Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01760

 

А ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00468 дугаар шийдвэр,

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар магадлалтай,

            А ийн нэхэмжлэлтэй,

            Б т холбогдох

            2,200,000.00  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд: Би Б т 2015 оны 05 сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, үүргээ биелүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үед Б  нь мөнгөний шаардлага гарчихлаа надад туслаач гээд хүүтэйгээ хамт ирээд гуйсаар надаас мөнгө зээлж авч байсан бөгөөд мөнгө авснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй болно. 2015 оны 05 сарын 27-ны өдөр Б  нь надаас мөнгө зээлэхдээ сар бүр төлнө гээд зээлийн гэрээгээ 7 сарын хугацаатайгаар хийсэн ба өгөөгүй тохиолдолд сар бүр хүүг төлж байна гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хүү төлөөгүй, гэрээнд дурдсан үүргээ биелүүлэхгүй байна. Б тэй удаа дараа уулзаж мөнгөө шаардахад удахгүй төлнө хүлээж бай гээд 3 жил болж байна. 300,000 төгрөгийг гэрээ байгуулахын өмнөх өдөр хүү н.Сүрэнд өгсөн, 400,000 төгрөгийг н.Сүрэн, Б  хоёр байхад буюу гэрээ байгуулсан өдөр өгсөн, 300,000 төгрөгийг гэрээ байгуулсны маргааш өглөө нь н.Сүрэнд өгсөн. Олон дахин гэрээ бичих боломжгүй гээд нэг дор нь нийлүүлээд гэрээ байгуулсан. Мөнгө бэлэн байгаагүй тул маргааш нь 300,000 төгрөгийг өгсөн. Иймд Б ээс үндсэн мөнгө 1,000,000 төгрөг, хүү 700,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцож алдангид 500,000 төгрөг, нийт 2,200,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Би А э гэдэг хүнийг огт танихгүй. Би өөрийн нэрээр гуйж гувшиж энэ хүүхнээс 1,000,000 төгрөг авснаа огт мэдэхгүй байна. Манай хүүтэй холбоотой байсныг би мэднэ. Миний нэр дээр байдаг ганц хүний эзэмшлийн хашаа байшин, газрын гэрчилгээг аваад хүүхдэд маань мөнгө өгсөн байсан. Тухайн үед хэдэн төгрөг авсныг нь би мэдэхгүй. Миний буруу бол гэрээнд гарын үсэг зурсан нь буруу байх. Би өөрөө бололцооны тэтгэвэр авдаг. Энэ хүүхнээс мөнгө зээлж авах ямар ч шаардлагагүй. Энэ хүүхэн намайг гутаан гүжирдэж байгаад маш их гайхаж байна. Ээжийнх нь нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр хүүхдэд нь мөнгө өгчихөөд ээжийг нь хуулиар сүрдүүлж нэхэмжлэл гаргаад төлүүлж болдог гэж бодсон юм байх. Энэ нэхэмжлэлийг эсэргүүцэж байгаа тул шүүх хуралд оролцохгүй байх эрх надад байгаа гэж бодож байна. Би өөрийн нэрээр гэрээ хийж, өөрийн гараар мөнгийг нь тоолж аваагүй болохоор шүүх хуралд оролцохгүй. Харин ч би энэ хүүхнээс бичиг баримтаа авмаар байна. Би энэ хүнээс мөнгө тоолж аваагүй гэжээ.                                              

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00468 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б ээс 880,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,320,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  50,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ээс 25,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А эд олгож шийдвэрлэжээ.                                               

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2018/00468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар магадлалыг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Мөн анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Би хүүгээ гуйхаар нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, мөнгө авахад нь байгаагүй. Мөнгийг гардаж аваагүй, мөнгө авсан баримт байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ нь мөнгө, эд хөрөнгө шилжүүлснээр тооцогдоно гэж үзэж байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэжээ. Миний хашаа байшинг барьцаалж авна гэж л надаар гарын үсэг зуруулсан, одоо хүү Сүрэнг орлогогүй гэж үзэж надаас нэхэж байна гэж үзэж байна. Насанд хүрсэн хүү Сүрэнгээс нэхэмжлэх ёстой. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “зохигчид нотлоогүй” гэсэн атлаа дан ганц хариуцагчийг буруутгаж төлбөр гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигч тэгш эрх эдэлнэ гэсэн заалтыг зөрчсөн. Би мөнгө гардаж аваагүй, авсныг нотлох баримтгүй, хэрэглээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүү, алдангийг шүүх бууруулж ч болох байсан. Давж заалдах гомдол гаргахад 880,000 төгрөгийг зөвшөөрөөгүй улсын тэмдэгтийн хураамжид 25,670 төгрөг төлөх байхад 50,150 төгрөг төлсөн тул илүү төлсөн 24,480 төгрөгийг шүүх буцаан гаргуулахаар заагаагүй тул буцаан олгоно уу гэжээ.       

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн нь хуульд нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь зөв боловч хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжийг илүү төлснийг буцааж олгоогүй байх тул энэ үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангана.

Нэхэмжлэгч А э хариуцагч Б т холбогдуулан зээлийн үүрэгт 2,200,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байх ба хариуцагч эс зөвшөөрч, ...зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн, мөнгө хүлээж аваагүй, төлөх ёсгүй гэж маргажээ.

Зохигчид 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг 7 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцох нөхцөлтэй, газрын гэрчилгээг барьцаалсан зээлийн гэрээ байгуулсан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ.

Зохигчид зээлийн гэрээг бичгээр хийсэн талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь  “...гэрээ байгуулахын өмнөх өдөр хүү Сүрэнд 300,000 төгрөг, 400,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр хүү Сүрэн, ээж Оюунцэцэгт, маргааш нь 300,000 төгрөгийг хүүд нь өгсөн, нэгтгээд 1,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, хариуцагч өөрөө гарын үсэг зурсан” гэж, харин хариуцагч Б  нь “...зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгийг би бэлнээр хүлээж аваагүй” гэж тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.1-д заасныг үндэслэн  хариуцагч Б ээс үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү 280,000 төгрөг, алданги 200,000 төгрөг, нийт 880,000 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон нь зөв боловч улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн хэсгийг хариуцагчид буцаан олгоогүй байх тул хяналтын шатны шүүхээс магадлалд өөрчлөлт оруулна.

Иймд хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 80 дугаар магадлалын тогтоох хэсгийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,150.00 төгрөгөөс 25,670.00 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 24,480.00 төгрөгийг Б т буцаан олгосугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 25,670.00 /хорин таван мянга зургаан зуун дал/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.УНДРАХ

                               ШҮҮГЧ                                                       Д.ЦОЛМОН