгдэл хүргүүлэх боломжит бүхий л арга хэмжээг авсан, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

 Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0735 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА