Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01832

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00803 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1631 дүгээр магадлалтай

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“И” ХХК-д холбогдох

2 768 903 609 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэсанаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тэгшжаргал, Н.Наранбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК болон “И “ХХК-иудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Нууцлалын гэрээ” байгуулж “И” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий орд газруудад хамтран ажиллах уулзалт хийснээр тус компанитай хамтран ажиллах судалгаа, шинжилгээний ажлууд эхлүүлсэн. Энэ үед хамтран ажиллах орд газруудын хайгуул, нөөцийн тооцоог нягтлан шалгах, техник эдийн засгийн үндэслэлийг үнэлэх, уурхайн үйл ажиллагаанд ашиглах техник технологи, тоног төхөөрөмж, санхүүжилтийн эх үүсвэр, арилжааны банкны зээл зэрэг ажлуудыг судалж байсан. Судалгааны ажлын хүрээнд 2015 оны 10 дугаар сард хамтран ажиллах орд газруудад ашиглахаар төлөвлөсөн тоног төхөөрөмжүүдийг биетээр үзэж танилцах, Голландын “Ай Эйч Си майнинг Би Эм” компанийн үйлдвэрлэлийн баазтай танилцах, мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, төслийн технологийн ашиглалт, инженерингийн зураг, төслийн ажлын хэлэлцээрүүдийг байгуулахаар “М” ХХК-ийн 3 ажилтан, “И” ХХК-ийн 2 ажилтан, нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Голланд улсын Амстердам хот “Ай Эйч Си майнинг Би Эм” компанид ажилласан.Томилолтын зардалд 11 441,79 евро х 2 267 /2015.10.06-ны өдрийн арилжааны банкны ханшаар төгрөгт шилжүүлэн тооцвол 25 938 537.93 төгрөг/, Нислэгийн тийзний зардал болох 11 119 300 төгрөг, “Бодь даатгал” ХХК-иар 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгалд 72 570 төгрөг, нийт томилолтын зардал 37 130 407.93 төгрөг болсон.

Голланд явсан ажлын үр дүнд талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “И” ХХК-ийн эзэмшилд байгаа ашигт малтмалын ашиглалтын МV-007712, МV-007713 И 1, МV-004121 Цагаан эрэг зэрэг тусгай зөвшөөрлүүд бүхий И алтны шороон ордны төслийг хамтран ашиглахаар “И” ХХК-ийн 100 хувийн цорын ганц хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал У.Мэйстэй түүний гаргасан баталгааг нь үндэслэн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. У.Мэйс нь гэрээний 9 дүгээр зүйлийн хавсралт А-гийн Д хэсэгт заасан баталгаанд гуравдагч этгээдтэй энэхүү гэрээний нөхцөлтэй ижил төстэй гэрээ, хэлцэл хийхгүй, төслийн лицензийн талбайд гуравдагч этгээдийг оруулахгүй, тусгай зөвшөөрлүүдийг гуравдагч этгээдэд борлуулахгүй, бусдад шилжүүлэхгүй, захиран зарцуулахгүй байхаа баталгаажуулсан.

Хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу хоёр талаас томилсон 5 гишүүний бүрэлдэхүүнтэй төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулж, Мэйсийг “И” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилсон. ТУЗ-ийн дарга Мэйс 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр И төслийн үйл ажиллагааг эхлүүлэхэд 2016 онд хийгдэх хөрөнгө оруулалт бас ажлууд төсвийг баталсан. Нэхэмжлэгчийн зүгээс батлагдсан төсвийн дагуу 637 954 820.78 төгрөгийг хамтын ажиллагааны гэрээний 3.3, 6.6-д заасны дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэй “И” ХХК-руу шилжүүлсэн.

“М” ХХК-ийн төслийн баг Голландын “Ай Эйч Си майнинг Би Эм” компанийн мэргэжилтнүүдийг тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийсэн томилолтын зардал, урьж төслийн талбай, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн явц, хийц эзлэхүүнд дүгнэлт гаргуулах, түүнчлэн нэмэлт геологи судалгааны ажил, төслийн үр ашгийн санхүүгийн тооцоо, татвар, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн судалгаа хийх, гэрээ боловсруулах ажилд тус компанийн төслийн багийн 18 ажилтан нийт 4490 хүн/цаг ажиллаж 68 345 847 төгрөгийн цалин тооцож олгосон ба үүний нийгмийн даатгалын шимтгэл 7 518 043 төгрөг, төслийн багт ажилласан ажилчдын нийт цалин 75 863 890 төгрөгийг гаргуулах.

“М” ХХК-ийн төслийн хүрээнд 2015 оны 12 сард төслийн үйл ажиллагаанд хэрэглэх “И” ХХК-ийн 5 чингэлэг материалыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын гаалиар хүлээн авч Эрдэнэт хотод байрлах “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд байрлуулсан. “И” ХХК-ийн 5 чингэлэг нь 2015 оны 12 дугаар сарын 07-оос 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 693 хоног “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд хадгалагдаж байсан бөгөөд “Эрдэнэт фүүдс” ХХК-иас дээрх 5 чингэлгийн хадгалалтын зардалд “М” ХХК-иас 18 434 870 төгрөгийг нэхэмжилсэн. Манай компанийн зүгээс хадгалалт, харуул хамгаалалтын зардалд 18 43 870 төгрөгийг “Эрдэнэт фүүдс” ХХК төлсөн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 62/17 дугаар бүхий төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх гэрээ байгуулан “И” ХХК-аас тус төлбөрийг нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан.

Шүүхэд өгөх баримт материалыг нотариатаар батлуулахад 415 000 төгрөгийн зардал гарсныг нэхэмжилж байгаа. “М” ХХК 2015 оны 12 сард төслийн үйл ажиллагаагаа санхүүжүүлэхээр Голомт банкнаас жилийн 25.2 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 3 000 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн үндсэн төлбөрт 2017 оны 7 болон 9 дүгээр саруудад нийт 284 456 771.95 төгрөгийг төлсөн бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар 2 715 543 228 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй.Зээлийн хугацаанд Голомт банкинд нийт 1 424 370 034.6 төгрөгийн хүү төлсөн. Төслийн үйл ажиллагаанд нийт 769 798 988.71 төгрөгийн зардал гарсан бөгөөд энэхүү төлбөрийг дээрх зээлүүдийн төлбөрт төлсөн гэж тооцвол “М” ХХК 323 944 739 төгрөгийн хүүний зардал хэмнэх боломжтой байсан. Үүнийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар эд хөрөнгийн алдагдал буюу хүүгийн хохиролд 323 944 739 төгрөгийг гаргуулах,

“М” ХХК нь хамтын ажиллагааны гэрээний дагуу Их тохойрлын төсөлд өөрийн ажиллах хүч, техник, тоног төхөөрөмж зэрэг бүхий л хүчин чадлаар орж ажиллахаар төлөвлөж бусад төслийг зогсонги байдалд оруулсан байсан учраас 2016 оны 5, 6, 7 дугаар саруудад сул зогсолт үүсч, алтны борлуулалт хийгдээгүй. Манай компани жилдээ 600 гаруй кг алтыг Монгол банкинд тушаадаг бөгөөд алтны борлуулалт тасалдсанаас 300 гаруй кг алтыг тушаасан учраас 2016 оны 5, 6, 7 саруудад нийт 1 675 159 881.29 төгрөгийн алдагдал хүлээсэн.

Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төсөл хэрэгжсэн бол 2016 онд нийт 14 770 092 000 төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар тооцоо гарсан бөгөөд үүнээс манай компанид нийт 7 385 046 000 төгрөг ногдох байсан.

Хамтын ажиллагааны гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т заасны дагуу төслөөс олох байсан ашгийн нийлбэрээр хохирлоо нэхэмжлэх эрхтэй боловч сул зогсолтын улмаас алдагдал хүлээсэн 1 675 159 881.29 төгрөгийн олох ёстой байсан орлогыг хохиролд тооцож нэхэмжилж байна.

Хариуцагч нь төсөл хэрэгжүүлэхэд тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх үүргээ биелүүлэхгүйгээр өөр компанитай хамтран тусгай зөвшөөрлүүдийг ашиглан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа бичгээр мэдэгдэх хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн учраас гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлан нийт 2 768 903 609 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн нь талуудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээнээс үүдэлтэй бий болсон шаардлага. Талууд 2015 оны 11 сард Хамтын ажиллагааны санамж бичгийг зураад И төсөл дээр хамтран ажиллая, судалгаа шинжилгээ хийе гээд 50/50 хувийн хэмжээтэй ашиг, алдагдалын хэмжээгээ хувааж хамтран ажиллах болсон. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хамтын ажиллагааны гэрээг талуудын эрх бүхий төлөөлөгчид нь гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Гэрээний зорилго нь И төслийг ашиглалтад оруулах, төслийн үйл ажиллагаанаас аль, аль тал нь ашиг хүртэх сонирхолтойгоор байгуулсан. Гэрээний 2 дугаар зүйлд хамтын ажиллагааны зарчим буюу хамтарсан төлөөлөн удирдах зөвлөл байгуулах зарчмаар хамтран ажиллах, мөн гэрээний 3 дугаар зүйлд заасан АНУ-ын санхүүжилтийн корпораци /Overseas private investment corporation/ ОПИК-оос авсан 10 000 000 ам.долларын зээлийн хариуцлага болон тус зээлийн үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлын санг хамтын ажиллагаандаа оролцуулана, эргээд төслийн санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газраас 12 сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлийг үйл ажиллагааны зардалдаа авна, төслийн хүрээнд “М” ХХК-иас оруулсан хөрөнгө оруулалтыг төслийн хүрээнд авсан зээлийн санхүүжилтээс төлнө гээд, хамтын ажиллагааны хүрээ, хамаарлыг тогтоосон байдаг.

Нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа үнийн дүнгийнхээ нэг хэсэг буюу 713 954 243 төгрөгийг хамтын ажиллагааны бэлтгэл ажиллагааны хүрээнд гарсан зардал гэж тайлбарладаг. Энэ нь дотроо ажилтнуудын цалин 75 999 000 төгрөг гэдэг, ажилтнуудын цалин нь ямар үйл ажиллагаатай холбоотойгоор хэрхэн бий болсон зардал вэ гээд тодруулахаар нэхэмжлэгч талаас холбогдох баримтуудыг өгсөн боловч яг хэрэгт авагдсан баримтын хүрээнд төслийн ямар үйл ажиллагаатай холбогдуулаад гарсан, хэрхэн яаж тооцсон ажилтнуудын цалин гэдэг нь тодорхойгүй байдаг.

2015 оны 3 сараас эхлэн цалингийн тооцоо, цалингийн хүснэгт гэж хэргийн материалд өгсөн боловч энэ нь үндэслэлгүй байгаа юм. Талуудын хамтын ажиллагааны гэрээнд хамтарсан ТУЗ байгуулаад ТУЗ-өөс батласан төсвийн хүрээнд санхүүжүүлнэ гээд заачихсан. Гэрээний 3.3-т зааснаар бэлтгэл ажлын төсвийг хамтарсан ТУЗ нь баталж мөрдүүлнэ гэсэн боловч төслийн үйл ажиллагаатай холбоотой ямар хэмжээний зардлыг гаргах вэ гэдгийг хамтран баталсан зүйл байхгүй. Ажилтнуудын цалин гэж хэргийн материалд авагдсан цалингийн тооцоолол нь “М” ХХК болоод тус компанийн толгой компанийн ажилтнуудын хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрүүд байдаг. Гэрээгээр бол нэхэмжлэгч нь төслийн бэлтгэл ажлын төсвийн бүхий л ажлыг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн байдаг учраас энэ нь цалинг гаргуулах үндэслэл болохгүй.

Төслийн бэлтгэл ажлыг хангахад зарцуулсан бодит зардал гээд 637 657 820.78 төгрөгийг нэхээд төлбөрийн баримт гаргасан байдаг, төлбөрийн баримтууд нь санхүүгийн анхан шатны шаардлагыг хангахгүй, “М” ХХК-ийн өөрийнх нь зарлагын баримтууд байдаг. Эдгээр баримт нь санхүүгийн анхан шатны бүрдэл хангахгүй байгаа учраас төслийн үйл ажиллагаатай холбогдохгүй.

Хүүгийн хохирлын хувьд талуудын хоооронд байгуулсан ямар нэгэн зээлийн гэрээ байхгүй. Хаан банк болон Голомт банкнаас авсан зээл нь “М” ХХК-ийн өөрийнх нь авсан зээл бөгөөд төсөлд хөрөнгө оруулахаар авсан зээл гэж үзэх үндэслэл болж чадахгүй.

Голланд улсад ажилласан ажилтнуудын зардалд 37 130 407.93 төгрөгийг нэхэмжилдэг. Эдгээр хүмүүс нь 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар-Берлин-Улаанбаатар чиглэлд явсан онгоцны билет болон гал тэрэгний билетийн хуулбарыг нотлох баримтаар өгдөг. Гэтэл талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан байдаг учраас энэхүү гадаад томилолтын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч талын хүмүүс өөрсдийнхөө компанийн болон хувийн ажлаар явсан эсэх нь тодорхойгүй, ихэнх хугацаагаа Берлинд өнгөрүүлсэн байдаг.

2016 оны 3 дугаар сараас манайхаас шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн учраас талуудын хамтын ажиллагаа зогсонги байдалд орсон үүнээс хойш нэхэмжлэгч нь ямар ч санхүүжилт үзүүлээгүй. 2016 оны 5, 6, 7 саруудад И төсөлд бүх үйл ажиллагаагаа чиглүүлсэн учраас олох ёстой байсан орлого 1 676 159 881 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байгаа нь мөн ойлгомжгүй. Нэхэмжлэгч нь зөвхөн 2016 оны 5, 6, 7 саруудад төсөл дээр ажиллана гээд сул зогсолт хийсэн юм бол яагаад 300 гаруй кг алт олборлосон байж таарах уу, нөгөө талаас төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагаа 2016 оны 3 дугаар сараас зогсонги байдалд орсон байхад дээрх хугацаанд сул зогссон гэж үзэхгүй.

Хамтын ажиллагаанаас учирсан хохирол гэдэг 2 талаас хамаарахгүй нөхцөл байдлаас болсон. Өөрөөр хэлбэл, ОПИК-оос авсан 10 000 000 ам.долларын зээлийн барьцаанд 007712, 007713, 004121 тоот лицензүүдээ барьцаалсан байсныг нэхэмжлэгч нь мэдэж байсан бөгөөд талууд хамтын ажиллагааны гэрээ байгуулах үед зээлийн талаар гэрээндээ оруулж өгсөн байгаа. Гэтэл энэ хугацаанд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу Монгол улсын Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийг авах үүргээ биелүүлээгүй учраас 10 000 000 ам.долларын зээлийн хугацаа хэтэрч, төлбөр төлөгдөөгүйн улмаас ОПИК нь өөрийн барьцааны эрхийг “Финанс энд девелоптент оф майнинг ББСБ” ХХК-д шилжүүлэх гэрээ байгуулсан байдаг. Ингээд барьцааны эрхийг шилжүүлж авсан этгээд нь лицензийн хоёрыг нь гуравдагч аж ахуйн нэгжид шилжүүлсэн байсан. Манай компани одоо зөвхөн нэг л орд дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тухайн үед “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь тусгай зөвшөөрлүүдийг бидний зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн гэх гомдлыг эрх бүхий байгууллагуудад гаргаж байсан байдаг бөгөөд хуулийн дагуу явагдсан гэж үзсэн байдаг.

“И” ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч нь компанийхаа хувьцааг худалдах замаар н.Чинсанаа гэдэг хүнд шилжүүлсэн. Одоогоор шинэ хувьцаа эзэмшигч нь энэхүү компанийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байгаа.

Манай компанийн санхүүгийн тайланд тусгагдсан болон байгаа баримтаар бол бид нэхэмжлэлийн шаардлагаас хамтын гэрээний төлбөрт шилжүүлсэн 200 000 000 төгрөг, цалингийн үлдэгдэл, томилолтын замын зардал 100 000 000 төгрөг, зураг төслийн гэрээний урьдчилгаа 52 186 260 төгрөг, нийт 352 186 260 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Хамтын ажиллагааны гэрээ хэрэгжээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00803 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус зааснаар хариуцагч “И” ХХК-иас 710 735 145 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 058 168 464 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 318 360 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И” ХХК-иас 3 711 625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1631 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00803 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1.1” гэснийг “205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 476 дугаар зүйлийн 476.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 10 448 793 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 1 950 695 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Түвшинжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00803 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1631 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт:

“Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Хаан банк болон Голомт банктай тус тус байгуулсан зээлийн гэрээнүүд нь талууд хоорондын “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд буюу Хаан банктай 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, Голомт банктай 2015 оны 12 дугаар сарын 31-ны өдөр тус тус гэрээ байгуулсан байх тул төслийн санхүүжилтэд зориулж авсан зээл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй”

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт:

“Харин нэхэмжлэгч нь төслийг хэрэгжүүлэхийн тулд Хаан банк болон Голомт банктай тус тус байгуулсан зээлийн шугамын зориулалттай гэрээнүүд нь талуудын хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан төслийн санхүүжилтэд зориулж авсан болон уг зээлийн мөнгө хамтын ажиллагааны гэрээнд зарцуулагдсан гэх хангалттай баримт хэрэгт авагдаагүй тул хүүнд төлсөн мөнгийг хохиролд тооцох үндэслэлгүй байна.” гэж дүгнэж хүүгийн хохирол 323 944 739 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Зах зээлийн эдийн засгийн нийгэмд аливаа бизнесийн үйл ажиллагааг санхүүжүүлж байгаа санхүүгийн эх үүсвэр нь үнэгүй байх ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл зах зээлийн нийгэмд үнэгүй мөнгө гэж байхгүй. Мөнгөний хүү гэдэг бол тухай мөнгөний үнэ, тухайн мөнгийг авч ашигласны төлөө төлж буй төлбөр нь юм.

Банкны зээлийн үйлчилгээ нь дотроо маш олон төрлүүдэд хамаардаг. Тухайлбал:

  • Хэрэглээний зээл
  • Авто машины зээл
  • Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зориулагдсан зээл
  • Тоног төхөөрөмжийн зээл
  • Шугаман зээл /буюу үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгийн зээл гэх мэт.

Банкны олгож буй зээлүүд нь ихэвчлэн зээлдэгчийн тодорхой нэг үйл ажиллагаанд /авто машин худалдан авахад, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад, тоног төхөөрөмж худалдан авахад, бараа материал худалдан авахад/ зарцуулагддаг бол Шугаман зээлийн онцлог нь тухайлсан тодорхой зүйлд зарцуулах шаардлагыг тавьдаггүй ч зээлдэгчийн бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаа, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зарцуулагддаг онцлогтой зээлийн төрөл юм. Харин “М” ХХК-ийн Хаан банк болон Голомт банкнаас авсан зээл нь Шугаман зээлийн төрөлд хамаарах бөгөөд тухайн зээлийн санхүүжилтийг “М” ХХК өөрийн үйл ажиллагаандаа зарцуулахаар авсан тодорхой өртөг бүхий мөнгө юм.

“М” ХХК нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах үндсэн зорилго бүхий хуулийн этгээд бөгөөд 2015-2016 онд үндсэн зорилгын хүрээд явуулсан гол үйл ажиллагаа нь “И” ХХК-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “И” төсөл байсан. Иймд И төсөлд гарсан зардлыг “М” ХХК-ийн үйл ажиллагааны зардлаас салгаж ойлгох боломжгүй. Харин “М” ХХК-ийн 2015-2016 онд гаргасан зардал нь банкнаас авсан зээлийн эх үүсвэрээс санхүүжсэн тодорхой өртөг /хүү/ бүхий зардал юм. Энэхүү хөрөнгө оруулалтын өртөг /хүү/-ийн хохирлыг хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн манай компани хариуцаж хохирч үлдээд байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Хэрэв хамтын ажиллагааны гэрээ хэрэгжсэн нөхцөлд манай компани тухайн хөрөнгө оруулалтын эрсдэлийг дангаараа үүрэх нь бизнесийн зарчим хийгээд эрх зүйн шударга ёсны зарчимд нийцнэ. Гэтэл бид хамтран ажиллах гэрээний дагуу “И” төслийн бүхий л хөрөнгө оруулалтыг хариуцах, боловсон хүчин, техник тоног төхөөрөмж, туршлагаа оруулах үүргээ биелүүлсэн байхад “И” ХХК ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө хамтын ажиллагаанд оруулах үүргээ биелүүлээгүйн улмаас хамтын ажиллагаа хэрэгжээгүй, оруулсан хөрөнгө оруулалт үр ашиггүй болж эсргээрээ хөрөнгө оруулалтын эрсдлийг дангаараа хүлээх нөхцөл бүрдсэн нь шударга ёсонд үл нийцэж байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд эдийн засгийн дээрх ойлголтыг иргэний хуулиар хүлээн зөвшөөрч үүрэг гүйцэтгүүлэгч хүү шаардах эрхийг хуулиар тодорхойлжээ.

“М” ХХК, “И” ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” гэсэн гэрээг байгуулснаар талуудын хамтын ажиллагаа эхэлсэн. “М” ХХК-ийн зүгээс “И” төслийг санхүүжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрүүдийг хайсны үр дүнд 2015 оны 12 дугаар сард Голомт банкнаас компанийн үйл ажиллагаанд зориулсан эргэлтийн хөрөнгийн зээл буюу 3 000 000,000 төгрөгийн “Шугаман зээл” авахаар болж 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Зээлийн гэрээ”-гбайгуулсан. Ийнхүү уг зээлийн гэрээ байгуулагдаж “И төсөл”-ийн үйл ажиллагааг эхлүүлэх санхүүжилтийг босгосны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулсан. Түүнчлэн “Далай ван аудит” ХХК-иас “Мон дулаан трейд” ХХК-ийн “И” төсөл оруулсан хөрөнгө оруулалтад хийсэн “Хараат бус аудитын тайлан”-нд хүүгийн зардлын алдагдлыг 323 944 739 төгрөг болохыг мөн тогтоосон байгаа болно.

Иймд хариуцагчаас тус компанийн хүүгийн зардалд төлсөн 323 944 739 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 11 -ний өдрөөс өмнө гарсан зардал гэсэн үндэслэлээр 2015 оны 03 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртлэх цалингийн зардал 16 604 967 төгрөг, Гадаадад ажилласан ажпын хэсгийн зардал 37,130,407.93 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Талууд 2016 оны 01 дугээр сарын 28-ны өдөр байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу “И” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Уоллес Мэйс 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “И” ХХК-ийн И төслийн үйл ажиллагааг эхлүүлэхэд 2016 онд хийгдэх хөрөнгө оруулалт ба ажпууд”-ийн төлөвлөгөөг баталсан. /хэргийн 1-р хавтас 47-р хуудас/ Уг төсөвт дээрх гадаад томилолтын зардал болон цалингийн зардлууд багтсан болно.

Учир нь 2015 оны 10 дугаар сард хамтын ажиллагааны хүрээнд “И” ХХК-иас Уоллес Мэйс, Мөнхчин, “М” ХХК-иас Т.Түвшинжаргал, Болдбаатар, Энхтөр нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй баг Голланд /Нидерланд/ улсын “Ай Эйч Си майнинг” ХХК /IHНС LLС/-тай уулзаж, И төслийн орд газарт ажиллуулах алт олборлох зориулалттай ухагч завь /драг/-ийг газар дээрх хяналт хийлгэх, нэмж тоног төхөөрөмж худалдан авах, мэргэжилтэн урих зэрэг зорилгоор гадаад томилолтоор ажилласан. Иймээс хамтын ажиллагааны талууд хөрөнгө оруулалтын төсөвт уг зардлыг тусгасан.

Иймд хариуцагчаас цалингийн зардал 16 604 967 төгрөг, гадаадад ажилласан ажлын хэсгийн зардал 37 130 407.93 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Орчуулгын зардал 4 502 250 төгрөг, хууль зүйн үйлчилгээний хөлс 506 750 төгрөг, таксины төлбөр 40 000 төгрөгийн тухайд. Хамтын ажиллагааны явцад байгуулагдаж буй ихэнх гэрээ хэлэлцээрүүд англи, монгол хэл дээр байгуулагдсан бөгөөд 2 хэл дээрх гэрээний хэлэлцээрүүдийн хувиудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Уг орчуулгын зардал болон такси хөлсөлсөн зардлыг хамтын ажиллагаан төсвийн бусад зардал хэсэгт тусгасан зардалд хамааруулан зарцуулсан болно.

Нотариатын зардал 415 000 төгрөгийн тухайд. Тус компани шүүхэд нэхэмжпэл гаргахын тулд маш олон бичгийн баримтуудыг нотариатаар баталгаажуулж, орчуулж нотлох баримтын шаардлага хангуулж цуглуулсан болно. Ийнхүү нотлох баримт цуглуулахад гаргасан зардлыг шүүх “...шүүхэд өгөх материалын нотариатын зардалд төлсөн төлбөр гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй" гэж дүгнээд нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж тус компанийн шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлага:

  •  хүүгийн хохирол 323 944 739 төгрөг;
  •  цалингийн зардал 16 604 967 төгрөг;
  • Гадаадад ажилласан ажпын хэсгийн зардал 37 130 407.93 төгрөг;
  • Орчуулгын зардал 4 502 250 төгрөг;
  • хууль зүйн үйлчилгээний хөлс 506 750 төгрөг;
  • таксины төлбөр 40 000 төгрөг;
  •  нотариатын зардал 415 000 төгрөг.

Нийт 383 144 113.93 төгрөгийн шаардлагыг нэмж хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэсанаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дүгээр зүйлийг удирдлага болгон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1631 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна. Үүнд:

Төслийн бэлтгэл ажлын хүрээнд гарсан гэх зардлуудаас 352 186 260 төгрөгийн зардал нь “И” ХХК-ийн санхүүгийн тайланд “М” ХХК-д төлөх өглөгөөр бүртгэгдсэн бөгөөд бусад зардлуудын тухайд тайлан тооцоонд бүртгэгдээгүй, тухайн зардлууд нь И төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор гарсан зардал мөн эсэх нь тодорхойгүй, Хэргийн материалд цугласан төлбөрийн баримтууд нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны бүрдлийг хангаагүй, өөрөөр хэлбэл тухайн баримтуудад “И” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтаны гарын үсэг, тамга тэмдэгээр баталгаажсан мөнгө хүссэн өргөдөл, төлбөрийн нэхэмжлэх хавсаргаагүй, “М” ХХК-ийн үйлдсэн зарлагын баримтын дагуу “И” ХХК мөнгө хүлээн авсан талаар баримтад тусгагдаагүй, нэг талын баримтууд байх тул 299 111 620 төгрөгийн зардлыг “И” ХХК төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Хэргийн оролцогч талууд нь албан ёсны санхүүгийн тайлан тооцоо гаргаж, бүртгэл хөтөлдөг, харьяа татварын албанд бүртгэлтэй хуулийн этгээд бөгөөд энэ утгаараа хуулийн этгээд хооронд үүссэн аливаа төлбөр тооцоо данс бүртгэлд бүртгэгдэж, баталгаажих ёстой. Энэ талаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Нүүдэлчин Групп” ХХК-ийн ТУЗ-ын тогтоолд төслийн бэлтгэл ажлын батлагдсан төсөвт тусгагдсан зардлуудыг “И” ХХК, “М” Трейд ХХК-ын хоорондын тооцооны дансанд бүртгэж, санхүүжүүлэх талаар тусгасан (ХМ-ын 17-р тал). Гэтэл ийнхүү албан ёсоор баталгаажаагүй, “М” Трейд ХХК-ийн зарлагын баримтуудад үндэслэн “И” ХХК-ийг төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний 3.3 дахь хэсэгт ““М” ХХК нь ТУЗ-с баталсан бэлтгэл ажлын төсвийн зардлыг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч нь уг төсөвт тусгагдаагүй зардлуудыг нэхэмжилсэн байдаг. Тухайлбал Wallace Mayz, Болорнаран нарын цалинд нийт 36 150 255 төгрөг, “Нүүдэлчин Айрон Ресорс” ХХК-ийн “Мон Энержи консалт” ХХК-д төлсөн хэвлэлийн үнэ болон Wallace Mayz-н машин засуулсаны зардалд нийт 3 074 025.78 төгрөг гэх мэт хууль зүйн хувьд “И” ХХК хариуцахгүй зардлуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь компанийн тухай хуулийн 9.2 дахь хэсэгт заасан Компани хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэж заасныг зөрчиж байна.

Анхан шатны шүүх 2015.11.11-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарыг дуусах хүртлэх хугацааны цалинд 59 394 455 төгрөгийг “И” ХХК-с гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гаргасан цалингийн тооцоолол нь “М” ХХК-ийн боловсруулсан нэг талын баримтууд байх бөгөөд төслийн хүрээнд ажилтнуудын гүйцэтгэсэн ажил, түүнд зарцуулсан цагийн тооцоолол нь бодитой бус гэж үзэж байна. Тухайлбал: Тусгай зөвшөөрлийн төлбөр сунгахад 105 цаг буюу 13 ажлын өдөр, хамтран ажиллах гэрээ боловсруулахад 88 цаг буюу 11 ажлын өдөр, зураг хэвлэхэд 307 цаг буюу 38 ажлын өдөр тус тус зарцуулсан (ХМ-ын 32-р тал), ыанамж бичгийн төсөл боловсруулахад 268 цаг буюу 33 ажлын өдөр, хамтарсан көмпани байгуулах талаарх судалгаа хийхэд 651 цаг буюу 81 ажлын өдөр, хамтарсан гэрээнд санал тусгахад 120 цаг буюу 15 ажлын өдөр, (ХМ-ын 33 дахь талд тусгасан тооцоогоор) Хамтарсан компани байгуулахтай холбоотойгоор (Хамтарсан компани байгуулагдаагүй) нийт 304 цаг буюу 38 ажлын өдөр тус тус зарцуулсан гэх тооцоолол (ХМ-ын 34-р тал)-ыг гаргасан бөгөөд уг тооцоололд бүрэн үндэслэж нэхэмжлэгч талын нэхэмжилсэн цалингийн зардлыг “И” ХХК-с гаргуулахаар шийдвэрлэсэн. Түүнчилэн 2016 оны 03 дугаар сараас талуудын хамтын ажиллагаа үндсэндээ зогссон байтал 2016 оны 04, 05, 06 дугаар саруудад ажилтнуудын цалин тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нийт 358 506 075 төгрөгийг “И” ХХК-с гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулж уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 “М” ХХК нь “И” ХХК-д холбогдуулан 2 768 903 609 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 352 186 260 төгрөгийг зөвшөөрч, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид “И” ХХК-ийн эзэмшилд байгаа ашигт малтмалын ашиглалтын МҮ-007712 И/2532,61га/, МҮ-007713 И-1/604,88га/, МҮ-004121 Цагаан эрэг/33,53га/  тусгай зөвшөөрлүүд бүхий “И” алтны шороон ордны төслийг хамтран ашиглах гэрээг байгуулах урьдчилсан нөхцлийг хангахын тулд 2015 оны 02 дугаар сарны 27-ны өдөр “Нууцлалын гэрээ”, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг тус тус байгуулж, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан байна.

Тус гэрээгээр “И” ХХК нь төслийг хэрэгжүүлэх эрхийг, Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлүүдийг ашиглахтай холбогдсон болон Уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчин нийгмийн хариуцлагын төлөвлөгөө зэрэг уурхайн олборлолт, хайгуулын үйл ажиллагааг эхлүүлэх бүхий л шаардлагатай бичиг баримтуудыг ТУЗ-д шилжүүлж, ...олборлолт, хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжийг хангах, “М” ХХК нь И төслийн хүрээнд уурхайн олборлолт, геологи хайгуулын ажлыг “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь ТУЗ-өөс баталсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу явуулах, ...төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлын төсвийн зардлуудыг санхүүжүүлэх үүрэг тус тус хүлээжээ.

Хариуцагч “И” ХХК гэрээний үүргээ зөрчиж, “М” ХХК-д мэдэгдэлгүйгээр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүд бүхий талбайг гуравдагч этгээдэд шилжүүлэн, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаагаас гэрээ хэрэгжих боломжгүй болсон үндэслэлээр гэрээний бэлтгэл ажилд зарцуулсан хөрөнгө, өөрт учирсан хохирлоо нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...төслийн бэлтгэл ажлыг хангахад зарцуулсан бодит зардалд 637 657 820,78 төгрөг, төслийн багийн ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэлд 75 863 890 төгрөг, гадаад томилолтын зардал 37 130 407,93 төгрөг, “И” ХХК-ийн 5 чингэлэгийн харуул хамгаалалтын зардал 18 434 870 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлсний зардал 415 000 төгрөг, төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Голомт банкнаас авсан 3 000 000 000 төгрөгийн зээлээс бэлтгэлд ажилд зарцуулсан зардалд ногдох хүү 323 944 739 төгрөгийг хэмнэх боломжтой байсан, бэлтгэл ажлыг хангах хугацаанд өөрийн компанийн үйл ажилллагааг зогсоож сул зогсолт үүссэн, энэ хугацаанд олох ёстой байсан орлого, бодит хохирол 1 675 159 881.29 төгрөг, нийт 2 768 903 609 төгрөгийг нэхэмжилж байна” гэж тайлбарлажээ.

Хариуцагч хариу тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагаас манай компанийн санхүүгийн тайланд тусгагдсан болон баримтаар тогтоогдсон 352 186 260 төгрөгийн шаардлагыг зөвшөөрнө. Нэхэмжлэгч нь бусад зардлаа баримтаар нотлоогүй, хамтын ажиллагааны гэрээнд тусгагдаагүй, зээлийн гэрээний үүргийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Гэрээ хэрэгжих боломжгүй болсон нөхцөл нь хариуцагчаас шалтгаалаагүй, зээлийн барьцаанд байсан ашигт малтмалын ашиглалтын эрх нь АНУ-ын санхүүжилтийн корпораци /Overseas Private Investment Corporation/ ОПИК-оос авсан 10 000 000 ам.долларын барьцаанд байсан ба төслийн зээлээр дээрх төлбөрийг төлж, барьцааны зүйл болох эрхийг буцаан авах байтал энэ төлбөрийг төлж чадаагүйгээс ОПИК нь хариуцагчид мэдэгдэлгүй гуравдагч этгээдэд барьцааны эрхийг шилжүүлсэнд хариуцагч буруугүй, нэхэмжлэгч 2016 оны 03 дугаар сараас хойш ямар ч санхүүжилт үзүүлээгүй атлаа 2016 оны 5, 6, 7  саруудад олох байсан орлогод 1 676 159 881 төгрөгийг хохиролд нэхэмжилсэн нь үндэслэлгүй...” гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасныг баримтлан хариуцагчаас 710 735 145 төгрөгийг гаргуулан, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 227 дугаар зүйлийн 227.1., 476 дугаар зүйлийн 476.1.-д заасныг баримтлан шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Хамтран ажиллах гэрээнээс татгалзахад талуудын хамтын үйл ажиллагаанд оруулсан хувь хэмжээ, хамтын үйл ажиллагааны үр дүн, эрсдэл, ашиг, алдагдал, хамтран хүлээх хариуцлагын хэмжээ харилцан тооцогддог тул хэрэгт цугларсан  баримтаар гэрээг дүгнэх боломжгүй, гэрээ хэрэгжээгүй тул талуудын хооронд үүрэг үүсээгүй байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалын заалт нэхэмжлэлийн шаардлагын агуулгад нийцээгүй, шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Харин гэрээ хэрэгжээгүй үндэслэлээр талуудын хооронд үүрэг үүсээгүй, иймд гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхээр нэхэмжлэгчээс шилжүүлсэн хөрөнгөөр хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1. дэх зохицуулалтад нийцсэн байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримт, зохигчдын хооронд хийсэн төлбөр тооцооны талаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 710 735 145 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул “...нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэнгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг 383 114 113,93 төгрөгөөр нэмж хангуулахыг хүссэн нэхэмжлэгчийн, хүлээн зөвшөөрсөн 352 186 260 төгрөөс илүү хэмжээгээр хангасан шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг тус тус хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1631 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 182/ШШ2018/00803 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Түвшинжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэсанаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “М” ХХК-иас төлсөн 2 073 671 төгрөг, хариуцагч “И” ХХК-иас төлсөн 1 950 480.38 төгрөгийг тус тус төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД