Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/0791

 

 

 

 

 

 

                  Г.Чгийн нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Х,

Нэхэмжлэгч: Г.Ч,

Хариуцагч: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: Г.М,

Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөн эзэмшүүлэх тухай” А/60 дугаартай захирамжийн хавсралтын Г.Мт холбогдох хэсгийг болон 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газар өмчлүүлэх захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” A/70 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Дэлгэрэхийн 3 дугаар гудамжны *** тоот хаягт байршилтай газраас нийтийн эзэмшлийн зам талбай руу гарах, орц гарц хэсгийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргахыг Тосонцэнгэл сумын Засаг даргад даалгуулах”,

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Г.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, гуравдагч этгээд Г.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Ч.У нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,

Хэргийн индекс: 118/2022/0008/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Ч нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргад холбогдуулан “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөн эзэмшүүлэх тухай” А/60 дугаартай захирамжийн хавсралтын Г.Мт холбогдох хэсгийг болон 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газар өмчлүүлэх захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” A/70 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Дэлгэрэхийн 3 дугаар гудамжны *** тоот хаягт байршилтай газраас нийтийн эзэмшлийн зам талбай руу гарах, орц гарц хэсгийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргахыг Тосонцэнгэл сумын Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөн эзэмшүүлэх тухай” А/60 дугаар захирамжийн хавсралтын Г.Мт холбогдох хэсгийг, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар захирамжийг бүхэлд нь тус тус илт хууль бус болохыг тогтоож, “Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Дэлгэрэх хэсгийн 3-*** тоот хаягт байршилтай газраас нийтийн эзэмшлийн зам талбай руу нэвтрэх орц, гарцын хэсгийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргахыг Тосонцэнгэл сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Нэхэмжлэл гомдлыг урьдчилан шийдвэрлүүлсэн тухайд. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 39  дугаар зүйлийн 39.1-д “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага албан тушаалтан хууль бусаар саад учруулсан гэж үзвэл тухайн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллагад гомдол гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд “иргэн хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж заасан.

3.2. Гэтэл нэхэмжлэгч Г.Ч нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/60, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаартай захирамжуудад дээрх хуульд заасан үндэслэлээр гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийлгээгүй байна. Өөрөөр хэлбэл, Г.Ч нь Завхан аймгийн Засаг даргад өргөдөл гаргахдаа 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “А” ХХК-ийн нэрээр гаргасан байх бөгөөд тухайн өргөдөлд Завхан аймгийн засаг дарга 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 627 дугаар албан бичгийн хариуг хүргүүлэхдээ хуулийн этгээд буюу “А” ХХК-д гэж өгсөн байна. Иргэн болон хуулийн этгээд хоёр нь эрх зүйн хувьд өөр өөр статустай, тухайн маргаан бүхий захиргааны акт нь “А” ХХК-тай хамааралгүй. Иймд тухайн асуудлаар дээд шатны байгууллага болох аймгийн Засаг дарга нь иргэн Г.Чгийн өргөдөл гомдлыг бус “А” ХХК-ийн өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч Г.Чг урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан ажиллагааг хийлгээгүй гэж үзнэ. Гэтэл шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

3.3. Хэргийн үйл баримтын тухайд. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 25-д “тэдэнд эзэмшүүлж өмчлүүлсэн газруудын тойм, схем зураг, газруудын хил, зааг, цэгүүдийг газарт бэхэлж хүлээлгэж өгсөн баримт тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт бол хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт. Өөрөөр хэлбэл, талуудын гол маргаж буй зүйл бол Г.Чд өмчлүүлсэн байсан 306 м.кв газраас 26 м.кв газрыг хасаад Г.Мын өмчилж байсан 60 м.кв газар дээр нэмээд 86 м.кв болгож өмчлүүлсэн гэж маргаж байгаа. Гэтэл бодит байдал дээр тухайн хоёр иргэний хашаа болон үл хөдлөх хөрөнгө маргаан бүхий захиргааны акт гарсан цаг хугацаанаас хойш байрнаасаа хөдлөөгүй, ямар нэг нааш цааш сунгасан зүйл байхгүй. Харин Г.Мын хувьд 2008 онд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 44 м.кв байсныг 56 м.кв болгож өөрчилсөн. Гэхдээ тухайн үед энэ 2 иргэний газрын маргаан үүсээгүй, 2019 оны А/195, 2018 оны А/118 дугаартай захирамжуудыг Г.Ч хүлээн зөвшөөрдөг учир уг захирамжуудаас өмнө буюу 2008 онд Г.Мын үл хөдлөх хөрөнгийн м.кв нэмэгдэж 56 м.кв болсон асуудлыг маргаан бүхий захиргааны актуудтай холбож тайлбарлах үндэслэлгүй. Харин Г.Мын тухайд 2021 онд үл хөдлөх хөрөнгөө ертөнцийн зүгээр хойш нь сунгаж тамбар барьсан үйл баримт тогтоогддог. Гэхдээ уг сунгасан хэсэг бол Г.Чгийн газартай хамааралгүй. Хэрэгт авагдсан гэрэл зургуудаас харахад тухайн 2 иргэний өмчилж буй үл хөдлөх хөрөнгүүд нь маргаан бүхий захиргааны актууд гарахаас даруй 20 орчим жилийн өмнө зэрэгцэж баригдсан байшингууд бөгөөд ямар нэг байдлаар маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш хөдөлгөөн орсон, сунгасан, өөрчилсөн үйл баримт тогтоогдоогүй, ингэх ч боломжгүй. Гэтэл шүүх дүгнэлт хэсгийнхээ 29-д “... дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан зургуудаас харахад гуравдагч этгээд Г.М нь ертөнцийн зүгээр хойшоо, мөн баруун тийш Г.Чгийн 306 м.кв хэмжээтэй газар луу оруулан дэлгүүрийн барилгыг сунгасан нөхцөл байдал тогтоогдож байна” гэж дүгнэж тухайн маргаан бүхий захиргааны актуудыг илт хууль бус захиргааны акт байна гэж үзсэн. Энэ дүгнэлт бол хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон. Учир нь Г.М бодит байдал дээр үл хөдлөх хөрөнгө болох дэлгүүрээ баруун тийш нь сунгасан ул мөр, ийм үйл баримт байхгүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургууд болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Гэтэл шүүх хавтаст хэрэгт авагдаагүй, нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримт дээр таамаг дэвшүүлж дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, дүгнэлт хэсгийн 31-д “... нэхэмжлэгчийн газрын хэмжээ 306 м.кв байсан бол дэлгүүрийн барилгыг сунгаснаас хойш 280 м.кв болж өөрчлөгдсөн байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгчийн газар 26 м.кв-аар багассан буюу тэр хэмжээгээр гуравдагч этгээдэд газрыг үндэслэлгүйгээр нэмж эзэмшүүлсэн байна гэж үзлээ” гэжээ. Дээр дурдсанчлан Г.Мын дэлгүүрийн барилга сунгаж өөрчлөгдсөн үйл баримт тогтоогдоогүй, ийм зүйл болоогүй байхад шүүх хавтаст хэрэгт авагдаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй гэж үзэж байна.

3.4. Мөн шүүх талуудын маргаж буй захиргааны актуудад огт хамааралгүй үйл баримт, захиргааны актуудын талаар дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болоогүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийг буруу хэрэглэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч, хариуцагч нар гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Чгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцсэн байна.

3. Шүүх давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Г.Ч нь “Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөн эзэмшүүлэх тухай” А/60 дугаартай захирамжийн хавсралтын Г.Мт холбогдох хэсгийг болон 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газар өмчлүүлэх захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” A/70 дугаар захирамжийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Дэлгэрэхийн 3 дугаар гудамжны *** тоот хаягт байршилтай газраас нийтийн эзэмшлийн зам талбай руу гарах, орц гарц хэсгийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргахыг Тосонцэнгэл сумын Засаг даргад даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлжээ.

            3.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Эзэмшил газрын талбайн хэмжээг өөрчлөн эзэмшүүлэх тухай” А/60 дугаар захирамжийн хавсралтын Г.Мт холбогдох хэсгийг, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар захирамжийг бүхэлд нь тус тус илт хууль бус болохыг тогтоож, үлдэх хэсэг болох “Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Дэлгэрэх хэсгийн 3-*** тоот хаягт байршилтай газраас нийтийн эзэмшлийн зам талбай руу нэвтрэх орц, гарцын хэсгийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргахыг Тосонцэнгэл сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

            3.3. Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргахаар, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргахаар тус тус заасан. Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч шууд шүүхэд хандах эрхтэй, мөн сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч аймгийн Засаг даргад хандсан байхыг ч буруутгахгүй. Тодруулбал, Г.Ч нь маргаан бүхий А/60, А/70 дугаар захирамжуудыг эс зөвшөөрч 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн “А” ХХК-ийн нэрээр Завхан аймгийн Засаг даргад гомдол гаргаж, аймгийн Засаг даргаас хариу авсныг “урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан ажиллагааг хийгээгүй” гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

            3.4. Маргаан бүхий А/60 дугаар захирамжаар “... худалдаа нийтийн үйлчилгээний төв, цогцолбор газар, гэр орон сууц хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр хүсэлт гаргасан 7 иргэнд 4960 м.кв газрыг хавсралтад заасны дагуу эзэмшил газрын хэмжээг өөрчлөн газрыг эзэмшүүлсэн, үүнтэй холбогдуулан сумын Засаг даргын 2006 оны 0, 2007 оны 38, 2009 оны 22, 2010 оны 14, 2018 оны А/118 дугаар захирамжуудын холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон”, захирамжийн хавсралтад “Г.Чгийн өмнөх газрын хэмжээг 306 м.кв байсныг 280 м.кв болгож, Г.Мын өмнөх газрын хэмжээг 38 м.кв байсныг 86 м.кв болгосон”, маргаан бүхий А/70 дугаар захирамжаар “... Сумын Засаг даргын 2019 оны А/195 дугаар захирамжаар газраа өмчилсөн иргэний газрын хэмжээ, нэгж талбарын байршлын хаяг өөрчлөгдсөн тул залруулгыг хавсралтаар баталж, А/60 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон”, захирамжийн хавсралтад “... Г.Чгийн газрын хэмжээ 306 м.кв байсныг 280 болгон” тэмдэглэсэн байна.

            3.5. Тосонцэнгэл сумын Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаар захирамжаар “... Г.Чд тус сумын Дархан-Уул багийн 4 дүгээр хэсэгт 450 м.кв газрыг, Г.Мт Дархан-Уул багийн -“-“-“ гэж тэмдэглэн 60 м.кв газрыг тус тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн”, сумын Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/118 дугаар захирамжаар “Г.Чгийн газрын хэмжээг 306 м.кв болгон багасгаж, дахин шинээр эзэмшүүлсэн”, сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/195 дугаар захирамжаар Г.Чд өмнөх 22 дугаар захирамжийг үндэслэн 306 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн” байна. Маргаан бүхий А/60 дугаар захирамжийн хавсралтын Г.Мт холбогдох хэсгийн өмнөх захирамжийг “2010 оны 14 дугаартай захирамж” гэж тэмдэглэсэн боловч 14 дүгээр захирамжаар Г.Мт 38 м.кв газрыг эзэмшүүлсэн болох нь баримтаар нотлогдохгүй, гэрч сумын газрын даамал ажилтай Р.С “... “2009 оны 22 дугаартай захирамж” гэхийг “2010 оны 14 дугаартай захирамж” гэж андуурч бичсэн” гэж мэдүүлсэн байна.

            3.6.  Дээрх үйл баримтууд, талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Г.Ч нь эцсийн байдлаар А/195 дугаар захирамжаар 306 м.кв газрыг, Г.М нь 22 дугаар захирамжаар /уг захирамжид болон 2003 оны газар эзэмших гэрээнд газрын байршлыг тодорхой заагаагүй/ 60 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон гэж үзэхээр байна.

            3.7. Сумын Засаг дарга иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах, газар эзэмшүүлэх гэрээ байгуулах эрхтэй ч ийнхүү шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг судалж, нягтлах, уг шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдэд энэ талаар мэдэгдэж, тайлбар, баримт гаргуулах, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй. Гэтэл хариуцагч чухам ямар үндэслэлээр маргаан бүхий А/60 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн 306 м.кв газрыг хэмжээг багасгаж 280 м.кв болгож, гуравдагч этгээдийн 38 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж 86 м.кв болгож, А/70 дугаар захирамжаар А/195 дугаар захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулахаар заасан нь ойлгомжгүй байна.

            3.8. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол тухайн захиргааны актыг илт хууль бус” гэж үзэх бөгөөд энэ тохиолдолд А/60, А/70 дугаар захирамжуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, тодруулбал, нэхэмжлэгч өмчилж буй газрын хэмжээгээ багасгах хүсэлт гаргаагүй, хариуцагч нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын хэмжээг түүнд мэдэгдэж, тайлбар авалгүй багасгаж, Г.Мт нэмж газар эзэмшүүлснээр газрын давхцал бий болж нэхэмжлэгч газраа хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглах эрх нь хөндөгдсөн байх тул уг захиргааны актуудыг илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар анхан шатны шүүх хангалттай, зөв дүгнэжээ.

            3.9. Харин А/60 дугаар захирамжийн зөвхөн Г.Мт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосноор Г.Чгийн 306 м.кв газрыг бүрэн ашиглах эрх, ашиг сонирхол сэргэхээргүй, өөрөөр хэлбэл, А/60 дугаар захирамжийн Г.Чд холбогдох түүний газрын хэмжээг багасгасан хэсэг хүчин төгөлдөр хэвээр үлдэхээр байх тул А/60 дугаар захирамжийн Г.Чд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй, нэхэмжлэгчийн туйлын ашиг сонирхол нь 306 м.кв газраа хуулийн дагуу үргэлжлүүлэн өмчилж, ашиглах тул ийнхүү шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй, хальж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй.

            3.10. Шүүх гуравдагч этгээдийн газрын хэмжээгээ нэмэгдүүлэн эзэмшиж, ашиглахаар захиргааны байгууллагад хүсэлт гаргах, тухайн хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхийг үгүйсгээгүй ч хариуцагч эзэмшүүлсэн газрын хэмжээг нэмэгдүүлэхдээ гуравдагч этгээд нь бодитоор эзэмших боломжтой эсэх, түүний улмаас хэн нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг зайлшгүй тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой. Хариуцагч Г.Чгийн өмчлөлийн газрын хэмжээг хуульд заасан үндэслэлээр багасгаагүй, Г.Ч болон Г.М нарын эзэмшил бүхий газрын хэмжээг бодитойгоор тогтоолгүйгээр Г.Мын газрын хэмжээг нэмэгдүүлж, Г.Чгийн газраас хассан хууль зүйн үндэслэлээ тайлбарлаж, нотолж чадахгүй байна. 

            3.11. Дээрх байдлаар шүүх маргаан бүхий А/60, А/70 дугаар захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоосноор уг актууд гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байх бөгөөд үүгээр Г.Чгийн газар эзэмших эрх сэргэсэн гэж үзэх тул Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн Дэлгэрэхийн 3 дугаар гудамжны *** тоот хаягт байршилтай газраас нийтийн эзэмшлийн зам талбай руу гарах, орц гарц хэсгийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргахыг Тосонцэнгэл сумын Засаг даргад даалгах шаардлагагүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 4. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааны үйл баримтад зөв дүгнэлт өгч, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 25 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... Г.Мт” гэсний дараа “... болон Г.Ч нарт” гэж нэмсэн өөрчлөлт оруулж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Г.Мын өмгөөлөгч М.Хгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                 Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                 Н.ДОЛГОРСҮРЭН