Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00266

 

   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Капитал банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: 1960 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, суух Т овогт Д.Х   д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8285718.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00156/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1969 онд төрсөн, дээд боловсролтой, ня-бо, банкны удирдлага  мэргэжилтэй, О.Ө

хариуцагч  Д.Х , хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банкны Булган салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Капитал банк” ХХК нь иргэн Д.Х тай 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр №Цалин 358/1 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 8000000 төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох боловч иргэн Д.Х  нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрөөс 2541136.02 төгрөг, зээлийн хүүнээс 1354554.35 төгрөг, нийт 3895690.37 төгрөг төлсөн. Иймд зээлдэгч Д.Х гаас үндсэн зээл 5458863.98 төгрөг, зээлийн хүү 2355711.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 471142.38 төгрөг, нийт 8285718.28 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.           

Хариуцагч Д.Х  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 оноос хойш Хаан банкны зээлтэй ядарч яваа хүн, нөхөр ажил хийх чадваргүй бөгөөд 1997 оноос хойш тахир дутуугийн групптэй үргэлж эм тариа хэрэглэдэг. Миний бие Капитал банкнаас 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төрийн банкны зээлээ хааж, зээл авсан. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний ажлаасаа тэтгэвэрийн нас болсон гээд халагдаж 12 дугаар сард тэтгэвэрээ тогтоолгосон. Би банкны зээл ихтэй хэсэг ажиллуулж өгөхийг хүссэн өргөлдөлөө өгөөд болно гэж бодож байтал захирал маань хүлээн зөвшөөрөөгүй. Би өөрийн гэсэн хашаа байшин, өмч хөрөнгө, мал ахуй байхгүй өвгөн бид хоёр хоёулаа тэтгэвэрийн зээлтэй тусалж дэмжих ах дүү, хамаатан садан байхгүй. Одоо би ажил хийж төлөх гэхээр асаргааны хүнтэй хэцүү байна. Манай нөхрийн группийн зээл 2019 оны 01 дүгээр сард дуусч дахин зээл авах боломжтой байна гэхэд банк тэр болтол хүлээхгүй гэсэн. Нөхөрт маань эм тарианы мөнгө байнга хэрэгтэй болдог. Бид хоёр Булганд 4, 5 айлын хашаа, байшин дамжиж амьдарч байна. Би ганц хүүхэдтэй тэр маань боломж байхгүй надад маш хүнд байна. Нөхөр маань насан туршийн асаргаатай болсон тул нөхрийнхөө группийг сунгуулаад 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн үндсэн зээлээс төлөх боломжтой. Надад одоо ямарч төлбөрийн чадвар байхгүй. Иймд үндсэн зээл 5458863 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй, төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан үзэж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2826853 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Капитал банкны Булган аймаг дахь салбар нь Д.Х д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8285718.28 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 5458863.98 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 2826854.29 төгрөгийг төлөх төлбөрийн боломжгүй байгаа тул зөвшөөрөхгүй, тэтгэврийн зээлтэй, гэр бүлийн хүн хүнд өвчтэй, байнгын асаргаанд байдаг, төлбөрийн чадваргүй зэргийг харгалзан шүүх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.

Капитал банкны Булган аймаг дахь салбар болон Д.Х  нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Цалингийн зээлийн гэрээ” нэртэй гэрээ Цалин-157, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Цалингийн барьцаат зээлийн гэрээ” нэртэй гэрээ Цалин-358, 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Цалингийн барьцаат зээлийн гэрээ” нэртэй гэрээ Цалин-358/1 тоот гэрээнүүд тус тус байгуулагдаж, уг гэрээгээр Капитал банкны Булган аймаг дахь салбар нь Д.Х д  8000000 төгрөгийг 39 сарын хугацаатай, сарын 1.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор, Д.Х  нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь зээл, түүний хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч зээл авснаас хойш 2018 оны 02  дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх ёстой үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3895690.37 төгрөгийг төлсөн бөгөөд үндсэн зээл 5458863.98 төгрөг, зээлийн хүү 2355711.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 471142.38 төгрөг, нийт 8285718.28 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн тооцооллыг шүүхэд гаргасан ба хариуцагч уг тооцоололд маргаагүй. Хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 2826854.29 төгрөгийг төлөх төлбөрийн боломжгүй байгаа, тэтгэврийн зээлтэй, гэр бүлийн хүн байнгын асаргаанд байдаг төлбөрийн чадваргүй байдлыг харгалзан шүүх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хасч шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж, Булган аймгийн Булган сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/243 тоот “Асран хамгаалагч тогтоох тухай” захирамж, Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/263 тоот тодорхойлолт, Булган аймгийн Булган сумын Гуравдугаар багийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 254/3 тоот толорхойлолт, “Эмийн цэцэглэн” өрхийн эрүүл мэндийн төвийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтыг гаргаж өгсөн хэдий ч дээрх байдал нь хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Өөрөөр хэлбэл Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцаа нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, онцгой эрх, үүрэг бүхий субьектын үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг тул уг харилцааг зээлийн ердийн харилцаанаас өөрөөр, тусгайлан зохицуулдаг байна. Энгийн зээлийн гэрээ нь хүүтэй болон хүүгүй байх боломжтой ба зээлийн хүүг талууд харилцан тохиролцож тогтоодог буюу уг хүүгийн хэмжээний тогтсон жишиг, стандарт, загвар байдаггүй тул хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болдог. Харин банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааг тусгайлсан хуулиар зохицуулж, банкны зээлийн хүү нь зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ болдог ба зээлүүлдэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлдэг, зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монгол банк баталдаг байна. Энэ утгаараа тухайн төрлийн зээлд тогтоосон хүүгийн хэмжээг шүүх багасгах хуулийн зохицуулалт байхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8285718.28 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.Х гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8285718.28 /найман сая хоёр зуун наян таван мянга долоон зуун арван найман төгрөг, хорин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Булган аймаг дахь салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 147521.49 /нэг зуун дөчин долоон мянга таван зуун хорин нэгэн төгрөг, дөчин есөн мөнгө/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Х гаас 147521.49 /нэг зуун дөчин долоон мянга таван зуун хорин нэгэн төгрөг, дөчин есөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         О.ОДОНЧИМЭГ