Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 216/МА2017/00011

 

Н.Ц-Анэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай  

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 134/ШШ2017/00085 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н Ц-А /РД:

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг дахь П К /РД:, улсын бүртгэлийн дугаар: -д холбогдох

 

2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 7 090 977 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П к гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц-А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхцоож

Нарийн бичгийн даргад  Э.Оюунсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Н.Ц-А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01320 тогтоолоор Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 0006 тоот магадлалыг хүчингүй болгож, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 00080 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтуудыг үндэслэн Н.Ц-А намайг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацааны нөхөн олговрыг олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдээсэн. Миний бие Н.Ц-А нь 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд буюу нийт 9 сар 28 хоног ажилгүй байсан бөгөөд энэхүү хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэг өдрийн 43 907 төгрөгөөр тооцон нийт 9 725 396 төгрөг олгохоор шийдвэрт заасан 2 сар 17 хоног буюу 2 634 419 төгрөгийн олговрыг хариуцагч надад олгосон. Иймд хариуцагчаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэж, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 00080 дугаар анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон өдрөөс Говьсүмбэр аймаг дахь П К захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/10 тоот тушаалаар намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон өдөр хүртэлх хугацааны ажлаас буруу халсаны 7 сар, 11 хоногийн үлдэгдэл олговрыг нэг өдрийн 43 907 төгрөгөөр тооцон 7 090 977 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П к захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч Ш.Отгонжаргал анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Н.Ц-А нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 02 дугаар 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 06 дугаар сарын10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг нэг өдрийн 43 907 төгрөгөөр тооцон нэхэмжлэл гаргасаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Н.Ц-А нь 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Нийгмийн түншлэл, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтнээр томилогдож, 900 000 төгрөгийн цалин авч байсан боловч Хөдөлмөрийн сайдын 2016 оны 02 дугаар 04-ний өдрийн Б/30 тоот тушаалаар Нийгмийн түншлэл, мэргэжлийн чиг баримжаа хариуцсан мэргэжилтэнг бүтцийн өөрчлөлтөөр албан тушаалын нэр нь Нийгмийн түншлэл хариуцсан ажилтан, албан тушаалын ангилал, зэрэглэлээр ТҮ-7 535 286 төгрөгний цалин олгохоор тогтоосон ба албан тушаалын нэршлийн өөрчлөлтийг урьд эрхэлж байсан ажлын чиг үүрэгтэй хамааралтай гэж үзэж байгаа. Иймд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг нэг өдрийн 24 331 төгрөг, хоол унааны нэмэгдлийг нэг өдрийн 2000 төгрөгөөр тус тус тооцон олгох хүсэлтэй байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхцоож анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай сургууль 83 багш, ажилчидтай. Яамнаас бүтэц орон тоо нь батлагдаж ирсэний дагуу ажилладаг. Нэхэмжлэгч нь манай сургуулийн Нийгмийн түншлэл, олон нийттэй харилцах албанд харъяалагдаж байсан. Энэ алба нь 2 орон тоотой, 2 ажилтан ажилладаг. Энэ 2 ажилтан төрийн ажил хийдэг учраас ТҮ-гээр цалинжиж явдаг. Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/ төсөл манай сургуульд хэрэгжиж байгаа. Тиймээс 900 000 төгрөг гэж тогтоож, Германы ОУ-ын хамтын нийгэмлэгээс /GIZ/ цалинг оруулдаг байсан учраас манай байгууллага нэг хүний цалинг хэмнэдэг байсан. Нэхэмжлэгч талын цалинг төслөөс гаргаж өгч чадахгүй учир ТҮ-7-оор цалинжиж байгаа мөнгийг гаргаж өгөх нөхцөл байдал тулгарч байна. ТҮ-7-оор цалинжиж байгаа нэг өдрийн цалин, хоол, унааны мөнгө нийлээд 24 331 төгрөг байдаг. Энэ үнийн дүнг ажилгүй байсан хугацааны хоногт үржүүлээд ажилгүй байсан хугацааны олговор олгох саналтай байгаа. Манай сургууль ажлаас гэнэт халагдсан хүмүүсийн тэтгэмж  өгсөөр байгаад татварын газруудад өр үүсч байгаа. Нэмэлт санхүүжилт тавьж өгөх хүсэлт явуулж байгаа боловч одоогоор шийдсэн зүйл байхгүй учраас тулгамдаж байгаа асуудал юм. Нэхэмжлэгч талын 900 000 төгрөг, 43 907 төгрөг гэж тогтоож байгаа нь төслөөс гаргаж өгнө гэвэл боломжтой, харин төрийн сангаас гаргаж өгөх боломжгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П к нэхэмжлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 6 586 050 төгрөгийг гаргуулан Н.Ц-А олгож, үлдсэн 504 927 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Ц-А ниймгийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 120 327 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхцоож давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Н.Ц-А ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг нэг өдрийн 43 907 төгрөгөөр тооцон гаргасаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Н.Ц-А нь улсын байгууллагад албан тушаалын ангилал, зэрэглэлээр ТҮ-7 535 286 төгрөгийн цалинтай ажилдаг бөгөөд ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш ажилд авсан хүн нь мөн адил ТҮ-7 зэрэглэлээр цалинждаг байсан. Иймд бид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг нэг өдрийн 24 331 төгрөг, хоол унааны нэмэгдлийг нэг өдрийн 2000 төгрөгөөр тус тус тооцон олгох хүсэлтэй байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү. Тухайн хүний цалин ТҮ-7 гэсэн зэрэглэлээр ажилд авсан 2014 оноос хойш төсөвт тусгагдаж байсан болно гэжээ.  

ХЯНАВАЛ :

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстөй тэнцэх олговорт 7090977 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нөхөн олговрыг нэхэмжлэгчийн одоо авч байгаа цалин хөлстэй тэнцэх буюу  албан тушаалын ангилал, зэрэглэлийн ТҮ-7-д заасан хэмжээгээр тооцож олгох боломжтой гэж маргасан байна.

        

 Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 134/ШШ2016/00080 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн128 дугаар зүйлийн 128.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг үндэслэн Н.Ц-А урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 06 дугаар сарын 10-ныг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг хоногийн 43907 төгрөгөөр тооцож гаргуулахаар шийдвэрлэсэн ба улмаар Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2016/01320 дугаар тогтоолоор уг шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ...” олгоно гэж заасны дагуу анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн урьд авч байсан цалин хөлстөй тэнцэх хэмжээний буюу хоногийн 43907 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй буюу хуульд зөрчөөгүй байна.

      

Иймд хариуцагчийн нэхэмжлэгчид түүнийг одоо  цалинжуулж буй хэмжээгээр нөхөн олговор олгох үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 134/ШШ2017/00085 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                     

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.БАЙГАЛМАА

                                       ШҮҮГЧИД                                    Н.БАТЧИМЭГ

                                                                                            Г.ТЭГШСУУРЬ