Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 00111

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Хаан хүнс Эрдэнэт ХХК-ийн нэхэмжлэлтэй,

               хариуцагч Орхон аймаг дахь ШШГА-нд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 394 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Хаан хүнс Эрдэнэт ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:     Орхон аймаг дахь ШШГА-нд холбогдох,

Шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэтгэж дуусгахыг Орхон аймаг дахь ШШГА-нд даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзоригтийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзоригт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хонгорзул, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Хаан хүнс Эрдэнэт ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны дугаар 975 тоот шийдвэрээр Орхон чандмань ХХК-ийн барилгын өргөтгөлийг буулгаж өмнөх байдалд сэргээхийг Орхон чандмань ХХК-д даалгасугай гэсэн шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 7-ны дугаар 13 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар 200 тоот тогтоол хүчин төгөлдөр болсон боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг бүрэн биелэгдэж хэрэгжихгүй хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөх болсон. Шүүхээс Орхон чандмань  ХХК нь нэхэмжлэгч Хаан Хүнс Эрдэнэт ХХК өмчлөлийн барилга дээр дур мэдэн барилгын өргөтгөл барьсан нь өмчлөх эрх, хөршийн эрхэнд халдсан хууль бус үйлдэл үйл ажиллагааг тогтоосон. Өөрөөр хэлбэл Хаан Хүнс Эрдэнэт ХХК, Орхон чандмань ХХК-ний  хооронд 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хийгдсэн худалдах худалдан авах гэрээний 2.1.3-д Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар хороолол чандмань төвийн үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилгын нэг давхрын зүүн жигүүрийн 256 мкв талбайтай хэсгийг Хаан Хүнс Эрдэнэт ХХК-д худалдсан, хүчин төгөлдөр хэлцэл байх тул тухайн барилгын нэг давхрын жигүүрийн 256 мкв талбайтай хэсэг нь Хаан Хүнс Эрдэнэт ХХК өмч бөгөөд, Орхон чандмань ХХК нь бусдын өмчлөлийн барилга дээр ямар ч зөвшөөрөлгүй дур мэдэн барилга байшин барих, өргөтгөл хийх боломжгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Хаан Хүнс Эрдэнэт ХХК-ийн эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнээд шийдвэрийн тогтоох хэсэгт Хаан Хүнс Эрдэнэт ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Орхон чандмань ХХК-ийн барилгын өргөтгөлийг буулгаж өмнөх байдалд нь сэргээхийг Орхон чандмань ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байхад шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын ажилтанууд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг буруу тайлбарлан Хаан Хүнс Эрдэнэт ХХК өмчлөлийн 256 мкв талбайн хэсэгт зөвшөөрөлгүй баригдсан барилгыг бүрэн буулгаж дуусгахгүй хэсэгчлэн буулгуулсан байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд бүрэн гүйцэтгэж биелүүлэх үүрэгтэй.Орхон чандмань ХХК-ийн барилгын өргөтгөлийг буулгаж өмнөх байдалд нь сэргээснээр 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 165932 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан байна гэсэн ойлгомжгүй үндэслэлгүй хариу өгсөн юм. Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны дугаар 142/Ш32017/00197 тоот захирамжаар Хаан Хүнс Эрдэнэт ХХК-ийн шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн болно. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12 дугаар 975 тоот Орхон чандмань ХХК-ийн барилгын өргөтгөлийг буулгаж өмнөх байдалд сэргээхийг Орхон чандмань ХХК-д даалгасан шийдвэрийг бүрэн гүйцэтгэж дуусахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь ШШГА шүүхэд гаргасан хариу  тайлбартаа:

 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барилгын өргөтгөлийг буулгаж өмнөх байдлыг сэргээх гэдэг дээр талуудаас маргаан үүсгэж байсан учир шүүхээс ШШГТХ-ийн 133.1.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх талаар тодруулга хүсч  авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийхдээ Орхон аймаг дахь Сум дундын 14 дүгээр шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 975 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн /Зохигчдын хоорондох маргаан нь Чандмань төвийн хоёр давхар барилгын нэг давхарын зүүн жигүүрийн 256 м.кв талбайтай хэсгийн дээвэр дээр 7:4,5 м талбайд Орхон чандмань ХХК нь 2 дугаар давхарын барилгаа өргөжүүлэх өргөтгөл барьсанаас үүсжээ”, тогтоох хэсгийн Хаан хүнс Эрдэнэт ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагаас Орхон чандмань ХХК-ий барилгын өргөтгөлийг буулгаж, өмнөх байдалд нь сэргээхийг Орхон чандмань ХХК-нд даалгаж, Орхон чандмань ХХК-иас 350.390 төгрөг гаргуулан Хаан Хүнс Эрдэнэт ХХК-д олгож шийдвэрлэснийг үндэслэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн шийдвэрийг тайлбарлахгүй тул гүйцэтгэх хуудсанд заагдсанаар өмнөх байдалд сэргээх шийдвэрийг Орхон чандмань ХХК-д даалгасныг гүйцэтгүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 394 дугаар шийдвэрээр:

Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-д заасныг баримтлан “Хаан хүнс Эрдэнэт” ХХК-ны Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзоригт давж заалдсан гомдолдоо:

Шүүхээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дах хэсэгт заасныг баримтлан "Хаан Хүнс Эрдэнэт" ХХК-ны Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.1 хэсэгт зааснаар "Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр болжээ.Нэхэмжлэгч "Хаан Хүнс Эрдэнэт” ХХК-ний зүгээс Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн 2013 оны 11 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 975 тоот "Орхон Чандмань” ХХ-д даалгасан шийдвэрийг бүрэн гүйцэтгэж дуусгахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгуулах нэхэмжлэлийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 заалт 133.1.1,133.1.5 заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна..

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хуулийг буруу хэрэглэн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дууссан гэж тайлбар хийдэг гэтэл шүүгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссаны дараа хууль зөрчиж хийлгэсэн шүүхийн тайлбарт дүгнэлт хийгээгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт: "Хаан Хүнс Эрдэнэт” ХХК-н нэхэмжлэлтэй "Орхон Чандмань” ХХК-д холбогдох иргэний хавтаст хэргийг нотлох баримтаар хариуцагчийн хүсэлтээр шүүхэд нотлох баримтаар шинжлэн судалсан. Шүүх ИХШХШТХ -н 110 зүйлд зааснаар Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талаас хэрэгт ач холбогдолтой бичмэл хэргийн нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан байхад шүүхийн шийдвэрт 1дүгээр хавтаст хэргийн 71, 92, 105,111,269 хуудас 2 дугаар хавтасын 401, 410, хуудасны нотлох баритмуудыг шинжлэн судалсан талаар огт дурдаагүй, нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй бөгөөд ИХШХШТХ-н 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дугаар заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан байна. Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12 ны дугаар 975 тоот хүчин төгөлдөр шийдвэрийн үндэслэх хэсэгт Зохигчдийн хоорондох маргаан нь Чандмань төвийн хоёр давхар барилгын зүүн жигүүрийн 256 мкв талбайтай хэсгийн дээвэр дээр 7X4.5 мкв талбайд улсын байцаагчийн дүгнэлт Орхон чандмань ХХК нь 2 давхрын барилгаа өргөжүүлэх өргөдөл барьснаас үүсжээ гэжээ. "Орхон Чандмань” ХХК нь нэхэмжлэгч "Хаан Хүнс Эрдэнэт” ХХК-ний өмчлөлийн барилга дээр дур мэдэн барилгын өргөтгөл хийлгэж байгаа нь "Хаан Хүнс Эрдэнэт” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгөнд халдсан хууль бус үйлдэл гэж үзэх үндэстэй байна. Өөрөөр хэлбэл “Хаан Хүнс Эрдэнэт” ХХК, "Орхон Чандмань” ХХК-ний хооронд 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний 2.1.3-д Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар хороолол Чандмань төвийн үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилгын нэг давхрын зүүн жигүүрийн 256 м.кв талбайтай хэсэг нь "Хаан Хүнс Эрдэнэт” ХХК-ний өмч бөгөөд, "Орхон Чандмань” ХХК нь бусдын өмчлөлийн барилга дээр ямар ч зөвшөөрөлгүй дур мэдэн барилга байшин барих, өргөтгөл хийх боломжгүй гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэж шийдвэрээ гаргасныг анхан шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг буруу тайлбарлан үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.Мөн түүнчлэн Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээрт Монгол Улсын Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-д заасныг баримтлан "Хаан Хүнс Эрдэнэт” ХХК-ны Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. Гэжээ ШШГ хуулийн 143 зүйлийн 143.3 заалтыг үндэслэл болгосон нь Шүүх өөр хууль хэрэглэн хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Орхон аймаг дах Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дугаар 394 тоот шийдвэрийн "Хаан Хүнс Эрдэнэт" ХХК-ны Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулан нэхэмжлэгч "Хаан хүнс Эрдэнэт” ХХК нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                             ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Хаан хүнс Эрдэнэт ХХК нь хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шүүхийн шийдвэрийг бүрэн гүйцэтгэж дуусгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд  гаргажээ.  

Анхан шатны шүүх хэргийг Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-д заасныг баримтлан “Хаан хүнс Эрдэнэт” ХХК-ны Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хаан хүнс Эрдэнэт ХХК нь Орхон Чандмань  ХХК-д холбогдуулан  Орхон аймаг дахь Сум дундын шүүхэд 2011 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэл гаргаж байсан ба Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 975 дугаар  шийдвэрээр “Орхон Чандмань” ХХК-ийн барилгын өргөтгөлийг буулгаж өмнөх байдалд сэргээхийг “Орхон чандмань” ХХК-нд даалгаж шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр нь Давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 200 дугаар тогтоолоор хэвээр шийдвэрлэгдэж хуулийн хүчин төгөлдөр болжээ.

              2007 оны 05 дугаар сарын 23 ны өдөр  Хаан Хүнс Эрдэнэт ХХК нь   Орхон чандмань ХХК-иас Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар хороолол Чандмань төвийн үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилгын нэг давхрын зүүн жигүүрийн 256 м2 талбайтай хэсгийг 250.000.000 төгрөгөөр худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөгч болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. /х/х-ийн 116 дугаар хуудас /,

Нэхэмжлэгч Хаан Хүнс Эрдэнэт ХХК нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3 дугаар хороолол Чандмань төвийн үйлчилгээний зориулалттай хоёр давхар барилгын нэг давхрын зүүн жигүүрийн 256 м2 талбайтай хэсэг дээр давхарлаж барилга барьсан гэх боловч худалдан авах үед нэг давхар байсан уу хоёр давхар байсан гэдгийг нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, үүргээ биелүүлээгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 975 дугаар шийдвэр, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бичигдсэн 211 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасыг үндэслэн өргөтгөлийн барилгыг буулгах ажиллагааг явуулж дуусгажээ.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзоригт давж заалдсан гомдолдоо хариуцагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дууссан гэж тайлбар хийдэг гэтэл шүүгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссаны дараа хууль зөрчиж хийлгэсэн шүүхийн тайлбарт дүгнэлт хийгээгүй гэжээ.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05 ны өдрийн 662 тоот албан бичгээр тайлбар хүргүүлжээ гэж тухайн тайлбарт дүгнэлт хийгээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батзоригтоос хавтаст хэргийн 79, 80 дугаар хуудсанд байгаа “тайлбар хүргүүлэх тухай “ албан бичгийг шинжлэн судлуулах хүсэлт гаргаагүй болох нь /х/х-ийн 145 дугаар хуудас /, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар “...Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана..” гэжээ. Иймд сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05 ны өдрийн 662 дугаар тайлбарт шүүгч заавал дүгнэлт хийх ёстой гэж буруутгах боломжгүй юм.

Мөн ИХШХШТХ-н 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дугаар заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан гэжээ. Хэргийн дугаарлалтыг давхардуулсан дугаарласан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд шинжлэн судалсан нотлох баримтуудыг заахдаа аль дугаараар нь бичсэн ойлгомжгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авах үндэслэлтэй байх тул шийдвэрийн Тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэллэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Хаан хүнс Эрдэнэт ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 394 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг “...Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-д заасныг баримтлан “Хаан хүнс Эрдэнэт” ХХК-ны Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...”, гэснийг “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.-д заасныг баримтлан Хаан хүнс Эрдэнэт ХХК-ийн Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...”, гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч Хаан хүнс Эрдэнэт ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

 

                                                                                                  Б.БАТТӨР