Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 1075

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 18 дугаар байрны 0 тоотод оршин суух, одоо БНХАУ-ын Бээжин хотод Монгол улсын элчин сайдын газарт ажиллаж байгаа, эрэгтэй, регистрийн дугаар УА 67011315, Тайжууд овогт Чимэдбаатарын Мөнхбаярын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 31 дүгээр байрны 15тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ФБ 66112024 Боржгон овогт Давгын Оюунчимэгт холбогдох

 

Дутуу авсан цалингийн 6 976 538 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантуяа, түүний өмгөөлөгч С.Галцацрах, хариуцагч Д.Оюунчимэг, түүний өмгөөлөгч П.Батбүрэн, гэрч

 

, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч Ч.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ч.Мөнхбаяр 2010 онд дипломат байгууллага үйлчилгээ эрхлэх газарт сантехникчээр ажиллаж байхад Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгт сантехникчээр ажиллах санал ирэхэд эрхлэгч Д.Оюунчимэгтэй уулзахад үндсэн ажлаас гадуур өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болдог, манай цэцэглэгт ажиллах боломжтой гэсэн тул 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн 74 дүгээр тушаалаар түр хугацаагаар, төрийн албан хаагчийн ТҮ-3 дугаар зэрэглэлийн 184 351 төгрөгийн цалинтай слесарийн ажилд давхар ажиллах болсон.Цэцэрлэгт ажиллаж байхдаа “үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн, ажил үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас” гэсэн дэвтэр нээлгэж нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орогын албан татвар төлж, өдөрт ажлын 2-4 цагаар ажиллаж, сард 150 000-200 000 төгрөгийн цалинг бэлэнээр 2014 оны 1 сар хүртэл эрхлэгч Оюунчимэгээс хүлээн авч байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн.2014 оны 1 дүгээо сард эрхлэгч Д.Оюунчимэг ажлаасаа гарч шинэ эрхлэгч томилогдсонтой холбогдуулан надтай хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулж, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг надад өгсөн.Өмнөх эрхлэгч Д.Оюунчимэг намайг түр тушаал гаргаж ажилд авсан боловч надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт танилцуулж байгаагүй.Ч.Мөнхбаярын цалинг хуучин эрхлэгч Д.Оюунчимэг өөрөө бэлэнээр надад өгдөг байсан болохоор шинэ эрхлэгч ажилд орсны дараа цалингаа яаж авах талаар нягтлангаас асуухад “эрхлэгчид цалингийн карт чинь байгаа асуугаад аваарай” гэсэн тул эрхлэгч Д.Оюунчимэгтэй утсаар холбогдож цалингийн картаа метромалл дэлгүүрийн 2 давхарт очиж авсан.Үүнээс хойш картанд сар бүр 400 000-500 000 төгрөгийн цалин орж байсан бөгөөд энэ тухайгаа нягтлангаас асуухад 2010 оноос хойш ийм цалинтай ажиллаж байсан талаар хэлсэн.Гэтэл 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн  Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс намайг дуудаж хуучин эрхлэгч Оюунчимэгтэй холбогдуулан миний 2010-2013 оны хооронд авч байсан цалингийн талаар асууж тайлбар авч улмаар Ч.Мөнхбаярыг Д.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр тогтоон мэдүүлэг авсан.Энэ үеэс эхлэн би 2010-2013 он хүртэлх хугацаанд нийт 17 020 383 төгрөгийн цалин олгогдох байснаас нийгмийн даатгалын шимтгэлд 1 656 953 төгрөг, хүн амын орлогын татварт 1 220 114 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн татварт 125 779 төгрөгийг суутгаж, надад олгох ёстой 14 026 538 төгрөгөөс 7 050 000 төгрөгигй хуучин эрхлэгч Д.Оюунчимэг бэлэнээр гар дээр олгож, 6 976 538 төгрөг дутуу олгосон талаар Голден Пэйж Аудит ХХКомпани 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2324 дугаартай дүгнэлт, Улсын ерөнхий прокурорын 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн тогтоол зэрэг эрх бүхий байгууллагуудын дүгнэлт тогтоол гарсан талаар мэдсэн.Гэвч Д.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэрэг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн буюу хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 6 сар өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр 2015 оны 8 сард хэрэгсэхгүй болгосон байна.Хэдийгээр хуучин эрхлэгч Д.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон ч Д.Оюунчимэг миний авах ёстой цалинг бүрэн олголгүй 6 976 538 төгрөгийн цалинг дутуу олгож хохироосон байна.Иймд 2010-2013 оны хооронд 16 дугаар цэцэрлэгт ажилласан хугацааны цалингийн үлдэгдэл 6 976 538 төгрөгийг Д.Оюунчимэгээс гаргуулж өгнө үү гэв.

           Хариуцагч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчийн гаргасан баримтууд 2013 онд шалгагдаж дууссан эрүүгийн хэргийн материал байх ба уг материалаас харахад намайг буруутай гэж тооцсон баримт байхгүйн дээр эрүүгийн хэргийг Прокурорын тогтоолоор хэргсэхгүй болгосон.Мөн 2014 онд 3 шатны шүүхээр намайг буруугүй гэж үзэж 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эргүүлэн томилсон.Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дүгээр хэсэг, Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан заалтудыг зөрчиж прокурорын байгууллагын тогтоолуудыг үндэслэн өөрсдийн дураар гэм буруутайд тооцон мөнгө завшсан хэрэгт гүтгэн зориудаар миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ч.Мөнхбаяр 2010 оны 9 дүгээр сараас эхлэн 2014 он хүртэл миний удирдлага дор ажиллаж байсан.Би 2014 оны 12 дугаар сард ажлаа өгсөн.Хуулийн дагуу санхүүгийн холбогдох журмын дагуу цалингийн картыг өөрт нь олгосон, картыг бөглөхдөө тухайн эзэмшигч өөрөө гарын үсэг зурж авдаг.Би өмнөөс нь гарын үсэг зурж аваагүй.Цалинг зартаар өгдөг байсныг нягтлан гэрчилнэ.Цалингийн картыг тухайн хүн анкетаа бөглөж байж өөрөө авдаг.Би Ч.Мөнхбаярын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Мөнхбаяр хариуцагч Д.Оюунчимэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгт 2010-2013 оны хооронд ажиллаж байсан үеийн цалингийн үлдэгдэл 6 976 538 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж байна.

 

Нэхэмжлэгч Ч.Мөнхбаяр Дипломат байгууллага үйлчилгээ эрхлэх газарт сантехникчээр ажиллаж байхдаа Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгт слесарчээр давхар ажиллаж байх хугацаанд цалингаа цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунчимэгээс бэлэнээр нь авдаг байсан бөгөөд цалинг картаар өгдөг гэдгийг мэддэггүй байснаас дутуу авсан цалин 6 976 538 төгрөгийг Д.Оюунчимэгээс гаргуулна гэж шаардаж байна.

 

Нэхэмжлэгч Ч.Мөнхбаяр үндсэн ажлынхаа зэрэгцээ Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгт 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл слесарчээр ажилласан болох нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Ажилд авах тухай” 74 дугаартай тушаал, 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн “Б.Мөнхбаярыг ажлаас чөлөөлөх тухай” Б/20 дугаартай тушаал болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Дээрх Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Ажилд авах тухай” 74 дугаартай тушаалд Ч.Мөнхбаярыг ТҮ-3 дугаар зэрэглэлээр 184 351 төгрөгөөр цалинжуулахаар тогтоосон байх бөгөөд улмаар тус цэцэрлэгийн ажилчдын адил урамшуулал болон нэмэгдэл хөлсийг цаг тухайд нь Ч.Мөнхбаярт олгож байсан болох нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн урамшуулал олгох тушаалууд, багш, ажилчдын ажлын үнэлгээний үзүүлэлтүүд, нэмэгдэл хөлс олгох тухай тушаалуудаар нотлогдож байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д “...Үндсэн ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу давхар ажил эрхэлж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна” гэж заасан байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч талаас Ч.Мөнхбаярын “Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас” НД15-ыг ирүүлсэн байна.

 

Энэхүү баримтад Ч.Мөнхбаярын Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгт ажиллаж байх үед түүний сарын орлого, шимтгэл төлсөн байдлыг 2011 оны 3 дугаар сараас эхлэн 2011 оны 12 сар, 2012 оноос 2014 оны 1-6 сар, 9, 12 дугаар сар, 2015 оны 1, 2, 6 дугаар сарыг дуусталх хугацааг жагсаан бичиж, уг тэмдэглэлийг бичсэн хүний гарын үсэг болон энэхүү нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлыг шалгасан байцаагч тэмдэг дарж баталгаажуулсан байна.

 

Ийнхүү Ч.Мөнхбаяр нь Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгт ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ үндсэн ажлаас гадуур олсон орлогоо бүртгүүлэн нийгмийн даатгалд шимтгэл төлж байсан болох нь нотлогдож байна.

 

Ингэж Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудсыг 2011 оны 3 дугаар сараас эхлэн бөглөж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байхад хэрэв Ч.Мөнхбаяр цалингаа дутуу аваад байсан бол үүнийгээ тухайн үед нь мэдээгүй байх боломжгүй байна.

 

Нөгөө талаар Ч.Мөнхбаяр цалингаа цэцэрлэгчийн эрхлэгчээс бэлэнээр авч байсан гэдгийг гэрч М.Доржханд, Ц.Ариунаа, Д.Бурмаа нар нотолно гэж тайлбарлаж байх боловч гэрчүүдийн мэдүүлэгүүд нь тодорхой эх сурвалжид үндэслээгүй байх бөгөөд өөрөөр хэлбэл Ч.Мөнхбаярыг Д.Оюунчимэгээс бэлэнээр мөнгө авч байхыг өөрсдөө хараагүй, бусдаас сонссон мэдээллийг өөрөө дүрсэлж бодсоноо мэдүүлсэн байх тул маргаж байгаа үйл баримтыг нотлохгүй байна гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан хариуцагч Д.Оюунчимэгийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байх үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн байгууллагын Ч.Мөнхбаяр, Д.Оюунчмэг нараас авсан тайлбарыг энэ маргаанд хамааралтай гэж дүгнэх боломжгүй байна.

 

Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн байгууллагын хүсэлтээр хийгдсэн Голден Пэйж Аудит ХХКомпанийн 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/29 тоот дүгнэлтийн 5-д заасан асуулт, хариулт нь дээр дурдсан  Ч.Мөнхбаярын “Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас” НД15 гэх баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Шинжээчийн 2324 дугаартай дүгнэлтээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2013 оны тушаалд бичигдсэн Ч.Мөнхбаярын гарын үсгийн загварт шинжилгээ хийсэн байх бөгөөд тухайн цэцэрлэг нь ажилчдын цалингаа 2010 оноос хойш картаар өгдөг болсон гэдгийг Хас банкнаас ирүүлсэн баримт болон гэрчүүдийн мэдүүлэгээр нотлогдож байхад дээрх шинжээчийн дүгнэлт тодорхой бус байна.

 

Нөгөө талаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн харьцдаг байсан Хас банкнаас ирүүлсэн 2012 оны 7 дугаар сараас эхлэн 2014 оны 1 дүгээр сарын хооронд Ч.Мөнхбаярын эзэмшлийн дансанд орж байсан цалингийн дүнг нэхэмжлэгчийн Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудсанд бичигдсэн сарын орлогын дүнтэй тулгаж үзэхэд зөрүүтэй байх боловч тухайн байгууллагын санхүүгийн анхан шатны баримтууд хэрэгт авагдаагүй тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Иймд Д.Оюунчимэгийг Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгт слесарчээр ажиллаж байсан Д.Мөнхбаярын цалинг дутуу өгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Д.Мөнхбаярын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаарзүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлдүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Дагвын Оюунчимэгээс 6 976 538 /зургаан сая есөн зуун алан зургаан мянга таван зуун гучин найман/ төгрөгийг гаргуулах тухай Чимэдбаатарын Мөнхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Мөнхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН