Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2023/0015

 

 

 

 

 

 

 

Ч.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б

Нэхэмжлэгч Ч.Б

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Ч.Быг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/95 дугаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Ч.Быг ажилд томилох тухай” Б/30 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 769 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0641/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Б нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Ч.Быг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/95 дугаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Ч.Быг ажилд томилох тухай” Б/30 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 769 дүгээр шийдвэрээр:

2.1. “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.4, 44 дүгээр зүйлийн 44.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/95 дугаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мөн өдрийн Б/30 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Ч.Быг урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох зохицуулалтыг зөрчсөн. Тухайлбал нэхэмжлэгч нь сайд, Төрийн нарийн бичгийн даргын тушаалыг хүлээн зөвшөөрч 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-ын захирлаар ажиллаж, цалин, нийгмийн даатгал зэргээ төлүүлж, эрх үүргээ хэрэгжүүлж ажилласан. Энэ бодит нөхцөл байдлыг шүүх тогтоогоогүй, дүгнэлт өгөөгүй.”

3.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасныг шүүх зөрчсөн. Тухайлбал Сайдын дээрх тушаалаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, улсын төсөвт үйлдвэрийн газарт ажилласан. Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаан нь иргэний шүүхээр шийдвэрлэгдэх маргаан байсан.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 769 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч Ч.Б нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалаас 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс чөлөөлөгдөж, мөн өдрөөс “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын албан тушаалд томилсон шийдвэрийг эс зөвшөөрч “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Ч.Быг шилжүүлэн ажиллуулах тухай” Б/95 дугаар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Ч.Быг ажилд томилох тухай” Б/30 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.2. Харин хариуцагчаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар Ч.Быг “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-ын захирлын албан тушаалд томилж, энэхүү албан тушаалдаа 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Уг албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал биш бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг төрийн үйлчилгээний албан тушаал юм. Иймд энэхүү тушаалтай холбоотой маргааныг Иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх ёстой гэж тус тус тайлбарлан маргажээ

2.3. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/95 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх заалтыг баримтлан яамны газрын даргын албан тушаалаас төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөн яамны харьяа улсын төсөвт үйлдвэрийн газарт шилжүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/30 дугаар тушаалаар дээрх заалтыг баримтлан Ч.Быг төрийн үйлчилгээний албан тушаал болох “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” УТҮГ-ын захирлын албан тушаалд томилсон байна.

2.4. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т: “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан бөгөөд энэ тохиолдолд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаас дээрх заалт болон мөн хуулийн 44.3-т заасан “Төрийн албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах тохиолдолд албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэх заалтыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

2.5. Тодруулбал анхан шатны шүүхээс яамны Төрийн нарийн бичгийн даргын болон сайдын маргаан бүхий тушаал нь албан ажлын зайлшгүй шаардлага үүсээгүй байхад төрийн жинхэнэ албан хаагчийг өөртэй нь тохиролцохгүйгээр төрийн захиргааны ТЗ-13 ангилал зэрэглэлийн албан тушаалаас төрийн үйлчилгээний албан хаагч болгож шилжүүлэн томилсон нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулж, төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах хуулийн зохицуулалт болон хуулиар олгосон баталгааг нь зөрчсөн хууль бус шийдвэр гэж дүгнэн нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаагүй, түр орлон гүйцэтгүүлж буй гэх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...Сайдын тушаалаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулж, улсын төсөвт үйлдвэрийн газарт ажилласан бөгөөд Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаан нь иргэний шүүхээр шийдвэрлэгдэх маргаан байсан...” гэж тайлбарлаж байх боловч төрийн жинхэнэ албан хаагчийг үндэслэлгүйгээр шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Б/95 дугаар тушаал нь хууль зөрчсөн шийдвэр тул дээрх гомдол нь үндэслэлгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 769 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРсүрэн

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА