Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0177/З |
Дугаар | 221/МА2022/0789 |
Огноо | 2022-12-14 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2022/0789
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж,
Нэхэмжлэгч: “Э” ХХК,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/178 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 746 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж,
Хэргийн индекс: 128/2022/0177/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/178 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 746 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2, Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/178 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож”,
2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн зөв үнэлээгүй. “Э” ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40,000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай дүүргийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 294 дүгээр захирамжаар эзэмшиж эхэлсэн бөгөөд 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/171 дүгээр захирамжуудаар зориулалтыг өөрчлүүлж, газар эзэмших хугацааг сунгуулсан байна. Нэхэмжлэгч нь эзэмшил газрыг зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдсон. Тухайлбал газрыг “Ажилчдын зуслан”-гийн зориулалтаар ашиглаж байгаагүй нь шүүхээс тухайн газарт явуулсан үзлэгийн тэмдэглэл болон 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралд гэрчээр оролцсон Б.Дн “ажилчдын зуслангийн зориулалтаар ашиглаж байсан зүйл байхгүй, ашиглаагүй” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдсон. /хурлын тэмдэглэлд гэрчийн мэдүүлгийг тусгаагүй, орхигдуулсан/. Дээрх үйл баримтаар газрын гэрээ, гэрчилгээнд заасан зориулалт, болзлыг хангаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй болох нь тогтоогдож байхад шүүх “... 2 тооны байшин барьсан өндөр хүчдэлийн цахилгааны байгууламж барьж, цэвэр усны худаг гаргаж, ... орчныг тохижуулсныг нь газрыг зориулалтаар нь ашигласан гэдэгт хамаарна” гэж дүгнэсэн нь зориулалтын дагуу ашигласан байхыг заавал шаардаж буй Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасныг болон Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах” тухай 15 дугаар тогтоолын 1.10 дахь хэсгийг илтэд зөрчиж, буруу үнэлсэн.
3.2. Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөх үүргийг байнга зөрчиж байсан бөгөөд 2019 оноос эхлэн 2021 оныг хүртэл төлбөрийг дутуу төлсөн үлдэгдэлтэй байсан нь “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-аар тогтоогдож байхад шүүх “... газар зохион байгуулалтын алба болон дүүргийн Татварын хэлтсээс 2020, 2021 онд нэхэмжлэгч компанид төлбөр шинэчлэн ногдуулсан талаар нэхэмжлэх, мэдэгдэл хүргүүлж байгаагүй боловч тус Татварын хэлтсээс 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/040 дугаартай албан бичгээр “Э” ХХК-д хандан 2021 оны газрын төлбөрт 6,275,133 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн бичгийг нь үндэслэн нэхэмжлэгчээс газрын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна” гэж дүгнэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй, илт хууль бус дүгнэлт хийж, хууль зөрчин нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Hoтлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн. Татварын хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/040 дугаартай албан бичгийн дагуу төлбөрт төлсөн гэх 6,275,133 төгрөгийн төлбөрийн баримт нь нэхэмжлэгчийн газар эзэмших газрын эрхийг хүчингүй болгосны дараах үйл баримт байх бөгөөд хариуцагчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/178 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлтэй эсэхтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй. Шүүхээс Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн баталсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25, 2020 оны 13 дугаар тогтоолуудаар тогтоосон хэмжээгээр газрын төлбөрийг төлүүлэх хариуцагчийн тайлбарыг хүлээн аваагүй талаар дүгнэлт хийсэн боловч 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх гэрээ”-гээр нэхэмжлэгч нь жилд 1,039,194 төгрөг төлөхөөс 779,196 төгрөг төлж, 259,998 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг анхаараагүй. Мөн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 15/1373, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 15/1582 дугаартай албан бичгүүдээр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас давхацсан утга агуулгатай лавлагааг авч газрын төлбөрийн үнэлгээний зөрүү, тооцооллын талаар удаа дараа хариу авсан хэдий ч уг баримтуудад амаар болон бичгээр дүгнэлт хийхгүйгээр “... нотлох баримтыг хэрхэн үнэлэх, үнэлэхгүй байх нь ... шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарна” гэсэн дүгнэлт хийж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн.
3.3. Шүүх хууль буруу хэрэглэсэн. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07-гаас илүүгүй байна” гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалтаар газар эзэмших тохиолдолд зайлшгүй төлбөр төлөхөөр зохицуулсан. Харин 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ ...” гэж заасныг зөрчиж нэхэмжлэгч газар эзэмшсэн. Дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/4201 дугаартай албан бичгээр “Э” ХХК-ийн хүсэлтэд хариу өгөхдөө “газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын анхны үнийг төлж, газар эзэмших эрхийг сэргээх боломжтой” болохыг мэдэгдсэн боловч тус компани уг саналыг хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцэн улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх “... Баянзүрх дүүргийг Засаг дарга нь энэхүү шийдвэрээсээ үндэслэл нь тодорхойгүйгээр татгалзсан байна” гэсэн огт үндэслэлгүй дүгнэлт хийж, дээрх хуулийн заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн хууль зөрчсөн ажиллааг зөвтгөсөн үйлдэл болсон.
3.4. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 35 дугаар зүйлийн 35.3, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч нь зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчийн тайлбараар нотлогдож байхад хуулийн шаардлагыг зөрчиж, буруу хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаснаар шийдвэр хууль ёсны болж чадсангүй.
3.5. Иймд 746 дугаартай шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан шаардлагыг хангаагүй тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчээс гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/178 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч “Э” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/178 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.
4. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 294 дүгээр захирамжаар “... тус дүүргийн 20 дугаар хорооны “Гачууртын их ам”-д 40000 м.кв газрыг “хөдөө аж ахуйн үйлдвэрлэл”-ийн зориулалтаар 5 жилийн хугацаагаар “Х-М” ХХК-иас “Э” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн”, мөн дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар захирамжаар “... уг газрын хугацааг 5 жилээр сунгаж, газрын зориулалтыг “ажилчдын зуслан”-гийн зориулалт болгон өөрчилсөн”, мөн дүүргийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/171 дүгээр захирамжаар “... уг газрыг “ажилчдын зуслан”-гийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар сунгасан” байна.
5. Маргаан бүхий А/178 дугаар захирамжаар “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй хавсралтад дурдсан 16 иргэн, 11 аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, захирамжийн хавсралтад “Э” ХХК-ийн эзэмшиж байсан газар багтжээ.
6. Хариуцагчаас “...“Э” ХХК нь газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй, уг газрын дуудлага худалдааны үнийг төлөөгүй” гэж, нэхэмжлэгчээс “...газар ашигласны төлбөрийг тухай бүрд нь төлж ирсэн, дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх зохицуулалтыг харвал газар эзэмшүүлэх ажиллагаанд нэг авагдана, эсхүл газрын зориулалтад өөрчлөлт ороход үүнээс төлүүлэх эрх нь хариуцагчид байгаа. Энэ байдлыг хариуцагч өөрөө биелүүлээгүй, дуудлага худалдааны анхны үнэ төлөх үүрэг нь “Э” ХХК-д байна гэж үзэхгүй, маргаан бүхий актыг гаргахдаа бидэнд мэдэгдээгүй, бодитоор тухайн газрыг өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа” гэж тус тус тайлбарладаг.
7. А/178 дугаар захирамжийн “... дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй” гэх үндэслэлийн тухайд:
7.1. Газрын тухай хуулийн 28 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гэр бүлийн хамтын хэрэгцээний, төрийн байгууллагын, аж ахуйн нэгж, байгууллагын гэсэн төрөлтэй байхаар, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байхаар, 33 дугаар зүйлийн 33.1.2-т 0,07 га-гаас илүү хэмжээгээр газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр тодорхой хуульчилсан. Нэхэмжлэгч нь дүүргийн Засаг даргын 2010 оны 57 дугаар захирамжаар 40000 м.кв талбай бүхий газрын зориулалтыг “ажилчдын зуслан”-гийн зориулалт болгон өөрчилж, 2015 оны А/171 дүгээр захирамжаар мөн зориулалтаар, 15 жилийн хугацаагаар сунгаж эзэмшиж байгаа нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, хуульд аж ахуйн нэгжид “ажилчдын зуслан”-гийн зориулалтаар 40000 м.кв талбай бүхий газрыг үнэгүй эзэмшүүлэх зохицуулалт байхгүй.
7.2. Нэхэмжлэгчээс “... дуудлага худалдааны анхны үнийг газар эзэмшүүлэхэд, эсхүл газрын зориулалтад өөрчлөлт ороход төлүүлэх эрх нь хариуцагчид байсан, хариуцагч энэ үүргээ өөрөө биелүүлээгүй” гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй. Учир нь нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/307 дугаар захирамжаар “... дуудлага худалдааны анхны үнийг ногдуулан тодорхой хугацаа тогтоож төлүүлсний дараа дуудлага худалдааны анхны үнийг төлсөн газрынх нь хэмжээгээр газрын эрхийг олгож, эзэмшүүлэх, ашиглуулах гэрээг шинэчлэн байгуулахаар”, 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/309 дүгээр захирамжаар “...2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гаргасан захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг батлагдсан аргачлалын дагуу тодорхойлж, төлүүлэхээр”, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/697 дугаар захирамжаар “... нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулахаар...” тус тус шийдвэрлэсэн. Мөн 0,07 га-гаас илүү хэмжээгээр газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр заасан хуулийн зохицуулалт 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн, нэхэмжлэгч уг газрыг шилжүүлэн авч газар эзэмших зориулалтыг өөрчлүүлэхдээ дээр заасны дагуу газрын дуудлага худалдааны төлбөрийг төлөөгүй байх тул ийнхүү маргаж байгаа нь үндэслэлгүй.
7.3. Хэдийгээр хариуцагч тухай бүр дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримталж газар эзэмших эрхийг шилжүүлэх, хугацааг сунгах, зориулалтыг өөрчлөх зэрэг шийдвэрүүдийг гаргаагүй нь буруу боловч энэ тохиолдолд нэхэмжлэгч нэгэнт энэ хуулийн шаардлагыг хангаагүй газар эзэмшиж байгааг шүүх зөвтгөх замаар шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй. Товчхондоо шүүх маргаан бүхий А/178 дугаар захирамжийн энэ үндэслэлийг үгүйсгэж актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосноор дээр дурдсан хуулийн зохицуулалт, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн шийдвэр болон захиргааны байгууллагын алдаагаа зөвтгөх ажиллагааг үгүйсгэх, цаашлаад бусад иргэн, аж ахуйн нэгжид адил тэгш эрхээр хангагдах зарчимд нийцэхгүй.
7.4. Түүнчлэн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/4201 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид “... 40000 м.кв газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын анхны үнийг төлж газар эзэмших эрхийг сэргээх боломжтой” талаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгчээс анхны үнийг төлөх боломжтой болохоо илэрхийлээгүй бөгөөд “дуудлага худалдааны үнийг төлөх үндэслэлгүй” хэмээн маргаж байгааг хүлээн авах боломжгүй. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “газрын дуудлага худалдааны үнийг 70,400,000 төгрөг байхаар тооцож төлөхийг мэдэгдсэн боловч төлөөгүй” гэсэнд нэхэмжлэгчээс “дуудлага худалдааны үнийг төлөхтэй холбоотой Газрын албатай уулзаж байсан боловч үр дүнд хүрч байгаагүй, 70 сая төгрөгийн тооцоог бид нарт өмнө нь гаргаж өгч байгаагүй, энэ талаар анх удаа сонсож байна” гэх тайлбарыг хийсэн ч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй бөгөөд шүүхийн шийдвэрт тусгагдаагүй тул дүгнэлт хийх боломжгүй.
8. А/178 дугаар захирамжийн “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэхгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд:
8.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор хуульчилсан.
8.2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг 2005 оноос “хөдөө аж ахуйн үйлдвэрлэл”-ийн зориулалтаар, 2010 оноос “ажилчдын зуслан”-гийн зориулалтаар эзэмшихээр болсон, одоогоор “ажилчдын зуслангийн” зориулалтаар эзэмшиж байгаа, тухайн газар дээр 2 байшин, гүний цэвэр усны худаг, уулыг хүрхрээ болгож зассан зэрэг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй. 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд “нэгж талбарын тодорхой хэсгийг эзэмших зориулалт” гэсэн хэсэгт “зуслан, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаас бусад” гэж, “тухайн зориулалтаар эзэмших газрын хэмжээ” гэсэн хэсэгт “39969.0 м.кв” гэж тэмдэглэжээ.
8.3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч дүүргийн Засаг дарга болоод дүүргийн Газар зохион байгуулалтын албатай олон тооны байшин барьсан байна гэж тохироогүй байхад шүүхэд ажилчдын зуслангийн зориулалттай газар гэдгийг заавал олон тооны байшин баригдсан байх ёстой гэж хийсвэр дүгнэлт хийх боломжгүй, маргаан бүхий газар дээрх 2 жижиг, том хэмжээний байшинг ажилчдынхаа амралтад зориулж байгаа гэж нэхэмжлэгчийн тайлбарласныг хариуцагч нотлох баримтаар няцааж чадаагүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.
8.4. Учир нь хуульд заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгохоор, “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй/ байхыг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбар, газрын үзлэгийн тэмдэглэл зэргээс үзвэл нэхэмжлэгч тухайн газрыг “ажилчдын зуслангийн” зориулалтаар 2 жил дараалан ашигласан гэж үзэхээргүй, мөн энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь нотлогдохгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч тухайн газрыг 2010 оноос 2021 оныг хүртэл 10 гаруй жилийн хугацаанд “ажилчдын зуслан”-гийн зориулалтаар эзэмшихдээ компанийн ажилтан, албан хаагчдад ямар нэгэн байдлаар эзэмшүүлж, ашиглуулсан нь үйл баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч энэ үйл баримтаа нотолж маргаагүй байна.
8.5. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн газраа хашаалж, газар дээр 2 байшин, хүчдэлийн цахилгааны байгууламж барьсан, гүний цэвэр усны худаг гаргасан зэргийг үгүйсгээгүй ч эдгээр нь тухайн газрыг “ажилчдын зуслан”-гийн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байсан болохыг бүрэн нотлохгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “тухайн баригдсан байшинг “Э” ХХК-ийн захирлын зуслангийн байшин” хэмээн мэдүүлснийг тэмдэглэх нь зүйтэй.
8.6. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “...тухайн газрыг ажилчдын зуслангийн зориулалтаар ашиглаж байгаагүй нь шүүхээс хийсэн үзлэг, 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралд гэрчээр оролцсон Б.Дн “ажилчдын зуслангийн зориулалтаар ашиглаж байсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон боловч хурлын тэмдэглэлд гэрчийн мэдүүлгийг тусгаагүй, орхигдуулсан...” гэх тухайд: хэрэгт авагдсан тус өдрийн шүүх хуралдааны 2751 дугаартай тэмдэглэлд[1] нарийн бичгийн даргаас ирцийг танилцуулахад гэрч Б.Д ирсэн боловч гэрчийн мэдүүлэг авсан талаар тусгагдаагүй, энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тодруулахад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “гэрч нь компанийн захирлын хүүхэд, манай компанитай ямар ч хамааралгүй, компанид ажил, албан тушаал эрхэлдэггүй” гэх тайлбарыг хийсэн нь анхан шатны шүүх хуралдаанд гэрчээс мэдүүлэг авсныг талууд үгүйсгээгүй гэж дүгнэхээр байна.
9. А/178 дугаар захирамжийн “газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй” гэх үндэслэлийн тухайд.
9.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол гэрчилгээг хүчингүй болгуулахаар заасан.
9.2. Анхан шатны шүүх “... газрын төлбөрийг шинэчлэн тогтоосон үнээр төлөх нь хууль зүйн үндэслэлтэй боловч, тэрээр 13, 25 дугаар тогтоол гарсныг мэдээгүй, мэдэх боломжгүй тул уг үнээр нь тухайн цаг хугацаанд төлсөн байх бодит боломж байгаагүй, энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бус, хариуцагчийн өөрийнх нь болон түүний газрын болон татварын албаны буруутай болсон тул нэхэмжлэгчийг газрын төлбөрийг шинэ итгэлцүүрийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
9.3. Учир нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад “... газрын төлбөрийг жилд 1,280,000 төгрөгөөр тооцож, 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн төлөгдөөгүй үлдэгдэл 12,561,977 төгрөг” гэсэн, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад “...газрын төлбөрийг жилд 6,275,133 төгрөгөөр тооцож, 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн төлөгдөөгүй үлдэгдэл 12,821,977 төгрөг” гэсэн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 5/040 дүгээр албан бичигт “... газрын төлбөрийн 6,275,133.00 төгрөгийн үлдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна уу” гэсэн, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 15/1373 дугаар албан бичигт “... шинэчилсэн үнэлгээгээр ... 2021 оны байдлаар нийт үлдэгдэл 12704310 төгрөг, ... 2010-2015 оны хооронд 1 м.кв үнэлгээг 32 төгрөгөөр тооцож тооцоо нийлсэн, ... программ шинэчлэгдсэнтэй холбоотойгоор газар эзэмших эрхийн зориулалтыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар алдаатай бүртгэгдсэнээс 1 м.кв нь 26 төгрөгөөр үнэлэгдэж 5,235,939 төгрөгийн зөрүүтэй нэхэмжлэл үүссэн” гэсэн, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн тооцоо нийлсэн актад “... төлбөр жилд 6,275,133 төгрөгөөр тооцож, 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн төлөгдөөгүй үлдэгдэл 12,704,310 төгрөг” гэсэн байна.
9.4. Хэдийгээр нэхэмжлэгч газрын төлбөрийг ямар зориулалтаар, хэдэн төгрөгөөр төлж байснаа мэдэж байсан, мөн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 25 дугаар тогтоол, мөн 2020 оны12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг шинэчлэн тогтоосны дагуу газрын төлбөрөө төлөх үүрэгтэй ч анхан шатны шүүхийн “... тогтоол гарсныг нэхэмжлэгч мэдээгүй, зохих этгээдээс мэдэгдээгүй нь хариуцагчийн буруутай үйлдэл байх тул хариуцагчаас “Э” ХХК-ийг яг тухайн цаг хугацаандаа төлсөн байхыг шаардсаныг зөвтгөх үндэслэл байхгүй...” гэж дүгнэснийг шууд үгүйсэх боломжгүй байна. Гэвч дээрх 13, 25 дугаар тогтоолуудад зааснаар тооцохгүй гэрээнд заасан үнийн дүнгээр тооцсон ч нэхэмжлэгч бодит байдалд төлбөрийн үлдэгдэлтэй байсан нь нотлогдож байна. Тухайлбал, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу жилд 1,039,194 төгрөг төлөхөөс 779,196 төгрөг төлж 259,998 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн зүгээс үгүйсгэж маргаагүй. Түүнчлэн “Э” ХХК нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн /огноо, дугааргүй /мэдэгдлийн[2] дагуу төлбөрийн хэмжээг зөвшөөрч 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 2,510,054 төгрөг, 3,765079 төгрөг, нийт 6,275,133 төгрөгийг төлсөн байгаа ч энэ нь нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй А/178 дугаар захирамж гарсны дараах үйл баримт байгааг дурдах нь зүйтэй.
9.5. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч газрын төлбөрийг төлөх хуульд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэхээргүй байх тул энэ талаарх тайлбарыг хүлээн авч актын холбогдох хэсгийг хүчингүй болгох нь хуульд нийцэхгүй бөгөөд хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.
10. Нэхэмжлэгчийн “... маргаан бүхий актыг гаргахдаа бидэнд мэдэгдээгүй, тайлбар аваагүй” гэх тайлбарын тухайд:
10.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “... хариуцагч маргаан бүхий газрын төлбөр шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан төлбөр нэмэгдсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй тул газрын төлбөрийг шинэ итгэлцүүрийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхгүй, Нийслэлийн Засаг даргын А/307 дугаар захирамжийн дагуу 2013 оноос хойш дуудлага худалдааны үнийг төлүүлэх талаар “Э” ХХК-д мэдэгдэж байгаагүй, 2016 оны А/697 дугаар захирамжийн дагуу явуулаагүй дуудлага худалдааныхаа үнийг нөхөн төлүүлэх ёстой бол, маргаан бүхий актыг гаргахдаа 2022 онд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулах ёстой тул ийнхүү явуулаагүй гарсан захиргааны актыг хууль зөрчиж гарсан захиргааны акт гэж үзэж хүчингүй болгох үндэслэл болно” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.
10.2. Хэдийгээр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгохоор заасан, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч энэ үүргээ зохих журмын биелүүлсэн болох нь баттай тогтоогдохгүй ч энэхүү боломжийг нэхэмжлэгчид олгосноор бодит байдалд бий болсон нөхцөл байдал үгүйсгэгдэж, маргааны үйл баримт өөрчлөгдөхөөргүй байна. Энэ тохиолдолд “Э” ХХК-ийн нягтлан бодогч н.Дын [email protected] хаягаар дүүргийн татварын албанаас газрын төлбөрийн нэхэмжлэл илгээж байсан, Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 13/660 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг Газар зохион байгуулалтыг албаны 2021 оны явуулсан баримт бичгийн бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн[3], нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр дүүргийн Газрын албанаас уг мэдэгдлийн хуулбарыг авч дүүргийн Засаг даргад хандсанаар 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 13/4201 дүгээр албан бичгээр “...40.000 м.кв газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын анхны үнийг төлж газар эзэмших эрхийг сэргээх боломжтой байна” гэх хариуг өгсөн байна. Тус албан бичиг нь цаг хугацааны хувьд 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн маргаан бүхий А/178 дугаар захирамж гарснаас хойш өгсөн хариу байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.41 дэх хэсэгт ”Гэвч хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь энэхүү шийдвэрээсээ үндэслэл нь тодорхойгүйгээр татгалзсан байна” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.
10.3. Нийслэлийн Засаг даргын А/307, А/309, А/697 дугаар захирамжуудаар тухайн газрын дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төлүүлэхээр шийдвэрлэсэн, нэхэмжлэгчээс эдгээр захирамжуудтай холбогдуулж маргаагүй, эдгээр захирамжуудад заавал дуудлага худалдаа явуулсны үндсэн дээр газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлэхээр заагаагүй байна. Мөн газрын төлбөрийг шинэчилсэн үнэлгээгээр төлөх талаар мэдээгүй нь нэхэмжлэгчийг газрын төлбөрөө төлөх үүргээс чөлөөлөх, түүнийг зөвтгөх үндэслэл болохгүй ч зөвхөн энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоогүй бөгөөд энэ талаар магадлалын 9.4-т тусгасан болно. Дээр дурдсанчлан нэгэнт нэхэмжлэгчийн газар эзэмших эрх Газрын тухай хуульд заасан болзол шаардлагыг хангаж хууль ёсны дагуу үүсээгүй, тухайн газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй байх тул маргаан бүхий актын үндэслэлийг үгүйсгэх боломжгүй.
11. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/178 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.
12. Маргааны үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсээгүй, тухайн газрыг хуульд заасан зориулалт, журмын дагуу эзэмшээгүй, хариуцагч газар шилжүүлэн эзэмшүүлэх, газрын зориулалтыг өөрчлөх, газар эзэмших эрхийн хугацааг сунгахдаа эдгээр байдлыг анхаарч зөвтгөөгүй, улмаар газрын төлбөрийг шинэ итгэлцүүрийн дагуу төлөх үүрэгтэйг нэхэмжлэгч мэдээгүй гэхээс гадна газар эзэмших гэрээнд заасны дагуу төлбөрийн үлдэгдэлтэй байснаас уг маргаан үүсжээ гэж үзэхээр байна. Хэрэв нэхэмжлэгч тухайн газрыг цаашид эзэмшиж, ашиглах хүсэлтэй бол газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөх, эсхүл тухайн байшин, хүчдэлийн цахилгааны байгууламж барьж эзэмшиж байгаа хэсгийг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хуульд заасан хэмжээгээр таслан авч эзэмших зэрэг асуудлыг судлан үзэж хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргах эрхийг энэхүү шүүхийн магадлалаар хязгаарлахгүй болохыг тэмдэглэж байна.
13. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 746 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/178 дугаар захирамжийн “Э” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жы давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН