Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01835

 

“К” ХХК-ийн Бсалбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 266 дугаар шийдвэр

Баймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр магадлалтай

“К” ХХК-ийн Бсалбарын нэхэмжлэлтэй,

Д.Хд холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 285 718.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Хгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунгуа, Ч.Нямсамбуу, хариуцагчийн өмгөөлөгч Г.Гочоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн Бсалбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзийжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “К” ХХК нь иргэн Д.Хтай 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр №Цалин 358/1 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 8 000 000 төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох боловч иргэн Д.Х нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс 2 541 136.02 төгрөг, зээлийн хүүнээс 1 354 554.35 төгрөг, нийт 3 895 690.37 төгрөг төлсөн. Иймд зээлдэгч Д.Хгаас үндсэн зээл 5 458 863.98 төгрөг, зээлийн хүү 2 355 711.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 471 142.38 төгрөг, нийт 8 285 718.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2003 оноос хойш Хаан банкны зээлтэй ядарч яваа хүн, нөхөр ажил хийх чадваргүй бөгөөд 1997 оноос хойш тахир дутуугийн групптэй, үргэлж эм тариа хэрэглэдэг. Миний бие Кнаас 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төрийн банкны зээлээ хааж, зээл авсан. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний ажлаасаа тэтгэвэрийн нас болсон гээд халагдаж 12 дугаар сард тэтгэврээ тогтоолгосон. Би банкны зээл ихтэй, хэсэг ажиллуулж өгөхийг хүссэн өргөдлөө өгөөд болно гэж бодож байтал захирал маань хүлээн зөвшөөрөөгүй. Би өөрийн гэсэн хашаа байшин, өмч хөрөнгө, мал ахуй байхгүй, өвгөн бид хоёр хоёулаа тэтгэврийн зээлтэй, тусалж дэмжих ах дүү, хамаатан садан байхгүй. Одоо би ажил хийж төлөх гэхээр асаргааны хүнтэй хэцүү байна. Манай нөхрийн группийн зээл 2019 оны 01 дүгээр сард дуусч дахин зээл авах боломжтой байна гэхэд банк тэр болтол хүлээхгүй гэсэн. Нөхөрт маань эм тарианы мөнгө байнга хэрэгтэй болдог. Бид хоёр Булганд 4, 5 айлын хашаа, байшин дамжиж амьдарч байна. Би ганц хүүхэдтэй, тэр маань боломж байхгүй, надад маш хүнд байна. Нөхөр маань насан туршийн асаргаатай болсон тул нөхрийнхөө группийг сунгуулаад, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн үндсэн зээлээс төлөх боломжтой. Надад одоо ямар ч төлбөрийн чадвар байхгүй. Иймд үндсэн зээл 5 458 863 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан үзэж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2 826 853 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

Баймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 266 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Хгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 285 718.28 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Кны Баймаг дахь салбарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 147 521.49 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Хгаас 147 521.49 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Баймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр магадлалаар: Хариуцагч Д.Хгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Баймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 266 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,

Хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хагиуцагч Д.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Д.Х би аймгийн давж заалдах шатны шүүхэд Кинд төлөх ёстой цалингийн зээл 8 285 718 төгрөгийн зээл, зээлийн хүүг хөнгөлүүлж өгнө үү гэсэн гомдол гаргасан боловч шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр баталж магадлал гаргасан болно. Үүийг хариуцагч Д.Х би эс зөвшөөрч Дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Тухайлбал Кнаас гэрээний дагуу цалингийн зээлийг анх 2015.02.14-ний өдөр /төрийн банкнаас 4 100 000/ 2 зээлтэй, нийт 5 500 000 төгрөг авсан үнэн боловч би зээл, зээлийн хүүг өөрийн ахуй амьдралд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас 2016.04.01-ээс зээл, зээлийн хүүг төлж чадахгүй байдалд хүрсэн. Би энэ үед ажилгүй болон тэтгэвэрийн нас болсон гээд шууд халагдсан бөгөөд миний нөхөр ажилгүй, өөрийн гэсэн ахуй амьдрал хүнд болсон. Улмаар нөхөр маань гэнэт хүнд өвчинд нэрвэгдэж 4 мөч ажиллагагаагүй болж, өтгөн шингэнээ гаргаж чадахгүй болон саажин, хүний гарт орсон ба эмнэлэг, эмчийн хяналтанд орж биеийн байдал хүндрэн муудаж, одоо хүртэл хүний байнгын асрамжид өдөр хоногийг өнгөрөөж байна. Би өөрөө ямар ч орлого, эд хөрөнгө, газар хашаа, байшин байхгүй, 2003 оноос хойш 5-6 айлын хашаа байшин дамжин амьдарч, найз нөхөд, ах дүүсийн тусламжтайгаар өнөө маргаашийг өнгөрөөж байна. К нь ямар ч шүүхийн тогтоол шийдвэргүйгээр миний Хаан банкинд байгаа өндөр насны тэтгэврийг дээрээс шийдвэрлэсэн гэх мэтээр энэ 2 банк аль нь хааж байгааг мэдэхгүй шийдвэр гарсан гэхчилэн надад тэтгэврийн зээл 2018.01.01-ээс одоо хүртэл зээл олгохгүй болсон нь намайг хохироож байна. Ингээд би өвчин зовлон, сэтгэл санаа, өр зээл, амьдралын хүнд байдалд байна. Нөгөө талаар К Д.Х намайг уг зээлийг төлж чадахгүй байдлыг мэдсээр байтал надад холбогдох зээлийг олон хоногийн хүү тооцон зогсоолгүй, хүүгийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2 830 759 төгрөгөөр хохироосон. Намайг өөрөөр хэлбэл зээлийн хүү 2 553.0, нэмэгдүүлсэн хүү 471.0, нийт 2 826.0 төгрөгийг би төлөхөөс татгалзсанаас гадна миний ахуй амьдралыг харгалзсанаас гадна Кнаас нэмэгдүүлсэн 2 800 000 төгрөгийг хасагдуулж өгөхийг удаа дараа шүүхэд хүсэлт болгож байгаа. Үүнийг Дээд шүүх хянан үзэхийг хүсэлт болгож байна. К зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар ашиг сонирхолын үүднээс ядарсан намайг мэдсээр хүндрүүлж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэхийг хичээж байгаад гомдолтой байна.

К дарагдуулсан хугацааны зохиомол тооцоогоор тавьсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх асуудлаа худлаа хаацайлж, өөрсдийн бурууг нуухын тулд надад тухайн үед таны гэрээг өөрчиллөө гэж байсан нь дур мэдэн өөрчилсөн /эргэн төлөлтийг/ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг буруу гэж үзэж байна.

Тэтгэврийн нас болоод ажлаас халагдсанаас хойш сар бүр өндөр хүү тооцож бодож явсан.

Иймд Улсын Дээд шүүхээс миний ахуй амьдралыг болон үндэслэлгүй тавигдсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү буюу 2 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож ахуй амьдралд гүн туслалцаа үзүүлэхийг хүсэлт болгож байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн Бсалбар иргэн Д.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 285 718.28 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д.Х нь “К” ХХК-ийн Бсалбартай 157 тоот “Цалингийн зээлийн гэрээ” байгуулж, 5 500 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1.5%-ийн хүүтэй зээлсэн, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 358 дугаар  гэрээгээр зээлийн хэмжээг 1 000 000 төгрөгөөр, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 358/1 дугаартай гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 1 500 000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, үндсэн зээлийн хэмжээг 8 000 000 төгрөг болгосон байна.

Зохигчийн хооронд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, зээлийн гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл болох талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлийн 453.1. дэх зохицуулалтад нийцжээ.

Зээлдэгч нь авсан зээлийн үнийн дүн, зээл авсан үйл баримттай маргаагүй тул хууль болон гэрээнд зааснаар үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлээс 2 541 136,02 төгрөг, хүүд 1 354 554,35 төгрөг, нийт 3 895 690,37 төгрөгийг төлсөн, 2016 оны 06 дугаар сараас хойш төлбөр төлөөгүй, үндсэн зээлээс 5 458 863.98 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар маргаагүй, гагцхүү ахуй амьдрал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлийг төлж чадахгүй байдалд хүрсэн, тэтгэвэр тогтоолгосон, нөхөр хүнд өвчинд нэрвэгдэж байнгын асаргаа шаардлагатай болсон, ажил хийж орлого олох боломжгүй нөхцөл байдлыг харгалзан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “...зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж,  453 дугаар зүйлийн 453.1.-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хариуцагчийн дээрх тайлбар түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4. 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Банк Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрөө нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1. дэх заалтыг зөрчөөгүй тул төлбөрийн чадваргүй болсноос хойш гэрээг цуцлалгүй хугацааг хэтрүүлж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг нэмэгдүүлсэн гэх агуулга бүхий хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Мөн хариуцагчийн зээлийн төлбөрийг төлж чадахгүй байгаа амьдралын хүнд байдал нь түүнийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй тул “...төлбөрийн чадваргүй байдлаа мэдэгдсээр байхад банк зээл төлөх хугацааг зогсоолгүй зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн, ...үндэслэлгүй нэхэмжилсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх гомдлыг хангах боломжгүй байна.

Иймд хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 266 дугаар шийдвэр, Баймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Хгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч Д.Х нь Баймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 132/ШЗ2018/01613 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Ц. АМАРСАЙХАН

                                   ШҮҮГЧ                                           Х.ЭРДЭНЭСУВД