Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2017/00715

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2017/00715

       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

            Нэхэмжлэгч: Н.Н

            Хариуцагч: БОАЖЯ

            Хариуцагч: СЯ

           БОАЖЯ сайдын 2016 оны 07 сарын 07-ны өдрийн А/214 тоот тушаалаар урамшууллыг буруу тооцож олгосон болохыг тогтоолгох, Н.Нд 47.887.000 төгрөг олгохыг Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайд, СЯ-д тус тус даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч БОАЖЯ төлөөлөгч М.М,  СЯ төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.               

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 онд БНХАУ-ын “ШШ” ХХК-ийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улааны холимог металлын уурхайн хаягдлын далан сэтэрч их хэмжээний химийн хорт бодисоор байгаль орчныг бохирдуулсныг нэхэмжлэгч холбогдох байгууллагад мэдээлсэн ба энэ нь мэргэжлийн байгууллагуудаар тогтоогдсон. Тус компаний байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг байгаль орчны хохирлын үнэлгээний мэргэжлийн байгууллагын эрхтэй “Э” ХХК тооцон тогтоосон:

-Бохирдуулсан нийт талбай 6649 м.кв, нийт төлбөр 534.488.547,46 төгрөг

-Хөрсний дээжийн Shi-2 зүсэлтийн ойр орчим дахь бохирдсон талбай 2462м.кв, хохирлын үнэлгээний төлбөр 215.239.958 төгрөг байна.

-Хөрсний дээжийн Shi-5-аас Shi-12 дахь зүсэлтийн ойр орчим дахь бохирдсон талбай 4187м.кв, хохирлын үнэлгээний төлбөр 319.248.589,46 төгрөг байна гэж дүгнэлт гаргасан.

“ШШ” ХХК нь байгаль орчны хохирлын нөхөн төлбөр болох 534.488.547,46 төгрөгийг 2014 оны 11 сард Байгаль Хамгаалах Санд тушаасан. БОАЖЯ сайдын 2016 оны 07-р сарын 07-ны өдрийн А/214 тоот  тушаалаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн 215.239.958 төгрөгийн 15 хувь болох 32.285.993,7 төгрөгийн урамшууллыг мэдээлэгч иргэн Н.Нд олгох тушаал гаргаж олгосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар “байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдпээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг хэлнэ гэсэн ба нөхөн сэргээх зардал ч гэсэн хохирлын нөхөн төлбөрт багтаж байна. Дээрх “Э” ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээний тайлангийн дүгнэлтэд Shi-2-р зүсэлтийн орчмын хохирлын үнэлгээний 215.239.958 төгрөг ч байгаль орчны хохирлын нөхөн төлбөр, Shi-5-аас Shi-12-р зүсэлтийн нөхөн төлбөр болох 319.248.589,46 төгрөг ч байгаль орчны хохирлын нөхөн төлбөр нийт 534.488.547,46  төгрөг болж байгаа юм.

2016 оны 09-р сарын 16-нд Монгол Улсын Засгийн Газарт БОАЖЯны урамшуулал дутуу тооцож олгосон талаар гомдол гаргахад 2016 оны 11-р сарын 07-ны өдөр БОАЖЯнаас Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын дэд дарга У.Бд хандсан 02/2049 тоот хариуны 1 хувийг Н.Нд өгсөн. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч иргэний хэргийн шүүхэд хандана уу гэсэн хариу өгсөн. Иймд байгаль орчны хохирлын нөхөн төлбөр нийт 534.488.547,46  төгрөгийн 15 хувь 80.173.000 төгрөгийг Н.Нд олгох байсан болохыг тогтоолгож, үлдсэн 319.248.589,46 төгрөгийн 15 хувь болох 47.887.000 төгрөгийн урамшууллыг Н.Нд олгохыг БОАЖЯ болон Сангийн Яаманд даалгаж өгнө үү. СЯ дээрх мөнгийг татан авсан байгаа гэв.

Хариуцагч БОАЖЯ төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “шш” ХХК 2010-2011 онд Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт “Улаан” гэх газарт 247 А тоот Цөмийн Энергийн газраас олгосон лицензит талбайд хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ердийн ашигт малтмал олборлож, хүдрээ баяжуулахдаа химийн хорт бодис ашигласан ба баяжмалд ашигласан хаягдлын санг үүсгэсэн ёроолын фрёнк задарснаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 214.3, 175.3-д холбогдуулан эрүүгийн 21147397 дугаартай хэргийг 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үүсгэсэн. “шш” ХХК нь уулын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн далангаас химийн бодисоор бохирлогдсон ус гадагшаа шүүрч байгаль орчныг бохирдуулсан үйлдэлд 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 207.1, 304 дугаар зүйлийн 304.1 дэх хэсэгт холбогдуулан 201301000085 дугаартай хэрэг үүсгэн энэхүү хоёр хэргийг нэгтгэн шалгасан.

Эрүүгийн 201301000085 дугаартай хэрэгт 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор “Э” ХХК-ийн шинжээч нарыг томилсон. “Э” ХХК хохирлын үнэлгээг БОАЖЯ сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын дагуу тооцсон байна. Шинжилгээ хийлгэх асуултын 8-д “Үйлдвэрийн хаягдлын сангаас шүүрсэн химийн бодистой ус нэвчсэн нь стандартаас давсан бохирдолтой тохиолдолд байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох” гэсэн асуултад шинжээч хариулахдаа: “шш" ХХК-ийн “Улаан”-ы ордын баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангаас химийн хорт агууламжтай бодис шүүрсний улмаас бохирдуулсан хөрсний нийт талбай 6649 м.кв, хохирлын төлбөр 534.488.547.46 төгрөг бөгөөд энэхүү бохирдсон талбайд өөр өөр үнэ бүхий дарагдмал хар шороон, нугат хар шороон хөрс тархсан байхаас гадна бохирдолтын гүн нь 0-10 см, 0-30 см ялгаатай байна. Үүнээс өрсний дээжийн Shi-5 дугаар зүсэлтээс Shi-12 хүртэлх бохирдсон талбайн нийт хохирлын 319.248.589.46 төгрөгийг төлөх шаардлагагүй. Учир нь “шш” ХХК-ийн “Улаан"-ы ордын баяжуулах үйлдвэрийн бохирдуулсан хөрсний Shi-5 дугаар зүсэлтээс Shi-12 зүсэлт хүртэлх суваг, жалганы дагуух Дарагдмал хар шороон, Нугат хар шороон 0-10 см хүртэлх зузаантай 4187 м.кв талбайн 418.7 м.куб хэмжээний хөрсийг хуулан авч хаягдлын санд асган нөхөн сэргээлт хийснээр хөрсний хохирлын үнэлгээний төлбөрийг төлөх шаардлагагүй. Үндэслэл нь одоогийн байдлаар энэхүү бохирдсон талбайн гүн нь бага, хаягдлын сангаас шүүрч буй усны шууд нөлөөнөөс хол, бүрэн нөхөн сэргээх бололцоотой, бохирдсон хөрсний хэмжээ бага байна.

Харин хөрсний дээжийн Shi -2 буюу эргэлтийн усан сангаас дээших 2462 м.кв бохирдсон талбайн 738.6 м.куб хэмжээний Нугат харшороон хөрсний экологи эдийн засгийн үнэлгээ нь 215.239.958  төгрөг бөгөөд үүнийг төлөх шаардлагатай гэж тодорхойлов. Үндэслэл нь тухайн талбайн хөрс нь одоогийн байдлаар далангийн шүүрлийн усны байнгын нөлөөлөлд байгаа бөгөөд нөхөн сэргээсэн, зайлуулсан тохиолдолд дахин бохирдол бий болох магадлалтай байна. 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар хаягдлын сангаас шүүрсэн ус нь газрын доорхи усыг бохирдуулагч бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлт гараагүй байна гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч 2013 оноос урамшууллын талаар идэвхтэй хөөцөлдөж явсан. Ер нь урамшуулал олгох журамд мэргэжлийн хяналтын байгууллагад бичгээр мэдэгдэх, орлогыг орон нутагт төвлөрүүлж, мэдээлэгчид урамшууллыг орон нутгийн засаг даргаас олгохоор заасан байдаг.

Нэхэмжлэгч хэнд мэдээлсэн нь тодорхойгүй байдаг ба орлого орон нутагт биш, улсад орсон байсн зэргийг үндэслэн яамнаас Тусгай сангийн хуулийг барьж, шагнах маягаар хохирлын буюу 215.239.958  төгрөгийн 15 хувиар тооцож нэхэмжлэгчид мөнгө өгсөн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр олгосон урамшуулал бол биш юм.

319.248.589.46 төгрөг бол нөхөн сэргээх ажлын зардал бөгөөд компани нөхөн сэргээсэн тохиолдолд буцаан олгогддог, тэр компани нь нөхөн сэргээхгүй бол тендэр зарлаж энэ ажлыг зохион байгуулдаг, энэ мөнгө зайлшгүй зарцуулагддаг тул энэ мөнгөнөөс урамшуулал олгох боломжгүй юм.

Иймд нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч СЯ төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хятадын хөрөнгө оруулалттай “Шш” ХХК-ийн хууль бус үйлдлийн талаар Н.Н ББОАЖЯнд мэдээлэл өгснөөр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэгт заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 07-р сарын 07-ны өдрийн А/214 тоот тушаалаар урамшуулал тооцож олгосон байна. Н.Н-ийн нэхэмжлэл нь уг тушаалаар урамшуулал буруу тооцож олгосон болохыг тогтоолгохтой холбоотой буюу Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яаманд холбогдох нэхэмжлэл юм. Иймд тус яамыг хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Ер нь “Шш” ХХК-ийн төлсөн мөнгө СЯ руу татагдсан байгаа гэв.

 

Шүүх нэхэмжлэл, Засгийн газарт гаргасан гомдол, БОАЖЯаас хүргүүлсэн хариу, мөнгөн урамшуулал олгох тухай сайдын тушаал, шинжээчийн дүгнэлт, хамтарсан шинжээчдийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Н.Н хариуцагч БОАЖЯ, СЯ холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 07 сарын 07-ны өдрийн А/214 тоот тушаалаар урамшууллыг буруу тооцож олгосон болохыг тогтоолгох, урамшуулалд нэмж 47.887.000 төгрөгийг олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Хариуцагч нар урамшууллыг байгаль орчныг бохирдуулсны нийт хохирлоос тооцох боломжгүй, нөхөн сэргээлтэнд гарах зардлаас урамшуулал тооцон олгох боломжгүй гэж маргаж байна.

            2011 онд БНХАУ-ын “Шш” ХХК-ийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улааны холимог металлын уурхайн хаягдлын далан сэтэрч их хэмжээний химийн хорт бодисоор байгаль орчныг бохирдуулсныг нэхэмжлэгч холбогдох байгууллагад мэдээлж, энэ нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдож, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны сайдын 2016 оны 07 сарын 07-ны өдрийн А/214 тоот тушаалаар байгаль орчинд учруулсан хохирол 215.239.958  төгрөгийн 15 хувиар тооцож нэхэмжлэгч Н.Н-д зөрчлийг мэдээлэгч гэж 32.285.993,7 төгрөгийн урамшууллыг олгожээ.

            Н.Н байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ 534.488.547,46  төгрөг тул үүний 15 хувийг урамшуулалд авах ёстой, одоо үлдсэн 319.248.589.46 төгрөгийн 15 хувийн урамшууллыг авна гэж тайлбарлаж байна.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Үүнд:

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-ын 12-т ”байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг хэлнэ гэснээс үндэслэн нэхэмжлэгч “Шш” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлыг 534.488.547,46 төгрөг гэж үзэж буй боловч энэ мөнгө улсад цэвэр орлого болж орсон гэж үзэх боломжгүй байна.

Компанийн бохирдуулсан хөрсний нийт талбай 6649 м.кв, хохирлын төлбөр 534.488.547.46 төгрөг байна. Хөрсний дээжийн Shi -2 буюу эргэлтийн усан сангаас дээших 2462 м.кв бохирдсон талбайн экологи эдийн засгийн үнэлгээ нь 215.239.958  төгрөг бөгөөд үүнийг төлөх шаардлагатай, хөрсийг нөхөн сэргээх боломжгүй, харин хөрсний дээжийн Shi-5 дугаар зүсэлтээс Shi-12 хүртэлх бохирдсон талбайн хохирлын үнэлгээ 319.248.589.46 төгрөг байх ба бохирдуулсан хөрсний Shi-5 дугаар зүсэлтээс Shi-12 зүсэлт хүртэлх суваг, жалганы дагуух Дарагдмал хар шороон, Нугат хар шороон 0-10 см хүртэлх зузаантай 4187 м.кв талбайн 418.7 м.куб хэмжээний хөрсийг хуулан авч хаягдлын санд асган нөхөн сэргээлт хийснээр хөрсний хохирлын үнэлгээний төлбөрийг төлөх шаардлагагүй, энэ хэсгийг бүрэн нөхөн сэргээх бололцоотой гэж шинжээч дүгнэжээ. Эндээс дүгнэхэд 319.248.589.46 төгрөг нь бага бохирдолтой 4187 м.кв талбайг нөхөн сэргээхэд гарах зардал байна. Энэ мөнгө тусгай дансанд төлөгдөх байсныг “Шш” ХХК нийт хохирлыг нэг дансанд төлснийг хариуцагч тайлбарлаж байна.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-04 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам”-ын 3.1-т “Байгаль орчнийг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлсэн бол... тусгай дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг ажлын гүйцэтгэлийг харгалзан буцаан олгоно”, 3.3-т “арга хэмжээг хэрэгжүүлээгүй тохиолдолд мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг үл маргах журмаар гаргуулах” 3.4-т “арга хэмжээг хэрэгжүүлээгүй тохиолдолд мэргэжлийн байгууллагуудын дунд тендэр зарлаж, нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт явуулна” гэж зааснаас үзэхэд нөхөн сэргээгдэж болох бохирлогдсон талбайн нөхөн сэргээлтийг зайлшгүй явуулах ёстой нь харагдаж байх ба “Шш” ХХК-ийн төлсөн мөнгөний 319.248.589.46 төгрөг нь хөрсний нөхөн сэргээлтэнд зайлшгүй буцаан зарцуулагдах мөнгө байна.

2.Нэхэмлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4-т заасан “Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогын дүнгийн 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгоно” гэсэн заалтаар үндэслэж байна. Энд урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга олгохоор заажээ.

Мөн Сангийн сайд, Байгаль орчны сайдын 2006 оны 342/366 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэнд мөнгөн урамшуулал олгох тухай журам”-ын 2, 3-т мэдээллийг Мэргэжлийн хяналтын байгууллагад бичгээр ирүүлэх ба түүнийг шалгах тухай, мөн журмын 16, 18, 19-д мэдээлэлд дурьдсан зөрчил нотлогдож шийдвэрлэгдсэн тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлого нь зохих дансанд төлөгдсөний дараа торгууль, нөхөн төлбөрийн орлогын 15 хувиар мөнгөн урамшуулал мэдээлэгчид олгох, мэдээлэгч урамшуулал авах өргөдлөө нутаг дэвсгэрийг харъялах тухайн шатны засаг даргад гаргаж, улсын байцаагчийн албан ёсны тодорхойлолтын үндсэн дээр урамшуулал олгох шийдвэр гаргах талаар заасан байна. Нэхэмжлэгч дурьдсан журмыг мөрдсөн эсэх нь тодорхойгүй байна.

3. БОАЖЯны сайд нэхэмжлэгчид мөнгөн урамшуулал олгосон 2016 оны 07 сарын 07-ны өдрийн А/214 тоот тушаалдаа  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2, 12.2.5 дахь заалтыг үндэслэсэн байх ба хуулийн 12.2.2-т Засгийн газрын тусгай сангийн, түүн дотроо байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийг “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг багасгах дэвшилт арга, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг урамшуулах”, 12.2.5-т “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, сурталчлах, шинжлэн судлах үйл хэрэгт онцгой амжилт гаргасан өөрийн улсын болон гадаадын иргэдийг шагнах”-д зарцуулахаар заажээ. Тэгэхээр ББОАЖЯны сайд Н.Нд мөнгөн урамшуулал олгохдоо /хэмжээг тогтоохдоо/ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4-т заасан жишгийг баримталж гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч шүүхээс урьд Монгол улсын Ерөнхий сайдад хандсан байна.

Нэхэмжлэгч гомдолд тэмдэгтийн хураамж төлсөн байх тул буцаан олгохоор шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                                ТОГТООХ НЬ:

  1. Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-ыг баримтлан БОАЖЯны сайдын 2016 оны 07 сарын 07-ны өдрийн А/214 тоот тушаалаар урамшууллыг буруу тооцож олгосон болохыг тогтоолгох, нэхэмжлэгчид 47.887.000 төгрөгийг олгохыг даалгах тухай БОАЖЯ, СЯ холбогдох нэхэмжлэлийг /гомдлыг/ хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 397.500 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   С.БУД