Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/38

 

 Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Нямзаяа,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Б.Цэрэндаш нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Базарваанийн Цэрэндашид холбогдох эрүүгийн 2117000280040 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигин овогт Базарваанийн Цэрэндаш /РД:ЕЗ77080511/, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1977 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рашаан-149 тоотод оршин суух, тэтгэвэрт, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 1996 онд Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн гэх,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Б.Цэрэндаш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байр гудамжны 30 тоот хашаан дотор 2021 оны 03 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 00 цагийн орчим эхнэр Б.Ууганцэцэгийг бусадтай хардсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Б.Цэрэндаш нь согтуугаар 2021 оны 03 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 00 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Хувийн байр гудамжны 30 тоот хашаан дотор эхнэр Б.Ууганцэцэгийг бусадтай хардсаны улмаас нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч Б.Цэрэндаш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 04 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө эхнэрийн хамт ахынхаа гэрт нэг шил архи аваад очсон. Айлд очихоос өмнө би 1 шил архи уусан байсан. Тэгээд би архинаас нэг хундага уугаад унтсан. Удалгүй сэрээд харахад манай эхнэр танихгүй залуутай бүжиглэж байхаар нь би эхнэртээ явъя гэхэд эхнэр жаахан байж байгаад явна гэснээс болж би эхнэрээ хардаад цохисон. Ууганцэцэгт учирсан гэмтлүүдийг би учруулсан. Би Ууганцэцэгийн биед хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Эхнэртэйгээ айлд архи уусандаа харамсаж байна гэв.

1.2. Хохирогч Б.Ууганцэцэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 13-ны орой 20 цаг өнгөрч байх үед нөхөр Цэрэндашийн хамт Наранчимэг гээд хамт ажилладаг эгчийнд нэг шил архи авч очиход Ундраа ах нэг залуутай хамт байж байсан. Удалгүй Наранчимэг эгч орж ирээд бид нар архи уугаад сууж байхад манай нөхөр Цэрэндаш өдөр нь нэлээд уусан согтуу очсон учир унтаад өгсөн. Бид нар сүүлдээ хөгжим тавиад бүжиглэсэн. Энэ үед Наранчимэг эгч хүнд юм хүргэж өгнө гээд гараад явсан. Би бие засах санаатай гэрээс гараад буцаад гэр лүү орох үед манай нөхөр өөдөөс гарч ирээд гараараа миний уруул хэсэгт нэг удаа цохисон. Цэрэндаш бид хоёр маргалдаж муудсан зүйл болоогүй. Хөгжим тавиад бүжиглэж эхлэх үед Цэрэндаш сэрэхэд нь би Ундраа ахынд байсан залуутай нь бүжиглэж байгаа нь муухай хараад хардаад цохисон байх. Миний уруул язарч 6 оёдол тавьсан. Бас нэг шүд хугарч, нэг шүд хөдөлсөн байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-20 хуудас/

1.3. Гэрч Э.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 13-ны орой Баянтал сумаас 18 цагийн үед Ундраа гээд хамаатны ахындаа ирсэн. Наранчимэг эгчтэй хамт ажилладаг гээд Ууганцэцэг гэдэг эмэгтэй нөхөр Цэрэндашийн хамт нэг шил архи барьж орж ирсэн. Цэрэндаш нь нэлээд согтуу бололтой байсан. Тэгээд надтай юм ярьж байгаад бид нарын ууж байсан архинаас ганц нэг татаад унтаад өгсөн. Бид нар бужигнаж ууж байгаад хөгжим асаагаад бүжиглэсэн. Би Ууганцэцэгтэй нэг удаа бүжиглээд байж байтал Цэрэндаш сэрж байгаа харагдсан. Ууганцэцэг бие засна гээд гараад явсан. Удалгүй нөхөр нь араас нь гарсан чинь зөрөөд Ууганцэцэг нь Цэрэндаш намайг цохичихлоо гээд амнаас цус гарчихсан амаа дараад ороод ирсэн. Цэрэндаш Ууганцэцэг нар нь хоорондоо маргалдаж муудсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/

1.4. Гэрч Ж.Наранчимэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр орой 19 цаг болж байхад гэртээ ирэхэд Алтангэрэл гээд манай хамаатны залуу ирсэн байсан. Манайд хоноод явна гэхээр нь би хоол унд хийгээд гэрт байсан нэг шил архиа гаргаж өгсөн. Би ажил явах хэрэгтэй болоод ажил руугаа яваад 20 цаг өнгөрч байхад ирэхэд манайд Цэрэндаш, эхнэр Ууганцэцэгийн хамт ирсэн байсан. Цэрэндаш нэлээд согтуу бололтой байсан ба Алтангэрэлтэй юм ярьж байгаад унтаад өгсөн. Бид нар уугаад сууж байгаад би хүнд юм хүргэж өгөх гээд гэрээсээ гарч яваад 01 цаг болж байх үед гэртээ орж ирэхэд Ууганцэцэг амаа дарчихсан амнаас нь цус гарсан байж байсан. Ууганцэцэг бие засаад гэр лүү орох гэж байх үед Цэрэндаш намайг цохисон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 хуудас/

1.5. Гэрч Д.Ундраа мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 03 дугаар сарын 13-ны орой Алтангэрэл гээд манай хамаатны залуу ирээд би нэг шил архи гаргаж өгөөд байж байх үед манай эхнэр Наранчимэг ажлаасаа ирсэн. 20 цаг өнгөрч байх үед Цэрэндаш эхнэртэйгээ нэг шил архи аваад орж ирсэн. Цэрэндаш нэлээд согтуу байсан, архинаас ганц нэг татаад унтаад өгсөн. Бид нар хөгжим тавиад бүжиглэх үед Цэрэндаш сэрж байгаа харагдсан. Тэгэхэд Ууганцэцэг нь Алтангэрэлтэй нэг удаа л бүжиглэсэн байх. Ууганцэцэг нь гэрээс гарч яваад удалгүй араас нь Цэрэндаш гараад явсан. Зөрөөд Ууганцэцэг нь Цэрэндаш намайг цохичихлоо гээд амнаас нь цус гарчихсан амаа дараад ороод ирсэн. Ууганцэцэгийн дээд уруул хэсэг нь язарсан харагдаж байсан. Юунаас болж Ууганцэцэгийг цохисон талаар мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/

1.6. Шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 113 дугаар дүгнэлтэнд: Б.Ууганцэцэгийн биед дээд уруулд няцарсан шарх, зүүн доод 2 дугаар шүдний уналт, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал гэмтэл учирчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн доод 2 дугаар шүдний уналт нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% тогтонги алдагдуулна.

Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 33 хуудас/

1.7. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 3-6, 7 хуудас/

1.8. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудасны хуулбар /х.х-ийн 10-12, 65-66 хуудас/

1.9. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 82, 83-84 хуудас/ зэрэг болно.

Иймд шүүгдэгч Б.Цэрэндашийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Цэрэндаш нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба прокурорын яллах дүгнэлтэнд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Цэрэндаш нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.     

ХОЁР. Шүүгдэгч Б.Цэрэндашид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

2.1. Хохирогч Б.Ууганцэцэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Бид хоёр хамт амьдраад 18 жил болж байгаа. Дундаасаа 3 хүүхэдтэй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-20 хуудас/

2.2. Гэрч С.Түмэндэлгэр мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Цэрэндаш нь хүнд их тусархуу нийтэч зантай. Нэг их түргэн уурлаад байдаггүй л залуу. Архи дарс хааяа тохируулаад хэрэглэдэг хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/

2.3 Гэрч Б.Мөнгөншагай мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Цэрэндаш нь аймгийн Онцгой байдлын газар жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Хүнд тусархуу хөдөлмөрч зантай. Эхнэр хүүхдүүдтэйгээ эвээр харьцдаг хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30 хуудас/

2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /х.х-ийн 41, 43-44 хуудас/

2.5. Б.Цэрэндашийн гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар,  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /х.х-ийн 50,61  хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Цэрэндашийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.

Прокуророос шүүгдэгчийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх санал гаргасныг шүүгдэгч   Б.Цэрэндаш нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Цэрэндаш нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Базарваанийн Цэрэндашийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэрэндашийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэрэндашид оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цэрэндашид оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Цэрэндаш нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цэрэндашид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БАТТУЛГА