| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 180/2016/0102/Э |
| Дугаар | 71 |
| Огноо | 2017-03-31 |
| Зүйл хэсэг | 091.2.2, 091.2.11, 181.1., 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 71
Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн, Б.Өнөболд нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,
Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор Г.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Р.Ганчулуун, Н.Баяр, М.Энхтуяа,
Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоол,
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр магадлалтай 201211000264 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч З.Билгүүн, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Р.Ганчулуун, Н.Баяр нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй Бодонгууд овогт Батсүхийн Бат-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх заалтад заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж хүнийг санаатай алах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад заасан “Догшин авирлаж, бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт,
2. Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй Бодонгууд овогт Зоригийн Билгүүн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх заалтад заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж хүнийг санаатай алах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад заасан “Догшин авирлаж, бүлэглэж танхайрах” гэмт хэрэгт,
3. Монгол Улсын иргэн, 1990 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй Сутаан чонос овогт Болдбаатарын Өнөболд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх заалтад заасан “Танхайн сэдэлтээр, бүлэглэж хүнийг санаатай алах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан “Бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтад зааснаар Дорнод аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Өнөболдод Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, бүлэглэж үйлдсэн, мөн танхайрах гэмт хэргийг бүлэглэж догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Өнөболдыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өнөболдод холбогдох Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг 15 жил 01 сарын хорих ялаар, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 03 жил 01 сарын хорих ялаар, шүүгдэгч З.Билгүүнийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дахь заалтад зааснаар 15 жил 01 сарын хорих ялаар, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 03 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар тус бүрт оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялаас тус тус 2 жилийг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нарт Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 15 жил 01 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан ялаас 01 жил 01 сарын хорих ялын зарим болох 06 сарын хорих ялыг нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх хорих ялыг тус тус 15 жил 07 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нарт оногдуулсан 15 жил 07 сарын хорих ялыг тус тус чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн ял эдэлсэн болон цагдан хоригдсон 1060 хоног, ялтан З.Билгүүний цагдан хоригдсон болон ял эдэлсэн 694 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, шүүгдэгч Б.Өнөболд нь 427 хоног цагдан хоригдсон болон ял эдэлсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр, Ц.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Гэрэлтуяа, өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, Р.Ганчулуун, Н.Баяр, М.Энхтуяа нарын саналыг сонсоод
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Билгүүн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие талийгаачийн амь насыг хохироох ямар ч үйлдэл гаргаагүй бөгөөд Б.Бат-Эрдэнэтэй бүлэглэж талийгаачийг цохиж зодсон асуудал огт байхгүй байхад онц хүнд гэмт хэрэгт хүнд ял оноосонд маш их гомдолтой байна. Б.Бат-Эрдэнэ намайг энэ хэрэгт үндэслэлгүйгээр гүтгэж цагдан хорих байранд хоригдож байхдаа Б.Өнөболдод захиа дамжуулж “З.Билгүүн талийгаачийг цохиж зодсон гэж хэл” гэж хүртэл бичиж байсныг шүүх анхаарч үзсэнгүй. Шүүх гэрч Э.Мөнхтөрийн мэдүүлгийг анхаарч үзсэнгүй. Миний зодсон хүн бол “Улаан” цамцтай буюу хохирогч Ц.Ганзориг юм. Анхан шатны шүүхээс 3 удаа хүн амины хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож байсан бөгөөд миний бие үнэхээр талийгаачид гар хүрээгүй байхад Б.Бат-Эрдэнэтэй нийлж зодон бусдыг алсан гэж шийдвэрлэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, намайг хүн амины хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулуун хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Хэрэг шийдвэрлэгдээгүй удсан, мөрдөн байцаалтад олон удаа буцсан, шийтгэх тогтоол, магадлал хүчингүй болж байсан гэдэг байдлаар нотлох баримтуудыг үнэлэлгүй нэг талыг барьж шийдвэрлэлээ. Учир нь Б.Өнөболд энэ хэргийг үйлдээгүй гэдэг дүгнэлт хийж байгаа нь хяналтын шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 172 дугаар тогтоолд заасан заалтыг биелүүлээгүй, эсхүл Б.Бат-Эрдэнэд нэмж ял сонсгосон нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Сэжигтэн, яллагдагч, гэрч Б.Цогтжаргалын мэдүүлгүүд хэргийн бодит байдлыг үгүйсгэж өөр дүгнэлт өгөхөд хүргэсэн ба гэрч Э.Мөнхтөр, Ж.Баярбаатар нарын мэдүүлэгтэй зөрчилддөг, худал зохиомол мэдүүлгүүд юм. Б.Өнөболдын өгдөг мэдүүлгүүд нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгддэг ба шүүх дүгнэлт өгч чаддаггүй. Гэрч Ж.Баярбаатарын мэдүүлгийг огт үнэлэлгүй, нэг талыг барьж байгаа. Гэрч Э.Мөнхтөрийн мэдүүлгээр Б.Өнөболд зодоон болж байхад сүүлд нь очсон гэдэг нь үгүйсгэгддэг ба гэрч Баясгалан, Амгалан нарын мэдүүлгээр Б.Бат-Эрдэнэ сүүлд зодоон болж байхад очсон гэдэг нь нотлогддог. Б.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар ял оногдуулж байгаа нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгох ёстой. Захиаг хууль бусаар урьдчилан хорих байрнаас гаргасан, тэгээд ч шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа, өөр хүн бичсэн нь нотлогдсон учраас нотлох баримтаас хасах ёстой. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг харьцуулан авч үзэлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, хэт нэг талыг буюу яллах талыг баримталж шийдвэр гаргасанд гомдолтой байна. З.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ нарыг бүлэглэж танхайн сэдэлтээр бусдын амь насыг хохироосон гэх үйл баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинж үгүйсгэгдсэн байхад Эрүүгийн хуулийн буруу хэрэглэж, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар талийгаачийн амь насыг бүлэглэж хохироосон гэх нотлох баримт байхгүй бөгөөд хэрхэн яаж бүлэглэж, хэний цохилтын улмаас талийгаачийн амь нас хохирсон болохыг нарийвчлан шалгаж чадаагүй юм. Талийгаач нь тухайн өдөр үйлчилгээний байгууллагын кабинд орж хэрүүл маргаан үүсгээгүй бол өнөөдөр хүний амь нас хохирох ёсгүй байсан бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр ялтан нарыг танхайн сэдэлтээр бүлэглэж, бусдын амь насыг хохироосон гэж дүгнэсэн нь буруу юм. З.Билгүүн нь талийгаачийг цохиж зодоогүй талаар гэрч Э.Мөнхтөр нь удаа дараа мэдүүлэг өгсөөр байхад Билгүүний сэжигтнээр анх удаа өгсөн мэдүүлгийг үндэслэж ял шийтгэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-д заасныг зөрчиж онц хүнд гэмт хэрэгт ял шийтгэсэн нь хууль зөрчжээ. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, З.Билгүүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...анхан шатны шүүх зөвхөн Б.Бат-Эрдэнийг яллахыг урьдал болгож нэг талыг барьсан шийтгэх тогтоол гаргаж, түүнийг давж заалдах шатны шүүх хэвээр баталлаа. Ингэхдээ хэрэгт шууд холбоотой Б.Өнөболдын хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг ял завшуулаад байгаа нь ойлгомжгүй байна. Б.Бат-Эрдэнэ баарнаас хамгийн сүүлд гарч ирсэн гэдэг нь гэрч Баясгалан болон бусад шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Улсын дээд шүүхийн тогтоолд ганцхан гэрч Э.Мөнхтөрийг дахин байцаах заалт өгсөн болохоос бусад гэрчүүдийг дахин байцааж мэдүүлгийг өөрчлөх талаар заалт өгөөгүй. Иймд Амгалан нарын урьд өгсөн мэдүүлэгт үндэслэн дүгнэлт хийх ёстой байсан гэж үзэж байна. Уг нотлох баримтуудаар Б.Бат-Эрдэнэ нь бусдын амь насыг хохироох гэмт хэрэг үйлдээгүй гэдэг нь тогтоогддог, харин З.Билгүүн, Б.Өнөболд нар нь талийгаачийг зодож амь насыг нь хохироосон болох нь дээрх баримтуудаас гадна гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Шүүх Б.Бат-Эрдэнийн үйлдлийг цагаатгах талын нотлох баримт тодорхой ойлгомжтой байхад шийтгэх тогтоол, магадлалын тодорхойлох хэсэгт огт дурдаагүй, цагаатгах нотлох баримтыг үгүйсгэж байгаа үндэслэлээ заагаагүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож Б.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд: “…шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нар нь бүлэглэж 2012 оны 05 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Д.Сүхболдыг зодож санаатай алсан, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нар нь согтуугаар, бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, 2012 оны 05 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Ц.Ганзоригийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, шүүгдэгч Б.Өнөболд нь согтуугаар, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2012 оны 05 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Ж.Баярбаатарыг зодож танхайрах гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн үйл баримтуудыг хэрэгт цугларсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудад үндэслэн, үүний дотор хэрэг үйлдэгдэх үед байсан, эдгээр шүүгдэгч нартай нэгдмэл болон эсрэг сонирхолтой байж болзошгүй гэрчүүдийн мэдүүлгийг тал бүрээс нь хянаж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэж тогтоосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, 181 дүгээр зүйлийн 181.1, 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан ял нь хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон байх бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч З.Билгүүн, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарын “...Уг хэрэгт холбогдолгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ганчулууны “...шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү”, шүүгдэгч Бат-Эрдэнийн өмгөөлөгч Н.Баярын “...Б.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоол, Хэнтий аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 04 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Билгүүн, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат, шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Р.Ганчулуун, Н.Баяр нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ,
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Т.УРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН